Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/753

 

      2024              9              26                                            2024/ШЦТ/753

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос А** овогт Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403004610617 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А** овогт Ц.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадокс төвийн урд замын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 цаг 20 минутын орчим “Toyota crown” маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/..эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ц.Б нь  2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 05 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадокс төвийн урд замд “Toyota Crown” маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч М.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),

Жолоочийн согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт “...1.29...” (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)

Хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Бороо орж байхад гэнэт согтуу хүн гүйж орж ирээд шүргээд унагаачихсан гэсэн. Нөгөө хүн нь эмнэлэгт хэвтсэн гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8848 дугаартай шинжээчийн:

“1.М.А-н биед баруун чамархайн яснаас хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн эгэм ясны далд хугарал, толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 55-61 дүгээр хуудас)

2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1361 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 90 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), “Жем конкрит” ХХК-н тодорхойлолт (хавтаст хэргийн 117 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 05 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадокс төвийн урд замд “Toyota Crown” маркийн **** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ... согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч М.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 8848 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1361 дугаартай мөрдөгчийн магадалгаа, согтуурлын зэрэг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Харин “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн (согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно) үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүйгээр хандсан байна.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийн зүгээс 3,150,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн “...Мөргөсөн жолоочоос миний эмчилгээний зардлуудыг бүгдийг нь гаргасан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй учир нь намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эргэж тойрч асарч байсан, мөн нийгмийн даатгал хүртэл төлсөн учраас гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварт “…Би өөрийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй…” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), “…М.А миний бие 2024.6.21-ний өдөр мөргүүлсэн жолоочид санал гомдол байхгүй…” гэх хүсэлт (хавтаст хэргийн 98 дугаар хуудас) тус тус авагдсан, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 2,638,120 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

 

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Б-н хувьд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А** овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО