Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/00681

 

2022 оны 03 сарын 16 өдөр                          Дугаар 183/ШШ2022/00681                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

            УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... байрлах Г ХХК /0000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт оршин суух С овогт Б.Б /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12 515 701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

 

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3 733 625,74 төгрөг, зээлийн хүү 5 333 538,7 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2 008 442,63 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1 140 094,34 төгрөг, нийт 12 515 701,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б нь 2016.09.22-ны өдөр Г-тай ЗГ/КР/09/22 дугаартай зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан болно. Хариуцагч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ........... тоотод оршин сууж байсан. Г-ны зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЗГ/КР/09/22 дугаарын зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасан бөгөөд 2020.06.18-ны өдрийн 182/ШШ2020/01425 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу хариуцагчийн хаягийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс 3644 тоотоор хариуцагчийн оршин суугаа хаягийг Хан-Уул дүүрэг, ........... тоот гэж тогтоосон болно. Зээлдэгчийн ЗГ/КР/09/22 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2021.12.09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 3 733 625,74 төгрөг, зээлийн хүү 5 333 538,70 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2 008 442,63 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1 140 094,34 төгрөг, нийт 12 515 701 төгрөгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчээс: 2021.12.16-ны өдрийн 18/05/990 дугаартай итгэмжлэл, 2021.12.01-ний өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, 2020.06.18-ны өдрийн 1425 дугаартай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016.09.22-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, Кредит карт тооцооллын хүснэгт, 2021.08.04-ний өдрийн 734 дугаартай Г-ны гүйцэтгэх захирлын тушаал, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-12 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 515 701,41 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Б.Б нь 2016.09.22-ны өдөр Гэрч:-тай ЗГ/КР/09/22 дугаартай зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сард дууссан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3 733 625 төгрөг, зээлийн хүү 5 333 538 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2 008 442 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1 140 094 төгрөг, нийт 12 515 701 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/КР/09/22 дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр, зээлийн эрх хэмжээ хэтэрсэн тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол уг хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь байхаар харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байна.

 

5. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/КР/09/22 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн тооцооллыг тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна.

Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй.

 

Иймд дээрхийг нэгтгээд, хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 12 515 701 төгрөг гаргуулан Г ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 

6. Түүнчлэн, мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.03.02-ны өдөр хариуцагчийн 00000000 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар С овогт Б.Б /00000000/-аас 12 515 701 /арван хоёр сая таван зуун арван таван мянга долоон зуун нэг төгрөг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК /0000000/-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 215 201 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ                          Д.ЭНХЦЭЦЭГ