Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/1305

 

 

 

 

 

 

 2020             10             08                                        2020/ДШМ/1305                                              

 

Т.С-, Г.Б-, Б.Х-                                                                                         нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд                                             

            прокурор Б.Ундрах,

            шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Б.Баттулга,

            шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, Б.Х- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.С-, Г.Б-, Б.Х- нарт холбогдох 1808047681565 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Т-ийн С-, Хэнтий аймагт 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбитын 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

2. Б овгийн Г-ын Б-, Улаанбаатар хотод 1994 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 0000000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

3. М овгийн Б-ийн Х-, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засаг чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0 дүгээр баг, Харзатын 00 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага нарангийн 0000 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Г.Б-, Б.Х-, Т.С- нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар, бүлэглэн Д.Б-ын гар утас, түрийвч, 50,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт,

Т.С- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Б-ын нүүрэнд цохиж баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, мөн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоо 00 дүгээр гудамжны задгай тоотод оршин суух Б.Э-ын картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1,582,989 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Б-, Б.Х-, Т.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-, Т.С-, Б.Х- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, шүүгдэгч Т.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.С-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-, Г.Б-, Б.Х- нар тус бүрт 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д 1 жил ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 232 хоног, шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон 184 хоног, шүүгдэгч Б.Х-ийн цагдан хоригдсон 123 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.С-гаас 1,582,989 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-ад олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдолдоо: “... 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим найз С-, ах Х- нарын хамт “Galaxy” караокеноос гараад харих замд хохирогч Б-, У- нар таарсан. Тухайн үед У- гэх залуу намайг түлхэж унагасан учир миний хөл өвдөөд 10-15 минут замын хажууд сууж байгаад 2 найз дээрээ очсон. Намайг энэ хэрэгт оролцоогүй гэдгийг хохирогч Б-, шүүгдэгч Х-, С- нар гэрчилнэ. Дэслэгч Өлзийжаргал надаас анх мэдүүлэг авахдаа “Чи энэ хэргийг хүлээвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой” гэсэн. Би тухайн үед хууль мэдэхгүй болохоор зөвшөөрсөн. Энэ байдлыг минь харгалзан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээс гэмшиж, харамсаж байна. Би бусдад төлөх төлбөргүй. Эхнэр Мөнхзул 2017 онд гэрлэлтээ цуцлуулж, 5 настай Х.Номин-Эрдэнэ, 9 настай Х.Аз-Эрдэнэ, 14 настай Х.Ууганбилэг нарын гурван хүүхдээ авч хоцорсон өрх толгойлсон эцэг билээ. Миний 3 хүүхдийг асран хамгаалж, тэжээн тэтгэх хүн байхгүй тул энэ нөхцөл байдлыг минь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Ш.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Х- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хороо арилгасан. Хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хувийн байдлын хувьд 5, 9, 14 насны гурван хүүхэд нь харж хандах хүнгүй, ах, эгч нар нь ээлжлэн хардаг. Энэ талаар “Б.Х- нь төрсөн ах Даш-Эрдэнийн хашаанд 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Мөнхзул нь 2017 оны 09 дүгээр сараас нөхөр, 3 хүүхдээ орхин өөр хүнтэй амьдрах болсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдүүдийн эх авдаг. Хүүхдүүд харж хандах хүнгүйгээс сэтгэл санааны хүнд байдалд байгаа болохыг тодорхойлов” гэх Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, тус хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуусын хөгжлийн төвийн тодорхойлолт, хүүхдүүдийн эхэд холбогдуулж 108 утсанд дуудлага өгч байсан талаар баримт зэргийг гаргаж өгч байна. Энэ бүгдээс шүүгдэгчийн хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэв.

            Шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Т.С- болон өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргаагүй” гэв.

            Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, анхан шатны шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримт зэргийг харгалзан тал бүрээс нь үзэж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.С-, Б.Х-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Г.Б-, Б.Х- нар нь Т.С-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар, бүлэглэн Д.Б-ын гар утас, түрийвч, 50,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ын “... “Galaxy” караокед дуулж, шар айраг, архи ууж байгаад 02 цагийн үед найзын хамт гараад алхаж явтал караокед сууж байсан гурван залуу араас ирээд найз У-ыг түлхэж, махлаг тарган залуу нь миний куртикны захнаас татаж гудамж руу чирч, шанаа руу хүчтэй цохьсон. Би манараад газар унасан. Хэсэг хугацааны дараа сэргэхэд ганцаараа үлдсэн байсан ба гар утас, түрүүвч байхгүй байсан ...” /1-р хх 110-112/,

“... гурван эрэгтэй хүрч ирээд У-ын куртикнээс татаж газар унагаад тарган залуу нь намайг гудамж руу чирч оруулаад “Чи ямар овоо залуу вэ” гээд толгой руу цохиод, боож унаган, толгой руу өшиглөж ухаан алдуулсан. Ухаан ороод “Samsung S-5” загварын гар утас, 50,000 төгрөгтэй хүрэн хэтэвчийг аваад явсныг мэдсэн ...” /1-р хх 11/,

гэрч Ц.У-ын “... Б- бид хоёрын явж байхад араас нуруу руу цохих шиг болсон. Би нилээн согтуу байсан болохоор хажуу тийш унасан. Босоод иртэл хүн харагдахгүй байхаар нь яваад өгсөн ...” /1-р хх 114-115/,

шүүгдэгч Т.С-гийн яллагдагчаар өгсөн “... Б- тухайн залуугаас гал асуугаад маргалдаад, татаад унагаасан. Би очиж нэг залууг нь 2-3 удаа цохьсон. Нөгөөдөх нь зодоонд ороогүй зугтаасан. Надад зодуулсан залуугийн халааснаас шаргал өнгийн гар утас унахад Х- ах аваад халаасандаа хийхийг Б- бид 2 харсан. Дараа нь Х- “Ах нь энэ утсыг авчих уу. Хоёр дүүдээ 20, 20 мянган төгрөг өгье” гэхээр нь бид зөвшөөрсөн ...” /1-р хх 233-235/,

шүүгдэгч Б.Х-ийн яллагдагчаар өгсөн “... С-, Б- нартай “Galaxy” караокед архи уусан. Гараад бид тамхи татаад зогсож байхад танихгүй залуутай С- маргалдаад цохьсон. Б- бид хоёр салгахад нөгөө залуугийн шар өнгийн гар утас газар унасан. Би уг утсыг аваад халаасандаа хийсэн ба үүнийг С-, Б- нар харж байсан. Дараа нь би тэр хоёрт “20,000 төгрөг өгөөд утсыг авъя” гэхэд тэд зөвшөөрсөн ...” /1-р хх 224-226/,

шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн “... С- тэр залууг цохиж унагаахад халааснаас нь шаргал өнгийн гар утас газар унасныг Х- ах аваад, бид хоёр зодооныг салгаад явсан. Тэгээд Х- ах “Энэ утсыг би авчих уу, та хоёрт 20, 20 мянган төгрөг өгье” гэхээр нь бид зөвшөөрсөн ...” /1-р хх 215-216/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Д.Б-ын биед баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, нүүрэнд хаван хавдар, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 12369 тоот дүгнэлт /1-р хх 29/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 31/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 5-6/  зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б-, Б.Х- нарын бусадтай бүлэглэн хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Г.Б-ын гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нотлох баримтуудыг судалж үзвэл хохирогч, шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн хэрүүл, маргаан болоогүй, харин согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явсан хохирогч Д.Б-ыг шүүгдэгч Т.С- зодож ухаан алдуулан, шүүгдэгч Б.Х- эд зүйлийг нь авсан байх ба шүүгдэгч Д.Б-, Т.С- нар дээрэмдсэн эд зүйлээ шүүгдэгч Б.Х-д 40,000 төгрөгөөр худалдсан хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг хэрхэн яаж үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн агшинд үйлдэл, санаа зорилгоор нэгдсэн тохиолдолд хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болохоор байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан шинжээрээ бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс, хүч хэрэглэсэн, хүч хэрэглээгүй шинжээрээ дээрэмдэх гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчилдэг. Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тул гэмт этгээдүүд эд хөрөнгийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, санаа зорилгоор нэгдсэн нь хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлохоос бус довтолгоонд хүн бүрийн оролцоо шаарддаггүй онцлогтой.

Шүүгдэгч Г.Б- нь бусад шүүгдэгч нарын хамт хохирогчийн араас дагаж, довтолгоон хийхэд нь гар бие оролцоогүй боловч хамт байж, эд хөрөнгө авч байхыг нь харсан, мөн дээрэмдэх замаар олсон эд хөрөнгөөс ашиг хүртсэн хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд түүний үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд санаа, зорилгоор нэгдсэн хамтран оролцооны шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шүүгдэгчийн “... гэмт хэрэгт оролцоогүй ...” гэх агуулга бүхий гомдлыг нь хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Х- нь бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг, ганц бие эцэг болох нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /3-р хх 102/, ажлын газрын тодорхойлолт /1-р хх 187, 3-р хх 101/, давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн тодорхойлолт, гэрч Б.Одончимэгийн мэдүүлэг /1-р хх 24/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх 188/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэхүү хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн учруулсан хохирлоо нөхөн төлж /3-р хх 103/ гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Б.Х-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн 1 жил хорих ял шийтгэхээр тогтоолд өөрчлөлт оруулав. 

Мөн шүүгдэгч Б.Х-ийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн шийдвэрлэсэн болно. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэлгүй орхигдуулж шүүгдэгч Т.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

Шүүгдэгч Т.С- нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан байна. /1-р хх 47, 143, 231/

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж тусгайлан зохицуулжээ.

Дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарсан нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэ өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх журмыг хууль тогтоогч тодорхойлохдоо хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй байхаар заасан. Хуульд өөрт нь тайлбар хийсэн /Аутент тайлбар/, эсхүл дагаж мөрдөх журмын тухай хуулиар тусгайлан зохицуулсан зэрэг тохиолдолд хууль тогтоогчийн хүсэл сонирхолд захирагдах ба өөрөөр тайлбарлан хэрэглэх эрх шүүхэд байхгүй.

Нөгөө талаас Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.6 дахь заалтаар хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдлыг дагаж мөрдөх журмаар зохицуулахаар заасан хууль тогтоогчид олгогдсон эрхийн дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх журам үйлчлэхгүй байхаар хуульчлагдсан тул Т.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй дээрх алдааг засах боломжгүй тул шийтгэх тогтоолоос шүүгдэгч Т.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/882 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын шүүгдэгч Б.Х-д холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолоос шүүгдэгч Т.С-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн 71.1.1 дэх заалтад заасныг үндэслэн шүүгдэгч Б.Х-ийн хүүхдүүд болох Х.А, Х.У, Х.Н нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

4. Шүүгдэгч Т.С-д холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцтэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН