Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 0155

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин, улсын яллагч Л.Оюунтуяа, шүүгдэгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бат-Очирын Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 201714000178 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 24-нд Булган аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут  баг 27а-08 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бээс овгийн Бат-Очирын Мягмарсүрэн /ГЮ 76112416/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим өөрийн төрсөн эцэг Бат-Очирын гэрээс буюу Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 17-11 тоотод ээжийгээ сахиж байхдаа 225 000 төгрөгийн үнэлгээтэй “Аюуш бурхан”-ыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим өөрийн төрсөн эцэг Бат-Очирын гэрээс буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 17-11 тоотод ээжийгээ сахиж байхдаа 225 000 төгрөгийн үнэлгээтэй “Аюуш бурхан”-ыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.  Шүүгдэгч Б.Мягмарсүрэн  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Шүүх хуралдаанд  мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хэрэг бүртгэлийн шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

          2. Хохирогч Б.Болорын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Яргуйт багийн Толгодын 17-11 тоот хашаанд байх талийгаач эцгийн маань байшингийн цонхоор хулгайч орж эд зүйл алдагдсан байсныг 28-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад мэдэж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Аав маань дээрх хашаа байшинд амьдарч байгаад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд 27-ны өдрийн 21 цагийн үед би гэрийг нь эргэж тойрчихоод явсан. Эд зүйлүүдийг бүртгээд үзтэл Аюуш нэртэй 10 см орчим өндөртэй толгой дээрээ арзгар хээн дүрстэй шармал бурхан, мөнгөн тоногтой эрэгтэй ширэн бүс, 20 000 төгрөг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Алга болсон бурхан зочны өрөөний баруун хананд тулгаж байрлуулсан шашны эд зүйл байдаг тавиур дээр модон гуутай байсан. Уг бурхан нь манай ээжийн талаас өвлөж ирсэн үе дамжсан бурхан юм. Алга болсон бурхан 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө байсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед 2 хөгшин маань хоёулаа бие нь муу байсан болохоор анзаарч хараагүй байж болох юм. Мягмарсүрэнгийн хэлж байгаа шиг 2016 оны 12 дугаар сарын сүүлээр авсан байхыг үгүйсгэхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 талд/

 

      3.  Гэрч О.Бат-Эрдэний  хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн:..2015 оны 08 дугаар сард Мягмарсүрэнтэй хамт жимсэнд явж байхад манай аавд бурхан байдаг юм авах хүн байдаг болов уу гэж асуухад нь би тэр талаар мэдэхгүй гэж хэлээд өнгөрсөн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын дундуур Мягмарсүрэн манай дэлгүүрийн гадаа /Вансэмбэрүү/ такси барьчихсан хүрч ирээд жижиг торноос нэг гар нь тасарсан тамхины хайрцагны хэмжээтэй цэнхэр өнгийн хадгаар ороосон суумал бурхан үзүүлээд үүнийг авах хүн байна уу? гэхэд нь би авахгүй ямар үнэтэй авдагийг нь мэдэхгүй гээд юун бурхан болох талаар асуухад манай аавын бурхан зарж аавд живх, эм тариа авах хэрэгтэй байна гэхээр нь би сайн мэдэхгүй байна, хүн амьтнаас асууя гэж хэлтэл чамд үлдээчихье маргааш авъя гэж хэлээд надаас 5000  төгрөг зээлж аваад тэр мөнгөөрөө таксины мөнгөө төлөөд тамхи аваад явсан. Тэр өдөр хүнсний захаар явж байгаад эртний эдлэл авдаг Улаанбаатар хотын зүс мэдэх залуутай таараад надад заруулах гээд хүний үлдээсэн бурхан байгаа маргааш ирээд үзээч би нөгөө хүнийг нь дуудчихъя гэж хэлсэн.  Маргааш нь 10-11 цагийн үед нөгөө хотын залууг дэлгүүр дээр хүрээд ирэхээр нь Мягмарсүрэнг дуудаж уулзуулаад нөгөө бурханыг зарсан. Би тэр хоёрын наймаанд оролцоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

 

       4. Гэрч Г.Амгаланзаяагийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сард намайг Антиса дэлгүүр дээрээ сууж байхад Мийгаа гэж зүс таних залуу орж ирээд уутанд хийсэн бурханыг түр тавиулаад 1 цаг гарангийн дараа орж ирээд аваад явсан, доторх бурханыг нь хараагүй. Мийгаа хэлэхдээ манай ах дүү нар ирж хот руу авч явах ёстой танай дэлгүүр дээр үлдээчихлээ гээд хэлчихлээ гээд ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22  тал/

 

     5. Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн:.. Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны орчим санаж байна Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 17-11 тоот аавынхаа гэр ээжийгээ харж байх үедээ бурхан шашины эд зүйл тавьдаг тавиурын ард байсан хуучны гуулин бурхан буюу Аюуш бурханыг нууцаар хулгайлан аваад мөнгөний хэрэг байсан учраас 115 000 төгрөгөөр зарчихсан юм. Энэ үйлдэлд өөр хэн нэгэн хүн буруугүй гэсэн мэдүүлэг / хх 38 тал /

 

     6. “Лэндс” ХХК-ийн Аюуш бурхан 225 000 гэсэн дүгнэлт /хх-ийн 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Орхон аймгийн прокурорын газраас сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь хуульд нийцэж байна.

 

     Иймд шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Б.Болор нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Бээс овгийн Бат-Очирын Мягмарсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Б.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 201714000178 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.