Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/04036

 

 

 

 

 

 

 

   2021       12          06                                    101/ШШ2021/04036

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,341,291.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатарын А нь 2017 оны 07 сарын 21-ний өдөр Г банктай ЗГ/240676877 зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 3,000,000.00 /Гурван сая/ төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт 24 сарын хугацаатай авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь ЗГ/240676877 тоот Кредит картын гэрээний хугацаа 2019 оны 07 сарын 21- ний өдөр дууссан боловч үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг төлөхгүй 391 хоногоор хугацаа хэтрүүлж байгаа бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт төлөх дүн дараах байдалтай байна.

Зээл, зээлийн хүүгийн төлбөр

олгосон

төлсөн

үлдэгдэл

Үндсэн зээл

Бэлэн гүйлгээ

9,650,000.00

8,156,445.73

1,493,554.27

Бэлэн бус гүйлгээ

3,808,215.00

2,832,048.63

976,166.37

Бэлэн ба бэлэн бус гүйлгээний жилийн хураамж

71,100.00

71,100.00

 

Нийт

13,529,315.00

11,059,594.36

2,469,720.64

Хүүгийн төлбөр

Бэлэн зарцуулалтын хүү

2,847,055.61

1,655,746.95

1,191,308.66

Бэлэн бус зарцуулалтын хүү

1,107,188.29

818,599.19

288,589.10

Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү

538,813.25

213,259.30

325,553.95

Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү

232,025.20

165,906.25

66,118.95

Нийт

4,725,082.35

2,853,511.69

1,871,570.66

Нийт дүн

18,254,397.35

13,913,106.05

4,341,291.30

 

Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг сарын 2.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2017.12.01-ний өдрөөс хойш зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 232,025.20 төгрөг бодогдсоноос 165,0906.25 төгрөгийн төлөлт хийгдэж 66,918.95 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу зээлийн төлбөрийг cap бүрийн 15-с өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2017.12.09-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 538,813.25 төгрөг бодогдсоноос 213,259.30 төгрөгийн төлөлт хийгдэж 325,553.95 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд ЗГ/240676877 тоот Кредит картын гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул Г банк нэхэмжлэл гаргаж байна. С.А-аас Г банктай байгуулсан ЗГ/240676877 тоот Кредит картын гэрээний үүрэгт 4,341,291.30 /Дорвон сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г банканд олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүсэлттэй танилцсан. 6 сарын хугацаа өгч болно. Хариуцагч нь 2017.7.21-нд 3 саяын эрхтэй зээлийн карт авсан. Гэрээ 2019.7.21-нд гэрээний хугацаа дууссан. Нийт 4,341,291.30 төгрөг нэхнэ гэв.

 

Хариуцагч С.А нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г банкнаас надад гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би бие муутай сахар маань 18,9 бүхэл хүрч босож чадахгүй дайвалзаад, зүрх салгалаад байгаа учир уг асуудлыг надгүйгээр шийдээд өгнө үү. Мөн энэ өвчнөөс болоод хил гааль хаасантай холбоотой хийдэг наймаа маань зогсонги байдалтай байгааг харгалзан үзэж надад сар сардаа багаар төлөх боломж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4,341,291.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.А нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдөр зээлийн картын ЗГ/240676877 дугаартай гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийн эрх олгож, бэлэн бус мөнгөний гүйлгээнд 2 хувь, бэлэн мөнгөний гүйлгээнд 3,5 хувийн хүү төлөхөөр тохиролцож 2 жилийн хугацаатай байгуулжээ. /хэргийн 7-9 дүгээр тал/

Улмаар гэрээний дагуу зээл олгогдож байсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 25-27 дугаар тал/

 

Хариуцагч нь дээрх үйл баримт болон үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцооллын талаар маргаагүй, зөвшөөрсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй.

Гэвч хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн байх ёстой.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгосон зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой бөгөөд эрх хэтрүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн зээлийн эрх хэтрүүлэх гэдэг нь тухайн цаг хугацаанд гэрээнд заасан хэмжээнээс их хэмжээний зээлийн үлдэгдэлтэй байхыг ойлгох бөгөөд үүнд зээлдүүлэгч хяналт тавих үүрэгтэй.

Зээлийн дансны хуулганаас үзэхэд тухайн цаг хугацаанд 3,000,000 төгрөгөөс илүү зээлийн үлдэгдэлтэй байгаагүй бөгөөд харин зарим тохиолдолд хүү нэмэгдэж тооцогдсоноор 3,000,000 төгрөг давсан үлдэгдэлтэй гэж харагдаж байна.

Гэвч зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг ашиглуулах харилцаа бөгөөд хүү нь олгосон зээл биш, олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны төлбөр юм.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь эрх хэтрүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Иймд хариуцагч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй, зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,275,172.35 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 66,118.95 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч С.А-аас 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн картын ЗГ/240676877 дугаартай гэрээний үүрэгт нийт 4,275,172.35 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,118.95 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83,352.76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД