Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00699

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух Э овогт Р.Б /00000000/

 

Хариуцагч- Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт байрлах Н СӨХ /0000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 873 774 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г,

Хариуцагчийн төлөөлөгч Ю.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч О.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Н СӨХ-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 609 510 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Р.Б миний бие тус Н СӨХ-д 2020 оны 10-р сарын 01-ний өдрөөс харуулын ажилд орж, 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн байцаагчийн ажлыг тус тус хийж байна. Би өөрийн үүрэгт ажил үүргээ хэвийн гүйцэтгэн, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг ба хичээнгүйлэн үнэнч, шударгаар ажиллаж байсан болно. Гэтэл миний бие 2021-09-13-ны өдөр Ковид-19 цар тахлын халдвар авах, 2 уушигандаа хатгалгаа болж, энэ талаараа удирдлагадаа мэдэгдэж байсан. Ингээд 2021-09-24-ний өдрөөс (Эмнэлэгийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, халдвар тараахгүй болсон. Ажлаа хийж болно гэсэн хугацаа нь 2021 -09-24-ний өдөр байсан) ажилдаа очиж ажлаа хийх гэтэл ажлыг маань хийлгээгүй. Ковидын халдвар авсан гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан ба тушаалаа гаргаж өгөөгүй, ажлыг маань ч хийлгээгүй. Ингээд миний бие удаа дараа холбогдож Ажлаа хийе, эсвэл тушаалаа гаргаад өг гэсний үндсэн дээр 2021-10-21-ний өдөр 10/21 дугаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх тушаалыг 2021-10-21-ний өдөр надад гаргаж өгсөн. Миний бие тус компанид хичээл зүтгэл гаргаж, маш үнэнч шударга ажилласан бөгөөд тушаалдаа ямар үндэслэлээр ажлаас халсан талаар дурдаагүй. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. надад ажлаас халсан үндэслэлээ тайлбарлаагүй зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргаж, миний эрх ашгийг хохироож байна. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй, 13 дугаар зүйлийн 13.2.5-д Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах гэж тус тус заасны дагуу байгууллага миний ажлыг байрыг хадгалаагүй ажлаас халсан ба Ковид-19 цар тахлын халдвар авч эдгэрсэн байтал тухайн халдварыг авсантай холбогдуулан ялгаварлан гадуурхаж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие Ковид-19 цар тахлын улмаас ажил олдохгүй, ажилгүй байгаа бөгөөд ажилдаа эргүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. 2021-09-13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаагүй тул 3 873 774 төгрөгийг (Нэг сарын дундаж цалинг 654,629 төгрөгөөр /2021 оны 06 сард 500,000 төгрөг, 2021 оны 07 сард 710.526 төгрөг, 2021 оны 08 сард 753.362 төгрөг, нийт 500,000+710.526+753.362=1.963,888 төгрөг, дундажилбал 1,963,888/3=654,269 төгрөг/ тооцож, 2021 оны 09 сард ажлын 14 хоног, 2021 оны 10 дугаар сард 654,629, 2021 оны 11 дүгээр сард 654 629, 12 дугаар сард 654.629, 2022 оны 03 дугаар сарын 18 хүртэл 6*654629=3 873 774) нөхөн гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Н СӨХ хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тус СӨХ-д 2020.10.01-ний өдрөөс эхлэн харуулын албан тушаалд орсон. Харуулын ажлыг 2021.06.20-ны өдрийг хүртэл хийгээд 6 сарын 21-ний өдрөөс эхлэн тус СӨХ-д байцаагч болсон. Байцаагчийн ажлыг 2021 оны 8 дугаар сар хүртэл 2 сар хийсэн. Нэхэмжлэлд 2020.12.01-ний өдрөөс байцаагчаар ажиллаж байсан мэтээр худал бичсэн байна гэв.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 6 475 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Р.Б нь анх 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн харуулын үүрэгт ажилд томилогдон орсон гэх бөгөөд манай СӨХ-ийн харуулууд 24 цаг 48 цагийн хугацаатай 3 ээлжээр харуулын үүрэг ажил гүйцэтгэж сарын үндсэн цалин болох 500.000 мянган төгрөг авдаг. Харуул ажилтай Р.Б нь 1 сард 500.000 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Н сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн баримтаас харахад харуул ажилтай Р.Б нь өөрийн цалин болох 500.000 /таван зуун мянган төгрөг/ дээр нэмж 2020 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд нийт 6.475.000 / зургаан сая дөрвөн зуун далан таван мянган төгрөг/-ийн цалин бодуулж авсан байна. Иймд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд илүү бодож олгосон нийт 6.475.000 / зургаан сая дөрвөн зуун далан таван мянган төгрөг/-ийг Р.Б-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү цалин авсан удаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгчээс 2021.11.08-ны өдрийн 232 дугаартай итгэмжлэл, Р.Б-ийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.10.21-ний өдрийн 10/21 дугаартай Н СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаал, Р.Б-ийн эмнэлгийн магадалгаа, 2021.07.05-ны өдрийн Н СӨХ-ны бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх ху/

 

Хариуцагчаас Н СӨХ-ны 19/28 дугаартай гэрчилгээний хуулбар, 2021.11.30-ны өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын баримт, 2021.03.19-ний өдрийн Н СӨХ-с Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороонд явуулсан хүсэлт, Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Н СӨХ-ны ажил олгогчийн болон даатгуулагчийн 2021 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтийн тайлан, Н СӨХ-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 01 дүгээр сарын тайлан, Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт , Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Рапорт гэх гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Р.Б Н СӨХ-ны байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 873 774 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан ба ажлаас үндэслэлгүй ажлаас халагдсан тул шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, тус СӨХ-ны байцаагчаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харуулаар ажиллаж байсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

4. Хариуцагч, илүү авсан цалин 6 475 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэг сарын 500 000 төгрөгийн цалин хөлстэй байхаар тохиролцсон боловч 2020 оны 12 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд 1 050 000-1 075 000 төгрөгийн цалин авч байгууллагад 6 475 000 төгрөгийн хохирол учруулсан тул илүү авсан цалинг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд тохиролцсон цалин хөлсөө авч байсан. Илүү цалин авч байгаагүй ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар, нэхэмжлэгч Р.Б нь 2020.10.01-ний өдрөөс Н СӨХ-ны харуулаар ажилд орж, 2021.10.21-ны өдөр Н СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 10/21 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар тус СӨХ-ны байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, нэг сарын 500 000 төгрөгийг цалинтай байсан үйл баримт тогтоогдож байна.

7. Зохигч, нэхэмжлэгч Р.Б нь Н СӨХ-д 2020.10.01-ний өдөр харуулаар ажилд орсон, хэсэг хугацаанд байцаагчаар ажиллахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, нэг сарын 500 000 төгрөгийг цалинтай байсан, нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хүний цалингаас буюу нөхрийнхөө цалинг нэгтгэсэн үнийн дүнгээс тооцон төлдөг байсан зэрэг үйл баримтын тухайд маргаангүй.

Харин, байцаагчаар ажиллаж байсан хугацаа, илүү цалин авсан эсэх талаар маргаантай.

8. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1 Н СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021.10.21-ны өдрийн 10/21 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, ажил олгогчийн санаачилгаар Р.Б-ийг 2021.09.30-ны өдрөөс байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, Р.Б нь 2020.10.01-ний өдрөөс эхлэн Н СӨХ-д харуулаар ажиллаж эхэлсэн талаар маргаангүй боловч байцаагчаар ажиллаж эхэлсэн хугацааг нэхэмжлэгч 2020.12.01 гэж, хариуцагч 2021.06.24 гэж маргадаг бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

8.2 Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.  гэж заасан.

Иймд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогчийн Р.Б-ийг байцаагчийн ажлаас чөлөөлсөн тушаалаар нэхэмжлэгч Р.Б нь Н СӨХ-ны байцаагчаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн, дээрх тушаалд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр чөлөөлсөн тухай дурдаагүй, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч Р.Б-ийг Н СӨХ-ны байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор, мөн хуулийн 46 дугаар зүйлийг 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхээр үүрэг болгосныг тус тус үндэслэн эдгээр шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Гэхдээ, нэхэмжлэгчийн цалинг нэг сарын 500 000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэлээ. Учир нь, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаас үзэхэд Р.Б-ийн цалинг нэг сарын 1 050 000-1 150 000 төгрөгийн хооронд тусгасан байх ба зохигч энэ талаар түүний нөхрийн цалинг нэгтгэж Р.Б-ийн нэрээр тайлан гаргадаг гэж тайлбарлаж байх тул талуудын маргаангүй үйл баримтад тулгуурлан нэг сарын цалинг 500 000 төгрөгөөр тооцох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд 2021.09.30-ны өдрөөс 2022.03.18-ны өдөр хүртэл ажлын 114 хоногийн цалин 2 651 162 төгрөг /500 000:21.5*114/-ийг хариуцагч Н СӨХ-ноос гаргуулан нэхэмжлэгч Р.Б-т олгож, үлдэх 1 222 612 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч Р.Б-ийг нэг сарын 500 000 төгрөгийн цалинтай атлаа 2020 оны 12 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хугацаанд 1 050 000-1 075 000 төгрөгийн цалин авч байгууллагад 6 475 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар нотлогдоно гэж тайлбарлаад 2020.12 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг ирүүлсэн. /27-61 ху/

Дээрх баримтаар тухайн хугацаанд Р.Б-ийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1 050 000-1 175 000 төгрөгөөр тодорхойлсон байх боловч зохигч хэн аль нь уг орлогыг Н СӨХ-д хамт ажиллаж байсан түүний нөхрийн цалинг нэгтгээд, Р.Б-ийн орлогоор тодорхойлон шимтгэл төлдөг байсан гэж тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэгч Р.Б 500 000 төгрөгийн үндсэн цалинтай боловч илүү цалин хөлс авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдоно гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байх тул хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлага үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул урьдчилан төлсөн 118 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох 57 369 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б-ийг Н СӨХ-ны байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 651 162 /хоёр сая зургаан зуун тавин нэгэн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг хариуцагч Н СӨХ-ноос гаргуулан нэхэмжлэгч Р.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 222 612 /нэг сая хоёр зуун хорин хоёр мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Н СӨХ-д даалгасугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар хариуцагчийн илүү авсан цалин 6 475 000 төгрөгийг Р.Б-ээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчийн урьдчилан төлсөн 118 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 57 369 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ