Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 39

 

    Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
    Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Амарсайхан,
    Хохирогч Б.Шижиртуяа,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
    Шүүгдэгч А.Насанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч А.Насанбаярт холбогдох 201717000071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн харьяат, 1988 оны 08 дугаар сарын 21-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Мах маркетын хашаанд түр оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЛЖ88082119 регистртэй, Гэлэг овгийн Адъяагийн Насанбаяр.
       
Холбогдсон хэргийн талаар/яллагдагчаар татах тогтоолоор/:

    Шүүгдэгч А.Насанбаяр нь 2017.03.01-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Шижиртуяаг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч А.Насанбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017.03.01-ний шөнө 02 цагийн үед Шижиртуяа эгчтэй таксины мөнгөнөөс болж маргалдсан. Тэгээд цагдаа дээр очсон. Хохирогчоос уучлалт гуйж байна. Би Онгон сумын харьяат юм. Баруун-Урт суманд түр амьдарч байгаа. Би найзтайгаа таксины мөнгөнөөс болж маргалдаж байгаад Шижиртуяа эгчийг санаандгүй цохисон. Түүний эмчилгээний зардалд 50.000 төгрөг өгсөн. Хохирогч бид хоёр эвлэрсэн. Би гэмшиж байна ... гэв. 

  - Шүүгдэгч А.Насанбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Шөнө 00.00 цагийн үед найз Алтанзаяа руу залгаад хоёулаа уулзах уу гэхэд такси аваад хүрээд ир гэсэн. Алтанзаяа таксины урд талын суудал дээр суучихаад намайг элдэвээр хэлээд харааж мөнгөгүй байж такси барьлаа гээд байхаар нь би толгойтой үснээс нь зулгаагаад толгой руу нь цохисон. Тэгтэл эргэж хараад миний өөдөөс нүүр, хүзүү рүү маажсан. Гэтэл Шижирээ гэдэг эгч чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэхэд нь тэр эгчийг би цохисон. Манай дүүгийн хурим болоод би хуриманд ороод гарсан. Нилээн уусан, согтуу байсан. Бүдэг санаад байна... гэх мэдүүлэг /хх-21/

  - Хохирогч Б.Шижиртуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний нүд хөхөрч, шүд хөдөлсөн, уруул сэтэрсэн. Насанбаяр надад хохирол гэж 50.000 төгрөг өгсөн. Бид эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо гомдолгүй ... гэв. 

    - Гэрч А.Алтанзаяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Өчигдөр орой 21 цагийн үед эгч Шижиртуяагийн хамт найз Зоригоогийнд очсон юм. Тэндээсээ 02 цаг өнгөрөөгөөд явах үед Насанбаяр над руу ярихаар нь би айлд байна такси аваад хүрээд ир, хүргээд өгчих гэсэн чинь Насанбаяр ирсэн. Тэгээд Шижирээ эгчийнх рүү явах замд Насанбаяр таксины мөнгөө өгч чадахгүй арчаагүй эмэгтэй гээд  толгойтой үснээс нь зулгаагаад толгой болон хамар руу цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь маажсан. Шижирээ эгч чи яагаад манай дүүг зодоод байгаа юм бэ гэтэл Шижирээ эгчийг зодож байснаа зууралдаад таксинаас буусан. Насанбаяр зүүн тийш зугтаагаад яваад өгсөн. Тэнд Насанбаяр, Шижирээ эгч, Мөнхбаяр бид 4 л байсан. одоо миний хамар л жаахан өвдөж байна. Шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлэхгүй, үзүүлэх шаардлагагүй. Миний хувьд санал гомдол байхгүй ... гэх мэдүүлэг. /хх-07/  

    - Гэрч М.Мөнхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... Шөнө 02 цаг өнгөрөөгөөд Насанбаяр над руу яриад хоёулаа 1 хүн хүргэж өгье гэхээр нь би очиж бид хоёр Дөрвөлж хотхон руу очиж Алтанзаяа, Шижирээ нарыг аваад хөдөлсөн. Замдаа Насанбаяр, Шижирээ нар таксины мөнгөнөөс болоод маргалдсан. Сүүлдээ зодолдоод байсан. Би жолоо барьж байсан болохоор сайн хараагүй. Тэгээд 10 жилийн урд талын 27Б байрны гадаа зогсоход Шижирээ гэдэг эгч чи яагаад манай дүүг зодоод байгаа юм бэ гэтэл Шижирээ эгчтэй зууралдаж байснаас таксинаас буусан. Тэгээд би яваад өгсөн. Тэд нар таксины мөнгө өгөх дээрээс болж хоорондоо муудалцсан. Насанбаяр согтуу байсан ... гэх мэдүүлэг. /хх- 12/
        
    - Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.03.06-ны өдрийн 78 тоот хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1.Б.Шижиртуяагийн биед зүүн нүдний эргэн тойронд, зүүн хацарт цус хуралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хөдлөл гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ. /хх- 15/
        
-    А.Насанбаярын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-25 /

    - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017.03.20-ны өдрийн 5/50 тоот тодорхойлолт. /хх-27 /

    -  А.Насанбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа. /хх-26/

    -  Эвлэрсэн тухай гэрээ /2017.05.24/ зэрэг болно.


    Шүүгдэгч А.Насанбаяр 2017 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 02.00 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 27-Б байрны орчимд хоорондын маргааны улмаас иргэн Б.Шижиртуяаг зодож бие махбодид нь “ зүүн нүдний эргэн тойронд, зүүн хацарт цус хуралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хөдлөл “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Насанбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Шижиртуяа, гэрч М.Мөнхбаяр, А.Алтанзаяа нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 78 тоот дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
        
    Хэргийн гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч А.Насанбаяр нь өөрийн найз А.Алтанзаяаг таксийгаар гэрт нь хүргэх замдаа таксины төлбөрийн асуудлаас маргаан үүсгэн, зодолдож, тэдгээрийн маргааныг зогсоох гэсэн Б.Шижиртуяатай уг асуудлаас болон маргалдан, түүнийг цохиж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь, шүүгдэгч А.Насанбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн “Алтанзаяа таксины урд талын суудал дээр суучихаад намайг элдэвээр хэлээд харааж, мөнгөгүй байж такси барьлаа гээд байхаар нь би толгойтой үснээс нь зулгаагаад толгой руу нь цохисон. Тэгтэл эргэж хараад миний өөдөөс нүүр, хүзүү рүү маажсан. Тэгтэл Шижирээ гэдэг эгч чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм гэхэд нь тэр эгчийг би цохисон. Би нилээн согтуу байсан. Бүдэг санаад байна “ гэх, хохирогч Б.Шижиртуяагийн “ таксинд суугаад би намайг гэрт хүргээд өгчих гэсэн. Тэр үед Алтанзаяа, Насанбаяр хоёр таксинд хэрэлдээд байсан. Тэгснээ зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүн зодлоо боль гэтэл танд хамаагүй гээд намайг цохисон “ гэх,  гэрч А.Алтанзаяагийн “ Өчигдөр орой 21 цагийн үед эгч Шижиртуяагийн хамт найз Зоригоогийнд очсон юм. Тэндээсээ 02 цаг өнгөрөөгөөд явах үед Насанбаяр над руу ярихаар нь би айлд байна такси аваад хүрээд ир, хүргээд өгчих гэсэн чинь Насанбаяр ирсэн. Тэгээд Шижирээ эгчийнх рүү явах замд Насанбаяр таксины мөнгөө өгч чадахгүй арчаагүй эмэгтэй гээд  толгойтой үснээс нь зулгаагаад толгой болон хамар руу цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь маажсан. Шижирээ эгч чи яагаад манай дүүг зодоод байгаа юм бэ гэтэл Шижирээ эгчийг зодож байснаа зууралдаад таксинаас буусан. Насанбаяр зүүн тийш зугтаагаад яваад өгсөн. Тэнд Насанбаяр, Шижирээ эгч, Мөнхбаяр бид 4 л байсан “ гэх, гэрч М.Мөнхбаярын “ Шөнө 02 цаг өнгөрөөгөөд Насанбаяр над руу яриад хоёулаа 1 хүн хүргэж өгье гэхээр нь би очиж бид хоёр Дөрвөлж хотхон руу очиж Алтанзаяа, Шижирээ нарыг аваад хөдөлсөн. Замдаа Насанбаяр, Шижирээ нар таксины мөнгөнөөс болоод маргалдсан. Сүүлдээ зодолдоод байсан. Би жолоо барьж байсан болохоор сайн хараагүй. Тэгээд 10 жилийн урд талын 27Б байрны гадаа зогсоход Шижирээ гэдэг эгч чи яагаад манай дүүг зодоод байгаа юм бэ гэтэл Шижирээ эгчтэй зууралдаж байснаас таксинаас буусан. Тэгээд би яваад өгсөн. Тэд нар таксины мөнгө өгөх дээрээс болж хоорондоо муудалцсан. Насанбаяр согтуу байсан “ мэдүүлгүүд, “ 1.Б.Шижиртуяагийн биед зүүн нүдний эргэн тойронд, зүүн хацарт цус хуралт, дээд уруулд зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний хөдлөл гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэх Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017.03.06-ны өдрийн 78 тоот хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.
              
    А.Насанбаяр нь тодорхой сэдэлттэйгээр буюу таксины төлбөрийн асуудлаарх маргаанд хөндлөнгөөс оролцсон этгээдийг цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хийгээд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзнэ.

Шүүгдэгч А.Насанбаярт холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

    Харин энэ хэргийн хохирогч Б.Шижиртуяа нь шүүгдэгч А.Насанбаяртай сайн дураараа эвлэрсэн нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн “ Шүүгдэгч А.Насанбаяр нь хохирогч Б.Шижиртуяад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 50.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирол арилсан тул бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Одоо бидний дунд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Иймд А.Насанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх эвлэрлийн гэрээгээр нотлогдох бөгөөд А.Насанбаяр нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

    А.Насанбаяр гэмт хэргийг согтуугаар үйлдсэнээ “Манай дүү хурим хийсэн. Би хуриманд ороод гарсан, нилээн согтуу байсан. Бүдэг санаад байна “ гэж хүлээн зөвшөөрч мэдүүлэх бөгөөд энэ нь хохирогч Б.Шижиртуяа, гэрч А.Алтанзаяа, М.Мөнхбаяр нарын мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогджээ.
     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй талаар заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан хийгээд хуулийн дээрх зүйл хэсгүүдэд өөрөөр ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ гарч буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, А.Насанбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно. 
    
    Шүүгдэгч А.Насанбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Шижиртуяа түүнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Гэлэг овгийн Адъяагийн Насанбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч А.Насанбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч А.Насанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

    3. Шүүгдэгч А.Насанбаяр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Шижиртуяа түүнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
        
    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Насанбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
    
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН