Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/307

 

 

 

 

 

 

 

   

 

                                           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганзориг, 

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Жалбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Т Н-т холбогдох эрүүгийн хххххххххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод .......  оны ... дугаар сарын ....-нд төрсөн, .....  настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, “ХХХХХ” ХХК-д боловсруулах хүнсний технологич ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ............ дүүрэг , .................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ХХХХХХХХ дугаарын регистртэй, Б овгийн Т Н

                                             

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Т.Н:                                                                                     

...Мөрдөн шалгах ажиллааны явцад болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгчихсөн учраас мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогч Б.Д:

...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмэлтээр өгөх мэдүүлэг байна. Өмнө нь 3 удаагийн шүүх хуралдаанаар тухайн хэрэг гарах өдөр болсон талаараа мэдүүлсэн байгаа. Миний хэвтэж байсан эмнэлэг дээр болон гэмтлийн эмнэлэг дээр Т.Н нь ирдэг байсан. Тухайн үед томографийн шинжилгээ, бусад шинжилгээгээ өгч байхад Т.Н нь надтай хамт байсан. Би “............ ” гэдэг хувийн эмнэлэг хэвтэх болсон. Яагаад хувийн эмнэлэг хэвтэх болсон бэ гэхээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үеэр усны аюулаас болоод яаралтай хагалгаатай гээд миний бүх шинжилгээний хариу өгөөд би “М” гэдэг хувийн эмнэлэгт хэвтсэн. Т.Н хэргээ хүлээж, “намайг түлхсэн бол уучлаарай, би чиний өмнөөс өвдмөөр байна” гэж надад хэлсэн. Уг хэргийг үйлдээгүй хүн бол эмнэлгээр надтай явахгүй мөн өөрийнхөө амаар өмнөөс өвдмөөр байна гэж хэлэхгүй. Бид нар 3 удаагийн шүүх хуралдаан дээр хамт сууж байна. Гэтэл Т.Н одоо хүртэл өөрийн хийсэн гэм буруугаа хүлээхгүй байгаа юм бэ, Би маш их гомдолтой. Нэмэлтээр сүүлд өгсөн баримт дээр 1 жилийн хугацаанд эрүүл мэндэд шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн, машины бензин зэргийг нэхэмжилж байгаа. Шинээр 988,213 төгрөг, өмнөх шүүх хуралдаан дээр 18,765,490 төгрөгийг нэмээд, 19,753,703 төгрөг нэхэмжилж байгаа. Уг нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн задаргаанд сэтгэцэд учирсан хохирол болох 7,144,500 төгрөг, 3 сарын хугацааны дундаж цалин болох 5,967,000 төгрөг, хэрэглээний болон эмнэлэгт хэвтэх үеийн зардал баримтаар 5,653,990 төгрөг, мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр баримтаар гаргаж өгсөн 988,213 төгрөг зэргийн нэхэмжилж байгаа... гэж тус тус мэдүүлжээ. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмэлтээр өгөх мэдүүлэг байна. Өмнө нь 3 удаагийн шүүх хуралдаанаар тухайн хэрэг гарах өдөр болсон талаараа мэдүүлсэн байгаа. Миний хэвтэж байсан эмнэлэг дээр болон гэмтлийн эмнэлэг дээр Т.Н нь ирдэг байсан. Тухайн үед томографийн шинжилгээ, бусад шинжилгээгээ өгч байхад Т.Н нь надтай хамт байсан. Би “М” гэдэг хувийн эмнэлэг хэвтэх болсон. Яагаад хувийн эмнэлэг хэвтэх болсон бэ гэхээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үеэр усны аюулаас болоод яаралтай хагалгаатай гээд миний бүх шинжилгээний хариу өгөөд би “М” гэдэг хувийн эмнэлэгт хэвтсэн. Т.Н хэргээ хүлээж, “намайг түлхсэн бол уучлаарай, би чиний өмнөөс өвдмөөр байна” гэж надад хэлсэн. Уг хэргийг үйлдээгүй хүн бол эмнэлгээр надтай явахгүй мөн өөрийнхөө амаар өмнөөс өвдмөөр байна гэж хэлэхгүй. Бид нар 3 удаагийн шүүх хуралдаан дээр хамт сууж байна. Гэтэл Т.Н одоо хүртэл өөрийн хийсэн гэм буруугаа хүлээхгүй байгаа юм бэ, Би маш их гомдолтой. Нэмэлтээр сүүлд өгсөн баримт дээр 1 жилийн хугацаанд эрүүл мэндэнд шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн, машины бензин зэргийг нэхэмжилж байгаа. Шинээр 988,213 төгрөг, өмнөх шүүх хуралдаан дээр 18,765,490 төгрөгийг нэмээд, 19,753,703 төгрөг нэхэмжилж байгаа. Уг нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн задаргаанд сэтгэцэд учирсан хохирол болох 7,144,500 төгрөг, 3 сарын хугацааны дундаж цалин болох 5,967,000 төгрөг, хэрэглээний болон эмнэлэгт хэвтэх үеийн зардал баримтаар 5,653,990 төгрөг, мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр баримтаар гаргаж өгсөн 988,213 төгрөг зэргийн нэхэмжилж байгаа... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хххххххххххххххххххх дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Т.Нийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед Төв аймгийн Аргалант сум Хөшөөт .... дугаар багийн ............ гэх газарт байрлах “..........” нэртэй амралтын газрын гадна иргэн Б.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар 3 давхар шатнаас гараараа түлхэн унагаж, эрүүл мэндэд нь ууцны 3, 5 дугаар нугалмын хугарал, эрүү, зүүн хацар, зүүн мөрний зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч Б.Дгийн ...Би 2023 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед ажлын газрынхаа хамт олонтойгоо салхинд гарч Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар баг Г х гэх газар байдаг UB-M гэх амралтын  газар очсон. Манай хамт олон ууж идэцгээсэн. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 06-нд шилжих шөнө 05 цагийн үед ажлын газрын Т.Н /............./ надтай ажил ярьж үгээр идэж байгаад намайг араас түлхсэн. Түлхэхэд би газар нүүрээрээ унаж, зүүн талын хацраа шалбалсан. Тэгээд би босоод эргэж Т.Н дээр ирээд чи яагаад намайг түлхэж байгаа юм бэ гэхэд дахиж хоёр гараараа миний цээж рүү түлхэж амралтын газрын байшингийн довжооны 3 давхар шатнаас газар унасан. Би газар унаад босож явж чадахгүй байж байгаад 08 цагийн үед манай ажлынхан намайг ГССҮТ авч ирсэн. ГССҮТ-ийн эмч нар үзээд нурууны S5, S3 яс хугарсан гэсэн. Ийм зүйл болсон. Би бага зэрэг согтуу байсан. Болсон асуудлыг маш тод санаж байна. Би Н-тэй маргалдаагүй.  Надтай ажил яриад үгээр идэж байгаад 2 удаа түлхэж, газар унагаж, миний энэ гэмтлүүдийг надад учруулсан. Намайг түлхэж унагахыг ажлын газрын  Л.Г гэх залуу харсан. Нягтлан Б.М бас харсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Өөр хүн миний биед халдаж, цохиж зодоогүй. Намайг Т.Н түлхэж унагаагаад босож чадахгүй байхад битгий жүжиг тавиад бай гэж хэлсэнд гомдолтой байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Миний хувьд дахин мэдүүлэг өгөхөөр ирсэн юмаа. 2023 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 05 цагийн орчим байсан. Манайх ажлынхнаараа Төв аймгийн Аргалант сумын .......... гэдэг нэртэй амралтын газарт нийт 65 хүнтэй хамт явсан юмаа. Тэгтэл миний доор буюу худалдааны төлөөлөгч хийдэг Т.Н ажил дээрээ авлагадаа орж чадаагүй байсан тэгээд би шалгаж байсан юмаа тэр асуудлаас л болоод намайг араас нь явж байгаад ямар ядаргаатай Пизда вэ гэж хэлээд намайг түлхсэн тэгээд би зүүн талаараа газар унасан тэгээд би босож ирээд юу болов яав гэсэн чинь ядаргаатай пизда вэ гэж хэлээд дахин намайг өөдөөс түлхсэн чинь би араараа савж ойчсон тэгээд тийм гэмтэл авсан байгаа. Тэр үед М, Г, Н гэдэг хүмүүс харж байсан. Миний хувьд маш их гомдолтой байгаа би сэтгэл санааны болон эрүүл мэндээрээ хохирсон энэ асуудлаас болж би гурван сар листтэй байгаа юмаа. Тэр хүн намайг гэмтээчхээд эмнэлгийн тусламж үзүүлээгүй бөгөөд намайг хэл амаар маш их доромжилсон юмаа. М, Г, Н, Н гэдэг хүмүүсээс мэдүүлэг авхуулж уг асуудлын талаар сайн тодруулмаар байна. Энэ асуудлаас болж миний гар утас, Б гэдэг хүний гар утас, гарын бэлэг зэрэг зүйлс алга болсон эдгээр зүйлсийг олж авмаар байна. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 16 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Би өмгөөлөгч Б.Жигмэддорж /1809/-н хамт мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би уг асуудлыг шалгуулахгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй байна. Анхны мэдүүлгийг гэмтэл гэмтлийн эмнэлэгт байхад авсан учир би тодорхой ярьж чадаагүй юм. Тухайн өдрийн би ганцаараа 05 цагийн үед нойл орох гээд эд зүйлээ бөөгнүүлсэн байсан гэрээс нойлын цаас аваад гэрээс гарж байтал Нтэй гэрийн гадаа таарсан. Тэгсэн чинь Н "Хамт ууж сууж юм яръя" гэхээр нь би "Үгүй би уухгүй ээ" гээд зөрөөд өнгөрөхөд Н надад хандаж "Чи ямар хогийн гичий вэ" гээд миний ар нуруунаас гараараа түлхээд намайг газар унагасан. Газар унахад миний эрүү зүүн хацар, зүүн мөр зулгарсан. Намайг Н түлхчхээд жижиг байшин луу орж байгаа харагдсан. Тухайн үед Н бид 2 л байсан өөр хүн байгаагүй бөгөөд би босоод уур хүрээд Нийн араас орсон байшин луу орох гээд шатар өгсөж байхдаа Нээ гэж дуудаад хаалган дээр иртэл хаалганы цаанаас Н намайг 2 гараараа цээж хэсэг рүү түлхэхэд би байшингийн гадна үүдний цементэн дээр ар нуруу хэсгээрээ унаж миний нуруу гэмтсэн. Намайг түлхэж байхад байшинд Н болон танихгүй 1 ажилтан байсан санагдаж байна. Байшинд байсан хүмүүс намайг түлхэж унгахыг харсан эсэхийг мэдэхгүй байна. Би унасны хаа дараа уйлаад орлиход М, Н, Н, Г болон манай ажлын газрын хүмүүс ирээд тойроод зогссон. Энэ үед Н ирээд "Босооч битгий жүжиглээд бай, хүний өгс ухаж явахаар ингэдэг юм" гээд байсан. Тэгээд тухайн үед түргэн ирэх боломжгүй гэсэн мөн машин барих эрүүл хүн байгаагүй. Үүний дараа Н ах намайг өргөөд байшин луу оруулж хэвтүүлсэн. Тэгээд 2-3 цагийн дараа манай Г ахын архи гарахаар нь Г ах болон Я гэдэг ажлын хүнээр гэмтлийн эмнэлэг рүү хөдөлсөн. Байшин дотор байсан хүмүүс намайг түлхэж байхыг харсан эсэхийг би мэдэхгүй байна. Унасны дараа би орилтол Н, Н, М нар миний хажууд тойроод ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Миний биед учирсан ХҮНДЭВТЭР зэргийн гэмтэл нь сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа юм байна. Зэрэглэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Миний биеийн эрүүл мэндийн талаас биеийн нуруу хэсэг байнга өвддөг болсон. Энэ гэмтлээс болж ажлаа хийхэд ажлын хүмүүсийн хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь сэтгэл санаанд дарамт үүсэж байна. Дахиж ямар нэгэн байдлаар унавал гэмтчих юм шиг санагдаж айдастай байдаг болсон. Миний хэлж ярьсан бүгд үнэн зөв. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 57 дугаар хуудас/,

гэрч Л.Гийн ...Би Б.Д, Т.Н нарыг танина. Нэг дор хамт ажилладаг юм. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед манай Грийн трэйд ХХК ажлын хамт олон Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар баг ........... амралтын газар салхинд гарсан. Ажлын газрын хамт олон маань шөнөжин ууж, идэж хоносон. 2023 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед машиндаа орж амрах гээд байж байхад Б.Д нуруу эвгүй болчихлоо, Н намайг түлхээд шатнаас унагачихлаа гэж хэлсэн. Тэгээд хэсэг харж байгаад Б.Дг аваад ГССҮТ-д явж хүргэж өгсөн. Би Н ямар шалтгааны улмаас Б.Дг түлхсэнийг нь мэдэхгүй байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 20 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэг зүйл нэмж хэлье. Н, Д хоёр юунаас болж хоорондоо маргалдсаныг мэдэхгүй байна. Ямартай ч хоорондоо маргалдаж улмаар тухайн амралтын газрын үүдэнд Н Дг түлхээд унагаасан. Тухайн үед намайг харахад ойр хавьд хүн байгаагүй. Түлхэхийг нь харсан юм. Надад өөр хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 22 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...2023 оны 8 дугаар сард санагдаж байна. Манай ............ ХХК компани Төв аймгийн нэг амралтад хамт олноороо амрахаар болоод манай хамт олон архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Би тухайн үед ерөөсөө уугаагүй эрүүл байсан бөгөөд 22 цагийн үйл ажиллагаа дуусаад байшин руугаа орцгоосон. Дг тараад хаашаа орсныг мэдэхгүй байна. 02 цагийн үед би эрүүл байсан болохоор согтуу хүмүүсээ байрлаж байсан байшин болон гэр лүү нь оруулж байсан ба Монгол гэрээс ганцаараа гарч ирээд зогсож байтал гэрээс урд зүгт 10-20 орчим метрийн зайд байдаг байшингийн үүд  рүү хартал манай ажлын менежер Д болон худалдааны төлөөлөгч Н нар хэрэлдэж байгаад Н 2 гараараа Дгийн цээж хэсэг рүү түлхэхэд Д тас гээд газар нуруугаараа унасан. Тухайн үед тэр хоёрын ойр хавьд хүн байгаагүй бөгөөд Н Дг түлхчхээд байшин руугаа орсон. Д унасныхаа дараа ёо ёо гээд ёолоод ирэхээр нь би очоод байж байтал манай ажлын нэг залуу хажуугийн байшингаас гарч ирээд бид Нийн орсон байшин руу Дг оруулсан. Оруулсны дараа Д “нуруу өвдөөд байна” гээд уйлаад байсан ба Дг байшинд байхад манай ажлын хүмүүс орж ирээд “Юу болсон, яасан бэ” гэж асууцгааж байсан. Дд түргэн дуудаж үзүүлэх гэхэд 103 харьяа биш гээд ирээгүй. Д байшинд 1-2 удаа болсон бөгөөд үүний дараа аргаа бараад би эрүүл байсан болохоор Я гэдэг ажлын хүний хамт Дг дагуулж Гэмтлийн эмнэлэг рүү явж Дг үзүүлсэн. Ийм л зүйл болсон. Яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Би л ганцаараа түлхэж унагаж байхыг нь харсан. Н, Н, М нар хараагүй. Н тасраад унтаж байсан. М өөр байшинд байсан. Н Нийн байсан байшинд байсан. Гэхдээ хараагүй. Түлхэж унагасных нь дараа л уг хүмүүс байшинд орж ирээд мэдсэн. Би л ганцаараа ерөөсөө уугаагүй. Бусад хүмүүс нэлээн согтуу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 26 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Д унаж бэртээд байшин руу хүмүүс оруулсны дараа би амралтын газар орчим согтуу хүмүүсээ зохицуулж байгаад 5 цагийн үед машиндаа ороод унтаад өгсөн. Хэдэн минутын дараа Н гэдэг ажлын залуу машин дээр хүрч ирээд намайг сэрээгээд “Ахаа Дгийн бие өвдөөд байна гэнээ”, “Та эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Ндорж Дг миний машинд суулгаад би Я гэдэг жолоочийн хамт Дг аваад Улаанбаатар хот руу эмнэлэг рүү явсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй”…  /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Б.Нийн ...2023 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна. Тухайн өдөр манай ажлынхан буюу ......... компани нь Төв аймгийн ......... гэдэг амралтын газар очиж амрахаар болсон. Уг өдрийн 17 цагийн үед манай ажлынхан амралтын газраа ирж үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд манай ажлынхан согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд Д 20 цагийн бүжгийн талбайд Д бөгсөөрөө газар унасан. 21 цаг өнгөрч байхад гадаа нойл орчим манай ажлын Б гэдэг залуу бүдрээд Дгийн дээр унаж байгаа харагдсан. 00 цагийн үед санагдаж байна. Д бүжгийн талбай дээр согтуу явж байгаад халтираад хажуугаараа унасан. Энэ уналтуудад Дд гэмтэл учирсан зүйл ажиглагдаагүй. Өөр онцын зүйл болоогүй бөгөөд  би хамт олонтойгоо байж байгаад 02 цагийн үед байшин руугаа ороод унтсан. Үүрийн 5 цаг өнгөрч байхад гаднаас Д, Н нар ороод ирсэн бөгөөд Д бие өвдөөд байна гээд уйлаад байхаар нь би 103 руу залгахад Төв аймгийн түргэн лүү залга гэхээр нь Төв аймгийн түргэн лүү залгаж байсан. Төв аймгийн түргэн 103 руу залга гэхээр нь 103 руу залгатал Эмээлт рүү хүргээд ирвэл түргэний машин очоод авъя гэхээр нь тухайн үед архи уугаагүй байсан Гийн машин дээр 05 цаг 30 минутын үед очтол Г машиндаа унтаж байсан ба Гийг сэрээгээд Гтэй хамт Дг Эмээлт рүү явуулсан. Ийм зүйл болсон. Би Н Дг түлхэж унагаж байхыг хараагүй. Байшиндаа ганцаараа унтаж байсан. Би ганцаараа байсан болохоор хажуу талын орон дээр хэвтэх гэж ирсэн юм. Д ямар учраас гэмтсэн талаар би мэдэхгүй юм. Г ерөөсөө архи уугаагүй. Бусад нь согтуу байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Т.Нийн ...Манай ....... ХХК-ны хамт олон Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 багийн нутаг Г х гэх газар байрлах ......... нэртэй амралтын газар 2023 оны 08 сарын 05-ны өдөр 19 цагийн үед очсон. Манай ажлын газрын хамт олны нээлтийн үйл ажиллагаа болоод ууж идэцгээсэн. Удалгүй манай ажлын газрын Б гэх залуу 00 урд талд Б.Дг газар дарж унатал босож ирээд миний мөр эвгүй, хөл өвдөөд байна гэж хэлтэл манай ажлын газрын хүмүүс илж зүгээр болгосон. Тэгээд бүгдээрээ бүжиглээд идэж уугаад байж байтал манай ажлын газрын Н гэх ах Б.Дг чи өөртөө архи битгий хийж уугаад бай гэж хэлтэл Б.Д согтсон өөрөө сандал дээр сууж чадахгүй газар унаад байсан. Шөнө нь буюу 2023 оны 03 сарын 06-ны шөнө 02 цагийн үед Отгонбаяр гэх ах Б.Дг тасарсан байхад нь өргөж байрлаж байсан байшинд оруулж унтуулсан. Удалгүй Б.Д босож ирээд миний байрлаж байсан байшинд ирээд гараас бариад надтай мөнгөний асуудал яриад байж байтал манай ажлын Ж.Н эгч Б.Дг чи одоо гэртээ ор унтаж амар гэтэл над руу мөнгө яриад салахгүй байхаар нь гараа татаж автал Б.Д өөрөө газар унасан. Өөр хэрүүл маргаан болсон асуудал байхгүй. Би болсон асуудлыг санаж байна. Их ууж идээгүй байсан. Би Дгийн биед халдаж цохиж зодоогүй. Ямар нэгэн байдлаар биед нь гэмтэл учруулаагүй. Б.Д миний гараас бариад надтай мөнгө яриад байхаар нь гараа татаж автал өөрөө эрчдээ газар унасан. Б.Д миний гараас бариад надтай мөнгө байхаар нь гараа татаж автал өөрөө эрчдээ газар унасан. Б.Д миний биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцсон асуудал байдаггүй. Б.Дгийн биед учирсан гэмтлийг хэн учруулсан эсэхийг мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

гэрч Г.Бн ...Би тухайн өдөр ажиллаж байсан газар ........ компанийн ажилчид нарийн хамтаар Төв аймгийн Аргалант сумын нутаг байрлах ....... амралтын газарт 19 цагийн орчим очсон. Тэгээд очсон хүмүүс хоол унд болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлцгээх хугацаанд 21 цагийн орчим бие засах гэж явж байгаад Дтай тааралдаж хоорондоо юм ярилцаж явж байгаад би бүдэрч унахдаа Дгийн гараас татаад түүний гаран дээр нь унасан тухайн үед Дгийн бие гайгүй байсан. Удалгүй Дтай уулзаж биеийг нь асуух үед мөр жоохон эвгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд амралтын газарт очсон хүмүүс ууж идэцгээж байгаад би шөнийн 00 цагийн орчим амрах гэртээ орж амарж байгаад шөнө 02 цагийн үед бие засаад явж байхад Мтэй тааралдаж түүнтэйгээ хамт амралтын газрын хойд талд байх уулан дээр гарч пиво ууж байгаад тухайн газарт унтаад өгсөн байна лээ. Өглөө тухайн унтсан уулан дээрээ Мгийн хамтаар 09 цагийн орчим сэрээд амралтын газарт очиход Дг эмнэлгийн газар луу явсан Н нь Дг түлхээд /алгадаад/ унагаасан гэж хүмүүс ярьж байсан. Тэгээд тухайн амралтын газартаа үлдсэн хүмүүс нь хоол унд идэж байгаад буцаж Улаанбаатар хот руу буцсан. Би Дгийн зүүн талын гаран дээр дарж унасан. Дарж унасны дараа биен байдлыг асуухад мөр хэсэг бага зэргийн эвгүй болчихжээ гэж надад хэлж байсан. Би тухайн үед хараагүй ба өглөө ажлын газрын хүмүүсээс Дг эмнэлгийн газар луу явсан Н нь Дг түлхээд /алгадаад/ унагаасан гэдгийг мэдсэн. Би амрахаас өмнө бол Д нь өөр хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйлийг би хараагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, миний ярьсан бүгд үнэн... /хх-ийн 34 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн № .... дугаартай ...Б.Дгийн биед ууцны 3, 5-р нугалмын хугарал, эрүү, зүүн хацар, зүүн мөрний зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

сиди /CD/ ширхэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №... дугаартай ...Бын Дгийн сэтгэцэд 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Хэрэгт өөр нөхцөл байдал шинээр илрээгүй. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал /хх-ийн 52-56 дугаар хуудас/,

яллагдагч Т.Нийн ...Би Монгол хэл, бичгээр уншиж бичиж чадна, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай ажлын газрынхан болох ............... ХХК-н 50-60 орчим ажилчин Төв аймгийн Аргалант сумын ....... нэртэй амралтын газарт амрахаар очсон. Цагийг нь санахгүй байна 00 цаг болоогүй байсан байх манай ажилтнууд том асар шагнал гардуулаад архи дарс ууцгаагаад байж байхад Д согтуу сандал дээрээ тогтохгүй газар бөгсөөрөө унаад байсан. Тэгээд цаг орчмын дараа Д асар дотор ширээн дээр тасарчихсан байж байгаад сэргээд босоод асрын гадна зүлгэн дээр сууж байгаад тэндээ тасраад унасан. Тэгсэн манай санхүүгийн ажилчид өргөөд нэг Монгол гэрт оруулж унтуулаад буцаад гараад явсан. Би тухайн үед гэрийнх гадаа харж байсан юм. Хэдэн минутын дараа Д сэргэчихсэн гэрээсээ гарж ирсэн бөгөөд гэрийн хаалгаар гарахдаа бүдрээд унах шиг болсон. Тухайн үед би өөрийнхөө байрлаж байсан байшингийн гадна зогсож байсан бөгөөд би унахын харчхаад би тоолгүй байшин луугаа буцаад орсон. Монгол гэр, миний байрлаж байсан байшин хоорондын зай ойрхон бөгөөд 10 орчим метр л байх. Тэгсэн Д миний хойноос хаалгаар орж ирээд мөнгөний талаар маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь тоолгүй цаашаа хараад ор засаж байсан ба Д намайг өөр лүүгээ харуулах гээд миний нэг гараас 2 гараараа татаад байхаар нь би гараа өөр лүүгээ татсан юм. Тэгсэн чинь Д эрчдээ хойш алхаад газар унаад өгсөн. Унасныхаа дараа Д хүчтэй орилсон ба орилсных нь дараа манай байгууллагын ажилчид байрлаж байсан байшингуудаасаа гараад ирээд Дг тойрч зогссон. Тэгээд манай ажлын газрын хүмүүс миний байсан байшингийн орон дээр Дг хэвтүүлсэн. Тэгээд Д намайг түлхэж унагасан гээд уйлаад байсан. Би эмч, цагдаа дуудах гэхэд сүлжээ муу байсан ба эмнэлэгт хүргүүлэх гээд UB cab дуудах гэхэд бас сүлжээ муу байсан болохоор байшиндаа 2-3 цаг байж байгаад Н ах байшингаас аваад гарсан, Г ах эмнэлэгт хүргэж өгсөн гэж байсан. Д согтуу энд тэнд унаад яваад байсан. Мөн би Дг түлхээгүй гараас татаад байхаар нь өөрийнхөө гарыг таттал хойш эрчдээ алхаад унасан. Б.Д надаас мөнгө зээлсэн байсан. Тэгээд би өмнөх хэд хоногт мөнгө өө нэхсэн болохоор надад уурласан байх. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 67 дугаар хуудас/,

Б.Дгийн ...2024 он 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт... /хх-ийн 77 дугаар хуудас/,

Төлбөрийн баримтууд /хх-ийн 78-125 дугаар хуудас/,

Б.Дгийн эмнэлгийн карт /хх-ийн 126-128 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 134-137 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хх-ийн 47-48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Үүрийнтуяа:

...Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн Г х гэх газарт байрлах “...........” нэртэй амралтын газрын гадна иргэн Б.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар 3 давхар шатнаас гараараа түлхэн унагаж, эрүүл мэндэд нь ууцны 3, 5 дугаар нугалмын хугарал, эрүү, зүүн хацар, зүүн мөрний зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиг хураагдаагүй. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол болох 7,144,500 төгрөг, 3 сарын хугацааны дундаж цалин болох 5,967,000 төгрөг, хэрэглээний болон эмнэлэгт хэвтэх үеийн зардал баримтаар 5,653,990 төгрөг, мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр баримтаар гаргаж өгсөн 988,213 төгрөг буюу нийт 19,753,703 төгрөгийг Т.Нээс гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Д:

...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байгаа. Мөн нэхэмжилсэн 19,753,703 төгрөгийг гаргуулах саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримт дээр үндэслээд, цагаатгах талаас оролцож байгаад гомдолтой байна. Т.Н өөрийнхөө хийсэн зүйлээ ухаарахгүй байгаад мөн гомдолтой байна. Миний оронд тэр өвдөлтийг мэдрээд 3 сар эмнэлэгт хэвтээд үзээрэй, тэгэх юм бол өнөөдөр миний өөдөөс би уг хэргийг хийгээгүй гээд хэлээд хараад байж байх муухай асуудал шүү гэж хэлмээр байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Дгийн өмгөөлөгч Г.Жалбуу:

...Улсын яллагчийн гаргасан саналыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар шүүгдэгч Т.Н нь хохирогч Б.Дг түлхэж унаган хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдож байна. Ийм учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хохиролгүй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх  гэсэн зорилтыг хангах үүднээс шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Нийн өмгөөлөгч Н.Нарантуяа:

...Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа хэргийн ажиллагаанаас үүдэлтэйгээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг учирсан цаг хугацаа тогтоогдохгүй байна. Нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллаагаа хийлгэх болсон. Хэрэг прокурорт буцаад, нэмэлт ажиллагаа хийсэн баримт ирсэн. Хохирогч гэмтсэн асуудал дээр бид нар маргаагүй, харин Т.Н уг хэргийг хийсэн үү гэдэг дээр маргаж байгаа. Өнөөдөр шударга ёсны зарчмыг хэлэлцэхдээ гэм буруугийн санаатай үйлдэл буюу Т.Н нь уг хохирлыг учруулсан уу гэдэг дээр өнөөдрийг хүртэл маргасан. Цагаатгах тал дээр би ажлаа хийж байгаа учраас зөвөөр ойлгохыг хүсье. Гарцаагүй байдлаар хохирогч хохирсон бол уучлалт гуйгаад, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, зөвхөн хохирлын талаар ярих байсан. Гэтэл хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийн анхнаасаа түлхээгүй гэдэг асуудал яригддаг. Гэрч н.Гийн мэдүүлгээр уг гэмт хэрэг нь тогтоогддог гэж яриад байдаг. Гэтэл гэрч маань уг асуудлыг үгүйсгэсэн асуудал ярьсан. Б.Дг уначхаад өөрөө босоод явсан гэж ярьдаг. Ийм учраас гэрч н.Гийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж өгнө үү гэж хүссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр заалт болон 2.3 дугаар хэсэгт зааснаар гэмт хэргийн гэм буруугийн асуудлаар тодорхой зүйлийг өмгөөлөгчийн зүгээс хэлдэг. Шинээр гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд үзлэгийн  цаг нь зөрүүтэй гарсан бөгөөд үзлэгийн цаг нь өөр өөр цаг хугацаатай байсан. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн цаг 00 цаг гэж гарсан бол шинээр авагдсан нотлох баримт дээр 2023 оны 08 дугаар сарын 17-нд гэж гарсан зүйл байсан.  Бид нарын зүгээс “М” гэх эмнэлгийг шалгуулна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан заалтыг Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа эргэлзээгүй байхаар тайлбарласан. Эргэлзээгүй байхыг шаардсан байхад гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй, мөн Б.Дг унасан, эрэгтэй хүн дараад унасан үйл баримт ярьдаг учраас хэрэгт авагдсан нотлох баримт эргэлзээтэй байна. Мөн өөр асуудал бол энэ гэмтлийг өөр хэн нэгэн учруулаад ял завшчихвийдээ. Хуульд гарцаагүй гэж заасан учраас гэм буруугийн асуудлыг тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Н:

...2023 оны 08 дугаар сард болсон асуудал. Би уг хэргийг хийгээгүй учраас өмгөөлөгч аваагүй. Яагаад гэвэл цагдаа хэн хийсэн талаар нотлох байх гэж бодоод, өмгөөлөгч авалгүй, гэр бүлдээ хэлээгүй байсан. Анхны шүүх хурлын өмнөх өдөр би өмгөөлөгчтэй болсон. Үнэхээр би уг гэмт хэргийг хийсэн бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Харин хийгээгүй хэргийн төлөө хохирлыг барагдуулж, ял эдэлж чадахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Нийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдүүлэг дүгнэлтийг гаргадаг.  

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрөхгүй талаарх мэдүүлэг, дүгнэлт нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Дгийн мэдүүлгийн эх сурвалжаа заасан мэдүүлэг, уг хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Л.Гийн удаа дараагийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Тухайлбал шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэрч Л.Гийн мэдүүлэг цаг хугацаа болон түлхсэн эсэх талаар зөрүүтэй, хохирогч өөрөө өмнө нь сандал дээр суухдаа хийж сууж газар бөгсөөрөө ойчсон, мөн бие засах газар руу явж байхдаа хүнтэй давхралдаад ойчсон тул энэ нөхцөл байдлуудаас тухайн гэмтлийг авах боломжтой гэж үзэж байна, мөн би түлхээгүй гэх зэргээр тус тус маргадаг.

 

Гэтэл гэрч Л.Гийн мэдүүлгийн хувьд цаг хугацааны хувьд буюу шөнийн 01 цагаас 02 цагийн үед, эсхүл үүрийн 04 цагаас 05 цагийн үед гэх цаг хугацаан дээр л зөрүүтэй мэдүүлдэг болохоос биш шүүгдэгч Т.Н, хохирогч Б.Дг түлхэж ар нуруугаар нь газар унагаасан талаар агуулгын хувьд ямар ч зөрүүгүй удаа дараа тогтвортой мэдүүлсэн болно.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Т.Нийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Н нь хохирогч Б.Дг түлхэх сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг заасан байдаг.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.Н нь хохирогч Б.Дг түлхэн унагаж, эрүүл мэндэд нь ууцны 3, 5 дугаар нугалмын хугарал, эрүү, зүүн хацар, зүүн мөрний зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол  учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх шүүгдэгч Т.Нийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд нь ууцны 3, 5 дугаар нугалмын хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогч Б.Д эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр нийт 18.765.490 /арван найман сая долоон зуун жаран таван мянга дөрвөн зуун ер/ төгрөг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинээр нааш цааш ирж очсон бензин шатахууны зардал 988.213 /есөн зуун наян найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөг бүгд 19.755.703 /арван есөн сая долоон зуун тавин таван мянга долоон зуун гурав/ төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардал тус тус нэхэмжилсэн.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 78 дугаар хуудаснаас 126 дугаар хуудсанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бензин шатахууны зардалтай холбоотой 5.653.990 /таван сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун ер/ төгрөгийн баримтууд авагдсанаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 1.765.073 /нэг сая долоон жаран таван мянга далан гурав/ төгрөгийг, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн шүүхэд ирж очсон гэх бензин шатахууны зардал 988.213 /есөн зуун наян найман мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг, бүгд 2.753.286 /хоёр сая долоон зуун тавин гурван мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн.

 

Харин хавтаст хэргийн 78 дугаар хуудаснаас 126 дугаар хуудсанд авагдсан эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон бензин шатахууны зардалтай холбоотой 5.653.990 /таван сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун ер/ төгрөгийн баримтуудаас үлдэх баримтаар 2.900.704 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо.

 

Өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд нь эмчилгээ сувилгаатай хамааралгүй, хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд авсан, мөн хэзээ, хаана, ямар зорилгоор явсан эсэх нь тодорхойгүй бензин шатахууны баримтууд байна.

 

Мөн хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Жалбуу нарын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 3 сараар 5.967.000 /таван сая есөн зуун жаран долоон мянга/ төгрөгөөс сүүлийн 3 сарын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлөгдсөн дүнгийн дунджаар тооцож 1.537.392 /нэг сая таван зуун гучин долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгөөр тооцож 3 сарын ажилгүй байсан хугацааны цалинг 4.612.176 төгрөгийг хангаж, үлдэх 1.354.824 /нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

Улмаар шүүх шүүгдэгч Т.Нээс нийт 7.365.462 /долоон сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд олгох зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Жалбуу нарын нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр 7.144.500 /долоон сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх боломжгүй гэж үзсэн.

 

Тодруулбал: хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд хохирогч Б.Дгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах”. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан, дээрхээс бусад гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоохоор хуульчилж өгсөн байна.

 

Гэтэл тухайлсан гэмт хэргийн хохирогчид хамаарахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хохирогч Б.Дгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоов гэж хүснэгтээр тогтоосон байна.

 

Иймд хохирогч Б.Д нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр 7.144.500 /долоон сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Т.Н-ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Үүрийнтуяа:

Шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нийг 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Д:

...Улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний биеийн байдал зүгээр болоогүй байгаа. Гомдолтой байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Б.Дгийн өмгөөлөгч Г.Жалбуу:

 

...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Нийн өмгөөлөгч Н.Нарантуяа:

...Манайх гэм буруу дээрээ маргаж байгаа учраас саналгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Н:

...Би хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч Т.Нт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Нт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, ........ дүүрэг, ...................... тоот хаягаас шилжин явахыг, бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Нт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хххххххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

    36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Т Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн Т Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын

хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Т Нийг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, ........... дүүрэг, ............ тоот хаягаас шилжин явахыг, бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Т Нт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Эрүүгийн хххххххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овгийн Т Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Т Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН