Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2022/00634

 

 

 

 

 

 

 

     2022          02         24                                    184/ШШ2022/00634

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.И -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.О

 

Хариуцагч: Д.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,  хариуцагч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Д.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч:  шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Н, Д.О нар нь Л.И-тай 2015 оны 4 сарын 09-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай  5  хувийн хүүтэй 2015 оны 9 сарын 10 хүртэл зээлж  авсан. Энэ хугацаанд хариуцагч нар нийт 9 сарын хүү 6,750,000 төгрөг төлсөн.

2016 оны 4 сарын 21-ний өдөр Д.О нь банкны барьцаанд байраа тавиад, зээлийг чинь төлье гээд төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, *******гаас байраа чөлөөлүүлсэн байдаг.

Ингээд төлбөр тооцоо байхгүй байж байгаад 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дахин төлбөр барагдуулах хэлцэл буюу Д.Н нь Л.И-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.*******тэй 15.0 сая төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барагдуулахаар баримт үйлдсэн. Зээлийн гэрээг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дууссан. Алданги тооцоогүй. Зээлийн гэрээний 5 сарын хугацаа дуусахад 15,000,000 төгрөгөө бүрэн төлж дуусна гэж тохиролцсон. Хариуцагч нар нь 2016 оны 3 сарын 14-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй. 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эхний төлбөр барагдуулах хэлцлийг Д.О, Л.И-тай байгуулсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар харилцан, тохиролцсон.

Д.О дээрх зээлийн барьцаанд байршуулсан үл хөдлөх хөрөнгийг Л.И-гийн зээлийн барьцаанаас чөлөөлүүлэн, банкны барьцаанд тавьж, 15,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах гэдэг зүйл яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлага буюу 15,000,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Алдангиа 2016 оноос хойш тооцоход үндсэн зээлээс давж байгаа тул хуульд зааснаар 50 хувиар багасгаж 7,500,000 төгрөг болгосон. Үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.И- нь Д.Н Д.О нартай 2015 оны 4 сарын 09-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 2016 оны 4 сарын 21-нд төлбөр дуусгавар болсон талаарх баримт үйлдэж, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн үйл баримт болсон. Энэ талаар баримт хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан. Мөн хавтаст хэргийн 86 дугаар талд 2016 оны 3  сарын 14-ний өдөр хамгийн сүүлийн хүүгийн төлбөрт 750,000 төгрөг төлсөн баримт авагдсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаад, 2017 онд шүүхээс нэхэмжлэлийг буцааснаас хойш 2021 оны 8 дугаар сарыг хүртэл огт нэхэмжлэл гаргаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үр дагавартай холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Үүрэг дуусгавар болсон талаар баримт байдаг. Д.О нь Д.Н гэх эгчдээ туслах зорилгоор өөрийнхөө байрыг барьцаанд тавьж, хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч: шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг 2015 оны 9 сарын 09-нд  байгуулсан,  хугацаа нь дууссан, хүү алданги тооцоогүй гэсэн атал 7,500,000 төгрөг алдангид нэхэж байгаа нь  үндэслэлгүй. Мөн Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр 2016 онд анх нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс буцаасан байдаг ба дахиж нэхэмжлэл гаргаад, буцаасан захирамжаа хавсаргаж өгөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ хэргийг анх буцаасан шүүгчид хуваарилж, шийдвэрлүүлэх ёстой байтал процессын алдаатай зүйл гараад байгааг сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэл гаргах шаардах эрх буюу нэхэмжлэлийн шаардлага өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан байна. 15.000.000 төгрөгийн хувьд 750,000 төгрөгөөр 8 сарын турш хүү төлсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Хавтаст хэргийн 47 дахь талд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон баримт байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор: зээл болон барьцааны гэрээ, төлбөр барагдуулах хэлцэл, шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэлийг буцаасан  шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг,

Хариуцагч нараас банкны харилцах дансны хуулгуудыг, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.И- нь хариуцагч Д.О, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг,  нийт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.*******:   2017 онд шүүхээс нэхэмжлэлийг буцааснаас хойш 2021 оны 8 дугаар сарыг хүртэл  нэхэмжлэл гаргаагүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Үүрэг дуусгавар болсон  энэ талаар баримт байгаа гэж,

Хариуцагч Д.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Зээлсэн 15,000,000 төгрөгийн хувьд 9 сарын турш 750,000 төгрөгөөр хүү төлсөн нь нотлогдож байгаа. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус маргасан байна.

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар хэргийн үйл баримтаас үзэхэд:

Зохигчид зээлийн болон барьцаат зээлийн гэрээг 2015 оны 4 сарын 09-нд   байгуулж гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 2015 оны 9 сарын 10-ны өдрийг хүртэл зээлж, барьцааны гэрээгээр Д.Оийн өмчлөлийн дугаар үл хөдлөх хөрөнгийг талууд тохиролцон барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн байна. Энэ  талаар талууд маргахгүй байгаа ба үйл баримтууд тогтоогдсон байна.  

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн гэрээний харилцаа үүссэн ба тэд зээл  болон барьцааны гэрээ байгуулж  харилцан гарын үсэг зурсан гэрээний  хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 сарын  10-нд дууссан ба гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Харин 2017 оны 05 сарын 15-нд хариуцагч Д.Нтэй нэхэмжлэгч   Л.И-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нар “төлбөр барагдуулах хэлцэл” байгуулж төлбөрийг 2017 оны 12 сарын 30-нд бүрэн төлж  дуусгахаар тохиролцож байсан байна. /хх 4 дүгээр тал/

 

 Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтөд 9 сарын хугацаанд сарын 750,000  төгрөг нийт 6,750,000 төгрөгийн хүү төлсөн ба хариуцагч нар 2016 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 750,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлж,  үүнээс хойших хугацаанд зөрчсөн талаар талууд харилцан тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаад, 2017 онд шүүхээс нэхэмжлэлийг буцааснаас хойш 2021 оны 8 дугаар сарыг хүртэл огт нэхэмжлэл гаргаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үр дагавартай холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн Д.О, Л.И- нарын хооронд 2016 оны 4 сарын 21-нд үүрэг дуусгавар болох хэлцлийг байгуулсан байдаг” гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтаар няцаахгүй байна.  / хх 47 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар гэрээний үүргээ  хугацаанд нь биелүүлээгүй байхад шаардах эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул   нэхэмжлэгчид эрсдэл үүсэх шалтгаан болсон гэж үзлээ.

 

Хавтас хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 3 сарын 09-ний өдрийн тэмдэглэлд нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйг дурдаж буцаасан тухай, мөн тус шүүхийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар мөн нэхэмжлэлийг буцаасан тухай захирамж тус тус авагдсан байна. /хх-ийн 37-39 дүгээр тал/ 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн  гэрээ байгуулагдсан ба энэ гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд   

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн  75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой   шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хугацаа үйлчилнэ.

 

Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг  шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан байх тул 3охигчдын хооронд  байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 04 сарын 09-ний өдрөөс 5 сарын хугацаатай  буюу 2015 оны 9 сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч  шаардах эрхээ хэрэгжүүлж 2016 оны 11 сарын 29-нд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 09-нд нэхэмжлэгч нэхэмжлэлээ  дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр буцаасан байна. Дараа нь талууд 2017 оны 5 сарын 05-нд “төлбөр барагдуулах хэлцэл” байгуулсан байх ба энэ хугацааг  шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 5 сарын 05-ны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах байжээ. /хх 18 дүгээр тал/ 

 

Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн  зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар дуусгавар болох  хүртэл үргэлжлэх байсан байна.

 

 Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 7 сард шүүхэд хандсан ба шүүх 2021 оны 10 сарын 13-нд буцааж дахин 2021 оны 10 сарын 18-нд нэхэмжлэлээ гаргасан зэрэг үйл баримтууд болсон байна. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх  хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.   

     

           Түүнчлэн хариуцагч нар Иргэний хуулийн  82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарна гэж маргаж байгааг   Нэхэмжлэгч тал  баримтаар  няцаахгүй  байх бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан эсэх талаарх баримтыг гаргаж  нотлоогүй ба эрх үүргээ хэрэгжүүлээгүй, мэтгэлцэж чадаагүй  гэж  дүгнэлээ. Хэрэгт  талуудаас банкны  харилцах дансны хуулгуудыг ирүүлсэн ба уг баримтууд хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ. /хх-ийн 53-93, 116-181 дүгээр тал/

 

Иймд дээр дурдсан  үндэслэлээр талуудын хоорондох маргааныг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  юм.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн  75.2.1,  82 дугаар зүйлийн  82.1, 281 дугаар зүйлийн 281.1-д  тус тус заасныг баримтлан Л.И-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.И-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ