| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2024/1014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1053 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1053
2024 10 02 2024/ШЦТ/1053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2406 00000 1906 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *** төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Ж.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Би хохирогчтой хамт ажилладаг. Сүүлийн саруудаас бид хоёр хайр сэтгэлийн холбоотой болж хамт амьдрах болсон. Тухайн өдөр бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Би үсчний сандал дээр сууж байгаад маникюрын сандлыг хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн тухайн сандал Ж.Бын хөлийг оносон. Би маргалдах явцдаа хөл рүү нь сандал өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 6, 10-11 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9685 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/,
Яллагдагч Ж.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дахь тал/,
Хохирогч Д.Бын Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 62 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ж.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *** газарт Д.Бтай хардалтын улмаас маргалдаж, төмөр сандал өшиглөн Д.Бын хөлийн шилбэ хэсэгт онож, улмаар эрүүл мэндэд нь баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…” гэжээ. Тодруулбал 3 шинжийг тодорхойлж өгснөөс гадна мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр *** газарт Д.Бтай үл ялих зүйлээс болж маргалдаж, төмөр сандал өшиглөн Д.Бын хөлийн шилбэ хэсэгт онож улмаар Д.Бын эрүүл мэндэд баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна. Хэргийн материалд авагдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний байгууллагын хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн санаатай үйлдэл нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэв.
Хохирогч Д.Баас улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулж “…Хэлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч Ж.Бээс улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулж “…Би сандлыг санаатай өшиглөөгүй. Зүгээр өшиглөсөн чинь хөлийг нь оносон. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа …” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...” гэж хуульчилжээ.
Хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9685 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/-ээр тогтоогджээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх материаллаг шаардлага хангагджээ.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед: “…Ж.Б уурлаад урд байсан үйлчлүүлэгч сууж үйлчлүүлдэг төмөр хөлтэй сандлыг өшиглөхөд миний хөлийг оноод миний хөл бэртсэн, би айгаад ажлаасаа зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн...” гэж /хх-ийн 6 дахь тал/,
Яллагдагч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед: “…Тухайн үед цохиж зодсон зүйл болоогүй. Ж.Б тухайн үед намайг хэл амаар өдөж хатгаад байхаар нь би уураа барьж дийлэхгүй урд байсан маникюрын сандлыг өшиглөсөн чинь Ж.Бын хөлийн шилбийг оночихсон юм…” гэж /хх-ийн 56-57 дахь тал/ тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд субьектив шинж нь санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “…гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр…”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад талуудын өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Б нь Д.Бтай маргалдах явцдаа төмөр сандал өшиглөсний улмаас уг сандал нь ойж, Д.Бын хөлийн шилбэ хэсэгт онож, болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учирсан байна.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон улсын яллагчаас нотлох баримт шинжлэн судлах явцад хохирогчийн хөл рүү шүүгдэгч шууд өшилөсөн эсэх, эсхүл сандлаар зориуд цохисон аль нь болох талаар тодруулахад хохирогч руу шууд чиглэсэн аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй болох нь тогтоогдов. Гэтэл улсын яллагчаас санаатайгаар хохирогчийн хөлийг өшиглөсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдэгчийн зорилго нь гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг хүссэн үр дүн нь хохирогчид учруулж буй хохирол юм. Гэмт хэргийн зорилгыг Эрүүгийн хуульд тодорхой гэмт хэргийн бүрэлдүүний субьектив талын үндсэн болон нэмэгдэл шинж болгон заасан байдаг бөгөөд зарим төрлийн гэмт хэрэг нь зөвхөн зорилгоороо ялгагдан зүйлчлэгдэнэ.
Дээрх мэдүүлгүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Б нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй, гэм буруугийн шууд болон шууд бус санааг агуулаагүй буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжгүй үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуульд зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдлийг болгоомжгүйгээр үйлдэж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн диспозитив шинж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан байхаар тогтоожээ.
Иймд шүүгдэгч Ж.Бий үйлдэлд санаатай хүсэж үйлдсэн шинж тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2406 00000 1906 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Б нь хохирол төлбөрт буюу эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, ажлын түрээсийн зардалд 1.200.000 төгрөгийг тус тус Ж.Б төлж барагдуулсан талаар бичгээр хүсэлт /хх-ийн 62 дахь тал/ гаргаж өгсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад “…шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих…” гэж заасныг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Ж.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Бийг цагаатгасугай.
2. Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Ж.Бд холбогдох эрүүгийн 2406 00000 1906 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Ж.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ