Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2022/00055/И |
Дугаар | 150/ШШ2022/00055 |
Огноо | 2022-03-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 150/ШШ2022/00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчдын гудамж, ХААДСангийн төв байранд байрлах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба РД:-7/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат баг, Хар гуй гэх газарт оршин суух, Боржийн овогт Н-н Г-а /РД:ТК-/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, анз 1.250.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа /цахимаар/, гэрч Д.Б-г, хариуцагч Н.Г-а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-а шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Сэлэнгэ аймаг Сант сумын Хушаат баг хөдөө оршин суух ******* нь 5.000.000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор, анжисын хамтад нь 1 ширхэг урьдчилгаа 50 хувь болох 2.500.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2013 онд 500.000 төгрөг, 2014 онд 500.000 төгрөг, 2015 онд 500.000 төгрөг, 2016 онд 500.000 төгрөг, 2017 онд 500.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцож 2012 оны 08 дугаар сарын 22-ны гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2.500.000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийг гүйцэтгэл одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз тооцоход 1.250.000 төгрөг байна. Үндсэн төлбөр 2.500.000 төгрөг анз 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөгийг иргэн *******ас гаргуулж өгнө үү. Тус сан нь Хөдөө аж ахуйн яамны харьяа төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно, гэрээ нь өөрөө махны холбогдолтой биш. Манайхаас 2.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй төл гээд шүүхэд хандаж байгаа. Мах өгсөн гэсэн 67 орчим хүн Сэлэнгэ аймагт байна. Эхнээсээ маргаад мах өгсөн гээд байснаа сүүлдээ урьдчилгаанд мах өгсөн юм байна, төлөх ёстой юм байна гээд төлж байна. Ганцхан ******* 50 хувийг төлөөд үлдсэнийг төлөхгүй авсан зүйл биш болж таараад байна. Мах өгсөн нийт 67 хүн байна. Эхнээс нь төлөөд зарим нь шүүхийн шатанд байгаа. Хүмүүс нь өөрсдөө буруу ойлголттой. Бусад хүмүүст буруу ойлголт төрүүлсэн байна. Зарим нь анхнаасаа битгий төл гэхээр нь төлөхгүй явж байгаад энэ өр хуримтлагдсан байна. Одоо төлье алдангиас чөлөөлөөч гээд явж байна. 50 хувьд нь мах өгөөд үлдсэн 50 хувийг чөлөөлнө гэсэн зүйл манайх дээр тийм юм байхгүй. Нөхцөл байдал ийм байгаа тул ядаж энэ хүмүүс хугацаа заагаад үндсэн төлбөрөө төлбөл алдангиас чөлөөлнө. Энэ трактор нь Монгол Улсыг хөгжүүлэх сангаас гарсан трактор байна лээ. Тэр сангаас мөнгө аваал иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Сангийн яаманд алданги тооцоод яваад байгаа. 06 сарын 01-ний дотор төлбөл алдангиас чөлөөлнө гэж захирлуудын зөвлөлөөс шийдвэрлэсэн...Гэрээн дээр зурсан гарын үсэгний хувьд ямар нэг маргаангүй...” гэв.
Хариуцагч Н.Г-а шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Анх 2012 оны хавар бид нар хөнгөлөлттэй үнээр пад трактор өгнө гээд мах авсан. Манай дүү тракторыг нь авсан. Жиндээ хүрэхгүй арай гэж 2.500.000 төгрөгийн мах өгсөн. Энэ пад трактор 2 янзаар орж ирсэн. 1 нь бэлэн мөнгөөр аваад намар 2.500.000 төгрөг өгөх байсан. Бид нар болохоор хавар өдийд 4 үхэр хэдэн бог алаад мах өгсөн. Хямдарсан үнэ гэж анх өгснөө сонгуулийн шоу болсон. Хямдралтай үнээр гээгүй бол бид нар 4 үхэр богоо алж мах өгөхгүй байсан. Бид нар бол хавар мал эцэнхий үед махаар трактор авсан. Сүүлийн 8 сард өгсөн хүмүүс 2.500.000 өгөөд дараа нь 2.500.000 төгрөг өгнө гэж гэрээ хийсэн. Тэгээгүй бол бид нар намар 4 үхэр, бог алаад өгчих байсан. Гэтэд хавар эцэнхий үед малаа гаргаад мах өгсөн. Хямдарсан үнэ гэж бодоод дүү 2 үхэр гаргаад би 2 үхэр гаргаад дээр нь хонь ямаа нэмээд хямдарсан үнэ гээд трактор авсан... Гэрээн дээр маннай дүү Эрдэнэбат миний өмнөөс гарын үсэг Гантулга гэж зурсан. Энэ талаар маргаангүй ... ” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч *******д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, анз 1.250.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2012 онд би дүү Эрдэнэбатын хамт нийлж хөнгөлөлттэй үнээр трактор өгнө гэж 1 кг махыг 5.000.000 төгрөгөөр бодож 2.500.000 төгрөг төлөөд трактор авсан. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний гурав дахь хэсэгт 3.2-т Түрээслэгч тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 2.500.000 төгрөгийг түрээслэгч талд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 50 хувь буюу 2.500.000 төгрөгийг 2013 онд 500.000 төгрөг, 2014 онд 500.000 төгрөг, 2015 онд 500.000 төгрөг, 2016 онд 500.000 төгрөг, 2017 онд 500.000 төгрөг тус төлж дуусгана, төлөөгүй тохиолдолд гэрээний 3.3.-т зааснаар төлөгдөөгүй үнийн дүнд хоногийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцож гэрээг байгуулан гэрээний талууд гарын үсэг зурсан байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбат нь “тракторыг очиж авахдаа Гантулгын өмнөөс Гантулга гэж гарын үсэг “ зурсан гэх тайлбараар гэрээнд Л.Эрдэнэбат нь Н.Г-г төлөөлөх эрхгүй байж гарын үсэг зурсан байдал тогтоогдсон.
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ******* нар гэрээнд Л.Эрдэнэбатын гарын үсэг зурсан талаар маргаж мэтгэлцээгүй гэрээг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.
Хариуцагч ******* нь хөнгөлөлттэй үнээр буюу 2.500.000 төгрөгт үхрийн мах өгсөн гэх урьдчилгаа төлбөрийн талаар талууд маргаагүй. Харин хариуцагч Н.Гантулгын үлдэгдэл болох 2.500.000 төгрөгийг төлөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2419 дугаартай гэрээ байгуулах үед үлдэгдэл 2.500.000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тухайн үед Хүнс Хөдөө Аж ахуй яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан /одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сан/ -тай гэрээ байгуулж дээрх FT-250 маркийн бага оврын трактор, анжисны хамт худалдан авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбар-/хавтаст хэргийн 7-10/-аар хангалттай тогтоогдож байна.
Хариуцагч нь энэ үлдэгдлийг төлөх үндэслэлгүй гэж маргаж шүүх хуралдаан дээр 2012 оны 06 сарын 17-ны өдрийн 62 дугаартай Сэлэнгэ аймгийн Хүнс Хөдөө аж аху, жижиг дунд үйлдвэрийн газрын Х.Даваахүүгийн гарын үсэг бүхий албан тоот, 2012 оны 03 сарын 19-ны өдрийн 2/69 дугаартай Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбатын гарын үсэгтэй албан тоот зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2–т зааснаар “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувилбарыг өгнө “ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул үнэлэх боломжгүй байна.
Мөн хариуцагчийн хүсэлтээр 2012 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газар Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан Д.Бямбацэцэг гэгчээс гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч нь 2 удаа шүүхэд мэдүүлэг өгсөн ба өгсөн мэдүүлгүүд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөөгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээ бөгөөд гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэх шинжийг 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2419 дугаартай гэрээ /хавтаст хэргийн 7-10/ бүрэн агуулсан байна. Иймд талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн болно.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Г-с бага оврын трактор /анжис/ Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө Аж ахуйг дэмжих ажлын албанд олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албан нь улсын тэмдэгтийн хураамж 74.950 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******ас 74.950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал гэрээний үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулсан тохиолдолд алданги 1.250.000 төгрөгөөс хариуцагч Н.Г-г чөлөөлж эвлэрэх саналыг хариуцагч хүлээж аваагүй тул шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болно.
2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдах үед үйл ажиллагаа явуулж байсан Хүнс Хөдөө Аж ахуй яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэр нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба болж өөрчлөгдсөн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000224543 дугаартай гэрчилгээ /хавтаст хэргийн хуудас-05/-ээр тогтоогдож байна.
Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч Боржийн овогт Н-н Г-а /РД:ТК-/-аас бага оврын трактор/анжис/ Худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөг, нийт 3.750.000 гаргуулж нэхэмжлэгч Хөдөө Аж ахуйг дэмжих ажлын албанд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамж 74.950 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******ас 74.950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА