| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/00820/И |
| Дугаар | 183/ШШ2022/00788 |
| Огноо | 2022-03-25 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2022/00788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт оршин суух М овогт Т.Б /00000000/,
Хариуцагч- Дархан уул аймаг, ............... тоот хаягт оршин суух И овогт Д.О /00000000/
Нэхэмжлэлийн шаардлага: 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Б,
Хариуцагч Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Од холбогдуулан 700 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ гэр оронгүй үед нь сэтгэл гаргаад гэртээ хагас жил амьдруулсан. Манайд амьдрах хугацаандаа гэрийн ажил, хоол унд хийх, өрөө хөлсөлсөн төлбөрт нэг сард 100 000 төгрөг төлөхөөр тохиролцоод 7 сар амьдарсан тул 700 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
2. Хариуцагч хариу тайлбартаа: 2019 онд Туркийн компанид ажиллаж байхад манайд амьдар, би гэртээ ганцаараа амьдардаг гэсэн санал тавиад би очсон. Очоод хамт амьдрахад таарамжгүй харилцаа үүсэж нэг удаа намайг дуугарсангүй гээд цохиод авсан болохоор би явсан. 2-3 сарын хугацаанд л амьдарсан. Нэг өрөөг нь 100 000 төгрөгөөр хөлслөх талаар бид тохиролцоогүй. Намайг явснаас хойш миний чемодантай хувцсыг өгөхгүй байгаа. Би эд хогшлоо авмаар байна гэв.
3. Нэхэмжлэгчээс, 2019.05.07-ны өдрийн 1073 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Т.Б-ы цахим иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-4 ху/
Хариуцагчаас, ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Д.О-д холбогдуулан 700 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч 2019 оны 2 дугаар сард хариуцагч Д.О-ыг гэртээ амьдруулахаар тохиролцож, Д.О хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг гэрийн ажил хийж, сар бүр 100 000 төгрөгийн байрны хөлс төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд 2019 оны 2 сараас Т.Б-ыд амьдрахдаа гэрийн ажлыг хийж байхаар тохиролцсон. Нэг өрөөг нь 100 000 төгрөгөөр хөлслөх талаар тохиролцоогүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.
4. Талуудын тайлбараар, 2019 оны 2 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч Т.Б-ыд амьдрахаар тохиролцсон. Энэ хугацаандаа хариуцагч Д.О гэр цэвэрлэх, хоол хийх зэрэг гэрийн ажилд туслах үүрэгтэй байсан үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигч нэг байранд хамт амьдарч байсан хугацаа, орон сууц хөлслөх төлбөр тохиролцсон эсэх талаар маргаантай.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагчийг гэртээ амьдруулах, хариуцагч амьдрах хугацаандаа гэрийн ажил хийж байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдох боловч орон сууц хөлслөх төлбөрийг сар бүр 100 000 төгрөг байхаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
гэж тус тус заасан.
Иймд орон сууцны нэг өрөөгөө сар тутам 100 000 төгрөгөөр хөлслүүлсэн болохоо нотлох үүрэг нэхэмжлэгчид хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар Д.О-аас 700 000 төгрөг гаргуулах тухай Т.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ