Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2026/00063

 

“ХХИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01236 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 207/МА2025/00127 дугаар магадлалтай,

“ХХИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ГС” ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК

34,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“ХХИ” ХХК нь “ГС” ХХК-д холбогдуулан 34,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01236 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ГС” ХХК-аас 23,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХИ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХИ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГС” ХХК-аас 274,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХИ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2024/03395 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “ГС” ХХК-ийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 34,860,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 207/МА2025/00127 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Н-н шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Н.Н-н давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч тал итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-с татгалзсан баримтыг шүүхэд ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч талтай эвлэрэх хүсэлгүй байгаагаа шүүхэд илэрхийлсэн тул эвлэрлийг батлах боломжгүй тухай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь, талууд эвлэрэхээр тохиролцон гэрээ байгуулсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн дансаар мөнгө аваагүй гэх шалтгаанаар төлөөлүүлэгчийнхээ хүсэл зоригоос өөр хүсэл зориг илэрхийлсэн шалтгааныг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд тухайн хуулийн этгээдийн хүсэл зоригийг л шүүхэд төлөөлж дамжуулан оролцох үүрэгтэй, мөн Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.02-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид “...талуудыг аль болох эвлэрүүлэх нь нэн тэргүүний үүрэг байх ёстой” гэж дурдсан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийнх нь дансанд мөнгө шилжүүлээгүй, гэрээг өөртэй нь байгуулаагүйгээс шалтгаалан хувь хүний сэтгэл хөдлөлийг тэргүүнд тавьж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж харагдаж байгааг анхаарч үзнэ үү.

Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн 03 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх, мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавиагүй бол мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгөхөөр тайлбарласан, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т гэрээнээс татгалзах хугацааг хэн тогтоох, татгалзах эрхээ алдах талаар зохицуулсан. Хэрэгт гэрээнээс татгалзаж байгаа талаар ямар нэгэн баримт байхгүй, доголдол байгаа эсэх нь бүрэн нотлогдоогүй байхад шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.02.13-ны өдрийн 001/ШХТ2026/00183 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч “ХХИ” ХХК нь “ГС” ХХК-д холбогдуулан 34,860,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2023.10.03-ны өдөр хариуцагчаас “Галч” маркийн 400 квт хүчин чадалтай зуухыг 23,240,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрийг төлсөн. Гэтэл зуух нь хүчин чадалдаа хүрч ажиллахгүй, ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023.11.05-ны өдөр анх авсан газраа буцаан хүргэж өгсөн. Ингээд доголдлыг арилгах үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, хариу өгөлгүй явсаар 135 хоног өнгөрлөө. Иймд гэрээнд зааснаар алданги 11,620,000 төгрөг, зуухны үнэ 23,240,000 төгрөг, нийт 34,860,000 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2022 онд манай компани “А” ХХК-тай гэрээ байгуулан “Галч” маркийн автомат зуух худалдан авсан ч дараа нь үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон тул тохиролцон зуухыг борлуулахаар болсон. Ингээд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан зөвхөн төлбөрийг авсан ч зуухыг “А” ХХК нийлүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал үйлдвэрлэгч “А” ХХК-ийн тавьсан бэлтгэл зуух тавих шаардлагыг биелүүлээгүйн улмаас зуухыг эвдэлж манайд буцаан өгсөн. Уг зуухыг засаж, хэвийн ашиглалтыг хангасан ч нэхэмжлэгч тал зуухыг буцаан аваагүй. Одоогоор зуухыг ашиглах бүрэн боломжтой байх тул гэрээний зүйлийг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч тал үйлдвэрлэгчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас эвдрэл үүссэн байтал үйлдвэрлэгчид болон манайд албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд зугтаах болсон гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 7.1-д зааснаар худалдагч тал баталгаат засвар үйлчилгээ, биет байдлын доголдлыг хариуцах этгээд биш, мөн нэхэмжлэгчийн буруугаас зуух эвдэрсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А” ХХК хариуцагчийн тайлбарыг дэмжин “Зуухыг хүлээлгэн өгөх үед нэхэмжлэгч талын эрх бүхий этгээд хүлээн аваагүй, жолоочид хүлээлгэн өгөөд зураг, бичлэгээр баталгаажуулсан. Зуух угсрах үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б-д зааварчилгаа өгсөн. Зуух буцаан хүлээлгэж өгөхдөө баримт үйлдээгүй, хашаанд буулгаад явсан байсан. Эвдрэлийг засаж, зуухыг хэвийн болгосон боловч ирж аваагүй. Ингээд хариуцагчийн төлөөлөгч Г.Б-д энэ талаар мэдэгдсэн” гэжээ.

10.Анхан шатны шүүх хариуцагчаас зуухны үнэ 23,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 11,620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “…зуухны эвдрэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх тайлбараа хариуцагч нотлоогүй, тэрээр гуравдагч этгээдтэй засвар, баталгааг хангах талаар гэрээ байгуулсан гэж байгаа ч энэ гэрээ “ХХИ” ХХК зуухыг худалдан авсны дараа буюу 2023.11.01-ний өдөр байгуулагдсан, Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж зуухыг буцаан өгсөн болох нь гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шаардлага гаргасан, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар гэрээний бүх тохиролцооноос татгалзах тул алданги шаардах эрхгүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

11.Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар болон гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн үйлдэл хуульд нийцсэн талаар ижил дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө зохигч эвлэрсэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэв.

12.Хоёр шатны шүүхийн дүгнэснээр дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

-2023.10.03-ны өдөр “ХХИ” ХХК болон “ГС” ХХК нар 23/16 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулан Галч маркийн 400 квт-н зуухны үнийг 23,240,000 төгрөгөөр тохиролцсон,

-2023.10.03-ны өдөр П.Б-н ******** банкны 5****8 тоот данснаас “ГС” ХХК-ийн 4****6 тоот данс руу 5,000,000 төгрөгийг “ХХИ ХХК зуухны урьд” гэх утгаар, 10.25-ны өдөр мөн данснаас Д.С-н 5****6 тоот данс руу 21,480,000 төгрөгийг “hhi.zuuh yandangiin tulbur” гэх утгаар, 10.24-ний өдөр “ХХИ” ХХК-ийн ******** банкны 5****0 тоот данснаас П.Б-н 5****8 тоот данс руу 18,240,000 төгрөгийг “Hhi zuuh” гэх утгаар тус тус шилжүүлсэн,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.

13.Хариуцагч тал давж заалдах шатны шүүхийн цахим шуудангаар 2025.11.26-ны өдрийн Эвлэрлийн гэрээг явуулсан бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгч шүүхэд гаргасан 34,860,000, төгрөгийн нэхэмжлэлийн 19,860,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 15,000,000 төгрөгийн шаардлагын хэмжээнд харилцан тохиролцож байгааг дурдаж, мөн өдрөө 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн болохыг тусгажээ. Уг гэрээнд нэхэмжлэгч “ХХИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч, хариуцагч “ГС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Н нар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

14.Давж заалдах шатны шүүх хуралдаанд уг эвлэрлийн гэрээ байгуулсан эсэх талаарх шүүгчийн асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулахдаа хүлээн зөвшөөрсөн, гэрээгээр тохиролцсон мөнгийг авсан гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

15.Түүнчлэн нэхэмжлэгч Улаанбаатар хотод, хариуцагч **** аймагт үйл ажиллагаа явуулдаг тул гэрээг эх хувиар гаргаж өгөөгүй хэмээн тайлбарлаж, дээрх эвлэрлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-н гаргасан дээрх тайлбарт үндэслэн цахим хэлбэрээр шүүхэд ирүүлсэн нь үгүйсгэгдээгүй байна.

16.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-н гаргасан эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулахыг зөвшөөрөхгүй гэх агуулгатай тайлбарыг үндэслэн зохигчийн эвлэрлийг батлалгүй, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэлд дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхтэйгээр анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг олгожээ.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3 дахь хэсэгт тус тус зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

17.Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх удирдлага байх бөгөөд зохигчийн эрх бүхий этгээдийн байгуулсан эвлэрлийн гэрээнээс татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоогүй атал давж заалдах шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзыг үндэслэн зохигчийн эвлэрлийн гэрээг батлаагүй нь хуульд нийцээгүй.

18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 106 дугаар зүйлийн 106.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч аль ч шатны шүүхэд эвлэрэн хэлэлцэх эрхтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01236 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 207/МА2025/00127 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “ХХИ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,860,000 төгрөгийн 19,860,000 төгрөгөөс татгалзаж, 15,000,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч “ГС” ХХК уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ГС” ХХК-ийн 2025.12.19-ний өдөр төлсөн 148,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАЯРМАА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                              Н.БАТЗОРИГ

                                                                                                Б.УНДРАХ

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД