Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                                Хохирогч Д.Наранцацрал  

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

                                Иргэдийн төлөөлөгч М.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн 201610000145 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1989 оны 07 дугаар сарын 28-нд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Хэнтий аймаг Дархан сум 5 дугаар баг, Бор-Өндөр 2 дугаар хэсэг, 46 дугаар байрны 43 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Цоор овогт Энхтуяагийн Энхмандах /РД: ЕВ89072811/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Энхмандах нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг Бийрийн хошуу гэх газарт хохирогч Д.Баатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Энхмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаач ахыг зүүн шанаанд нь 2 удаа гараараа цохисон, зүүн нүдэнд нь 1 удаа хальт өшиглөсөн. Энэ олон гэмтэл миний цохилтоос болж үүсэх боломжгүй. Намайг гэр лүүгээ явсны дараа тэд маргалдаж, муудалцсан асуудал байж магадгүй гэж боддог. Талийгаачтай муудахдаа би ямар ч иртэй, хурц зүйл бариагүй. Тухайн үед Ганхуяг, Эрдэнэбат нар өглөө 07 цагт газар унтаж байсан хүнийг ор луу өргөж гаргахдаа ухаангүй гэдгийг мэдэж, мэдсэн даруйдаа цагдаа, эмнэлэгт ямар нэгэн байдлаар мэдэгдсэн бол талийгаачийн амь насыг аврах боломжтой байсан. Би 15 цагийн үед Баатар ахыг ухаангүй байгааг мэдсэн даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би талийгаачийн үхэлд буруугүй гэж бодож байна гэв.

 

Хохирогч Д.Наранцацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Талийгаачийн хоёр хүүхдийг сайн харж яваарай л гэж хэлмээр байна гэв.

 

Шүүгдэгч Э.Энхмандахын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... Баатар ах нилээд согтсон байсан. Би Баатар ах согтуу байна, архи өгөх хэрэггүй гэж хэлэхэд Баатар ах чамд хамаагүй би өөрийнхөө ухааныг мэдэж байна гэж хэлсэн. ... Баатар ах босч ирээд намайг гараад ир уулзая гэсэн тэгэхэд би хоёр гараараа цээж рүү нь түлхсэн Баатар ах орны тийшээ нуруугаараа унасан. Баатар ах босч ирээд намайг гэндүүлж байгаад миний зүүн шанаанд нэг удаа баруун гараараа цохисон. Би зөрүүлээд баруун гараараа Баатар ахын зүүн талын шанаанд цохисон. Тэгэхэд Баатар ах газарт суусан. Би суучихсан байхад нь Баатар ахын нүүр лүү нэг удаа өшиглөсөн, Баатар ах хойшоо саваад унасан, нүүр амнаас нь цус гарсан ... гэсэн мэдүүлэг /хх 88-92/,

 

Хохирогч Д.Наранцацралын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай том охин Лхасүрэн над руу залгаад Эрдэнэбат ахын ах болох Очироо манай гэрт орж ирээд аав чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд Энхмандахын төрсөн ах Энхбат руу залгаад Баатар ах чинь Эрдэнэбатын гэрт ухаангүй байна гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг /хх 21-23/,

 

Гэрч Ц.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... Энхмандах Баатар ахаа та одоо харих болоогүй юу гэхэд чи муу дуугүй бай, чамаар дуугаа хориулахгүй, чи муу зулзага шүү дээ гээд байсан. Энхмандахыг гэрийн үүдэнд явах гээд зогсож байхад Баатар босч очоод Энхмандахын нүүрэнд нэг удаа цохисон. Энхмандах Баатарын толгой, нүүрэн тус газар олон удаа цохисон, зууралдаад пийшин дээр унасан. ... Баатар гэрийн баруун талын орны доод талд сууж байхад Энхмандах тойрч очоод Баатарын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн, Баатар газарт унахад нүүр, толгойн тус газарт нилээд олон удаа цохисон. ... Баатар хурхираад унтаад л байсан. Маргааш өглөө Эрдэнэбат нь Баатарыг Баатараа баруун ор дээр гарч хэвт гэж хэлэхэд тэрээр юм дуугараагүй, амаа ангайгаад хурхираад унтаад байсан. ... бид хоёр нийлж Баатарыг өргөж баруун ор дээр хэвтүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх 26-28, 237-238/,

 

Гэрч И.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... манай гэрт тал шил архи хувааж ууж дуусгаад миний өвөрт байсан шилтэй архийг хувааж уусан. Нэг мэдэхэд л Баатар Энхмандахад зодуулчихсан гэрийн баруун орны тэнд цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Энхмандах миний харахын Баатарын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байсан. ... өглөө Хуяг надад Энхмандах, Баатар хоёр муудалцсан талаар хэлсэн. Бид 2 талийгаачийг ор луу гарч унт гэхэд хурхираад унтаад байсан. Бид хоёр түүнийг баруун орон дээр өргөж гаргасан ... гэсэн мэдүүлэг /хх 29-31, 235-236/,

 

Гэрч Э.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Энхмандах ахыг гарах гээд бостол Баатар ах Энхмандах ахыг араас нь татсан Энхмандах ах Баатар ахыг түлхээд унагасан. Баатар ах босч ирээд Энхмандах ахыг хоёр хөлнөөс нь хамаж унагахад айлын зуухан дээр Энхмандах ах очиж унасан дээрээс нь Баатар ах дараад унасан ... Баатар ах Энхмандах ахад хандаж ах нь чамтай юм яръя, ах нь чамайг яах ч үгүй гэж хэлснээ Энхмандах ахыг шууд зүүн талынх нь шанаанд нэг удаа гараараа цохисон. Энхмандах ах цааш нь түлхээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохихоор нь би очиж салгачихаад Энхмандах ахыг гэрийн зүүн талын орон дээр суулгасан ... гэсэн мэдүүлэг /хх 40-42/,

 

Гэрч Л.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Талийгаач Баатар нь манай гэрийн баруун орон дээр дээш хараад хэвтэж байсан. Хамрынх нь хэсгээр хатсан цус байсан. Мөн гэрийн баруун орны урд талынх нь модон хэсэг цус болсон, гэрийн баруун урд талд шалны хулдаасан дээр хэсэг газар цус болсон байсан ... гэсэн мэдүүлэг /хх 73/,

 

Гэрч Б.Өрнөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...  Баатар ах, Энхмандах ах хоёр муудалцсан. Дүү бид хоёр гэрээс айгаад гараад явсан, гэрийн гадаа байж байхад Энхмандах ахын хашгирах чимээ л гараад байсан. Тэгээд нэг мэдэхэд л Энхмандах ах явчихсан байсан ... Энхмандах ах явсны дараа намайг гэрт ороход л Баатар ах орны баруун урд талд хэвтэж байсан. … гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 12-14/,

 

Гэрч Г.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Баатар нь Эрдэнэбатын гэрийн баруун орон дээр дээшээ харсан байдалтай, дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн, толгой орой нь гэрийн хоймор тал руугаа харсан хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Ямар нэгэн үг хэлээгүй, их л амьсгаатай байх шиг надад санагдсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх 139-140/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Дайсэцэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... нилээн орой болж байхад Бөгөн хочтой Болдбаатар ах, Энхмандах ах, Баатар ах, Эрдэнэбат ах, Энхмандах ахын төрсөн дүү Отгонбаяр гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирсэн. ... тэд нар гэр дотор архи уугаад байх шиг байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх 148-149/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Дөлгөөн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... нилээн орой гэгээ тасарч байхад Эрдэнэбат ах, танихгүй 4 ахын хамт гэртээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Гэр дотор байсан хүмүүс муудалцсан талаар мэдээгүй. Гэр дотор орж ирэхэд нэг танихгүй ах гэрийн баруун орны урд хэвтэж байсан. Эрдэнэбат ах, Ганхуяг ах хоёр л гэрт үлдсэн байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх 150-151/,

 

Гэрч Д.Батчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Баатар гэх хүн ухаангүй гадуур хувцастайгаа орон дээр хэвтэж байсан. Анхны үзлэг хийхэд даралт нь их, аль нэг талынх нь хацар хавдартай зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 01/,

 

Гэрч Б.Баярмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Баатар гэх хүний биеийн байдал нилээн хүнд хүргэгдэж ирсэн. Ирэхдээ ухаангүй, хүнд зодуулсан байдалтай, зүүн талын хацар нь хавдаж бага зэрэг зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 2-3/,

 

Гэрч Д.Гантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас Д.Баатар гэдэг хүн ухаангүй хүргэгдэж ирээд ... шинжилгээг үндэслэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал хавагнал, хатуу хальсан доорх цусан хураа, глазко 3 балл /ухаантай, ухаангүйг шалгадаг/ гэсэн онош тавигдсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 05-06/,  

 

Гэрч Х.Эрдэнэбулган мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас мотоциклоос унасан гэсэн Д.Баатар гэх 38 настай эрэгтэй хүн ухаангүй, орчны харьцаагүй, биеийн байдал маш хүнд, глазго 3 /тархины үхэл/ байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 8-9/,

 

Гэрч Т.Гантамир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумын эмнэлгээс 38 настай, эрэгтэй Дорж-Осорын Баатар гэх хүн ухаангүй биеийн байдал маш хүнд хүргэгдэж ирсэн. ... тархины комын глазгогийн үнэлгээ нь 3 балл болчихсон, тархины үхэл болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх 10-11/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. Амь хохирогч Д.Баатарын цогцост тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа. Баруун хацар ясны далд хугарал. Зүүн зовхи, баруун эгэм, хэвлий баруун хэсэг, зүүн бугалга, зүүн сарвууны цус хуралт, зовхи, хацар, зүүн сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Амь хохирогч Д.Баатарын цогцост үүссэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг ба амь хохирогчийн хувьд дээрх гэмтэл нь үхэлд хүргэсэн шалтгаан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Баруун хацар ясны дулд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт. Зүүн зовхи, баруун эгэм, хэвлийн баруун хэсэг, зүүн бугалга, зүүн сарвууны цус хуралт. Зүүн зовхи, хацар, зүүн сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

4. Амь хохирогч Д.Баатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч Д.Баатар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.

6. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн зүйл илрээгүй байна.

7. Амь хохирогчийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

8. Амь хохирогч Д.Баатар нь дээрх гэмтлийг аваад идэвхитэй үйлдэл хийх боломжтой ба гэмтсэн судасны хэмжээ, цусан хурааны хэмжээ зэргээс хамаараад яг хэр удаан хугацаанд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ /хх 105-106/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3446 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэмний баруун ханцуйг залгах оёдол 6 см, баруун мөрний залгаас оёдол 3.5 см, зүүн хажуу залгаас оёдолд 6 см, зүүн энгэрийн дээд залгаас оёдол хэсэгт 3.5 см, малгайтай цамцны малгайн ирмэг оёдолд 12 мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхайнууд байна. Цэнхэр хүрэмний баруун ханцуйг залгах оёдол, цамцны малгайн ирмэг оёдол хэсэгт гарсан ханзарсан уранхайнууд нь шинээр гарсан, харин бусад уранхайнууд нь хуучин байна.

2. Хүрэмний зүүн халаасны орчим гарсан 4х4 мм, ар талд гарсан 4,3х1см, 5х4 мм, 2х3,5 см  хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан гогдсон хуучин уранхай байна.

3. Хүрэмний баруун ханцуйнд 8 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүссэн уранхай байна.

4. Хүрмэнд 9х3 мм, 10х5 мм, 18х6 мм, 25х10 мм, 15х5 мм, 8х3 мм, 8х2 мм, 8х8 мм, 10х5 мм, 5х3 мм, малгайтай цамцанд 2,6х1,2 см, 12,5 см, 15х3 мм, 2х1 см, өмдөнд 8,5х1,5 см, 1,5х0,5 см, 3х8 мм, 4х1 см, 1х2,5 см, 1х3,5 см, 1,8х0,5 см, 2,5х1 см, 2х1,3 см, 7х3 мм, 1,1х2,5 см, 2х7 мм хэмжээтэй уранхайнууд, хар гутлын баруун өмсгөлд 16х10,5 см, 8х16 см, 13х7 см талбайд гарсан халцралт, зүүн өмсгөлд 30х12 см, 8х7,5 см талбайд гарсан халцралт тус тус эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт, халцралт байна.

5. Дээрх уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ /1-р хх 119-124/,

 

Шүүхийн шинжэилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3447 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн дээлний энгэрийн 3 ширхэг, ташааны 1 ширхэг шилбэ, баруун суганы залгаас оёдолд гарсан 8 см уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарч, ханзарсан байна. Энгэрийн 1 гэж дугаарласан шилбэ, баруун суганы залгаас оёдолд орсон 8 см ханзарсан уранхай эхний 2,5 см хэсэг шинэ, харин бусад тасарсан шилбэний ором мөр, суганы 8 см хэмжээтэй ханзарсан уранхайн үлдсэн 5,5 см хэсгийн хуучин байна. Дээлний энгэр хэсэг, хормой хэсэгт хатуу үзүүртэй зүйлээр гарсан цоорхой хуучин уранхайнууд байна.  

2. Ягаан өнгийн хувцас ханцуйтай цамцанд хормой хэсэгт 2 см хэмжээтэй 2 ширхэг, зүүн шугаманд 12х8 мм хэмжээтэй 1 ширхэг халалтын хүчин зүйлээр гарсан цоорсон хуучин уранхай банйа. харин өмдний зүүн шугаманд 3,5 см хэмжээтэй хөндлөн байрлалтай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүссэн хуучин уранхай байна.

3. Цагаан саарал өнгийн өмдний баруун шугаманд 5х5 мм хэмжээтэй 2 ширхэг, зүүн шугаманд 12х8 мм хэмжээтэй 1 ширхэг халалтын хүчин зүйлээр гарсан цоорсон хуучин уранхай байна. Харин өмдний зүүн шуумаганд 3,5 см хэмжээтэй хөндлөн байрлалтай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүссэн хуучин уранхай байна.

4. Урт түрийтэй хар гутлын баруун хөлийн толгойн дээд талд 6 см хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зураасан мөр байна. Харин зүүн хөлийн түрүүний залгаас оёдолд татаж чангаах хүний үйлчлэлээр гарсан хуучин ханзарсан уранхай байна.

5. Дээрх хуучин уранхайнууд, шинэ ханзарсан уранхайнуудыг хэдэн удаагийн үйчлэлэээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Харин зүссэн шинэ уранхайг харьцуулах загвар ирүүлсэн тохиолдолд хэдэн удаагийн үйчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжтой гэжээ /хх 126-127/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4509 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

Сэжигтэн Э.Энхмандахын гэх ... цагаан өнгийн дотортой хромон гутал, саарал өнгийн бэлтгэлийн цамц зэрэгт цус илэрч байна. Цагаан өнгийн дотортой хромон гуталд илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Саарал өнгийн бэлтголийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цусны ДНХ-ийг тогтоцыг D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. Саарал өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Д.Баатарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ /хх 134-135/,

 

Шүүх сэтгэц гэм судлалын 06 дугаарт магадлагаанд:

  1. Э.Энхмандах нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна.
  2. Э.Энхмандах нь одоо илэрхий сэтгэцийн эмгэггүй байна.
  3. Э.Энхмандах нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ /хх 131-132/,

 

         Шинжээч Э.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Задлан шинжилгээний явцад тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун хацар ясны далд хугарал зүүн зовхи, баруун эгэм, хэвлийн баруун хэсэг, зүүн бугалга зүүн сарвууны цус хуралт, зүүн зовхи, хацар, зүүн сарвууны зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Амь хохирогч Д.Баатар нь дээрх гэмтлүүдийн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан. Уг гэмтлийг авсанаас хойш хүн ухамсарт үйлдэл хийх боломжтой, харин хэр удаан хугацаанд ухамсарт үйлдэл хийх боломжтой нь хатуу хальсан дахь гэмтсэн судасны хэмжээ, цусан хурааны хэмжээ мөн хувь хүний биеийн онцлогоос хамаарч өөр, өөр байх тул тодорхой цаг хугацаа хэлэх боломжгүй. Амь хохирогч Д.Баатар уг гэмтлийг авсанаас хойш дээрх үйлдлүүдийг хийх боломжтой. Дээр хэлсэнчлэн гэмтсэн судасны хэмжээ нь их байвал цусан хураа нь хурдан үүсэж амьд байх хугацаа богинохон байна. Гэмтсэн судасны хэмжээ нь бага байх тусмаа амьд байх хугацаа нь уртасна. Дээрх гэмтэл нь цэвэр гэмтлийн гаралтай үүсгэгддэг гэмтэл ба хатуу мохоо зүйлийн хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь зөвхөн тархины хатуу хальсны дээр, доор үүсдэг гэмтэл хүний биеийн өөр хаана ч гематом үүсдэггүй хүний толгойн аль ч хэсэгт цохих, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл ... гэсэн мэдүүлэг /хх 231-232/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 11-12, 14-15/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 210/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч Э.Энхмандах нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг Бээрийн хошуу гэх газарт хохирогч Д.Баатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодсоны улмаас хохирогч тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл авч, гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Энхмандах шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ... би талийгаач ахыг зүүн шанаанд нь 2 удаа гараараа цохисон, зүүн нүдэнд нь 1 удаа хальт өшиглөсөн... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Наранцацрал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... манай том охин Лхасүрэн над руу залгаад Эрдэнэбат ахын ах болох Очироо манай гэрт орж ирээд аав чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ганхуяг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Энхмандах Баатарын толгой, нүүрэн тус газар олон удаа цохисон, зууралдаад пийшин дээр унасан. ... Баатар гэрийн баруун талын орны доод талд сууж байхад Энхмандах тойрч очоод Баатарын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн, Баатар газарт унахад нүүр, толгойн тус газарт нилээд олон удаа цохисон. ... гэсэн мэдүүлэг, гэрч И.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Баатар Энхмандахад зодуулчихсан гэрийн баруун орны тэнд цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Энхмандах миний харахын Баатарын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Отгонбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Баатар ах Энхмандах ахыг араас нь татсан Энхмандах ах Баатар ахыг түлхээд унагасан. Баатар ах Энхмандах ахыг шууд зүүн талынх нь шанаанд нэг удаа гараараа цохисон. Энхмандах ах цааш нь түлхээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохихоор нь би очиж салгасан ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Баттогтох мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Талийгаач Баатар нь манай гэрийн баруун орон дээр дээш хараад хэвтэж байсан. Хамрынх нь хэсгээр хатсан цус байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Өрнөхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...  Баатар ах, Энхмандах ах хоёр муудалцсан. Энхмандах ахын хашгирах чимээ л гараад байсан. ... Энхмандах ах явсны дараа намайг гэрт ороход л Баатар ах орны баруун урд талд хэвтэж байсан. … гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Баатар нь Эрдэнэбатын гэрийн баруун орон дээр дээшээ харсан байдалтай, дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн, толгой орой нь гэрийн хоймор тал руугаа харсан хөдөлгөөнгүй хэвтээд байсан. ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Дайсэцэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... нилээн орой болж байхад Бөгөн хочтой Болдбаатар ах, Энхмандах ах, Баатар ах, Эрдэнэбат ах, Энхмандах ахын төрсөн дүү Отгонбаяр гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирсэн ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Дөлгөөн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Гэр дотор орж ирэхэд нэг танихгүй ах гэрийн баруун орны урд хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Батчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Баатар гэх хүн ухаангүй гадуур хувцастайгаа орон дээр хэвтэж байсан. Анхны үзлэг хийхэд даралт нь их, аль нэг талынх нь хацар хавдартай зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Баярмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Д.Баатар гэх хүний биеийн байдал нилээн хүнд хүргэгдэж ирсэн. Ирэхдээ ухаангүй, хүнд зодуулсан байдалтай, зүүн талын хацар нь хавдаж бага зэрэг зулгарсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Гантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас Д.Баатар гэдэг хүн ухаангүй хүргэгдэж ирээд ... шинжилгээг үндэслэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал хавагнал, хатуу хальсан доорх цусан хураа, глазко 3 балл /ухаантай, ухаангүйг шалгадаг/ гэсэн онош тавигдсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Х.Эрдэнэбулган мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Даланжаргалан сумаас мотоциклоос унасан гэсэн Д.Баатар гэх 38 настай эрэгтэй хүн ухаангүй, орчны харьцаагүй, биеийн байдал маш хүнд, глазго 3 /тархины үхэл/ байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Гантамир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Баатар гэх хүн ухаангүй биеийн байдал маш хүнд хүргэгдэж ирсэн. ... тархины комын глазгогийн үнэлгээ нь 3 балл болчихсон, тархины үхэл болчихсон байсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Амь хохирогч Д.Баатарын цогцост тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа ... гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч Д.Баатарын цогцост үүссэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг ба амь хохирогчийн хувьд дээрх гэмтэл нь үхэлд хүргэсэн шалтгаан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ... Амь хохирогч Д.Баатар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна ... гэжээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4509 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... сэжигтэн Э.Энхмандахын гэх ... цагаан өнгийн дотортой хромон гутал, саарал өнгийн бэлтгэлийн цамц зэрэгт цус илэрч байна. ... Саарал өнгийн бэлтгэлийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, VWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Д.Баатарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ... гэжээ,          шинжээч Э.Анхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Амь хохирогч Д.Баатар нь дээрх гэмтлүүдийн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан. Уг гэмтлийг авсанаас хойш хүн ухамсарт үйлдэл хийх боломжтой .... Дээрх гэмтэл нь зөвхөн тархины хатуу хальсны дээр, доор үүсдэг гэмтэл хүний биеийн өөр хаана ч гематом үүсдэггүй хүний толгойн аль ч хэсэгт цохих, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл ... гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхмандах нь би талийгаач ахыг зүүн шанаанд нь 2 удаа гараараа цохисон, зүүн нүдэнд нь 1 удаа хальт өшиглөсөн. Энэ олон гэмтэл миний цохилтоос болж үүсэх боломжгүй, талийгаачийн үхэлд буруугүй гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Э.Энхмандахыг талийгаач Баатарын биед хүнд гэмтэл учруулсан, талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулах талаар тайлбар гаргасан нь шүүгдэгч Э.Энхмандахын ... Би зөрүүлээд баруун гараараа Баатар ахын зүүн талын шанаанд цохисон. Би суучихсан байхад нь Баатар ахын нүүр лүү нэг удаа өшиглөсөн, Баатар ах хойшоо саваад унасан, нүүр амнаас нь цус гарсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ганхуягийн ... Баатар гэрийн баруун талын орны доод талд сууж байхад Энхмандах тойрч очоод Баатарын нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн, Баатар газарт унахад нүүр, толгойн тус газарт нилээд олон удаа цохисон. ... гэсэн мэдүүлэг, гэрч И.Эрдэнэбатын  ... Энхмандах миний харахын Баатарын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаарт шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Э.Анхбаярын ... дээрх гэмтэл нь зөвхөн тархины хатуу хальсны дээр, доор үүсдэг гэмтэл хүний биеийн өөр хаана ч гематом үүсдэггүй хүний толгойн аль ч хэсэгт цохих, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл ... гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.  

 

Иймд шүүгдэгч Э.Энхмандахыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Наранцацрал нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Э.Энхмандахын цагдан хоригдсон 367 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн малгайтай куртик, Т90 гэсэн улаан бичигтэй, саарал өнгийн малгайтай эрэгтэй цамц, цайвар цагаан өнгийн жинсэн өмд, хар өнгийн хромон гутал 1 хос, цагаан цэнхэр оймс 1 хос, улаан өнгийн дөрвөлжин хээтэй хөлийн ороолт 2 ширхэг, 0,75 литрийн Монгол стандарт архины шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.     

 

Шүүхээс шүүгдэгч Э.Энхмандахыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цоор овогт Энхтуяагийн Энхмандахыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цоор овогт Энхтуяагийн Энхмандахыг 7 / долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхмандахад оногдуулсан 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхмандахын цагдан хоригдсон 367 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Шүүгдэгч Э.Энхмандах нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн малгайтай куртик, Т90 гэсэн улаан бичигтэй, саарал өнгийн малгайтай эрэгтэй цамц, цайвар цагаан өнгийн жинсэн өмд, хар өнгийн хромон гутал 1 хос, цагаан цэнхэр оймс 1 хос, улаан өнгийн дөрвөлжин хээтэй хөлийн ороолт 2 ширхэг, 0,75 литрийн Монгол стандарт архины шил 2 ширхэг зэргийг устгасугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энхмандахад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    

                                     ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД

                                         ШҮҮГЧИД                                    Н.АДЪЯА

                                                                                               

 Д.АДЪЯАСҮРЭН