Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1275

 

 

 

 

 

2020             10             01                                         2020/ДШМ/1275                                                                                     №  Т  M № 546                                  МАЛАЛ

Я.Я.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Я.Я.Т-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/797 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Я.Т-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2008007060490 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн Я-гийн Я.Т-, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1985 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, эхнэрийн дүүгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 0 дугаар багийн Дэлгэрэх 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсгийн 181.2.1 дахь заалт, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

2014 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсгийн 181.2.1, 181.2.3 дахь заалт, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, нийт 15 жил хорих ял шийтгүүлсэн,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг дүйцүүлэн хасч эдлэх ялыг 03 жил 03 сар 26 хоног хорих ялаар тогтоосон,  

2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн.

Я.Я.Т- нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-164 тоотод оршин суух Н.Н.Г-ын гэрийн цоожийг хөшиж эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 32 инчийн зурагтыг нь авч 230,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Я.Я.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.Я.Т-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд оруулан тооцжээ.

            Шүүгдэгч Я.Я.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1, 3, 8 настай гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

            Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Я.Я.Т- өмнө нь 6 удаа ял шийтгүүлсэн. Энэ хулгайлах гэмт хэрэг 7 дахь удаагийн ял шийтгэл нь юм. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хамгийн бага ялыг оногдуулсан. Я.Я.Т- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлж байсан, өөрийн санаачлагаар хохирол төлж барагдуулаагүй тул 2 жил хорих ял тохирсон гэж үзэж байна. Бага насны 3 хүүхэдтэй гэж байгаа боловч асран хамгаалагчийн талаар  баримт хэрэгт байхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Я.Я.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Я.Я.Т- нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 4-164 тоотод оршин суух Н.Н.Г-ын гэрийн цоожийг хөшиж эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 32 инчийн зурагтыг авсан болох нь:

хохирогч Н.Н.Г-ын “... гэрээс “Samsung” загварын 32 инчийн зурагт алга болсон боловч хүн гудамжинд авч явж байгаад баригдсан байсан ...” /хх 18, 21/,

гэрч Б.Г-гийн “... хадам ээж Бямбаа залгаад “танай гэрт хулгай орсон, зурагт чинь байхгүй байна” гэж хэлсэн. Гэртээ ирэхэд зурагт байхгүй байсан ...” /хх 23/,     

гэрч П.Б-ийн “...17 цаг өнгөрч байхад хүүгийн гэрийн үүдний амбаарын хаалга онгойсон байхаар нь очоод хартал цоожны цүүг хөшсөн байсан. Гэрт нь ороход хойморт байсан 32 инчийн зурагт нь байхгүй байсан ...” /хх 25/,

гэрч Н.Д-ын “... автомашиндаа сууж байтал 30 орчим насны эрэгтэй хүн зурагт тэвэрчихсэн сэжиг бүхий байдалтай гудамжаар явж байхаар нь тухайн хүнийг цагдаагийн хэлтэст хүргэж шалгахад Я.Я.Т- байсан бөгөөд авч явсан зурагт нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хонхорын 0 дүгээр гудамжны 0000 тоотоос алдагдсан зурагттай адил байсан ...” /хх 27/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 38-39/, 

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6/, шүүгдэгч Я.Я.Т-ын яллагдагчаар өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн /хх 56/ мэдүүлэг зэргээр нотлогдсон байна. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Я.Я.Т-ыг бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хамгийн хөнгөн ял шийтгэжээ.

Гэрч Л.Г, Л.Г нарын мэдүүлгээс үзэхэд Я.Я.Т- нь бага насны гурван хүүхэдтэй ганц бие эцэг гэсэн гомдол нь үгүйсгэгдэж байх тул ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/797 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Я.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН