Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/900

 

 

 

 

 

 

 

 

   2024        10          10                                 2024/ШЦТ/900

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Д.Пүрэврагчаа,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э-ынБд холбогдох ************* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 5-503 тоотод байрлах гэртээ хохирогч О.Гыг цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний гадна булан, эрүүнд шарх баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 7-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************* дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч О.Гын мэдүүлэг /хх-ийн 22-23, 25-р хуудас/, гэрч Э.Мын мэдүүлэг /хх-ийн 27, 31-р хуудас/, гэрч П.Сийн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1425 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/, хохирогч О.Гын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 5-503 тоотод байрлах гэртээ хохирогч О.Гыг цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний гадна булан, эрүүнд шарх баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 7-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч О.Гын: “...Би 2024 оны 01 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим найз Мын гэрт найз Сийн хамт байж байгаад бид 3 Мын төрсөн ах Бтамирын гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Иргэний бүртгэлийн ард талд байх гэрт очиход гэрт Сүүгий, Бтамир нар байсан би Сүүгийгийн бүтэн нэрийг мэдэхгүй. Тэгээд бид тав таван пиво бас дарин гэх архи уугаад байж байхад ажлаа тараад ирж байна гээд Бтамирын эхнэр Дээгий нь гаднаас орж ирээд бид зургаа хамт архи уусан. Тэрнээс хойш би юу болсныг санахгүй байна би Бтамирын гэрт ганцаараа байсан. Тэгээд найз Маас утсаар асуухад чи Булгаа ахын эхнэрийг гараас бариад үнсээд байсан. Тэрнээс болоод Булгаа ах чамайг цохиж зодсон гэж хэлсэн...", "... Б учруулсан гэж бодож байна...би Мтай зодолдоогүй байх. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй би сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 25-р хуудас/,

- Гэрч Э.Мын: “...намайг сэрэхэд Булгаа ах ирчихсэн юу болсон талаар асуухад Сүрэнхорлоо нь Г нь Дэлгэрмаа эгчийг оролдсон гэж хэлсэн тэгээд Сүрэнхорлоо болиулах гэхэд болихгүй байхаар нь Булгаа ахыг дуудсан гэж надад хэлсэн. Булгаа ах Гтой зодолдоод салгасан чинь Булгаа ах явлаа гээд яваад өгсөн. Булгаа ахын нүүр хэсэгт гараараа цохисон би хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна...”, “...Г нь Бтай зодолдоод дууссаны ард Г нь танай ах намайг зодсон би чамайг зодно гээд над руу дайрахаар нь би болиулаад 1 удаа алгадсан өөр Гыг цохиж зодсон зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 31-р хуудас/,

- Гэрч П.Сийн: “...Бид нар архи ууж байгаад би унтаад өгсөн миний хажууд М унтаж нэг мэдэхэд зодоон болоод М босоод би араас нь боссон. Намайг очиход Г газар хэвтэж байсан. М Гыг босгоод сандал дээр суулгасан Б ах, Сүрэнхорлоо 2 гараад явсан гэрт Дэлгэрмаа эгч, Г М болон би бид 4 үлдсэн. Би нүүрийг нь цэвэрлэж өгөхөд нүүр хэсэг нь тэр чигтээ л хавдсан байсан. Удаагүй тэндээс эхлээд М явсан дараа нь би явсан. Намайг явахад Дэлгэрмаа эгч, Г нар үлдсэн түүнээс цааш юу болсныг би бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

- Шинжээч эмч М.Золжаргалын: “...О.Гын биед учирсан зүүн нүдний гадна болон эрүүний шарх баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхины цус хуралт, доод баруун 7-р шүдний эмтрэл гэмтлүүд нь нийлээд болон тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1425 дугаартай: “...О.Гын биед зүүн нүдний гадна булан, эрүүнд шарх баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 7-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,

- Хохирогч О.Гын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 62-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 5-503 тоотод байрлах гэртээ хохирогч О.Гыг цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний гадна булан, эрүүнд шарх баруун, зүүн нүдний алим, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод баруун 7-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Г нь хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 600,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн баримт /хх-ийн 62-р хуудас/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.Б нь дээрх Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн 600,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч О.Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.

            Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд орших хэдий ч мөн хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой тул шүүгдэгч Э.Бы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

            Иймд шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Э-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суух газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              М.ОЧБАДРАХ