Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/04151

 

 

 

 

 

 

 

 

   2021       12          13                                    101/ШШ2021/04151

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б-д холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 8,118,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, гэрч А.Б, Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н.Б нь “*******” ХХК-тай 01701861 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Портер маркийн ...... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулж барьцаалан, Н.Б мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд барьцаат зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцсон боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,300,000 төгрөг, хүү 3,168,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг нийт 8,118,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Н.Б үүрэг гүйцэтгэх хугацааг 720 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Барьцаат зээлийн гэрээний 1.2.7-д зааснаар “Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх’’-ийг ойлгох ба зээлдэгч зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Зээлдэгч Н.Б барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Иймд Н.Баас 2017-12-13-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,300,000 төгрөг, хүү 3,168,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг нийт 8,118,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Портер маркийн ........ УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж энэ тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.12.13-нд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээ байгуулж 3 300 000 төгрөг авсан. Машин барьцаалж мөнгийг хүлээн авсан. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй. Хариуцагч нь зээлийн гэрээг 2 удаа сунгасан. Төлнө гэсэн боловч төлөөгүй. Улмаар барьцаа хөрөнгийг хариуцагч нь өөрөө шатаасан тул үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нийт 8 118 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь зээлийн гэрээг ноцтой зөрчсөн. Хариуцагч нь барьцаа хөрөнгийг худалдаж зээлээ төлөх хүсэлт гаргаснаар бид зөвшөөрсөн. Улмаар машиныг асаах гэж байгаад шатаасан. Иймд ийнхүү шатаахад нэхэмжлэгч тал оролцоогүй. Гэрээгээр асаах халаах үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч нь асаах үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээгээгүй. Хариуцагч болон түүний дүү нь зориулалтаар нь асаах боломжтой байсан боловч хариуцагч тал гал асааж асаах гэж байгаад шатаасан. Дүү болон худалдаж авах хүн нь шатаасан. Худалдаж авах хүнийг өөрөө дагуулж ирсэн байдаг. Мөн 7 саяар үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлээс 4 758 000 төгрөгийг хариуцагч зөвшөөрч байна. Сөргийг зөвшөөрөхгүй. Гэрээгээр машин асааж өгөх үүрэг хүлээсэн. Машины үнийг 7 саяар тогтоосон гэдэг боловч баримтаа гаргаж өгөөгүй. Иймд сөргийн тооцоолол үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэл дээр өөрийн дүүг явуулсан гэдэг. Иймд хохирол учрахад нэхэмжлэгч тал хамааралгүй юм. Машинд хохирол учрахад стандарт бус аргаас болж шатсан байна. Өөрсдөө галаар халааж байгаад шатаасан байна. Гэрчийн мэдүүлгээр хариуцагч нь байнга холбогдож байсан байна. Гэрчийн мэдүүлгээр 2019 оны 3 сард биечлэн уулзсан гэсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч үүнийг үгүйсгэхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Б миний бие 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр “*******” ХХК-тай 01701861 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээг байгуулж, 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж барьцаанд өөрийн өмчлөлийн ......УНЯ улсын дугаартай Портер маркийн машинаа “*******” ХХК-д үлдээсэн. Намайг машинаа зарж зээлсэн мөнгөө төлөхийг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө “*******” ХХК-ний зүгээс хүлээн зөвшөөрсөн тул би Тайлгын булаг авто” ХХК-аас санал болгосон хүнд үзүүлэхээр болсон. Худалдаж авах гэж байсан хүн машиныг асааж үзэхээр болж манай дүүгийн хамт машин дээр очсон. Гэтэл хүйтэн байсан болохоор машин асаагүй. Энэ үед “*******” ХХК-ны ажилтанд машин асааж өгөх талаар хэлсэн боловч та нар өөрсдөө учраа ол гэж хэлээд асааж өгөөгүй. “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэгтээ машиныг асааж оруулсан тул буцаан асааж өгөөд гаргах үүрэг хүлээсэн. Мөн гэрээний гэрээний 3.1.7 зээлдүүлэгч барьцааны эд хөрөнгийг өөрийн хамгаалалтад авч, гэрээний хугацаанд бүрэн бүтэн байдлыг хариуцахаар үүрэг хүлээсэн байдаг. Гэвч гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрсдөө худалдаж авах хүн олж үзүүлэх санал тавиад гэрээгээр хүлээсэн үүрэг болох эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал мөн асааж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас машин авах гэж үзэж байгаа хүн болон үзүүлж байсан манай дүү хоёр машиныг асаах гэж байгаад паяалникаар халааж байгаад шатаасан байсан. Би машинаа 7,000,000 төгрөгөөр худалдан аваад удаагүй бөгөөд мөн 7,000,000 төгрөгөөр зарах гэж байсан. “*******” ХХК-аас машиныг асаах, тосыг халаах зориулалттай халаагуураар хангах, асааж оруулсан асааж гаргах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улсаа миний машин шатаж надад хохирол учирсан. Иймд “*******” ХХК-нийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас миний машин шатаж надад хохирол учирсан тул надад машиныг хэвийн байдалд оруулж өгөх ёстой гэж үзсэн гэтэл одоог хүртэл машиныг засаж янзлаагүй, миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул надаас алданги нэхэмжлэх үндэслэлгүй. Мөн гэрээнд 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 3,300,000 төгрөг зээлсэн гэтэл хугацаа дууссанаас хойш хүү бодогдохгүй байтал 3,168,000 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би гэрээгээр хүлээсэн 4 хувийн хүүг “*******” ХХК-нд төлсөн. Миний машин “Тайгын авто” ХХК-ний хашаанд олон жил болж байна. Тухайн үед зүгээр асаад орсон машиныг асаагаад өгсөн бол зээлсэн төлбөрийг төлж машинаа авах байсан. Гэтэл одоо миний машин шатсан учраас машины үндсэн үнэ 7,000,000 төгрөгөөс зээлийн үндсэн төлбөр болох 3,300,000 төгрөгийг хасуулж 3,700,000 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулан авах хүсэлтэй байгаа тул шүүхийн зардлын хамт 3,700,000 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Бт холбогдох иргэний хэрэгт Ч.Б миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

  1. Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-тай 01701861 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 38-64 УНЯ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, үүрэг гүйцэтгэх хугацааг 720 хоног хэтрүүлсэн тул талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүссэн. Зээлдэгчийн зүгээс барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг өөрөө худалдан борлуулж, худалдан борлуулсан төлбөрөөс зээлийн гэрээний төлбөрийг төлөх санал гаргасан ба “*******” ХХК-ийн зүгээс зээлдэгчид зээлээ төлөх боломж олгож, барьцаалсан тээврийн хэрэгслийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Улмаар зээлдэгч Н.Б нь барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах зорилгоор тээврийн хэрэгслийг асаах явцдаа тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.Б болон тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахаар ирсэн этгээдүүд нь тээврийн хэрэгслийг зориулалтын бус аргаар асаах оролдлого хийсний улмаас тухайн тээврийн хэрэгсэл шатсан бөгөөд ийнхүү тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйлдэлд “*******” ХХК болон түүний ямар нэг ажилтан огт оролцоогүй болно. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017-12-13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр “*******” ХХК нь барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг асаах, халаах, шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүр хийх үүрэг хүлээгээгүй болно. Өөрөөр хэлбэл, Барьцаа хөрөнгийг барьцаалуулагчийн өмнөөс ямар нэгэн байдлаар ашиглах, эзэмших, засвар үйлчилгээ хийх, захиран зарцуулах эрхгүй бөгөөд үед тээврийн хэрэгслийг асааж өгөх үйлчилгээ үзүүлэх үүрэггүй. Нөгөөтээгүүр Монгол Улсын байгаль, цаг агаарын хүчин зүйлсийн нөлөөгөөр барьцаалуулсан тээврийн хэрэгсэл асахгүй байх тохиолдол элбэг гардаг бөгөөд энэ тохиолдолд зээлдэгч Н.Б, түүний дүү болон гуравдагч этгээдийн зүгээс бусад боломжит арга хэлбэрээр тухайн тээврийн хэрэгслийг асаах бүрэн боломжтой байсан. /ачуулах, мэргэжлийн механик дуудах, эсхүл дулаан газарт байрлуулах гэх мэт/ Гэтэл зээлдэгч болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүд өөрсдөө дур мэдэж, стандарт бус аргаар тухайн тээврийн хэрэгслийг асаах гэж оролдох явцдаа тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцах этгээд нь зээлдэгчийн дүү болон тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахаар ирсэн хүмүүс юм. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
  2. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлд "... ******* ХХК-аас санал болгосон хүнд үзүүлэхээр болсон” хэмээн дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь “*******” ХХК-ийн зүгээс Н.Бын зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг худалдан авах ямар нэгэн хүнийг огт санал болгоогүй бөгөөд зээлдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авна гэх хүнийг өөрөө олж, өөрийн дүүгийн хамтаар барьцаа хөрөнгийг үзүүлсэн байдаг. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд дээрх байдлаар үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Мөн Н.Баас гаргасан сөрөг нэхэмжлэлд тухайн тээврийн хэрэгслийг 7 000 000 төгрөгөөр худалдан борлуулах гэж байсан хэмээн дурдаж, тээврийн хэрэгслийн үнэлгээг 7 000 000 төгрөгөөр тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Баас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч М.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 3 300 000 төгрөг зээлж авсан. 1 сарын хугацаатай байсан. Алданги тооцохоор гэрээнд заасан байна. Үндсэн зээл 3 300 000 төгрөг болон 1 сарын хүү 132 000 төгрөг, алданги 1 650 000 төгрөг, нийт 5 082 000 төгрөг болно. Нийт 162 000 төгрөг төлсөн. 4 758 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Барьцаа хөрөнгө нь нэхэмжлэгчийн хашаанд байхдаа шатсан. Машин нь аваад удаагүй байсан. 7 саяар авсан байсан юм. Энэ 7 саяас төлөх 4 758 000 хасаад 2 242 000 гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь төлөх хүртэл хугацааны хүү нэхэх эрхгүй. Төлөх дүн нь 4 818 000 төгрөг болж байна. 2018 оны 3 сард барьцаан зүйл нэхэмжлэгчийн хашаанд шатсан. Барьцаат зээлийн үйлчилгээ нь зээлдүүлэгч нь бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй юм. Хариуцагч өөрөө шатаасан гэх боловч өөрийн барьцааг өөрөө хамгаалах ёстой байсан байна. Үндсэн нэхэмжлэлийн дүн хасаад 2 142 000 төгрөгийн сөргийг хангаж өгнө үү. 3 жил гаруй хугацаа өнгөрсөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг харгалзаж үзнэ үү гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8,118,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзаж, 8,118,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн.

 

            Хариуцагч Н.Б нь үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 7,000,000 төгрөгийн хохирол учирсан тул үндсэн зээл 3,300,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,700,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

            Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 01701861 дүгээр барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 6-8 дугаар тал/

            Зээлийн гэрээгээр 3,300,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.

            Улмаар зээл олгогдсон бөгөөд гэрээний хугацааг 1 сараар сунгасан болох нь барьцаат зээлийн тооцооны хуудсаар тогтоогдсон. /хэргийн 10 дугаар тал/

            Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчдын төлөөлөгч нар нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу нийт 264,000 төгрөг буцаан төлсөн эсэх талаар маргахгүй гэж тайлбарлаж байна.

            Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

            Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй болох нь 000043636 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 4 дүгээр тал/

 

            Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээ нь мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Хариуцагчийн төлөөлөгч нь үндсэн зээл 3 300 000 төгрөг болон 1 сарын хүү 132 000 төгрөг, алданги 1 650 000 төгрөг, нийт 5 082 000 төгрөгийн үүрэг үүссэн болохыг зөвшөөрч байна. Гэвч энэхүү зөвшөөрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар бичгээр гаргаж, баталгаажуулаагүй, мөн хуулийн 741.4-т зааснаар Иргэний хуульд нийцэхгүй байх тул шүүх хариуцагчид зээлийн гэрээгээр үүссэн үүргийг тооцох нь зүйтэй.

            Учир нь зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг ашиглуулж, улмаар төлбөрт хүү тооцож авах харилцааг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь зээл олгосон өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүүд 132,000 төгрөг суутган авсан байх тул 3,168,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ хэрэгжсэн гэж үзнэ.

            Үүнээс хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийг тооцвол үндсэн зээл 3,168,000 төгрөг, 2 сарын хүү 253,440 /3,168,000*4%*2/ төгрөг, нийт 3,421,440 төгрөг болно.

           

            Зохигчид гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцэж байна.

Гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 3 жил, 214 хоног буюу 944 хоног хэтэрсэн байна.

Үүнээс гэрээний дагуу алдангийг тооцвол 1 хоногт 17,107.20 /3,421,440*0,5%/ төгрөг тул 944 хоногт 16,149,196.80 төгрөгийн алданги тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх ёсгүй тул 1,710,720 төгрөгийн алданги тооцно.

Дээр үндэслэлээр зээлийн гэрээний дагуу хариуцагчид нийт 5,132,160 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Иймд хариуцагчийн төлсөн төлбөрийг хасвал хариуцагч нь 4,868,160 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Хэдийгээр гэрч Ө.Б нь хариуцагчийг зээлийг төлөх талаар амласан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар тайлбарласан боловч энэ талаар баримтгүй, хариуцагч тал үгүйсгэж, гэрчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, сөрөг нэхэмжлэлээр маргаж буй автомашин нь 2018 оны 03 дугаар сард шатахад зохигчид уулзсан эсэх талаар маргаагүй боловч үүнээс хойш зээлийн гэрээний дагуу уулзсан гэж үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбараа нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрхийг хязгаарлах боловч үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөх эрхийг хязгаарлахгүй юм.

Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөөлөгч М.Хд олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхийг тусгайлан олгосон байна. /хэргийн 30 дугаар тал/

Улмаар хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 4,818,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан.

Иймд хариуцагч тал зөвшөөрснөөр зээлийн гэрээний үүрэгт 4,818,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар барьцаалсан автомашиныг нэхэмжлэгч тал асааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчийн дүү болон бусад этгээд нар асаах зорилгоор галаар халаах явцад шатсан тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж тайлбарласан.

Харин нэхэмжлэгч нь бид автомашиныг асааж өгөх үүрэггүй, дур мэдэн галаар халааж шатаасан гэж маргаж байна.

Энд зохигч хэн аль нь барьцаалсан Хуйндай, Портер маркийн 38-64УНЯ улсын дугаартай авто машин нь нэхэмжлэгчийн хадгалалтад байсан бөгөөд хариуцагчийн дүү болон худалдан авах байсан гэх этгээд нар галаар халааж асаах явцад шатсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Гэрээний 3.1.7-д зээлдүүлэгч нь барьцааны зүйлийг өөрийн хамгаалалтад байлгах бөгөөд давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд зээлдүүлэгчийн буруугаас барьцааны эд хөрөнгөд хохирол учирвал зээлдэгчид хохирлыг төлөх талаар зохицуулсан байна.

 

Эдгээрийг харьцуулан үзвэл барьцааны зүйл шатсан үйл явдалд зээлдүүлэгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч буруутай гэх үйл баримт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл автомашин шатсан шалтгаан нь хариуцагч талтай холбоотой байх тул гэрээний 3.1.7-д зааснаар нэхэмжлэгч үүрэг хүлээх үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар барьцааны зүйлийг 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбараа нотлоогүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 82 дугаар зүйлийн 82.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Н.Баас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,818,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,300,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3,700,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Б-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчийн төлсөн 215,040 төгрөг, хариуцагчийн төлсөн 80,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 92,038 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс нийт 5,852 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 2 төгрөг, хариуцагчид 5,850 төгрөг тус тус олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНБОЛД