Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/04024

 

 

 

 

 

 

 

 

 

                              2021        12          03

                      101/ШШ2021/04024

           

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.С,

 

Нэхэмжлэгч: У.И нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Б-д холбогдох, 

 

            Ажил гүйцэтгэсэн хөлсөнд 2,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.И, О.С, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.И, О.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.С би У.Иийн ээж, аав нь нас барсны улмаас түүний хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон юм. У.И маань 2004 оны 04 сарын 05-ны өдөр төрсөн бөгөөд одоо 17 настай. У.И маань 2021.06.09-ний өдрөөс 2021.08.12-ны өдөр дуустал хугацаанд Тэрэлжид барилгын ажил хийсэн. Иргэн Б гэх хүн насанд хүрээгүй У.Иийг уг ажилд авч ажиллуулсан ба өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн хөлс, цалинг нь өгөхгүй, элэг барьж элдэв бусаар доромжилсоор байгаад гомдолтой байна. Миний бие Б гэх хүнтэй уулзаж, хүү У.Иийн цалин хөлсний асуудлыг шийдүүлэхээр Тэрэлжид 3 удаа хувиасаа бензин тос, цаг заваа зарцуулан очсон ба 2 удаад нь тааралдаагүй, 1 удаад нь таарч уулзсан байдаг юм. Гэтэл тэрээр зориуд асуудлыг шийдэхээс зайлсхийж, хэрүүл маргаан үүсгэж надтай хамт очсон миний ээжийг хэл амаар доромжилж, чаддаг юм бол цагдаа шүүхээрээ яваад аваарай гэх замаар харьцаад явуулсан. Учир нь Б насанд хүрээгүй хүнийг удирдаж, ажилд авч барилгын ажил гүйцэтгүүлсэн атлаа аливаа нэг гэрээ хийгээгүй, худлаа мөнгө амлаж, хуурч хүүхдийг хөлсгүй хөдөлмөрлүүлж, хөдөлмөр, хүчийг нь мөлсөн. Мөн насанд хүрээгүй, бүрэн төлөвшөөгүй хүүхдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглүүлсэн зэрэг хууль бус ажиллагаа хийсэн учраас миний бие өөрийн биеэр очсон. У.И Бт итгэж, ажилд орлоо гэж баярлаж, цалингаа хэрхэн зарцуулах талаараа хүртэл төлөвлөж байсан. Гэтэл тэрээр хүүхдийн урмыг хугалж, хуурч, илтэд дээрэлхэж цалин хөлсийг нь ийнхүү өгөхгүй, цаашид хүүхдийн ажил хийхээр мөнгийг нь өгдөггүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлж, хүүхдийн хөдөлмөр эрхлэх гараанд маш муу үр дагавар үүсгэж байна. Буянхишиг У.Иийг 1 өдрийн 50 000 төгрөгөөр тооцон ажиллуулахаар тохиролцож, хүүг 49 хоног ажиллуулсан боловч түүнд ажлын хөлс гэж нэг ч төгрөг өгөөгүй. Ажлын хөлс 2 450 000 /49x50 000/ төгрөг болсон ба мөнгөө авъя гэж гуйсан байдаг ч одоо мөнгөгүй байна, дансаа өгчих хэд хоногоос шилжүүлчихнэ, өнөөдөр маргааш өгнө гэх мэтээр худал хэлж байгаад эцэстээ элдвээр доромжилж байгаа юм гэжээ.

 

Нэхэмжлэгч У.И нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2020 оны 3 сарын эхээр барилга дээр танилцсан. Тэгээд 6 сарын 8-нд Тэрэлжид 5 хоногийн ажил хийлгэнэ гэж авч яваад өдрийн 50,000-р 8 сарын 12-н хүртэл ажиллуулсан. 8 сарын 20-нд мөнгийг чинь өгнө надад мөнгө өгөх хүн хөдөө явсан гээд хойшлуулсан. Гэтэл тэр хүн нь ирээд би Бт өргүй, харин авлагатай гээд бие бие уруугаа чихээд байсан. Тэрнээс хойш уулзаагүй. Анх 100,000 төгрөг авсан. Мөнгөө асуухад дансаа явуулчих гээд алга болдог. 2,450,000 төгрөг нэхнэ. 6 сарын 8-с 8 сарын 12-ны хоорондох ажлын хөлс. Дунд нь заримдаа хот ордог байсан ба нийт 49 хоног ажилласан. Өглөө 8-с орой 10-12 хүртэл ажиллуулж байсан. Хийлгэсэн хүн нь ажлыг нь нураалгадаг байсан. Өдөржин шавартай ажилладаг тул гол орж угаадаг. Намайг 17 хүрчхээд гээд архи уулгасан гэв.

 

Нэхэмжлэгч О.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь надад боломжгүй байна гэж хэлж байсан. Өөр ажил хийж байгаа мөнгөө аваад өгнө гэдэг байсан. Олон удаа хуурсан. Өгнө гээд л хуурсан тул сэтгэл санаанд хохиролтой байна. Өөр газар ажиллаж байсан бол цалингаа авах байсан. Одоо өмсөх хувцасгүй хичээлдээ ч явж чадахгүй байна. Манай ээжийг доромжилсон. Баясаатайгаа нийлж залилсан. Баясаатай ярихад Тэрэлжид ир гэхээр нь очиход хариуцагч байгаагүй. Тэгээд хуулиар явна гэхэд хүрээд ир гэсэн. Манай ээжийг доромжлохоор нь би заамдаж авсан. Тэрнээс биш бүлэглэсэн зүйлгүй. Би маажсан зүйлгүй. Ажил дээрээ байнга согтуу байдаг ба миний хүүд архи уулгуулсан байсан гэв.

 

Хариуцагч О.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биед У.И нь зун ажилласан гэхдээ ажил хийх хугацаанд маш муу ажиллаж надад тусламжийн гараа сунгасан нь ... ... нураасан нэг ... ... бас дэлгүүрийн үүд ... нийлээд 12-15 хоногийн ажил хийлцсэн бусад үед нь ажил хийгээгүй хий гэхээр утсаа оролдоод суудаг нэг харахад гол явсан байдаг за тэр яах уу гээд мөнгийг нь өгий гэсэн би хүнд хоёр талаас ярилцсаны эцэст бригадын ажил хийж байсан ажил нь ч дуусаагүй би мөнгө авч чадаагүй учир өөрөө чамд ... ажлаас гаргаж ... гэсэн би машинаа эвдсэн байсан учир эхний хийсэн ажлаар янзалсан тэгээд 2 ажлаа орохын өмнө Иийн ээж С нь над уруу залгахад Монгол хүн байна даа гээд учраа тайлбарлаж хэлсэн за за гэж байж байтал ээж эмээтэйгээ ирж намайг доромжилж үхвэл амийг чинь хэн нэхэх вэ гэж хүзүү ам баахан урж баахан бичлэг зураг дарсан би бичлэг хийж буйг өөрийн нүдээр харсан тэгээд хүн баахан хэл амаар доромжилж зодсоноо налайх дүүрэгт зодсон гэж өргөдөл өглөө гэсэн над уруу ярьсан хүн тийм байж болох уу. Хүн баахан зодож хэл амаар доромжлон явснаа цагдаад өргөдөл өгөөд би наад хүмүүс чинь намайг зодож явсан дэлгүүрийн бичлэг байна гэсэн чинь утсаа тасалсан тэгээд С эгч эмээ хоёрыгоо би И надаас уучлал гуй зураг бичлэгээ өгөөд мөнгөө ав гэж хэлээд надаас уучлал гуйгаагүй таг болж байснаа өвөлдөө ажил хийдэг манаач найз нөхдүүдэд баахан худлаа юм ярьж миний бие ажилгүй байна. Одоо би ... мөнгө өгөхгүй гэж хэлээгүй зураг бичлэг надаас уучлал гуйлга гэж мөнгөтэй байх үедээ хэлсэн. Одоо бол улирлын шинжтэй ажил хийдэг учир надад өгөх боломжгүй байна. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ... бичлэгээс болж хийх ёстой ажлаа алдаж өөр бага мөнгө олдог ажил хийж байна. И миний тавьсан зураг бичлэг эмээ ээж 2 уучлал гуйлаг бол би дулаан орохоор өгч болно. 2,000,000 төгрөгийг барагдуулж болно.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Над дээр ажиллаж байх үедээ өглөө босдоггүй. Утсаа оролдоод сууж байдаг. Агуулахад пиво уугаад сууж байдаг байсан. Тодорхой хэмжээний ажил хийсэн нь үнэн. Би ажил хийж байгаад мөнгийг чинь өгнө гэсэн. Гэтэл ирээд хэрүүл хийгээд доромжилж нүүр урсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан байсан. Тэгээд над уруу залгаад тэгээд алга болсон. Нүүр урсан тул мөнгийг нь өгөхгүй гэж хэлсэн. Надаас уучлалт гуйгаад бичлэгээ өгвөл мөнгийг нь өгнө гэсэн. Нүүр урж хувцас урсан бичлэг нь байгаа. 10 гаруй хоног ажил хийсэн. Хийсэн ажилд нь ихдээ л 500 000 төгрөг л тооцогдоно. Гэхдээ 2 саяыг өгч болно. Надаа зураг бичлэгээ авчирч өгөөд уучлалт гуйвал 2 саяыг өгнө. Өдрийн 50 000 төгрөгөөр тохирсон. Нэхэмжлэгч нь 6 сарын 8-ны өдөр хавьцаа ажил дээр очсон. 8 сарын 10-ны хувьцаа бүр больсон. Дундуур нь нийтдээ 17-18 хоног ирээгүй. Бусад үедээ ажил дээр байсан. Бичлэг нь байгаа юман дээр арьсаа хамгаалаад байна. И нь угаасаа уудаг өөрөө хүсэж архи уусан. И нь ажлын байранд дээр 45 хоног байсан. Би 100,000 төгрөг өгсөн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.И, О.С нар нь ажил гүйцэтгэсэн хөлсөнд 2,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Б нь нэхэмжлэгчийг тодорхой хугацаанд ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй боловч ажлын байран дээр ажил хийхгүй, өөр зүйл хийх нь их байсан. Улмаар хэдийгээр 500,000 төгрөг орчмын ажил гүйцэтгэсэн боловч 2,000,000 төгрөгийн хөлс төлөхийг зөвшөөрч, ингэхдээ уучлалт гуйж, бичлэг болон зураг буцаан өгөх болзол тавьж байна.

 

Шүүх нэхэмжлэгч нарын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, улмаар үзлэгийг эхлүүлсэн. Гэвч шүүхэд ирүүлсэн СиДи нь гэмтлийн улмаас үзлэг хийх, тэмдэглэл хөтлөх боломжгүй байна. Улмаар нэхэмжлэгч нар дахин СиДи ирүүлэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийгдсэн гэж үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. /баримтыг хавсаргасан/

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид харилцан тохиролцож, бичгээр гэрээ хийлгүйгээр хариуцагч О.Б нь нэхэмжлэгч У.Иийг өөрийн гүйцэтгэж байсан барилгын ажилд хөлс төлөхөөр амлаж ажиллуулсан үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд нэхэмжлэгч У.И болон хариуцагч О.Б нарын хооронд Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч нь хөлс төлөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэсэн ажлын үр дүн шаардахгүй.

 

Нэхэмжлэгч У.И нь 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, одоо 17 нас 8 сартай байна. Иймд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар өөрийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг шүүхэд хамгаалах эрхтэй. /хэргийн 6 дугаар тал/

Нэхэмжлэгч О.С нь нэхэмжлэгч У.Иийн асран хамгаалагч болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 369 дүгээр захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.И, түүний асран хамгаалагч буюу нэхэмжлэгч О.С нар оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг зөрчөөгүй бөгөөд шүүх мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзсэн.

 

Зохигчид нэг хоногийн ажлын хөлсийг 50,000 төгрөгөөр тохиролцсон талаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нар 49 хоног ажилласан гэж тайлбарласан бол хариуцагч нь 45 хоног ажилласан гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Нэхэмжлэгч нар нь 49 хоног ажилласан гэх тайлбараа нотолж чадаагүй тул хариуцагчийн зөвшөөрснөөр нэхэмжлэгч У.Иийг 45 хоног ажилласан гэж үзэх нь зүйтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч У.Иийг ажлын байран дээр байсан боловч ажил үүргээ бүрэн гүйцэтгэдэггүй гэж маргаж байх боловч өөрийн тайлбарыг нотлоогүй. Түүнчлэн зохигчдын тайлбараас үзэхэд ажлын хөлсийг хоногоор тохиролцсон, өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлээр тохиролцоогүй байх тул хариуцагч нь хоногт 50,000 төгрөг төлөх үүрэгтэй. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээгээр ажлын үр дүн бус харин тухайн ажлыг гүйцэтгэсэн эсэх нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд хамаарна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөх ажлын хөлсийг тооцвол 2,250,000 /50,000*45/ төгрөг байна.

Үүнээс зохигчдын маргаагүй урьдчилж авсан хөлс болох 100,000 төгрөгийг хасвал хариуцагч нь 2,150,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 2,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Ит олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.Сгийн хувьд хариуцагч О.Бтэй Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд ороогүй болох нь зохигч хэн алины тайлбараар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч О.Сд хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Үүнээс гадна хариуцагчийн уучлалт гуйх, зураг, бичлэг буцаан олгох тухай тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бөгөөд зарим хэсэг нь шүүх хянан шийдвэрлэх асуудал биш байх тул дүгнэлт өгөхгүй боломжгүй юм.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийн хувьд хариуцагчаас гаргуулах хэсгийг асран хамгаалагч бөгөөд хураамжийг төлсөн этгээд тул нэхэмжлэгч О.Сд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 166, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч О.Бээс хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Ит олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч О.Сгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Сд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД