Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00154

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир, улсын яллагч Л.Оюунтуяа, хохирогч Х.Отгонтуяа, шүүгдэгч Д.Хорлоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

        Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Хорлоод холбогдох эрүүгийн 201714000279 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрагын 8-11 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Чонос овгийн Донровын Хорлоо /ФБ 75052801/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Хорлоо нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 8-11 тоот гэрийнхээ хашаанд иргэн Х.Отгонтуяатай түүний нөхөр Начингаас болж хэрүүл маргаан хийсний улмаас Х.Отгонтуяаг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Хорлоо нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрагын 8-11 тоот гэрийнхээ хашаанд хохирогч Х.Отгонтуяа нь өөрийн  нөхөр Начинтайгаа Д.Хорлоог хардсаны улмаас хэрүүл маргаан хийж Х.Отгонтуяаг зодож бие махбодид нь цээжинд зүүн эгэмний доор хэвлийн баруун хэсэгт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний ард зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

       1.  Шүүгдэгч Д.Хорлоо  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Х.Отгонтуяа намайг нөхөр Начинтайгаа хардсаны улмаас маргалдаад зодолдсон. Отгонтуяа бид хоёр хоорондоо эвлэрч би түүнд учруулсан хохирлыг барагдуулсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           2. Хохирогч Х.Отгонтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Би нөхрийнхөө араас очиход  Д.Хорлоогийнд хамт сууж байсан. Бид маргалдаад намайг үснээс маань зулгааж чирсэн. Толгой даагдахаа байгаад гэртээ ирсэн. Хамаг бие маань хөх няц болсон байсан. Бид сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

      3.  Гэрч Д.Алтанцэцэгийн  хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн:..Тухайн өдөр би гэртээ зурагт үзээд сууж байтал гадаа хашаан дотор хүмүүс орилолдоод зодоон болоод байх шиг байсан. Гараад нартал Начингийн эхнэр Отгонтуяа манай дүү Хорлоотой зодолдож байсан. Би салгах гээд дундуур нь ортол хүчрэгдэхгүй, салгах гээд дундуур нь ортол миний гарнаас маажихаар нь хашаанаасаа гаргах гээд үснээс нь татаж гэрийн баруун талд байдаг амбаарын хажуу тал руу түлхтэл Х.Отгонтуяа цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/

 

      4. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 03-гны өдрийн 396 тоот Х.Отгонтуяагийн биед цээжинд зүүн эгэмний доор, хэвлийн баруун хэсэгт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чинхий ард зулгаралт үүсчээ. Учирсан гэмтлүүд нь хатуу зүйлийн шууд чиглэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь шинэ ба 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийг түр хугацагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 15 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Д.Хорлоогийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Орхон аймгийн прокурорын газраас сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь хуульд нийцэж байна.

 

     Иймд шүүгдэгч Д.Хорлоо нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Х.Отгонтуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Чонос овгийн Донровын Хорлоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Д.Хорлоод холбогдох эрүүгийн 201714000279 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

       3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

 

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

 

  1.