| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0944/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/927 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/927
2024 10 18 2024/ШЦТ/927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Б.Цэрэнтогтох,
хохирогч Ү.М,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Г ийн Бэд холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундаа хэрэгсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” гэх нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ү.Мтай маргалдаж, улмаар түүний чих, нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд шарх, цус хуралт, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ү.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед шөнө гурван найзтайгаа хамт явж байсан. Хамт явж байсан найзуудын хоёр нь гэр бүлийн хосууд юм. Тэгээд шөнийн цэнгээний газраас гараад яриа өрнүүлээд явж байсан. Шүүгдэгч талынхантай хэрүүл маргаан өдсан зүйл байхгүй. Бид өөрсдөө хоорондоо юм ярьж байсан. Тэгээд бид шүүгдэгчийн хажуугаар өнгөрөөд явсан боловч араас гүйж “ирээд юу гээд байгаа юм бэ” гээд цохиод авсан. Гэмт хэргийн улмаас би чихэндээ хоёр оёдол тавиулсан, хавирга өвдөж байгаа. Би 14 хоногийн ростероор ажил хийдэг ба сарын цалингаа нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************* дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Ү.Мын мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч А.Эийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч А.Тгийн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9938 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ү.М нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Бэд холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Г.Б согтууруулах ундаа хэрэгсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” гэх нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ү.Мтай маргалдаж, улмаар түүний чих, нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд шарх, цус хуралт, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Ү.Мын: “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед 2 найзтайгаа хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ай лофт баар орсон. Тэгээд 03 цаг 30 минут гэж гарсан. Тэгээд хэсэг бүлэг танихгүй залуучууд бид нарын ярьж байсан ярианд хөндлөнгөөс орж ирснээ, дээгүүрээ ногоон хувцастай махлаг залуу нь гүйж ирээд баруун гараараа миний баруун чих хэсэг рүү цохисон. Тэгээд би газар унасан. ... миний баруун чих, зүүн хавирга, цээж хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
- Гэрч А.Эийн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найз Т, Б, Очирсүрэн нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ай лофт баар руу орсон учир нь найз Тгийн төрсөн өдөр байсан юм. Тэгээд баарнаас 03 цагийн үед гараад үүдэнд юм яриад зогсож байсан чинь урдуур хэдэн залуучууд бид хэдийг яваач одоо юу хийгээд байгаад байгаа гэж хэлсэн. Тэгээд хэл амаараа учраа олохгүй байсан болохоор Т бид хоёр нэг залуугийн толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Харин цаана нь Б болохоор нэг залууг зодож байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
- Гэрч А.Тгийн: “... Би тухайн залуу руу “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд нөгөө залуучууд бид нартай маргалдсан. Э, Б бид гурав явж очоод хэрэлдэж байгаад зодолдсон. Э бид хоёр өндөр залуутай зууралдаад зодолдож байсан. Харин Б бид нараас арай хол 2 залуутай зодолдсон. Үйл явдал их хурдан болж өнгөрсөн. Тэгээд баарны хамгаалагч нар гарч ирсэн ба удалгүй цагдаа нар ирсэн...” Э бид хоёр өндөр залуутай барьцалдаж аваад зодолдож байхад эхнэр нь салгасан. Харин цагдаад гомдол гаргасан гэх залуу болон Б нар бид нараас цаана зодолдсон. Би өөрөө зууралдаж байсан учир тэр хоёрыг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9938 дугаартай: “...Ү.Мын биед баруун чихний дэлбэнд шарх, цус хуралт, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундаа хэрэгсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” гэх нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ү.Мтай маргалдаж, улмаар түүний чих, нүүр хэсэгт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун чихний дэлбэнд шарх, цус хуралт, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хамар, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.М нь баримтаар 411,500 төгрөг /хх-ийн 8-10-р хуудас/-ийг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 221,380 хөнгөлөлт эдэлсэн баримт /хх-ийн 44-р хуудас/ хэрэгт авагдсан байх боловч шүүгдэгч Г.Б нь дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 411,500 төгрөгийг гаргуулж хохироч Ү.Мад, 221,380 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Мын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Г.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд орших хэдий ч мөн хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой тул шүүгдэгч Г.Бийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, цаашид хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд санаачлагатай хандаж байгаа болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Г ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суух газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бээс 411,500 төгрөгийг гаргуулж хохироч Ү.Мад 221,380 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Мын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ