Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1276

 

 

 

 

 

 2020             10             01                                        2020/ДШМ/1276                                                                                     №  Т  M № 546                                  МАЛАЛ

Д.Т-д холбогдох                                                                                                                  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

яллагдагч Д.Т-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1613 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Т-д холбогдох 1908056441785 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Д-ийн Т-, Улаанбаатар хотод 1992 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонтын 00 дугаар гудамжны 000 тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Д.Т- нь 2019 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 6 дугаар гудамжинд хамт архи ууж байсан А.Б-ыг “Чи бөө бил үү, одоо намайг хараагаадах” гэж толгой руу нь мөргөж, цохиж зодон хамар ясны баруун хажуу хана, баруун талын хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор доод хана, доод ирмэгийг хамарсан, баруун талын хоншоорын хөндийн дотор хана зөрүүтэй, хамар ясны хянга хэсэг болон зүүн хажуу хана зөрүү нийлмэл хугарлууд, зовхи, хамарт цус хуралт, хамарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 00 дугаар байрны орцонд Э.Т-ын араас боож газар унаган зодож зүүн нүдний зовхи, уруул, хоолойд цус хуралт, шалбаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хэтэвч, I рhone 6 загварын гар утас, иргэний болон жолооны үнэмлэх, банкны карт зэргийг нь авсан,

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” караоке баарны гадаа С.Б-ийн ноосон малгай, Samsung s-7 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... яллагдагч Д.Т-ын тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн иргэн Э.Т-, С.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан мэтээр тогтоол үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүйн сацуу ойлгомжгүй байна ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, Д.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжээ.

            Прокурор Ц.Ариунтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч Д.Т-ын үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан. Дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн нь тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан эсэхээс үл хамааран шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

            Яллагдагч Д.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбаргүй.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Д.Т-д холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хохирогч Э.Т-, С.Б- нарын хэн алинд нь эрүүл мэндийн хөнгөн хохирол учирсан мэтээр яллах дүгнэлт бичигдсэн нь ойлгомжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарчээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг хуульчлахдаа нэг зүйлд үндсэн болон хүндрүүлэх шинжийг, зарим тохиолдолд хэд хэдэн гэмт хэргийн шинжүүдийг нэг зүйлд багтаасан байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлоод, мөн зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд энэ гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, их хэмжээний, эсхүл ноцтой хохирол учруулсан, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм, зэвсэг хэрэглэсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон зэрэг үйлдлүүдийг хүндрүүлэх шинж гэж үзсэн бөгөөд хууль хэрэглээний хувьд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүйгээр хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүйгээр хоорондоо уялдаатай системчилсэн тул нэг зүйлчлэлээр шийдвэрлэгдэж болно. Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж хохирогчийн өмлөх эрхэд хохирол учруулснаар төгсөх материаллаг бүрэлдэхүүнтэй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж үйлдэл хийснээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй дээрэмдэх гэмт хэргийн хоёр өөр шинжийг тодорхойлсон байх ба хоорондоо холбоогүй, өөр өөр арга, хэлбэрээр бие даасан байдлаар үйлдэгдэхээр хуульчлагдсан тул нэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Прокуророос яллагдагч Д.Т-д холбогдох “... Э.Т-ын араас боож газар унаган зодож зүүн нүдний зовхи, уруул, хоолойд цус хуралт, шалбаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хэтэвч, I рhone 6 загварын гар утас, иргэний болон жолооны үнэмлэх, банкны карт зэргийг нь авсан ...”, мөн “... С.Б-ийн ноосон малгай, Samsung s-7 загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан ...” гэх хоёр үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй тайлбарласан байх тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээрх хууль хэрэглээний алдааг шүүх хуралдаанаар залруулах боломжгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1613 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН