Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж        

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгч Н.Алтаншагайн өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Алтаншагайд холбогдох 201707000054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, халх, 1988 оны  07 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 17-1-1 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа хөрөнгөгүй, ДЮ88070112 регистрийн дугаартай, Халтар овогт Нармандахын Алтаншагай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 17-р байрын дэргэд 2017 оны 03 сарын 24-ний орой 23 цагийн үед Нармандах овогтой Алтаншагай нь архи ууж согтуурсан үедээ Н.Дугармааг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Алтаншагай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Өдрийг нь сайн санахгүй байна. Орой манай найз нэг залуу надтай хамт байсан юм. Нөгөө найз маань эхнэр рүүгээ залгаад эхнэр нь ирээд би хаалга нээж өгөх үед манай хүн түүнийг буруугаар ойлгоод цонх руу түлхээд уурласан. Би буруугаар ойлгоод байна гэсэн боловч тэр үед ойлголцоогүй. Би тэр үед худлаа гүтгээд байхаар нь их уурласан. Дараа нь бид хоёр ярилцаад дахиж ийм асуудал болохгүй гэж ойлголцсон байгаа. Би тэр үед Очироо гэх найзтайгаа байсан. Нэлээн согтуу байсан. Н.Дугармаа бид хоёр 2012 онд танилцаад хамт амьдраад байсан зүйл байхгүй. Бид хоёрын дундаас нэг охин төрсөн. Одоо 3 нас хүрч байгаа. Өмнө нь цагдаад шалгагдаж байсан зүйл байхгүй. Бид хоёр ярилцаж ойлголцоод эвлэрсэн байгаа. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Бид хоёрын дунд дахиж ийм асуудал болж, цагдаа шүүхийн асуудал гаргахгүй. Тэр үед буруугаар ойлгоод маргалдсанд уучлаарай гэв.

Хохирогч Н.Дугармаа нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 24-нд би Улаанбаатар хотруу эмчилгээнд явчихаад ирээд удаагүй байсан. Тэр үед найзтайгаа БМ баарлуу явчихаад ирэхэд утсаар яриад байсан. Дээшээ гэрлүүгээ явж байхад манай нэг найз танай нөхөр нэг хүүхэнтэй орж байна гэж хэлсэн. Тэгээд уурандаа очоод цонхийг нь өшиглөсөн чинь онгойчихсон. Харахад нэг хүүхэн сууж байсан. Тэр үед түүний нөхөр нь гэх залуу 00-ын өрөөнд бөөлжөөд байж байсан гэсэн. Би буруу ойлгоод тийм зүйл болсон. Би хэл амаараа их доромжлоод тэвчээрийг нь барсан байсан. Намайг чулуу шидэхэд талх зүсэж байсан хутгаа шидсэн байх. Намайг чи дандаа буруу ойлгож намайг хардаж байдаг гээд бид хоёр үл ойлголцож зодоон болсон. Тухайн үедээ Н.Алтаншагай нь цонхоороо гараад ирсэн байх. Би зугтаагаад машины ард ороход араас гараад ирсэн. Бид хоёр 2012 онд танилцаад хэсэг хамт байж байгаад тусдаа гарсан. Хүүхэдтэй болохоор нааш цаашаа гээд л явж байдаг. Өмнө нь цохиж, зодож байгаагүй. Хоорондоо маргалддаг л байсан. Маргааны гол шалтгаан нь хардалт, өмнөх амьдралын асуудал яригддаг. Хувь хүний хувьд хүн чанартай, хааяа архи уух гээд л байдаг. Одоо бид хоёр эвлэрчихсэн. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд Н.Алтаншагайгаар овоглодог. Би 5 жил амьдарсан гэж хэлсэн. 5 жил зодсон байнга гэж хэлээгүй. Сүүлд хэргийн материалтай танилцах үед архи уух үедээ ууртай гэж хэлсэн. Гэтэл 5 жил зоддог гэж бичсэн байсан талаар нь мэдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр эвлэрсэн байгаа. Тухайн үед бид хоёр ярилцаж ойлголцдоггүйн улмаас ийм байдалд хүрч байна. Тэрийгээ ярилцаж ойлголцоод хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдгээ хэлсэн байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Н.Дугармаагийн мэдүүлэг/хх 12-рт/, гэрч З.Нарантуяагийн мэдүүлэг/хх 15-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 19-20-рт/, шүүгдэгч Н.Алтайншагайг сэжигтнээр байцаасан мэдүүлэг/хх 29-рт/, шүүгдэгч Н.Алтаншагайгийн зөрчлийн бүртгэл/хх 38-41-рт/ зэрэг нотлох баримтуудад,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх 5-8-рт/, ял шалгуулах хуудас/хх 35-рт/, зөрчлийн бүртгэлүүд/хх 38-41-рт/, хохирогч Н.Дугармаагийн хохирол гомдолгүй гэсэн баримт/хх 42-рт/, хохирогчийн хэргийн материалтай танилцсан тэмдэглэл/хх 58-рт/, гэр бүл, гэрлэлтийн талаарх лавлагаанууд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 340 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.

Эд мөрийн баримтаар хураагдсан тухайн үед буюу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Н.Дугармаагийн хойноос шидсэн гэх цагаан өнгийн хутга зэрэгт үзлэг хийв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 17 дугаар байрны дэргэд 2017 оны 03 сарын 24-ний 23 цагийн үед Н.Алтаншагай нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Дугармааг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь

 

Хохирогч Н.Дугармаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...Бид хоёр 2012 онд танилцаад хэсэг хамт байж байгаад тусдаа гарсан. Хүүхэдтэй болохоор нааш цаашаа гээд л явж байдаг. Бид хоёрын дундаас гарсан хүүхэд Н.Алтаншагайгаар овоглодог...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн найз Ууганзаяагийн хамт БМ бааранд орж суугаад 23 цагийн үед баарнаас гараад найзынхаа хамт ажил дээрээ очоод цүнхээ аваад гарах гэж байтал Алтаншагай надруу 99606656 дугаарын өөрийн утаснаасаа залгаад шоудаж ханахгүй байна уу, янхан банзал минь ээлжит залуугаа олсон уу гэх зэргээр хэл амаар доромжилохоор нь утсаа салгаад найзыгаа чи манайд очоод ханьтай хоночих гэсэн...тэгтэл тэр өөрийн үс засдаг ажлын байр болох 17-р байрны подволруу хүүхэн дагуулаад орсон. Тэгэхээр нь утасруу нь залгаад орьё хаалгаа онгойлго гэсэн надад нээж өгөхгүй байхаар нь порчикийг нь түлхсэн чинь онгойчихоор нь толгойгоо оруулаад эмэгтэйн царайг хартал Алтаншагай намайг цохих гэхээр нь би толгойгоо татаж аваад чи хүнийг есөн шидээр хэлж, хэл амаар доромжлоод байдаг. Өөрөө ингэж явдаг юм байна гээд цонхоор нь чулуу шидсэн. Тэр үед би эргээд явтал цонхоор гарч ирээд нөгөө хутгаа гартаа барьчихсан миний араас гүйж байгаад газарт хальтарч унахдаа хутгаа хаячихсан. Тэгээд араас ирж намайг барьж авах гэтэл би зугтсан. Тэгсэн газар онохгүй нэлээн их согтуу байсан болохоор дахиад уначихсан. Босож ирээд манай найзыг барьж аваад байшингийн ханаруу түлхээд цохих гэж байгаад гичий гэж хэл амаар доромжилсон. Манай найз охин зугтаад байшингийн цаагуур орж цагдаад дуудлага өгсөн байсан. Тэр хооронд Алтаншагай намайг газарт унагаагаад нүүр рүү гараараа зөндөө цохьсон, тэгээд куртикны захаар боохоор нь би үхлээ гэхэд би чамайг ална. Энэ газар одоо ална гээд тавихгүй байсан. Би аллаа амь авраарай гэж орилсон. Тэгтэл боолттой чигээр нь босгоод нэг гараараа үснээс зулгаагаад 17-р байрны 1-р орцны үүдэнд очоод дахиж боож газарт унагаагаад нүүр рүү гараараа гурван удаа цохьсон. Тэгтэл түүний ээж гэрээсээ гарч ирээд салгах гээд хүч хүрэхгүй зулгаатай чигээрээ орцруу оруулж хөлрүү өшиглөсөн. Тэгээд үснээс тавихаар нь аавынд нь гүйж орсон. Тэгээд цагдаа ирж түүнийг авч явсан...миний биед зүүн баруун нүд хөхөрсөн, баруун нүдний дотор булангаас хамрын баруун хэсгийг дагаж зурагдсан. Хүзүү нилэнхүйдээ улайлт, хөхрөлттэй, толгой хавдартай, баруун хөлний өвдөгний доод хэсэгт хөхөрсөн...ер нь бол байнга зодож, цохиж хэл амаар доромжилдог. Би зөндөө уучилж байна...гэх мэдүүлэг/хх 12-рт/,

 

Гэрч З.Ууганзаяагийн мэдүүлэгт: “...Би найз Дугармаагийн хамт 2017 оны 03-р сарын 24-ний өдрийн 22 цагийн үед БМ бааранд орж суугаад манай найз Сэнгүр гэсэн нэг шил пиво авсан, би ундаа авч уусан. Тэгээд баар хаагаад 23 цагийн үед баарнаас гараад найзынхаа ажил дээр ирж 30 орчим минут юм ярьж суусан. Тэгтэл манай найзын нөхөр нь утсаар залгаж ярьсан. Яг юу ярьсан талаар би сайн мэдэхгүй. Лав хэл амаар доромжлоод байсан. Манай найз чи надтай хамт манайд очоод ханьтай хоночих гэхээр нь хамт явсан. Замаараа бид хоёр манай эгчийнхээс миний цүнхийг аваад тэдний гэр рүү явсан. Тэгтэл замд тэдний нөхөр нь нэг эмэгтэй дагуулчихсан явж байгаа харагдахаар нь найзаасаа танай нөхөр тэр мөн үү гэсэн харчихаад мөн байна гээд араас нь очтол байшингийн подволруу араас нь орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгсэн манай найз өөрийн нь утас нэгжгүй байна гээд миний утсаар залгаад чи хаалгаа онгойлго хүүхэнтэй орсныг чинь харсан гэтэл мөн л хэл амаар доромжлоод байх шиг байсан Тэгтэл Дугармаа цохьтол онгойчихсон. Тэгээд нөхөртөө чи намайг янхан банзал гээд доромжлоод байдаг чи өөрөө ингэж явдаг байна шүү дээ гээд маргалдсан. Тэгсэн нөхөр нь нэг юм цонхоороо шидсэн. Тэгсэн манай найз чи надруу хутга шидлээ гээд газраас чулуу аваад цонхоор нь шидсэн. Тэгээд толгойгоо цонхоор нь оруултал нөхөр нь толгойг нь татсан. Тэгсэн манай найз толгойгоо буцаагаад татаад гаргаад ирээд манай найз түрүүлээд гүйсэн. Би өндөр өсгийтэй гуталтай байсан болохоор араас нь удаан гүйсэн. Тэгтэл нөхөр нь араас гүйж ирээд ороолтноос бариад байшингийн ханаруу түлхээд хавсарч газарт унагаасан. Нөхөр нь их согтуу байсан. Би түүнд чи ямар тэнэг юм бэ танихгүй хүн барьж авч зодоод гэтэл намайг цохих гээд гараа далайж байхад манай найз ирээд гарнаас нь бариад авсан чинь намайг тавиад Дугармааг барьж аваад хоолойг нь боосон. Тэр үед би байшингийн булан тойроод цагдаад утсаар дуудлага өгсөн юм...гэх мэдүүлэг/хх 13-рт/,

Гэрч З.Нарантуяагийн мэдүүлэгт: “...2017 оны 03-р сарын 24-ний өдөр 23 цагийн үед байх гэртээ зурагт үзээд байж байтал гадаа эмэгтэй хүн орилсон удалгүй манай хүү Алтаншагайгийн дуу гарсан, тэгэхээр нь гутлаа өмсөөд гартал манай цонхны дэргэд Алтаншагай Дугармаа хоёр хоорондоо зууралдсан, Дугармаа газарт хэвтчихсэн Алтаншагай дээр нь гарчихсан байж байсан...гэх мэдүүлэг/хх 15-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №122 дугаар акт:

1.Иргэн Дугармаагийн биед: Тархины доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд доод зохинд цус хуралт, баруун хөмсөг, дээд уруул, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдантанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 19-20-рт/,

Хохирогч Н.Дугармаагийн эмчилгээний картын хуулбар/хх 36-37-рт/,

зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Алтаншагайгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ... Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эр эмийн хардалт, хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг гарах болсон бөгөөд энэ гэмт хэрэг нь гадаа үйлдэгдсэн гэр бүл дотор үйлдэгдээгүй бөгөөд хохирогчийг байнга зодсон, тарчлаасан, харгис хэрцгий хандсан зүйл байхгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ..гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Алтаншагай, хохирогч Н.Дугармаа нар нь гэрлэлтээ батлуулаагүй  тусдаа амьдардаг гэж мэдүүлж байгаа хэдий ч гэр бүлийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй уг хүүхэд нь шүүгдэгч Н.Алтаншагайгаар овоглодог болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгүүдээр тогтоогдож байх тул Н.Алтаншагай, Н.Дугармаа нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэхээр байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн гэр бүл дотор өөрөөр хэлбэл амьдарч байгаа гэр орон дотор үйлдэгдэнэ гэсэн хууль зүйн ойлголт байхгүй бөгөөд гадаа үйлдэгдсэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг биш гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Н.Алтаншагай нь хохирогч Н.Дугармааг байнга зодсон, тарчлаасан гэх үйлдэл тогтоогдохгүй байгаа хэдий ч хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг догшин авирласан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Н.Дугармаа нь мөрдөн байцаалтанд ...ер нь бол байнга зодож, цохиж хэл амаар доромжилдог. Би зөндөө уучилж байна..гэж мэдүүлсэн мөн шүүхийн хэлэлцүүлэгт... маргааны гол шалтгаан нь хардалт, өмнөх амьдралын асуудал яригддаг... гэсэн мэдүүлэгүүд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн алба хаагчийн хийсэн Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин нь “дунд” гэсэн үнэлгээтэй гарсан зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.Алтаншагай нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж  үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Алтаншагайд холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Н.Дугармааг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтаншагайд 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 147 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон байх тул шүүх үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Алтаншагайгийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хутга 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Алтаншагай нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Н.Алтаншагайгийн ДЮ88070112 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжин ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Халтар овогт Нармандахын Алтаншагайг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтаншагайг 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Алтаншагайд оногдуулсан 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгасугай

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтан Н.Алтаншагай нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

6. Ялтан Н.Алтаншагайг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Н.Алтаншагайгийн иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Алтаншагайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА