Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2026/00073

 

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04683 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02104 дүгээр магадлалтай

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК, С.Б, Т.Э, З.Э, С.М, Б.Ч, Х.Г, А.Д, М.Ж, О.Б, Э.С, А.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,219,829,861.3 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2021.07.05-ны өдрийн 04/21-129 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Зээлийн гэрээ”-ний 2.1.4-т заасан “зээлийн хүү сарын 0.5, жилийн 3.0 хувь байна” гэснийг хүчингүйд тооцож, “Зээлийн хүү сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь байна” гэж өөрчлөх гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгуулах тухай хариуцагч О.Бын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Ч, Э.С, Х.Г, С.М, Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч О.Б, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Д.Ү, Ч.Р, хариуцагч бөгөөд хариуцагч Т.Э, С.М, Х.Г, Э.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч О.Б, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч “А” ХХК, З.Э нарын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “А” ХХК, С.Б, Т.Э, З.Э, С.М, Б.Ч, Х.Г, А.Д, М.Ж, О.Б, Э.С, А.Ц нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,219,829,861.3 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч О.Б нь 2021.07.05-ны өдрийн 04/21-129 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Зээлийн гэрээ”-ний 2.1.4-т заасан “зээлийн хүү сарын 0.5, жилийн 3.0 хувь байна” гэснийг хүчингүйд тооцож, “Зээлийн хүү сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь байна” гэж өөрчлөх гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04683 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,219,829,861.3 /хоёр тэрбум хоёр зуун арван есөн сая найман зуун хорин есөн мянга найман зуун жаран нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А ХХК нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Т.Э, З.Э, С.Б, С.М, Б.Ч, Х.Г, А.Д, М.Ж, О.Б, Э.С, А.Ц нарын дараах үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Үүнд:

2.1. С.Бын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.2. Т.Эгийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.3. Т.Эгийн эзэмшлийн *** газар,

2.4. Т.Эгийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.5. З.Эын өмчлөлийн ***үл хөдлөх эд хөрөнгө,

2.6. С.Мын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.7. Б.Чийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.8. Х.Ггийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.9. Х.Ггийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.10. А.Дгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Үйлдвэрийн гудамж 52г байр 120 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205073608 дугаарт бүртгэгдсэн, 54.83 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.11. М.Жгийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.12. О.Бын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.13. Т.Э, Э.С нарын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.14. С.Мын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.15. С.Мын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.16. З.Эын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.17. Т.Эгийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.18. Т.Эгийн өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө,

2.19. Т.Э, А.Ц нарын өмчлөлийн *** үл хөдлөх эд хөрөнгө.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч О.Бын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 04/21-129 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан “Зээлийн гэрээ”-ний 2.1.4-т заасан “зээлийн хүү сарын 0,5, жилийн 3,0 хувь байна” гэснийг хүчингүйд тооцож, “Зээлийн хүү сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувь байна” гэж өөрчлөх гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,555,449.31 төгрөг болон хариуцагч О.Бын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,257,099 /арван нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга ерэн ес/ төгрөгийг, хариуцагч Т.Э, З.Э, С.Б, С.М, Б.Ч, Х.Г, А.Д, М.Ж, О.Б, Э.С, А.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02104 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч “А” ХХК-ийн 4,355,055 төгрөгийг, хариуцагч З.Э, М.Ж, А.Ц нарын 210,600 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-н 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Ч, Э.С, Х.Г, С.М, Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-172.2.4-т зааснаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй болох талаар.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч бидний зүгээс анх “Т” ХК болон “А” ХХК нарын 2020.06.19-ний өдрийн №04/20-247 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр авсан 1,380,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд хөрөнгүүдээ барьцаалахдаа хөнгөлөлттэй нөхцөлтэй жилийн 3 хувийн хүүтэй зээл байсан болохоор өөрсдийн хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн.

Гэтэл “Т” ХК нь барьцаалуулагч бид нарт мэдэгдэлгүйгээр зээлийн хүүгээ 5 дахин буюу жилийн 16.8 хувийн хүүтэй болгож бид нарын хөрөнгөөр 2,219,829,861.3 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироож байна. Үүнийг шүүхээс барьцааны гэрээнд өөрчлөлт ороогүй тохиолдолд барьцаалуулагч нарт мэдэгдэх үүргийг нэхэмжлэгч гэрээгээр хүлээгээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн 2020.06.19-ний өдрийн №04/20-248 тоот барьцааны гэрээний 2.2-ийн хүснэгтийн 7 дахь багананд “Барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүн”-г хөрөнгө тус бүрээр тодорхой тусгасан байхад шүүх үүнд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Энэ нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчиж байна.

4.2. Барьцаалбар түүний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй талаар.

Мөн талууд барьцаалбар үйлдсэн бөгөөд энэхүү барьцаалбарын 3 дахь хэсэгт зээлийн хугацаа 12 сар, зээлийн хүү жилийн 3 хувь гэж тодорхой тусгасан бөгөөд энэ барьцаалбарт өөрчлөлт оруулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Мөн энд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгч байгаа нь зүйд нийцэхгүй байна. Зүй нь зээлийн гэрээний үүрэг 5 дахин нэмэгдэж байхад барьцааны гэрээ болон барьцаалбарт нэмэлт өөрчлөлт орох нь зайлшгүй зүйл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч О.Б, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-г үндэслэн хяналтын гомдлыг гаргаж байна.

5.1. Хэрэг маргааны үйл баримтын тухайд.

Хамтран хариуцагч Б.Б нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний дагуу нэг жилийн 3 хувийн хүүтэй зээлд барьцаалсан юм. “Т” ХК, “А” ХХК нь нар 2021.07.05-ны өдөх 04/21-129 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж нэг жилийн 16.8 хувийн хүү рүү шилжүүлэхдээ барьцааны гэрээнд өөрчлөлт огт оруулаагүй, эрх ашиг хөндөгдөж буй барьцаалуулагч нарт огт мэдэгдээгүй юм.

Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухай.

Магадлалын 8 “...зээлдүүлэгч, зээлдэгч нарын харилцан тохиролцсон нөхцөл, хүсэл зоригийн илэрхийлэлд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэжээ. Гэтэл хамтран хариуцагч нар болох барьцаалуулагчид нарт зээлийн гэрээний хүү өөрчлөгдөх талаар огт мэдэгдэж байгаагүй бөгөөд барьцааны гэрээнд тусгагдсан 1 жилийн 3 хувийн хүүтэй зээлд өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан юм. Гэтэл 2021.07.05-ны өдрийн 04/21-129 дугаартай “зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж нэг жилийн 16.8 хувь болгохдоо барьцаалуулагч нарын эрх ашиг хөндөгдөж байхад гэрээний дагуу мэдэгдэж барьцааны гэрээнд мөн адил өөрчлөлт оруулах ёстой, гэтэл “Т” ХК нь гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлаас шалтгаалан барьцаалуулагч нарын эрх ашиг ноцтой зөрчигдсөн, энэ талаарх нотлох баримт байсаар байтал анхан шатны шүүхээс ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч бөгөөд хариуцагч Б.Ч, Э.С, Х.Г, С.М, Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч О.Б, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.02.27-ны өдрийн 001/ШХТ2026/00235 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

  7. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Б.А нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

8. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч “А” ХХК, С.Б, Т.Э, З.Э, С.М, Б.Ч, Х.Г, А.Д, М.Ж, О.Б, Э.С, А.Ц нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,219,829,861.3 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“А” ХХК нь “Т” ХК-тай 2020.06.19-ний өдөр 04/20-247 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,380,000,000 төгрөгийг сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 04/20-248 тоот Барьцааны гэрээг өмчлөгч Т.Э, З.Э, С.Б, С.М, Б.Ч, Х.Г, А.Д, М.Ж, О.Б, Э.С, А.Ц нартай байгуулж, тэдний өмчлөлийн 19 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгчтэй байгуулсан 04/20-247 тоот Зээлийн гэрээнд 2021.07.05-ны өдрийн 04/21-129 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр хүүгийн хувийг жилийн 16.8 хувь болгон өөрчилж, хугацааг 2023.07.25-ны өдөр хүртэл сунгасан. Зээл олгосноос хойш “А” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 42,318,353.1 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 42,449,813.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 432,538 төгрөг, нийт 85,200,704.5 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Тны зүгээс 2021.11.10-ны өдөр, 2022.04.13-ны өдрүүдэд тус тус зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг зээлдэгчид хүргүүлсэн боловч, өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

Иймд хариуцагч “А” ХХК-аас 2,219,829,861.3 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч “А” ХХК хариу тайлбартаа: “…“А” ХХК нь “Т” ХК-тай 2020 онд зээлийн гэрээ байгуулан 1,380,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээнд 2021.07.05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан, ...зээлийн төлбөрт нийт 85,200,704.5 төгрөгийг төлсөн талаар  маргаангүй. Харин зээлийн гэрээг 2022.06.22-ны өдөр цуцалснаар талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул цуцалснаас хойших хугацааны хүүг төлөх үндэслэлгүй учраас 421,650,633 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2021.05.21-ний өдөр батлагдсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь 2021.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн бөгөөд уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн гэрээ 2020.06.19-ний өдөр байгуулагдсан. ...иймд зээлийн гэрээг цуцлах өдрийн байдлаар үндсэн зээл 1,337,681,646.9 төгрөг, хуримтлагдсан хүү 199,486,814.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,227.10 төгрөг, нийт 1,537,368,688.7 төгрөгийг төлөх ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж,

Хариуцагч С.Б хариу тайлбартаа: “...С.Б нь “Т” ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй тул энэхүү хэрэгт хариуцагч болох ямар ч үндэслэлгүй, С.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

 Хариуцагч О.Б, А.Д нар хариу тайлбартаа: “...Жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжтой. Иймд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

 Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Ч, Э.С, Х.Г, С.М, Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч М.Ж, А.Ц нар хариу тайлбартаа: “...О.Б, А.Д нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна...” гэж тус тус тайлбарласан.

9. Хариуцагч О.Б нэхэмжлэгчид холбогдуулан 2021.07.05-ны өдрийн 04/21-129 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Зээлийн гэрээ”-ний 2.1.4-т заасан “зээлийн хүү сарын 0.5, жилийн 3.0 хувь байна” гэснийг хүчингүйд тооцож, “Зээлийн хүү сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь байна гэж өөрчлөх” гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ: “...Талуудын хооронд байгуулагдсан 04|20-247 тоот зээлийн гэрээний 2.1.4.1-д зээлдэгч нь энэ гэрээний 2.1.6-д заасан хугацаанд зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүг сарын 1 хувь, жилийн 12 хувь болгож төлүүлэх арга хэмжээ авна хэмээн гэрээгээр тохиролцсон байсан. Гэтэл “Т” ХК болон “А” ХХК нь 2021.07.05-ны өдрийн 04/21-129 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн сарын хүүг 1.4 хувь, жилийн хүүг 16.8 хувь болгон өөрчилсөн байна. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухайгаа зээлдэгч, зээлдүүлэгч талууд бидэнд мэдэгдээгүй, барьцааны хөрөнгөөр хангуулах зээлийн үүргийн үнийн дүн эрс өөрчлөгдсөн байгаа нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байгаа тул хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү...” гэж тайлбарласан.

 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...зээлдэгч “А” ХХК-ийн 2021.06.08-ны өдрийн 01/126 тоот албан хүсэлтийг үндэслэн 2021.07.05-ны өдөр 104/21-129 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. 2020 оны 04/20-247 тоот Зээлийн гэрээний 2.1.4.2 дахь заалтад 3ээлдэгч нь энэ гэрээний 2.1.6-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үеийн Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгээр тооцно гэж зааснаар зээлийн хүүг банкны тухайн үеийн үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгээр тооцож, зээлийн хүүг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь болгон өөрчилж, хугацааг 24 сараар сунгасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

10. Анхан шатны шүүх: “...Зээлдэгч “А” ХХК нь Т-наас авсан зээлийн хүүг өөрчлөх, хугацааг сунгуулах хүсэл зоригоо илэрхийлж, энэхүү хүсэл зоригийг зээлдүүлэгч “Т” ХК хүлээн авснаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээ байгуулсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хуульд нийцсэн байна,  зээлдэгч “А” ХХК нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул “Т” ХК нь ...гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл өгч улмаар нэмэлт хугацаа олгож байсан боловч биелэгдээгүй үндэслэлээр гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй. ...улмаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүүд өөрчлөлт оруулахын өмнөх болон хойшхи хугацааны хүүг тооцон нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн тооцсон нь үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “А” ХХК-иас 2,219,829,861.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй. ...Хариуцагч С.Бын хувьд тэрээр барьцааны гэрээнд гарын үсэг зурж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байх тул түүний татгалзал үндэслэлгүй,  ...Хариуцагч Т.Э, З.Э, С.М, Б.Ч, Х.Г, А.Д, М.Ж, О.Б, Э.С, А.Ц нар нь 2021.07.05-ны өдрийн 04/21-129 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хүүг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувь болгосон нь барьцаалуулагч нарын эрх ашгийг хөндсөн, энэхүү гэрээг байгуулсан бол барьцаалуулагч нарт мэдэгдэж, барьцааны гэрээнд зохих өөрчлөлтийг оруулах байсан зэргээр маргаж байх боловч ...барьцааны гэрээнд өөрчлөлт ороогүй тохиолдолд барьцаалуулагч нарт мэдэгдэх үүргийг нэхэмжлэгч гэрээгээр хүлээгээгүй ...тул хариуцагч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй, ...зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй...” гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

11. Хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоож, зөрүүгүй шийдвэр гаргасан боловч хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагч талын гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцээд хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

12. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,219,829,861.3 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах шаардлага гаргасан.

12.1. Зээлийн гэрээний үүрэгт 2,219,829,861.3 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

“Т” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020.06.19-ний өдрийн 04/20-247 тоот Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Т” ХК 1,380,000,000 төгрөгийг сарын 0.25%, жилийн 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Ноолуурын түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг зээлдэгч “А” ХХК-д олгох, зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах үүрэг тус тус хүлээсэн, зээлдүүлэгч банк гэрээний үүргийг биелүүлж, зээлийг олгосон, харин зээлдэгч хуулийн этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, улмаар зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг үндэслэн талууд 2021.07.05-ны өдөр 04/21-129 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн хүүг жилийн 16.8 хувь болгож, хугацааг 2 жилээр буюу 2023.07.25-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Гэрээний хугацаанд хариуцагч “А” ХХК зээлийн төлбөрт нийт 85,200,704.5 төгрөгийг төлсөн боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, улмаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан үйл баримт тогтоогджээ.

 Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулсан.

Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүрэгт  2,219,829,861.3 төгрөгийг хариуцагч “А” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн энэ шийдвэрт зээлдэгч буюу хариуцагч “А” ХХК хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

12.2. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулах шаардлагын тухайд:

“Т” ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан  2020.06.19-ний өдрийн  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нэр бүхий хариуцагч нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2020.06.19-ний өдөр 04/20-248 дугаартай Барьцааны гэрээг “Т” ХК-тай байгуулсан. Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх  хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу хариуцагч нар 2020 оны Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргаагүй, харин зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2021 оны гэрээгээр өмнө байгуулсан гэрээний үүргийг 5 дахин нэмэгдүүлж байгаа нь барьцаалуулагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа барьцаалуулагч нарт мэдэгдээгүй үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүргээр барьцааны хөрөнгөөс шаардлага хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Улмаар хариуцагч О.Б Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021.07.05-ны өдрийн 04/21-129 тоот гэрээний 2.1.1 дэх заалт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

12.2.1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч “Т” ХК нь үүрэг гүйцэтгэгч “А” ХХК үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнээс хангуулахаар шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.

Харин барьцаалуулагч нараас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хувь хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг тооцож, барьцааны хөрөнгийн үнээс хангуулах нь тэдний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргажээ.

12.2.2. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэж зохицуулсан.

Барьцааны гэрээ нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой тул дангаараа бие даан хэрэгжих боломжгүй. Иймд барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан зээлийн гэрээний холбогдох зохицуулалтыг тайлбарлана.

Барьцааны гэрээний 1.1-д энэхүү гэрээгээр ...Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэр болгож энэ гэрээний 2.2-т заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг барьцаанд барьцаалуулахаар харилцан тохиролцож, түүнээс үүэх үүсэх талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлохтой холбогдох үүссэн харилцааг зохицуулна, 2.13-т барьцаагаар хангагдах үүрэг үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана гэж заасан бол 020-247 тоот Зээлийн гэрээний 2.1.4.2-т Зээлдэгч нь энэ гэрээний 2.1.6-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үеийн Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгээр тооцно” гэж, 2.1.6-д Зээлийн хугацаа 12 сар, Зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний Хавсралт 1-д тодорхойлов гэж тохиролцжээ.

Зээлдэгч “А” ХХК зээлийн төлбөрийг гэрээний 2.1.6-д заасан хугацаанд төлөөгүй, графикт хугацааг зөрчсөн бөгөөд зээлийг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасныг үндэслэн талууд 2021.07.05-ны өдөр 04/21-129 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн хүүг сарын 1.4, жилийн 16.8 хувь болгож өөрчлөхөөр харилцан тохиолцсон нь 2020 оны Зээлийн гэрээний 2.1.4.2 дахь заалтад үндэслэгдсэн байна.

Иймд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд заасан талуудын тохиролцоо 2020 оны зээлийн гэрээний холбогдох заалтыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригт үндэслэгдсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх зохицуулалтад нийцсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Түүнчлэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч З.Э, хариуцагч М.Ж нар зээл авсан компанид ажиллаж байсан зэргээс үзэхэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэдгийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Ийнхүү зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүү анх тохиролцсоноос нэмэгдэх, энэ нь барьцааны хөрөнгөөс хангагдах үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхийг барьцааны гэрээ байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар мэдэх боломжтой, мэдэж  байсан гэж үзнэ.

12.2.3. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болно гэж, мөн барьцааны зүйлийг солих зорилгоор талууд барьцааны гэрээг тохиролцон өөрчилж болохоор хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зохицуулсан.

“Т” ХК, “А” ХХК-ийн хооронд 2020 онд байгуулсан 04/20-247 тоот Зээлийн гэрээний шаардлага дуусгавар болоогүй, барьцааны зүйл өөрчлөгдөөгүй тул зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Барьцааны гэрээг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Иймд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг барьцаалуулагч нарт мэдэгдээгүй, энэ талаар барьцааны гэрээнд, барьцаалбарт өөрчлөлт оруулаагүй үндэслэлээр зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр хангагдах үүргийн гүйцэтгэлийг эс зөвшөөрсөн  хариуцагч талын тайлбар, татгалзал, энэ талаар гаргасан гомдол  үндэслэлгүй байна. 

12.2.4. Дээр дурдсанчлан, 2021.07.05-ны өдрийн 04/21-129 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг тогтоосон талуудын тохиролцоо хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч О.Бын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

13. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч бөгөөд хариуцагч Б.Ч, Э.С, Х.Г, С.М, Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч О.Б, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04683 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02104 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч бөгөөд хариуцагч Б.Ч, Э.С, Х.Г, С.М, Т.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагч О.Б, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З.Эаас 2026.01.16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч О.Б, А.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-с 2026.01.21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                  Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД