| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2024/0739/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/775 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Г.Н |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/775
2024 10 04 2024/ШЦТ/775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтөлж,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403004430590 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б** овогт Б.Г (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Г нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “төмөр замын замчин” мэргэжлээр төгсөөгүй атлаа “төмөр замын замчин” хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид төмөр замын замчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.Г нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад “төмөр замын замчин” мэргэжлээр сурч төгсөөгүй атлаа “төмөр замын замчин” мэргэжлийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар тус үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид төмөр замын замчнаар ажиллаж байгаа болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгах тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/78 дугаартай албан бичгийн хариу (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай “Журам батлах тухай” тушаал (хавтаст хэргийн 37-43 дугаар хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 44-59 дүгээр хуудас),
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/190 дугаартай албан бичгийн хариу (хавтаст хэргийн 85 дугаар хуудас),
Гэрч Ч.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас, 106-109 дүгээр хуудас),
Гэрч С.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас),
Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 112-117 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас),
Гэрч В.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас),
Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн үйлдэл болох хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид Замчин албан тушаалд ажилд орсноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас),
Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/681 дугаартай “Б.Г-г дагалднаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал (хавтаст хэргийн 165 дугаар хуудас),
Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/806 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажилд авах тухай” тушаал (хавтаст хэргийн 165 дугаар хуудасны ар),
Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаартай “Мэргэжлийн зэрэг нэмэгдүүлэн ажиллуулах тухай” тушаал (хавтаст хэргийн 166 дугаар хуудас),
Ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 156 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 154 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 157 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 159 дүгээр хуудас), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 161 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 162 дугаар хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Б.Г нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв” мэргэжлийн сургалтын байгууллагад “төмөр замын замчин” мэргэжлээр сурч төгсөөгүй атлаа “төмөр замын замчин” мэргэжлийн хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар тус үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид төмөр замын замчнаар ажиллаж байгаа болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн Б/681, Б/806, Б/51 дугаартай тушаалууд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын 1/78, 1/190 дугаартай албан бичгийн хариу, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж үйлдсэн, ашигласан, худалдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Боловсролын үнэмлэх гэж “иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшинг гэрчилсэн, эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг” ойлгоно.
Хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж “баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлүүлэх, давуу байдал үүсгүүлэх, эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах зорилгоор хэрэглэхийг” ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Г нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Г-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020/294 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б** овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020/294 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО