Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/00683

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

              УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д аймаг, .............. тоот хаягт оршин суух Б овогт Я.С /00000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт байрлах И ХХК /0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7 550 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Я.С /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.С нь И ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 1 700 000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 500 000 төгрөг, цалин 4 950 000 төгрөг, эрсдлийн сан 300 000 төгрөг, бусад зардал 100 000 төгрөг, нийт 7 550 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2020.09.05-нд И ХХК-ийн уурхайн даргын Б/141 тоот тушаалаар Аж ахуйн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж, сарын үндсэн цалин 500 000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг байсан. 2021.03.19-ний өдөр Т аймгийн З сумын .......... гэх газарт компанийн аж ахуй мал дээр ажиллаж байгаад хоёр гараа хугалж гэмтэл авсан. Компанийн удирдлагад мэдэгдсэн боловч миний оронд ажиллах хүн байхгүй гэх шалтгаанаар хугацаа алдаж, эмнэлэгийн тусламж авч чадахгүй, бэртэл хүндэрч, улмаар хадам аав Б-т утсаар хэлснээр намайг ирж аван, Т аймгийн З сумын эмнэлэгт үзүүлэхэд нарийн оношлогоо аппарат хэрэгсэл байхгүй гэсэн учраас Д аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт үзүүлж, зүүн шуу ясны дунд 1/3 хэсгийн хугарал, баруун гарын 1-р хураа 3-р шивнүүр ясны хугарал гэсэн онош тогтоогдсон. 2021.04.07-ны өдөр Д аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хоёр гартаа мэс засал хийлгэж, хугарсан яснуудаа хадуулах эмчилгээ хийлгэж, 2021.04.19-ний өдөр эмнэлгээс гарч, амбулаториор 2021.04.20-2021.05.03 хүртэл явахад эмнээгийн зүгээс надад лист олгосон. 2021.05.04-2021.06.04 хүртэл листийг сунгасан бөгөөд 2021.06.04-2021.07.03 хүртэл, 2021.07.03-2021.07.08 хүртэл би өвчтэй байсан. Эмнэлгээс өгсөн листүүдээ уурхайн дарга Б нягтлан нарыг бүгд байхад оруулж өгсөн. 2021.08.20-ны өдрийн Б/200 дугаартай тушаал гаргаж, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлж, уг тушаалыг Э гэх ажилтнаар 2021.09.10-ны өдөр хүргүүлснийг хүлээн авч, ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн. 2021.03.19-ний өдөр гэмтсэний дараа ажлаас 2021.04.08-ны өдөр 161 085 төгрөг цалин, мөн өдөр 1 092 600 төгрөг И ХХК-иас, 2021.05.13-ны өдөр 408 705 төгрөг И ХХК-иас Төрийн банкны 0000000000 дугаартай миний дансанд шилжиж орсон. Цалин 1 сараар хоцорч ордог учир сүүлийн цалин 5 сараас хойш аваагүй. Цаашид ажлаас чөлөөлөгдсөнийг мэдэх хүртэл цалин, листний мөнгө аваагүй. Миний бие бүрэн эдгэрээгүй, өвчтэй байгаа тул ажилдаа буцаж орох ямар ч боломжгүй тул ажлаас чөлөөлсөн тушаал дээр маргахгүй. Иймд 2021 оны 6, 7, 8 сарын цалин 1 700 000 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи 2021.08.20-ны өдрөөс 2022.01.10-ны өдөр хүртэлх цалин 4 950 000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 1 сарын цалингийн дундаж 500 000 төгрөг, эрсдлийн сан 300 000 төгрөг, бензин 100 000 төгрөг, нийт 7 550 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр И ХХК-ийн зүгээс тухайн ажил албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гарсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан тодорхой чиг үүрэг бүхий ажил үүргийг гүйцэтгэж, гүйцэтгэсний үр дүнд таарсан цалин авахаар өмнөх Хөдөлмөрийн тухай хууль болон шинээр хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдсан. Иймд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажил, албан тушаалаа орхиж явснаас хойш И ХХК нэхэмжлэгчид цалин хөлс олгох үүрэг үүсэхгүй. Хоёрт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагын тухайд ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд яригдах ба нэхэмжлэгчийн зүгээс ажлаас чөлөөлөгдсөн тушаалтайгаа маргаагүй, хүлээн зөвшөөрч энэ талаараа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа дурдсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан үндэслэл байхгүй байх тул нэхэмжилж буй 7 550 000 төгрөгийг хариуцагч гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй байна. Гуравт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэнэт халагдсаны тэтгэмж, эрсдлийн сангийн мөнгө гэх мэт зүйлсийн тухайд сарын үндсэн цалин 500 000 төгрөг бөгөөд 8 сар хүртэлх цалин хөлсийг тухай бүр олгоод явсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийн хувьд хариуцагч буюу аж ахуйн нэгж байгууллага ажилтныг гэнэт ажлаас чөлөөлсөн тохиолдолд тэтгэмж олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан заасан байдаг ба хуульд заасан үндэслэлд дээрх нөхцөл байдал хамаарахгүй байх тул ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг гаргаж өгөх үндэслэл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс: Я.С-ийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2021.08.20-ны өдрийн Б/200 дугаартай И ХХК-ийн уурхайн даргын тушаал, Я.С-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Я.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Я.С-ийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, фото зургууд, 2021.09.16-ны өдрийн 859 дугаартай Д аймгийн Д сумын 0 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Я.С-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Д аймгийн Д сумын онцгой комиссын нэвтрэх зөвшөөрөл, Д Нэгдсэн эмнэлэг Молекул биологийн лабораторийн шинжилгээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх ху/

Хариуцагчаас: И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Б-ийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2021.12.08-ны өдрийн 21/278 дугаартай итгэмжлэл, 2021.12.30-ны өдрийн 21/287 дугаартай итгэмжлэл, 2022.02.18-ны өдрийн 22/20 дугаартай итгэмжлэл, 2020.09.05-ны өдрийн 20-246 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Аж ахуйн жолоочийн ажлын байрны тодорхойлолт, Аж ахуйн ажилтан Я.С-ийн уншиж танилцсан баримт бичгийн жагсаалт гэх хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх ху/

Д аймгийн нэгдсэн эмнэлгээс: Я.С-ийн өвчний түүхийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.С хариуцагч И ХХК-д холбогдуулан 7 550 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч өвчтэй байсан 2021 оны 6,7,8 дугаар сарын цалин 1 700 000 төгрөг, ажилгүй байсан 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нэг сарын 1 100 000 төгрөгөөр тооцож 4 950 000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн унааны зардал 100 000, гэнэт халагдсаны тэтгэмж 500 000, компаний эрсдэлийн санд хуримтлуулсан хуримтлал 300 000 төгрөг, нийт 7 550 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, 2021.03.19-ний өдөр Т аймгийн З сумын .......... гэх газарт компанийн аж ахуй мал дээр ажиллаж байгаад хоёр гараа хугалж гэмтэл авсан тул шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, өвчтэй байх хугацааны цалинг олгосон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шаардаж байгаа нь тухайн хугацаанд байгууллагад ажиллаагүй тул цалин хөлс гаргуулахаар шаардах эрхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар, Я.С нь 2020.09.05-ны өдрөөс И ХХК-ний аж ахуйн ажилтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажиллаж эхэлсэн, 2021.03.19-ний өдөр компаний мал аж ахуй дээр ажиллаж байх үедээ гараа хугалж гэмтээсэн, тухайн хугацаанаас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй, 2021.08.20-ны өдөр И ХХК-ний уурхайн даргын Б/200 тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

5. Зохигч ажлаас халагдсан тушаалын талаар маргаангүй, харин ажлын байран дээр гэмтэл авсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс шаардах эрхтэй эсэх, нэг сарын цалин хөлсний хэмжээг нэхэмжлэгч 1 100 000 төгрөг, хариуцагч 500 000 гэж маргаж байна.

 

6.  Цалин, хөлс гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 47 дугаар зүйлийн 47.1-т цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр, 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговорыг мөнгөн хэлбэрээр олгохоор, 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаас үзэхэд ажилтны цалин хөлсийг ажил олгогч тогтоосон хугацаанд зохих ёсоор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шитмгэлийг зохих журмын дагуу төлж бичилт хийх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтоор 2021 оны 5 дугаар сараас хойш цалин хөлс олгоогүй, ажил олгогчийн санаачилгаар 2021.8.20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул ажилтан 2021 оны 6,7,8 дугаар сарын цалингийн хамт нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, зохих бичилт хийхийг даалгахаар шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8.8-д ажилтны ажилласан нэг сарын цалингийн 20 хувийг ажилтны хариуцлагатай уялдуулан түр дансанд байршуулах бөгөөд ажлаас чөлөөлөгдөхөд болон тухайн улирлын эцэст холбогдох санхүүгийн тооцоог эцэслэж, түр дансанд хуримтлагдсан цалинг буцаан олгоно... гэж тохиролцсоноос үзэхэд ажилтныг хариуцлагажуулахтай холбоотой гэж үзэхээр байх тул ажил олгогчийн санаачилгаар эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас халагдсан ажилтанд хамаарахгүй байх тул эрсдэлийн сангийн хуримтлал 300 000 төгрөгийг ажилтанд буцаан олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэг сарын цалингийн хэмжээг 1 100 000 төгрөг гэж, хариуцагч 500 000 гэж маргасан ба хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтад нэг сарын цалингийн хэмжээг 500 000 төгрөг байхаар тохиролцсон тул нэхэмжлэгчийн 1 100 000 төгрөгийн цалинтай гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Хариуцагч 2021 оны 6,7,8 дугаар сарын цалинг олгосон болох нь түүний дансны хуулгаар нотлогдоно гэж маргах боловч тухайн мөнгөн шилжүүлгийн гүйлгээ нь цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сараас өмнөх цалин хөлсөд хамаарахаар, мөн шилжүүлгийн утга орлого гэж бичигдсэн зэргээс үзэхэд маргаан бүхий хугацааны цалинг олгосон эсэх нь эргэлзээтэй байна.

 

Иймд хариуцагчаас 2021 оны 6,7,8 дугаар сарын цалин 1 500 000 төгрөг, эрсдэлийн сангийн хуримтлал 300 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин, 2021.08.20-ны өдрөөс 2022.01.10-ны өдөр хүртэл хугацаанд ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр тухайн хугацааны цалин 4 950 000 төгрөг гаргуулах шаардлагыг, нэг сарын цалин хөлс 500 000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул 2021 оны 6, 7, 8 дугаар сарын цалингийн зөрүү 200 000 төгрөгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасанд хамаарахгүй үндэслэлээр ажлаас халагдсаны тэтгэмж 500 000 төгрөгийг, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр унааны зардал 100 000 төгрөгийг тус тус хангах үндэслэлгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын 5 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлын байран дээрээ гараа гэмтээж үйлдвэрлэлийн осолд орсон гэх агуулгыг дурдсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, уг шаардлагын хүрээнд хариуцагч тайлбар гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул нэхэмжлэгч үйлдвэрлэлийн осолтой холбоотой нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч 175 200 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн буцаан олгохоор, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК /0000000/-иас 1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.С-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 750 000 /таван сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Я.С-ий 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч И ХХК /0000000/-д даалгасугай.

 

3. 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Я.С-ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Я.С-д олгохоор, хариуцагч И ХХК /0000000/-иас 43 750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ШҮҮГЧ                          Д.ЭНХЦЭЦЭГ