Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2022/00171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 оршин суух, И б овогт Б-ийн Э-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн ЗД-дхолбогдох,

Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 01-нд Аймгийн Ундарга-Алтай ААТҮГ-ын захирлаар томилогдон ажил байрны тодорхойлолт гэрээгээр хүлээсэн чиг үүргийн дагуу ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/01 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн байсныг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шүүхийн шийдвэрээр тус ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох гэсэн шийдвэр гарсан боловч хариуцагч О.Амгаланбаатар нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй ирсэн нь миний хөдөлмөрлөх эрхийг боогдуулан, шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч байгаа учир миний хохирлыг шүүхийн шийдвэр гарснаас шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Хариуцагч талтай би 2021 оны 8 сар хүртэл нэг удаа уулзахад түр хүлээж бай гэсэн хариуг өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор энэ хэргийг шийдэж өгөх талаар хүсэлт өгсөн боловч одоо хүртэл ажилд томилоогүй байгаа тул ажил хөдөлмөр эрхлээгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь Ундарга-Алтай ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаад ГАА ЗД-ын2021 оны 01 сарын 22-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 112/ШШ2021/0019 дугаартай шийдвэрээр Ундарга-Алтай ОНӨААТҮГ-ын захирлын албанд тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул Төсвийн тухай хуулийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байх тул хариуцагч Ундарга-Алтай ОНӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулна уу гэжээ.

Нэхэмжлэгчээс талаас ГАА ЗД-ын2020 оны 09 сарын 01-ний өдрийн Б/51 дугаартай “Б.Эыг ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, ГАА ЗД-ын2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Б.Эыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар, 2021 оны 04 сараас 2022 оны 01 сар хүртэлх хугацааны үндсэн цалин, хоолны мөнгө болон НДШ, ХХОАТ, ҮЭТ, суутгал дүнтэй холбоотой баримт, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Аймгийн орон нутгийн өмчийн газар, “Ундарга-Алтай” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай гэрээний хуулбар, Батсүхийн Эрдэнэ-Очирын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

         Хариуцагч талаас гаргасан нотлох баримт байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ГАА-ийн ЗД-дхолбогдох ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ГАА-ийн ЗД-дхолбогдуулан Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар тайлбартаа “төсвийн шууд захирагч нь тул ...Ундарга-Алтай ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулна” гэж маргажээ.

Үйл баримтын хувьд нэхэмжлэгч Б.Э нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан “Ундарга-Алтай” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Шаардах эрхийн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, 36 дугаар зүйлийн 36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх гэж заажээ.

Харин Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй гэж заажээ.

         Шүүхийн тухай хуулийн 4.1-т шүүхийн эрхэм зорилгыг тодорхойлохдоо 4.1.2-т хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэж заажээ. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нэхэмжилж байгаа тохиолдолд шүүх дээрх зорилгоо хэрэгжүүлэхдээ ажилтны урьд ажиллаж байсан байгууллага дахь тухайн албан тушаалын тогтоосон хэмжээний цалин авч ажиллаж байсан байдалд нь сэргээн эдлүүлэх замаар хэрэгжүүлдэг.

Хэдийгээр Засаг дарга тус үйлдвэрийн газрын захирлыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа боловч олговрын тухайд түүний ажиллаж байсан байгууллагаас олгогдох нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх болон ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг нийгмийн бусад баталгааг хэрэгжүүлэх, тооцох тал дээр ч илүү бодитой байх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг зөв тодорхойлоогүйн зэрэгцээ харицагчийг солих тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ГАА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөвтгөж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ГАА-ийн ЗД-аас  ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б-ийн Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөвтгөж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.ҮЙТҮМЭН