| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 184/2025/00190/И |
| Дугаар | 001/ХТ2026/00076 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2026/00076
Б.Э-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/07278 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/02178 дугаар магадлалтай
Б.Э-ны нэхэмжлэлтэй,
Н.Г-д холбогдох
50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, хариуцагч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Г-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/07278 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Г-ээс 50,000,000 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/02178 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/07278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Н.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/02178 дугаар магадлалыг нотлох баримтуудыг дутуу буруу үнэлж, хуулийг ноцтойгоор зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж зөрүүтэйгээр хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна.
4.1.Нэхэмжлэгч Б.Э нь БНХАУ-ын иргэн Ж буюу Өвөр Монгол нэр нь Б гэж хүнтэй хоорондоо тохиролцож 125,000,000 төгрөгөөр трактор худалдаж авахаар тохирсон байсан. Би энэ 2 хүний наймаа тохиролцоонд огт оролцоогүй. Харин би БНХАУ-ын иргэн Ж буюу Б-г таньдаг байсан. Б.Э нь наймааны мөнгөө шууд хятад хүн рүү шилжүүлэхгүй гэхээр нь Б над руу яриад “Б.Э гэж хүн над руу тракторын мөнгө шилжүүлэх юм, чи дансаар аваадхаач” гэсэн. Би тэр үгэнд нь итгээд Б.Э-тай уулзахад Б.Э наймааны талаараа хэлсэн. Миний данс руу 105,000,000 төгрөг шилжүүлэн өгснийг БНХАУ-ын иргэн Ж буюу Өвөр Монгол нэр нь Б-гийн хэлсний дагуу Б.А, А.Б нарын данс руу тус тус 2 хуваан шилжүүлэн өгсөн. Энэ тухай Б.Э-д хэлсэн. Энэ тухай бүрэн мэдэж байсан. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Миний дансны хуулгаар нотлогддог. Гараар бичсэн бичиг дээр намайг гарын үсэг зурчих гэж Б.Э хэлсэн. Тэр бичигт трактор худалдан авч байгаа тухай бичсэн байсан. Би сайн анзаараагүй тэдний хоорондын наймаа юм чинь харин мөнгө нь надаар дамжиж байгаа гэж бодоод л гарын үсэг зурсан. Энэхүү нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн дүүрэн дүгнэж үзээгүй орхигдуулсан.
4.2.Б.Э, БНХАУ-ын иргэн Ж буюу Б нарын наймаа бүтэлгүйтээд мөнгөө буцаахаар болсон байсан. Над руу Б.Э хэлсэн. Би ч Б руу наймаагаа хийхгүй болсон бол мөнгийг нь буцааж өгөөч энэ хүн надаас нэхээд байна гэж хэлсэн. Тэгтэл Б.Э, Б нар надаар дамжуулалгүй, надад хэлэлгүйгээр хоорондоо ярилцаж байгаад Б нь авсан 105,000,000 төгрөгөөс буцааж 55,000,000 төгрөгийг Б.Э шилжүүлэн өгсөн байсан. Энэ талаар шүүх хуралдаанд Б.Э-ны өгсөн тайлбар зэргээс мэдэж авсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын иргэн Ж буюу Б-д өгсөн 105,000,000 төгрөгөөсөө 55,000,000 төгрөгийг Б.Э өөрөө буцааж авсан атлаа үлдэх 50,000,000 төгрөгийг надаас нэхэмжилж байгаа нь шударга ёсонд болон хуульд нийцэхгүй байна. Б.Э нь бүх мөнгөө 105,000,000 төгрөгөө БНХАУ-ын иргэн Ж буюу Б-аас авсан, аваагүй эсэх нь тодорхойгүй. 50,000,000 төгрөг дутуу авсан гэдгээ ямар баримтаар нотолж байгаа зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн тогтоогоогүй, шалгаагүй, дүгнээгүй хуулийг буруу тайлбарлаж зөрүүтэйгээр хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.16-ны өдрийн 192/ШШ2025/07278 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.15-ны өдрийн 210/МА2025/02178 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.19-ний өдрийн 001/ШХТ2026/00270 дугаар тогтоолоор хариуцагч Н.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Г-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “... 2022 оны 11 сард трактор худалдах зарын дагуу н.Б гэдэг хятад улсад амьдардаг хүнтэй холбогдсон ба тухайн үед хил хаалттай байсан. Монголд байгаа хүнтэй гэрээ хийж захиалгаа баталгаажуул гэсэн ба Н.Г-тэй уулзаж, 2022 оны 11 сард 5,000,000 төгрөг өгч гэрээ байгуулж, баталгаажуулсан. Улмаар 100,000,000 төгрөгийг Н.Г-ийн данс руу шилжүүлсэн ба “Тракторыг ачуулчихлаа, нэг сард хүлээлгэж өгнө” гэсэн. Трактороо хүлээж авахдаа 20,000,000 төгрөг төлнө гэж гэрээ байгуулсан. Хугацаа нь нэлээд өнгөрсөн ч трактор ч байдаггүй, буцаагаад мөнгөө авъя гэхэд 55,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. 2023 он гараад Н.Г миний утсыг авахаа больсон” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчээс нийт 105,000,000 төгрөг шилжүүлснийг хувьдаа ашиглаагүй, БНХАУ-ын иргэн Ж гэх хүний хэлснээр н.Б-ын дансанд 100,000,000 төгрөг, Б.А-ийн дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн, дансны хуулгуудыг өгсөн. Нэхэмжлэгч Б.Э н.Б гэдэг хүнтэй харилцаж, түүнээс трактор авахаар тохиролцсон, н.Б-ийн хэлснээр нэхэмжлэгчтэй уулзсан н.Б бүгдийг нь мэдэж байгаа. Тэр хүнтэй харилцаж байсан войс мессежүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн байгаа. Энэ шаардлага үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан байна.
7.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд бичгээр хийгдсэн гэрээгээр хариуцагч тракторыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч хариу төлбөрийг тохирсон хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирсон нь худалдах-худалдан авах гэрээнд хамаарна. Нэхэмжлэгчийн авахаар тохирсон трактор нь гуравдагч этгээдийн хөрөнгө болохыг зохигчийн хэн аль нь мэдэж байсан, гуравдагч этгээдийн олгосон бүрэн эрх зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл. Нэхэмжлэгч нь тракторын үнийн дийлэнх хэсгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн ч хариуцагч тракторыг 2023 оны 01 сард багтаан шилжүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагч татгалзлыг хүлээн авч 105,000,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, үлдэх мөнгийг өгөөгүй нь тогтоогдож байна. Хариуцагч татгалзахдаа “...шилжүүлсэн мөнгийг би хувьдаа ашиглаагүй, авсан өдрөө л Ж гэх хүний хэлсэн банкны данс руу шилжүүлсэн” гэсэн тайлбар нь хуулийн үндэслэлгүй буюу гэрээг хариуцагч гуравдагч этгээдийн олгосон бүрэн эрх зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж, үүрэг хүлээснээ ойлгож тракторын үнийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдож байгаа, тэрээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна.
8.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцсэн. Хариуцагч Н.Г нь шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашиглаагүй, БНХАУ-ын иргэн Ж гэх хүний өмнөөс үүрэг гүйцэтгэсэн, түүний хэлснээр Хаан банкны данс руу шилжүүлсэн, гэрээний оролцогч тал биш гэж тайлбарладаг боловч тэрээр өөрийн нэрээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, гол нөхцөлийг тохирч, төлбөрийг хүлээн авсан үйл баримт нь түүний татгалзлыг үгүйсгэх ба дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй тул хуульд заасан журмаар хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ” гэж дүгнэжээ.
9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хариуцагч Н.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.
11.Нэхэмжлэгч нь трактор авахаар 105,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээс 55,000,000 төгрөгийг буцааж авсан, үлдэх хэсгийг гаргуулна гэж шаардсан ба энэ мөнгийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх талаар талууд маргасан ба хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр байгуулагдсан, хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба хэрэгт авагдсан баримтын тухайд:
11.1.Нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 11 сард олон нийтийн цахим сүлжээнд гарсан трактор зарах тухай зарын дагуу БНХАУ-ын иргэн Ж /Б/-тай цахимаар харилцаж, нөгөө талын санал болгосноор Монгол Улсад байгаа хүнтэй гэрээ хийж баталгаажуулах, мөнгөө шилжүүл гэсний дагуу хариуцагч Н.Г-тэй 2022.11.08-ны өдөр бичгээр гэрээ хийхдээ “...УТО 1604 трактор худалдан авах, үнэ 125,000,000 төгрөгийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг 11 сарын 08-нд, трактор ачигдахад 80 хувь, хүлээн авахад 20 хувийг тус тус төлөх”-өөр тохиролцож, мөн өдрөө хариуцагчийн дансанд “трактор YTO1604 урьдчилгаа Э” гэсэн утгатай 5,000,000 төгрөг, 2022.11.28-ны өдөр “Э тракторын үнэ” гэсэн утгатай 100,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснийг хариуцагч өөрийн эзэмшлийн дансаар авсан байна.
11.2.Хариуцагч Н.Г нь нэхэмжлэгч Б.Э-аас дансаар хүлээн авсан мөнгө болох 5,000,000 төгрөгийг 2022.11.08-ны орой “Б” гэх утгаар, 2022.11.28-ны орой нийт 95,000,000 төгрөгийг “Г, Г трактор” гэх утгаар тус тус шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь “БНХАУ-ын иргэн Ж буюу Б гэх хүний хэлснээр Хаан банкны 2 данс руу шилжүүлсэн” гэж тайлбар гаргасан ба гүйлгээний дансны хуулгууд хэрэгт байна.
11.3.Гэрч А.Б-ын мэдүүлэгт “...2022.11.08-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр нийт 95,000,000 төгрөг Н.Г-ийн данснаас “Г трактор” гэх утгаар орж ирсэн боловч утгыг сайн анзаараагүй, ... би Б-с 220,000,000 төгрөгийн авлагатай байсныгаа авсан” гэжээ.
11.4.Гэрч Б.А “... 2022.11.08-ны өдөр “Б” гэх утгаар миний эзэмшдэг Хаан банкны дансанд 5,000,000 сая төгрөг Н.Г-ээс шилжиж орж ирсэн гэх гүйлгээг сайн мэдэхгүй. Би гадаадын хөрөнгө оруулалттай “ОК” ХХК-д ажилладаг. Захирлууд миний дансыг ашиглаж мөнгө оруулж, гаргадаг байсан, ... энэ мөнгөний тухай мэдэхгүй, ... мөнгө минийх биш” гэж мэдүүлсэн байна.
11.5.Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь нийт шилжүүлсэн 105,000,000 төгрөгийн 55,000,000 төгрөгийг хариуцагч Н.Г-ээс бус харин БНХАУ-ын иргэн н.Б гэх хүнээс буцаан авсан буюу н.Б нь энэ мөнгийг Б.Э-ны данс руу шилжүүлсэн, ... одоо тэр хүн олдохгүй учраас Н.Г-ээс авна гэсэн тайлбар гаргасан.
12.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч өөрийн үндэслэл, тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй шууд холбогдох зохицуулалт юм.
Хариуцагч Н.Г нь 2025.01.30-ны өдөр анхан шатны шүүхэд “...нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг БНХАУ-ын иргэн Ж гэгчийн хэлсний дагуу түүний өгсөн 2 данс руу хийсэн. Иймд түүнтэй харилцсан … мэдээллийг агуулж буй өөрийнх нь … дугаарын гар утсанд үзлэг хийлгэх” тухай хүсэлт гаргасан байна. Хүсэлтэд Ж-тай харилцсан гэх чатын мэдээллийг хятад хэлнээс орчуулсан гэх тамгатайгаар, цаасан хэлбэрт буулгасан хувийг хавсаргасан байна. /xx-23-28 дахь тал/
Дээрх хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.20-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 192/ШЗ2025/09583 захирамжаар “… шүүх үзлэг хийж бэхжүүлж авах боломжгүй, …” гэж хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзнэ. /xx-34 дэх тал/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг Ж гэгчийн хэлсэн 2 дансанд А.Б, Б.А нарт шилжүүлсэн, түүний хүсэлтээр дээрх үйлдлүүдийг хийсэн гэдгээ буюу татгалзлаа нотлохоор хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хангахгүйгээр “...шилжүүлсэн мөнгийг би хувьдаа ашиглаагүй, авсан өдрөө л Ж гэх хүний хэлсэн банкны данс руу шилжүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар нь хуулийн үндэслэлгүй буюу ...тракторын үнийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь тогтоогдож байгаа, ...нэхэмжлэгчийн шаардах эрх хуулийн үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй.
14.Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “ … хариуцагч Н.Г-ийн татгалзлыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Иймээс давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
15.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулахгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/07278 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2025/02178 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2026 оны 01 сарын 26-ны өдөр төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД