| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0300/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/310 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/310
2024 10 01 2024/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгор,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ш,
Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч О.Базардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Л.М-д холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 0 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 000000000000000000000 төрсөн, 00 настай, .........., боловсрол, мэргэжил, ................., Төв аймгийн Дэлгэрхаан сум 2 дугаар багт засаг захиргааны бүртгэлтэй, ам бүл 0 ....................................... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял ........................, хэрэг хариуцах чадвартай, Н.Л.М, 00000000 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Л.М нь онц харгис хэрцгийгээр 2024 оны 7 дугаар сарын 02-ны шөнө Төв аймгийн .............. сум Дуут-Хуримт 0 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Б хамтран амьдрагч иргэн Ш.Г улмаас зодож, түүний эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл буюу "... баруун 2,9,10- р хавирганы хугарал, дээд 4 дүгээр шүд унасан, зүүн хөмсөгт шарх, дээд уруулын салстад шарх, хэвлийд цус хуралт, баруун хацар, толгойд зулгаралт, доод баруун 1,2 дугаар шүд хөдөлсөн..." гэмтлийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.Г хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл буюу "...суурь ясны жигүүр сэртэнгийн хугарал, хацар, ясны нумын хугарал, хоншоор ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал, нүүрэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл..." бүхий хохирлыг тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн Тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-13/,
Хохирогч Ш.Г, Л.Б нарын Төв аймгийн .................... сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн үеийн болон эргэн эдгэрэх хугацааны нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/,
Хохирогч Л.Б өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 02-ны шөнө би үхэр хураах санаатай Энхбаатар гэх айлаас мотоциклоо авах гэж очиход тухайн айлд Ш.Г гэх хүн байсан ба согтуу байсан. Тэгээд намайг өөрийн гэр лүүгээ хүргээд өгчих гэж гуйсан юм. Би Ш.Г гэрт нь хүргэх гэж эмнэлгийн пробокс машинтай явсан. Замд явж байтал өвсний фондын ойролцоо Гантунгалаг нь надад хандан манай хүн намайг зодно би айгаад байна, би хашааныхаа урд талаар яваад орчихъё та энэ хавьд зогсчих гэж хэлсэн. Тэгээд би өвсний фонд өнгөрөөгөөд зогссон, тэгтэл удалгүй мотоциклын гэрэл гараад машины хажууд хүн ирсэн. Тэгтэл тэр мотоциклтой хүн нь манай эмнэлгийн сантехникч Мөнхжаргал гэх хүн байсан ба эмнэлгийн пробокс машины урд талын салхины шилийг хагалсан. Би машин дотроос буугаад "чи яаж байна аа" гэж хэлтэл намайг цохиж, би ухаан алдсан ба намайг ухаан алдсанаас хойш нэлээн олон удаа миний биед халдаж зодсон юм шиг байна лээ. Би тухайн үед ухаан алдсан болохоор өөр яаж зодсон талаар сайн санахгүй байна. Тэгээд намайг ухаан алдсан байдалтай байхад сумын төвөөс гарч явсан хүн буюу Г гэх залуу таараад буцаад сумын төв рүү орж Д гэх залууд хэлсэн гэсэн. Тэгээд намайг нэг сэрээд хартал М нь машин руу чихэж суулгаад цохиж аваад хөдлөөд яв, нэг газар очиж булна гэх мэтээр хэлсэн. Тухайн М нь эмнэлгийн машины хажууд мотоциклтой дагуулж явсан ба хадан хошуу гэх газрын ойролцоо явж байсан. Тэгээд сумын төвөөс Г, Д гэх хүмүүс машинтай ирэхэд нь тухайн М нь мотоциклоо унаад сумын төв рүү зугтаагаад явсан юм шиг байна лээ. Тэгээд Дгэх залуу эмнэлгийн машиныг жолоодоод сумын төв рүү явсан ба тэр хооронд би ахин ухаан алдсан. Ш.Г эмнэлгийн пробокс машины ард талд байсан талаар би өөрөө мэдээгүй ба эмнэлэгт хүргэж ирсний дараагаар машины хойд талд байсныг нь эмнэлгийн хүмүүс мэдсэн юм шиг байсан. Эмнэлгээр үзүүлэх гэж Улаанбаатар хот ГССҮТ рүү 2 хэвтэж, 2 удаа эмчилгээнд өөрийн зардлаар явсан. Мөн ............... сумын Эрүүл мэндийн төвийн машиныг М гэх хүн эвдсэн. Ер нь л тухайн болсон асуудлын улмаас эмнэлгээр их явж, эмчлүүлж зардал мөнгө их гарсан, 1 сар шахам эмнэлгээр явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,
Хохирогч Ш.Г өгсөн: "...Би 2024 оны 7 дугаар сарын 02-ны орой Э ахын гэрт очиход эхнэр нь хаалгаа тайлж өгсөн. Тэгээд тухайн айлд ороод Энхбаатар, Энхбаатар ахын эхнэр, би болон Б, Г нарын хамтаар 2 шил архи уусан нь үнэн ба нэг шил архийг нь Б, Г 2 авч ирсэн, нэг шил архийг нь би дэлгүүрээс авсан. Тэгээд нэг мэдэхэд би тасарсан бололтой Төв аймгийн ............... сумын эрүүл мэндийн төвд хүнд зодуулсан байдалтай, цус нөжтэй холилдсон 2024 оны 07 дугаар сарын 03-ны үүрээр 05 цагт сэрсэн юм. Би тухайн үед Энхбаатар гэх айлынд тухайн хүмүүстэй архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэснээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Миний биед халдаж зодсон хүн нь М гэх хүн байсан талаар нь маргааш нь хүмүүсээс мэдсэн.... Миний баруун шанааны хэсэг хугарсан ба Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2024 оны 07 дугаар сарын 05-иас 2024 оны 07 дугаар сарын 16-ны хооронд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Улсын 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт 2024 оны 07 дугаар сарын 29-ний Өдөр эмнэлгээс гарсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26- 29/,
Гэрч Б.Г өгсөн: "...2024 оны 7 дугаар сарын 02-ны шөнө 23 цагаас 00 цагийн хооронд санаж байна, өөрийн гэр лүүгээ ганцаараа мотоциклтой явж байтал Хогийн цэгийн баруун талд, өвсний фондын зүүн талд нэг машины гэрэл нь асаалттай зогсож байсан. Тэгээд эрэгтэй, эмэгтэй нь мэдэхгүй хүн хашхираад байгаа сонсогдсон. Тэгээд би яваад очтол эмнэлгийн пробокс машины хажуу талд шороон дээр нэг шалдан эмэгтэй хүн байсан. Бас нэг өмд цамцтай эрэгтэй хүн машинаас нэлээн урд хэвтэж байсан ба тухайн хүн нь Б гэх хүн байсан. М гэдэг хүн тухайн хоёр хүний гол хэсэгт нь зогсож байсан ба Б хандан "босоод ир пизда минь" гэж хэлэх яриа өгүүлэлтэй зогсож байсан. Би Б гэх хүн дээр очтол нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан ба надад хандан "ахыгаа аваад яваач" гэж хэл ам нь сайн мэдэгдэхгүй байдалтай юм ярьж байсан. Тэгээд би сумын төв рүү буцаж Д гэх хүнд очиж болсон асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Намайг очиход нэг шалдан эмэгтэй хүн газар хэвтэж байсан ба би очиж хараагүй тухайн эмэгтэй ямар нэгэн юм ярихгүй дугарахгүй газар хэвтэж байсан. Харин би Б гэх хүн дээр очсон ба нүүр хэсэг нь цус болсон байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,
Гэрч Б.Д өгсөн: "...Би Төв аймгийн .......... сумын төвд гэртээ байж байтал манай нутгийн Г гэдэг залуу манай гэрийн байшингийн хаалгыг нүдээд урд Барамсай, Гантунгалаг гэдэг хүмүүсийг Л.М гэдэг хүн зодчихсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд бид хоёр эмнэлэг рүү орж Д сувилагчийг аваад тэр газар луу очсон. Бид нарыг очиход тэнд хүн байхгүй байсан ба тэр хавиар хайж байтал сумын хадан хошуу гэх газрын зүгээс мотоцикл болон машины гэрэл гарсан ба тэр зүг рүү очтол мотоцикл нь хойшоо сумын төв рүү яваад өгсөн. Тэгээд эмнэлгийн пробокс машин сумын төв рүү эргэж байхад нь бид нар явж очтол тухайн машинд Б гэх хүн байсан ба сүүлд мэдэхэд машин дотор Гантунгалаг гэх хүн байсан талаар мэдсэн. Бид нарыг очиход Б гэх хүний нүүр ам нь жигтэйхэн цус болчихсон хоёр нүд нь юм харахгүй хавдчихсан харагдсан. Тэгээд би тухайн эмнэлгийн пробокс машиныг жолоодоод тус сумын эмнэлэгт хүргэж ирсэн... Эмнэлгийн пробокс маркийн машины шил хоёроос гурван газар хэсэгтээ хагарчихсан байсныг би анзаарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,
Гэрч Х.Д өгсөн: "... Би Төв аймгийн ........... сумын Эрүүл мэндийн төвд сувилагч мэргэжлээр ажилладаг юм. Би тухайн өдөр ажил дээрээ гараатай буюу ээлжтэй байсан. Тэгэхэд 00 цагаас 01 цагийн хооронд Г гэх залуу манай эмнэлэг дотор орж ирээд "урд танай эмнэлгийн жолооч аймар болчихсон байна" гэж надад хэлсэн. Тэгээд би Д болон Г гэх хүмүүстэй тухайн газар луу явсан юм. Бид нарыг тухайн газар луу очиход Л.Б болон Ш.Г гэх хүмүүс байхгүй байсан. Тэгээд Г энд байсандаа гээд хэлсэн. Тэгээд бид нар хайгаад тэр хавиар хайж явтал бид нарын өөдөөс мотоциклын гэрэл болон нэг машины гэрэл туссан. Тэгээд бид нар машины араас очтол манай эмнэлгийн машин буюу Тоёота Пробоксын гэрэл мөн байсан ба цэнхэр дугаараар нь би таньсан. Бид нарыг очиход мотоцикл яваад өгсөн. Тухайн эмнэлгийн машин дээр очиход эмнэлгийн жолооч Л.Б нь машинаа барьчихсан цонхоо буулгатал нүүр ам нь нэлээн цус болчихсон байдалтай харагдсан. Тэгээд Д гэх хүн Бхажуу талдаа суулгаад тухайн эмнэлгийн машиныг жолоодож эмнэлгийн гадаа ирсэн. Би Г араас нь эмнэлэг дээр очсон. Тэгээд Б гэх хүнийг эмнэлэг дотор оруулаад орон дээр хэвтүүлээд амин үзүүлэлт зэргийг нь үзээд байж байсан. Гэтэл гадаа эмэгтэй хүн хашхирах чимээгээр би гартаад хартал Д эмч болон Энхбаяр эмч нар эмнэлгийн машины ар талын багажид нүцгэн эмэгтэй хүн байна гэж мэдсэний Дараагаар манай эмэгтэй эмч хашхирсан байсан. Тухайн нүцгэн эмэгтэй нь Ш.Г гэх хүн байсан ба байгаа байдлыг нь харахад нүүр ам нь цус болчихсон нэлээн хэцүү байдалтай багажид хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,
Гэрч Т.Дөгсөн:"...2024 оны 7 дугаар сарын 02-ны шөнө манай эмнэлгийн гадаа манай эмнэлгийн Тоёота Пробокс 0000 ТӨВ тээврийн хэрэгсэл ирсэн байсан ба урд талын салхины шилийг хагалсан байсан. Тэгээд би эмчийн хамтаар тухайн Тоёота Пробокс машины эвдрэл гэмтэл, хагарсан шилний зургийг дарж авч байсан. Тэгээд би машины ар талын хаалгыг нээтэл суудал дээр хөглөрсөн баахан хувцас байсан. Тэгээд Э эмч тухайн хувцасны зургийг дарж байсан ба би хажуу талаас нь харж байтал утасны камерын гэрэлд, машины багажны дотор талын хасагт сэгсгэр үстэй цээж нүцгэн эмэгтэй хүн сууж байгаа харагдсан. Тэгээд би сандраад айгаад тухайн үедээ хашхирсан юм. Тухайн машины багажид байсан эмэгтэй бол Г гэх хүн байсан. Харин тухайн Тоёота Пробокс тээврийн хэрэгсэл дотор байсан хувцаснууд нь тухайн Б болон Г гэх хүмүүсийнх байсан ба яагаад ийм дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр тухайн хүмүүс нь шалдан хувцасгүй байсан. Б гэх хүн нь эмнэлэгт ирсэн байхад нь анхны үзлэгээр дотуур хувцасгүй, биеийн тамирын хар хөх өмдтэй байсан санагдаж байна, Тэр өмдөө буруу харуулчихсан байсан. Харин Г гэх хүн огт хувцасгүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/,
Л.М сэжигтнээр өгсөн:”...2024 оны 7 дугаар сарын 02-ний өдөр... Би ажлын цаг дууссанаас хойш эмнэлгээс явалгүй Гантунгалагийг архи уучихсан гэж төвөгшөөгөөд нэг хэсэг ажил дээр байсан. Тэгээд орой эмнэлгээс гараад 22 цагийн орчимд А гэх айлынд очиж хоол идээд тэнд байж байгаад 23 цаг өнгөрөөгөөд гэрийн зүг рүү алхаж явсан. Тэгээд 23 цаг 30 минутын ойролцоо гэр лүүгээ алхаж явтал сумын өвсний фондын ойролцоо нэг гэрэлтэй машин байсан. Би гэр лүүгээ харьчхаад буцаж гарч ирээд хартал тухайн машины гэрэл унтраастай байсан ба машины хаалганы дохио шиг юм дугараад байсан юм. Тэгээд би ямар хүмүүс юм бол гэж бодоод очтол тэнд эмнэлгийн Пробокс машинтай Б болон Г нартай таарсан. Намайг очиход тухайн хоёр хүн хойд талын суудалд ямар нэгэн хувцасгүй, чармай нүцгэн байдалтай байсан. Үүний дарааraap би бачимдсан уурандаа эмнэлгийн пробокс машины урд талын салхины шил рүү чулуу шидэж хагалсан. Тэгээд би Б гэх хүнд хандан "зүгээр гэрт нь хүргээд өгчихгүй яасан юм бэ юу хийж байгаа юм" гэж хэлсэн. Тэгтэл "Б нь хүргэж өгөх гээд л явж байгаа юм биш үү" гэж хэлсэн. Тэгээд Би Л.Б гэх хүнийг машинаас гаргаад зодсон нь үнэн. Би Б машинаас гаргаад зодсоны дараагаар Г машинаас гаргаж зодсон нь үнэн. Намайг тухайн хоёр хүнийг зодож дууссаны дараагаар Ган-Эрдэнэ гэх хүн мотоциклтой ирж таарсан. Тэгээд газарт хэвтэж байсан Барамсай гэх хүнийг хараад "энэ Б ах мөн үү" гэж асуухад нь би мөн гэж хэлсэн. Үүний дараагаар Г мотоциклоо унаад шууд сумын төв рүү яваад өгсөн. Тэгээд Д гэх хүнд болсон асуудлын талаар хэлсэн юм шиг байна лээ. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйлээр би тухайн хүний биед халдаагүй. Л.Б нүүр болон бөгс, нуруу зэрэг биеийн бусад хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж халдсан нь үнэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 69-71/,
Яллагдагч Л.Мн өгсөн: "... Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээр нэмж нэмж ярих зүйл байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 169/,
Гэрч Ж. Эөгсөн:"...Л.Б Төв аймгийн ...................суманд 10 жилд хамт суралцсан хүн байгаа юм. Харин Г ээжийн төрсөн дүү нь миний эхнэр байгаа юм. 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ байж байсан. Тэгтэл нэг эмэгтэй хүн хаалга нүдээд байх шиг байсан. Тэгээд манай эхнэр очоод хаалга нээхэд Ш. Г гэх эмэгтэй байсан ба тухайн хүн орой 21 цагаас 22 цагийн хооронд манай гэрт ирсэн. Г манай гэрт ирээд байж байтал Л.Б 10-20 минутын дараа манай гэрт хүрч ирсэн. Г нь намайг гэр лүү хүргээд өгөө гэж хэлэхэд нь "би мотоцикл байхгүй, цаг орой болсон, амарчихсан байна гэх шалтгаанаар тухайн Г гуйлтыг зөвшөөрөөгүй. Тэгээд Г манай гэрт ирсэн байхад Б гэх хүн ирсэн. Г нь Б гэрт хүргээд өгөөч гэж гуйсан, тэгээд Б тэр хоёр манай гэрээс яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,
Гэрч Ч.Ш өгсөн: "...Ш овогтой Г, Л овогтой М нар нь...............2 дугаар багт харьяатай. М нь Төв аймгийн ............ сумын нэгдсэн эмнэлэгт сантехникч мэргэжлээр 1 жил орчмын хугацаанд ажиллаж байгаа. Харин Г нь ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөр хийдэггүй. Тухайн 2 хүмүүс нь гэр бүлийн албан ёсны баталгаа байхгүй. Г нь 3 хүүхэдтэй ба эхний нөхрөөсөө 1 хүүхэдтэй, хоёр дахь нөхрөөсөө бас хүүхэдтэй. М хамтран амьдарч байгаа ба дундаасаа ямар нэгэн хүүхэдгүй. Хааяа хэрэлдэж муудалцаад байгаа сонсогддог. Тухайн хүмүүс ер нь л архи хэрэглэдэг, гэхдээ эхнэр нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглээд байгаа сонсогддог. Л.Б нь Төв аймгийн ................. сумын хэрүүл мэндийн төвд жолооч мэргэжлээр ажилладаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/,
Гэрч Э.Ш өгсөн: "...Л.Б нь өөрийн гэсэн дугаартай тус сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн жолоочоор олон жил ажиллаж байгаа, зан харилцааны хувьд төлөв даруу зантай, хүмүүстэй харилцахдаа харилцааны ямар нэгэн доголдол байхгүй, гайгүй нас тогтсон хүн байдаг. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ ч ямар асуудал тарьдаггүй хүн байгаа юм." гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/,
Иргэний нэхэмжлэгч О.М өгсөн: "...Би Д сумын Эрүүл мэндийн төвд 2 жил 6 сарын хугацаанд ажиллаж байна. Манай эмнэлгийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил нь хагарсан.Тухайн тээврийн хэрэгсэл нь хандиваар 24,530,000 төгрөгөөр үнэлэгдэж ирсэн тээврийн хэрэгсэл байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г "... Лавлагаагаар харахад Л.Б 431 565 төгрөг, Ш.Г5 441 242 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 00000000000 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна...." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаартай "...Л.Б биед баруун 2,9,10-р хавирганы хугарал, дээд 4 дүгээр шүд унасан, зүүн хөмсөгт шарх, дээд уруулын салстад шарх, хэвлийд цус хуралт, баруун хацар, толгойд зулгаралт, доод баруун 1,2 дугаар шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулна..." гэх дүгнэлт /хх-ийн 74-75/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 08- ны өдрийн 472 дугаартай "...Ш.Г биед суурь ясны жигүүр сэртэнгийн хугарал, хацар, ясны нумын хугарал, хоншоор ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал, нүүрэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 79-81/,
. "Гарьд гүрү үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00/000 дугаартай "... Төв аймгийн Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвийн Succeed ХР160 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилний зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 00-р сарын 00-ны өдрийн байдлаар 210,000/хоёр зуун хорин мянга/ төгрөг..." дүгнэлт /хх-ийн 137/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Л.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Л.М нь онц харгис хэрцгийгээр 2024 оны 00 дугаар сарын 00-ны шөнө Төв аймгийн ......сум Дуут-Хуримт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Б хамтран амьдрагч иргэн Ш.Г хардсаны улмаас зодож, түүний эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл буюу "... баруун 2,9,10- р хавирганы хугарал, дээд 4 дүгээр шүд унасан, зүүн хөмсөгт шарх, дээд уруулын салстад шарх, хэвлийд цус хуралт, баруун хацар, толгойд зулгаралт, доод баруун 1,2 дугаар шүд хөдөлсөн..." гэмтлийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ш.Г хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл буюу "...суурь ясны жигүүр сэртэнгийн хугарал, хацар, ясны нумын хугарал, хоншоор ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн хананы хугарал, нүүрэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл..." бүхий хохирлыг тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Л.М нь хохирогч Ш.Г, Л.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Хохирогч Ш.Г нь эмчилгээний зардал баримтаар нэхэмжилж ирүүлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно.
Иймд шүүгдэгч Л.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 5 842 807 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 2 872 807 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2434003920290 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Л.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар баримтлан шүүгдэгч Л.М шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М 2 872 807 /хоёр сая найман зуун далан хоёр мянга найман зуун долоон мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даалтгалын Төрийн сангийн 0000000000000000 дугаар дансанд олгосугай.
6.Шүүгдэгч Л.М тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасгуай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мөнхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ