| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 192/2025/01033/И |
| Дугаар | 001/ХТ2026/00059 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2026/00059
Л.Э-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04204 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2025/01939 дүгээр магадлалтай,
Л.Э-н нэхэмжлэлтэй
Мэд /цаашид М гэх/ холбогдох
2018 оны 03, 04, 05, 06 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 4,604,612 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Л.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Л.Э нь М-д холбогдуулан ажилгүй байсан 2018 оны 03, 04, 05, 06 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор 4,604,612 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04204 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Э-г М-н төрөлжсөн сувгуудийн **** сувгийн зохицуулагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч М-с ажилгүй байсан хугацааны олговорт 10,695,022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, ажилгүй байсан хугацаа /2018 оны 03, 04, 05, 06 дугаар сар, 2024 оны 12 дугаар сараас шийдвэр гарах энэ өдрийг хүртэл/-ны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагч М-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,824 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 186,070 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2025/01939 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04204 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч М-с 4,604,612 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Л.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч М-с 641,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...186,070 төгрөг” гэснийг “4,550 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Л.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 1.1-д “хөдөлмөрийн гэрээ Иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил хамаарна” гэж заасныг анхаарахгүйгээр Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг тайлбарлахдаа “энэхүү шаардлага түүний ажилд эгүүлэн тогтоолгох тухай өмнөх нэхэмжлэлтэй хамт үүсээгүй, тухайн хугацаанаас хойш үүссэн” гэж өөрөөр тайлбарласан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үед 56 нас 6 сар хүрсэн байхыг хуулиар шаардаж байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэл гаргах үед тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” гэж дүгнэснээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 2.3-т тусгаснаас гадна Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-т хуульчилсан. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзаж үзсэнгүй.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасныг баримталж байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн аль тохирох хэсгийг хэрэглэх ёстой. Ажил олгогч “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан, хуульд нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн атлаа мөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь цаашид хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн шинэ ойлголт тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Л.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.30-ны өдрийн 001/ШХТ2026/00149 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Л.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Л.Э хариуцагч М-д холбогдуулан ажилгүй байсан 2018 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 4,604,612 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2017 онд ажлаас халагдаж, 2018.03.02-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа орохоор болсон ч тушаал 2018.06.22-ны өдөр гарсан тул 2018 оны 03, 04, 05, 06 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан ... 2024 оны ээлжийн амралтын хуваарь 08 сард байсан ч даргадаа хүсэлт өгч 10 дугаар сарын 23-наас амарсан, амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул үндэслэлгүй, 2024 оны 11 дүгээр сард ажилдаа ороход тэтгэвэрт гарах талаар мэдэгдсэн ч би үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгсөн, хариуцагч байгууллага 2024.12.02-ны өдөр тушаалын талаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тушаал гарахаас 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Өндөр насны тэтгэвэрт гарах болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, Л.Э эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол гаргах байсан ч шууд шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, 2024 оны 08 дугаар сард тэтгэвэрт гарах эрх нээгдсэн талаар мэдэгдсэн ч мэдэгдлийг хүлээж аваагүй, нэхэмжлэгч хэрэгт 2024.12.04-09-ний өдрийг хүртэл, 2024.12.06-31-ний өдрийг хүртэл хугацааны магадлагааг гаргаж өгсөн ч энэ хугацаанд ажилтны цагийн бүртгэл огт байхгүй тул ажил тасалсан гэж үзнэ, энэ нь хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “…Улсын дээд шүүхийн 2018.03.02-ны өдрийн 001/ХТ2018/00346 дугаартай тогтоолоор Л.Э-г менежерийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон тушаал нь 2018.06.22-ны өдөр гарсан тул 03, 04, 05, 06 дугаар сарын цалин гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр гаргаж байна, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар арван жил байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, дундаж цалинг мөн тогтоолд дурдсанаар 1,063,728 төгрөгөөр тооцно,
2024.12.02-ны өдрийн тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, хүргүүлсэн талаарх баримтаа хариуцагч гаргаж өгөөгүй, Л.Э 2025.01.08-ны өдөр тушаал гардаж аваад тойрох хуудас зурсан гэж тайлбарласан тул уг өдөр тушаал гардаж авсан гэж үзнэ, иймд 2025.02.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар нэхэмжлэгч 1968 онд төрсөн тул 56 нас 6 сар хүрснээр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх байсан ч ажил олгогч буруу тооцож 56 нас 5 сар 19 хоногтой байхад тушаал гаргасан нь үндэслэлгүй болжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 154, 158 дугаар зүйлд зааснаар шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны олговорт 641,146 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “…2018 оны ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн шаардлага нь Улсын дээд шүүхийн 2018 оны 346 дугаар тогтоолд заасан бус бие даасан нэхэмжлэлийн шаардлага тул хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлд зааснаар 3 сарын хугацаагаар тоолох бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, … хэдийгээр ажил олгогч тэтгэвэрт гарах насыг буруу тооцсон ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй бөгөөд Л.Э 2024.12.14-ний өдөр 56 нас 6 сар хүрсэн, түүнийг ажилд эгүүлэн тогтоох нь ач холбогдолгүй болсныг шүүх анхаараагүй байна, харин 2024.12.02-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх 11 хоногийн цалинг нөхөн олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь ажилтны зөрчигдсөн эрхийг хамгаалахтай холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан зохицуулалтад нийцнэ, 2024.12.02-ны тушаалыг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан нь тодорхойгүй тул 2025.01.08-ны өдөр ажил хүлээлцсэнээр хүлээн авсанд тооцон нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй…” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр дуусгавар болгосонтой холбоотой ажил олгогч ба ажилтны хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг тайлбарлан хэрэглэсэн хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт, шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын гомдол нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахтай холбоотой Улсын дээд шүүхийн чиг үүрэгт хамаарч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д нийцсэн байна.
12.Нэхэмжлэлийн эхний шаардлага болох ажилгүй байсан хугацааны 2018 оны 03, 04, 05, 06 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговор 4,604,612 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар:
Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
12.1.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00346 дугаар тогтоолоор Л.Эг М-ийн Бодлого, төлөвлөлт, маркетингийн хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
12.2.Дээрх тогтоолыг үндэслэн М-н захирлын 2018.06.22-ны өдрийн Б/501 дугаар тушаалаар Л.Э-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Энэ үеэс нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зохицуулсан тул нэхэмжлэгч Л.Э ажилд орсон үеэс ажилгүй байсан 2018 оны 03, 04, 05, 06 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байсан. Нэхэмжлэгч дээрх олговор гаргуулахаар 2025 онд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Гэтэл анхан шатны шүүх тухайн харилцаанд тухайлан зохицуулсан заалт байхад Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт нийцээгүй байна.
12.3.Хэрэгт нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримт авагдаагүй, иймд нэхэмжлэгч нь хуульд заасан 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул ажилгүй байсан 2018 оны 03, 04, 05, 06 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 4,604,612 төгрөг гаргуулах шаардлагыг хангахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
13.Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагын талаар:
13.1.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарахгүй талаар 2 шатны шүүх адил дүгнэсэн боловч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг зөрүүтэй шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нэг үндэслэл болж байсан бол Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021.07.02-ны өдөр батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад дээрх үндэслэлийг хамааруулаагүй тул ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дангаараа шууд цуцлах боломжгүй болжээ.
13.2.Хариуцагч М-н ерөнхий захирлын 2024.12.02-ны өдрийн Б/664 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 82 дугаар зүйлийн 82.5-д тус тус заасныг баримтлан Л.Э-тaй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр дуусгавар болгосон. Уг тушаал гарах үед Л.Э нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн, 56 нас 5 сар 19 хоногтой байсан үйл баримт тогтоогдсон байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 2023 оны /шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т болон эдгээр заалтыг тайлбарласан тайлбарт зааснаар Л.Э 56 нас 6 сар хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр байхад түүнээс өмнө эрх үүссэн гэж ажил олгогч үзсэн, ажилтан өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бөгөөд хүсэлт гаргаагүй, харин ч нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ 2024.11.21-ний өдөр гаргасан байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн Б/664 тушаал уг хуульд нийцээгүй байна.
13.3.Түүнчлэн, нэхэмжлэгч Л.Э ээлжийн амралтаа 2024.06.03-ны өдрөөс эхлэн эдлэх хуваарьтай байсан боловч ажлаа хийж байсан, тэрээр 2024.10.23-ны өдрөөс эхлэн амралтаа эдлэх хүсэлт гаргасныг ажил олгогчийн төлөөлөгч зөвшөөрсөн, түүний биеэр эдлэх ээлжийн амралт ажлын 29 хоног бөгөөд нэхэмжлэгч тушаал гарсан 2024.12.02-ны өдөр ээлжийн амралтаа эдэлж дуусаагүй байсан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар ээлжийн амралттай байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах үүргээ зөрчсөн байна.
Ийм учраас ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн дээрх Б/664 тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 80 дугаар зүйлийг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай 2023 оны /шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, эдгээр заалтын тайлбарыг тус тус зөрчсөн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
14.Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн талаар зөв дүгнэсэн боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзэн улмаар тушаал гарснаас хойш нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үйл баримтад үндэслэн ажилд эгүүлэн тогтоох нь ач холбогдолгүй болсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
15.Ажил олгогч дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т заасны дагуу ажилтанд танилцуулж, тушаалын хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлсэн болохоо нотлоогүй, улмаар Л.Э-н “…тушаалаа 2025.01.08-ны өдөр гардаж аваад тойрохоо зуруулсан…” гэх тайлбарыг үндэслэн тэрээр 2025.02.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16.Шүүх ажил олгогчийн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухайн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд харин тушаал гарснаас хойш бий болсон үйл баримт ажил олгогчийн тушаал, шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.
17.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Э-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 10,695,022 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
18.Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2025/01939 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04204 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Э-г М-н төрөлжсөн сувгуудийн **** сувгийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М-с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,695,022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 2018 оны 03, 04, 05, 06 дугаар сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,604,612 төгрөг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Л.Э-н гомдлын заримыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ