Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1277

 

 

 

 

 

 2020             10             01                                        2020/ДШМ/1277                                                                    №  Т  M № 546                                  МАЛАЛ

Б.Б-, С.О-, Б.Ж- нарт                                                                                                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Б.Б-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-, С.О-, Б.Ж- нарт холбогдох 1909046470144 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ын Б, Улаанбаатар хотод 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “................” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Цагаан худагийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Д овгийн С-гийн О, Улаанбаатар хотод 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Car wash” угаалгын газарт угаагчаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

3. Э овгийн Б-ын Ж, Улаанбаатар хотод 2001 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн оюутан гэх, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй. /регистрийн дугаар: 0000000000/

Б.Б-, С.О-, Б.Ж- нар нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Шинэ замын орчимд иргэн Т.З-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Б-, С.О-, Б.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-, С.О-, Б.Ж- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар 3 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ тогтоолоор оногдуулсан торгох ял болон өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 163 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг тайлбарлаж, Б.Б-, С.О-, Б.Ж- нар нь бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч С.О-, Б.Ж- нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлсээр ирсэн ба оногдуулсан ялд гомдолгүй. Харин Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитэй тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн хэргээ энэ хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

            Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч Б.Б- нь хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй. Хэрэв шалгагдаж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг эдлүүлэх боломжтой. Шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.О-, Б.Б-, Б.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б-, С.О-, Б.Ж- нар нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Шинэ замын орчимд иргэн Т.З-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Т.З-ын “... би хар тамхины хэрэгт шалгагдан цагдан хоригдож байгаад гарч ирсний дараа О- гэх зүс таних залуу дуудахаар нь очоогүй юм. Дахин тоглоомын газар дуудахаар нь очиход Баяржаргалтай хамт байсан. Бид шар айраг ууж, караокед орсон. Тэнд Жавхлантөгс гэх хүнийг дуудаж, архи ууцгаасан. Намайг тэд нарыг барьж өгөхөөр оролдсон гэж маргаан үүссэн. Караокеноос гаргахад Баясаа “Чамаас болж маргаан гарлаа” гэж нүүрэнд цохьсон. О- салгах гэж байснаа нүүр рүү 2 удаа мөргөсөн. Би хамраа бариад доош суухад тэд нийлээд нүүр нүдгүй өшиглөсөн ...” /хх 4-5, 12-13, 98/,

гэрч Б.Б-ын “... Б- З-ыг унагаасан. О- толгой руу нь 2-3 удаа мөргөсөн. Бид нар З- ахыг босгоод зам хөндлөн гаргахад араас Жавхлантөгс ирээд З-ыг хавирч унагаад гэдэс, хөл хэсэгт өшиглөсөн. Хажуугаас нь Б- дэвссэн ...” /хх 15/,

“... анх Б.Б- Т.З-ын эрүү, шанаа хэсэгт нь цохиж, зам гарсны дараа газарт унасан байх үед хөл рүү нь нэг удаа өшиглөсөн ...” /хх 74/,

насанд хүрээгүй гэрч Г.Баярбаатарын “... З- уурлаад архины шил ширээн дээр саваад, шилтэй архиа О-ын толгой дээр асгасан. Тэнд хэрүүл болж байгаад гарсан. О-, Жавхлантөгс хоёр “З-ыг хутгалчих уу” гэж ярилцахад дундуур нь Б- “Хутгалж яах юм бэ, зүгээр зодьё” гэсэн. Тэгээд Б-, З-ыг шанаадахад хана налаад унасан. Энэ үед Б- өшиглөсөн. О- ирээд духанд нь 3 удаа нилээн хүчтэй мөргөсөн. З-ыг замын цаана, дэлгүүрийн үүдэнд сууж байхад нь Жавхлантөгс 2 удаа өшиглөсөн ...” /хх 72-73/,

шүүгдэгч Б.Б-, Б.Ж-, С.О- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд /хх 20-21, 26-27, 68-69/ ,

хохирогч Т.З-т тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дагз, чамархай, духны хуйх, баруун шилбэ, зүүн бугалга, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 36 тоот шинжээчийн дүгнэлт /хх 7-8/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч С.О-, Б.Б-, Б.Ж- нар нь согтуугаар бүлэглэн хохирогч Т.З-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч С.О-, Б.Б-, Б.Ж- нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон. Шүүгдэгч Б.Б- өмнө нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу торгох болон хорих ялуудыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

Давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянахад шүүгдэгч Б.Б- мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон нь энэ хэргийн зүйлчлэл, ялд өөрчлөлт орох үндэслэл болохгүй, Эрүүгийн хуулийн өөр бүлэгт заасан гэмт хэрэг байх тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр буцаалгахыг хүссэн шүүгдэгч Б.Б-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН