Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 02513

 

 

    Ө  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул  даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03323 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ө ХХК-ийн төлөөлөгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК нь Б ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах Д.С-гийн үйлчилгээ, оффисын барилгын өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Б ХХК нь зургийн ажлын үнэнд 45 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээний дагуу 25 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй. Ө  ХХК нь гэрээт хугацаандаа ажлын зургийг боловсруулж дуусган, улсын магадлалаар хянуулан захиалагчид үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг төлөөд зургаа ав гэсэн боловч одоогоор зургийн мөнгө төлөх боломжгүй байна, барилгаа барьж дуусгаад өгье гэж гуйх болсон. Компаний удирдлагаас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зургийг хүлээлгэж өгсөн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 22-нд албан ёсоор акт үйлдсэн. Б ХХК нь 2016-2017 онд барилгаа барьж дуусгасан байна.

 Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцоход /хоногийн алданги 60 000 төгрөг/ 430 хоногийн алданги 25 800 000 төгрөг боловч 50 хувиас хэтрэхгүй тул алдангид 10 000 000 төгрөг, үндсэн үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч З.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ө ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлчилгээ, оффисын барилгын өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээгээр зураг төсөл нь 7 давхар барилгын зориулалттай байх атал Ө  ХХК нь 5 давхар барилгын зураг төсөл боловсруулж өгсөн нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээний үнийг 45 000 000 төгрөгөөр тохиролцсон нь үнэн бөгөөд 25 000 000 төгрөгийг манай компани төлж барагдуулсан. Одоо Ө ХХК-иас анх байгуулсан гэрээний дагуу 7 давхар барилгын иж бүрэн зураг төслийг зохих байгууллагуудаар баталгаажуулан манай талд хүлээлгэн өгсөн тохиолдолд нэхэмжилж буй мөнгийг төлнө. Алдангийн хувьд нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацааг хэтрүүлж ажлыг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул алданги төлөх боломжгүй гэжээ.

    Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

    Хариуцагчийн төлөөлөгч З.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч ажлын үр дүнг манай талд бүрэн хүлээлгэж өгөөгүй байхад гэрээний төлбөрийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 346 дугаар зүйлийн 346.1, 346.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

          Мөн шүүх хариуцагчийн “...гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэвэл үлдэх төлбөрийг бүрэн төлнө гэсэн нь үндэслэлгүй” гэж байгаа нь нэг талыг барьсан шийдвэр байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани гэрээг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бөгөөд тус компани нь ажлын үр дүнг хугацаандаа өгөөгүй. Мөн тус компаниар өмнө нь зураг хийлгэж суурийг нь хийсэн байсан учир өөр компаниар хийлгэж болохгүйд  хүрч арга буюу тус компанитай 45 000 000 төгрөгийн гэрээ хийж байсан. Өөр компаниуд ийм зураг 23 000 000 төгрөгт хийхээр байсан. Нэхэмжлэгч нь манай талд 2 давхарын зураг төсөл ерөнхийдөө бэлэн болсон байгаа харин халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус, холбоо дохиолол зэрэг зургын ажлууд бэлэн болоогүй гээд хүлээлгэж байсан учир манай тал үлдэгдэл төлбөрийг бүрэн хийх боломжгүй гэж хэлэхэд удахгүй хийж өгнө гэж хүлээлгэсээр өдийг хүрсэн. Тус барилгын суурийг манай компани 7 давхар барилгад зориулж суурь хийлгэсэн мөн 7 давхар барилгаар тооцоолон Солонгос улсад үйлдвэрлэсэн лифт суурилуулж өндөр зардал гаргасан. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд манай тал маш их хохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлж ажлыг хүлээлгэн өгсөн тул алданги төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  байгуулагдсан “Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ” -гээр Баянгол дүүрэг, 5 дугаар хороонд баригдаж  буй иргэн Д.Саранцэцэгийн орон сууцны барилгын 5 давхар каркасан барилгын зориулалтыг өөрчилж, шинээр төлөвлөх, түүнтэй залгаж барьсан суурийг буулгаж, буурин дээр 7 давхар каркас барих, уг 2 каркасыг нийлүүлж үйлчилгээ, оффисын барилга болгох зураг төсөл боловсруулах ажлыг нийт 45 000 000 төгрөгөөр гүйцэтгэн хариуцагч Б ХХК-д хүлээлгэн өгөх, эскизийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд, ажлын зургийг эскиз батлагдснаас хойш 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр талууд ажлын хэмжээ, үнэ, хугацааны талаар тохиролцжээ. Захиалагч урьдчилгаанд 25 000 000 төгрөг төлсөн, гүйцэтгэгч нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зураг төслийг захиалагчид хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч барилгын суурийг 7 давхар барилгад зориулж хийлгэсэн бөгөөд нэхэмжлэгч  гэрээнд зааснаар 7 давхар барилгын зураг төслийг хийж гүйцэтгээгүй, 5 давхар барилгын зураг төслийг хүлээлгэн өгсөн гэж ажлын үр дүн доголдолтой талаар маргажээ.

Хэдийгээр талууд 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  байгуулагдсан “Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ” -гээр 7 давхар барилгын зураг төслийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч хэргийн 39 дүгээр талд авагдсан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 246 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар 2014 онд батлагдсан 7 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүйд тооцон, 1 давхар зоорьтой 5 давхар барилгын зураг төслийг баталснаар 7 давхар барилгыг  барих боломжгүй болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөлтийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/4328 дугаар албан бичиг, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн зураг төсөл хүлээлгэн өгсөн акт болон 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зураг хүлээлгэн өгсөн баримтаар нэхэмжлэгч 7 давхар барилгын зураг төслийг хийж гүйцэтгэхээс 5 давхар барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэснийг, хариуцагч хүлээн авах үедээ мэдэж байсан боловч ямар нэг гомдлын шаардлага гаргаагүй. Мөн “дээрх зураг төслийн ажлыг 23 000 000 төгрөг хийхээр байсан, нэхэмжлэгч нь манай талд 2 давхарын зураг төсөл ерөнхийдөө бэлэн болсон харин агаар сэлгэлт, бохир цэвэр ус, холбоо дохиолол зэрэг зургийн ажлууд бэлэн болоогүй гээд хүлээлгэж байсан тул үлдэгдэл төлбөр төлөөгүй” гэх тайлбар, татгалзлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Үүний зэрэгцээ Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3.б-д зааснаар ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэг нөхцөл байдал бий болсон талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Ийм учраас ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн болон хэргийн бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзээд үлдэгдэл ажлын хөлсийг бууруулан гэрээний үлдэгдэл төлбөрт 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний 4.2-т талууд гэрээний хариуцлага болгож торгуулийн талаар тохиролцсон байх тул алданги шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ. 

     Харин нэхэмжлэгч Ө  ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь зураг төсөл хүлээлцсэн акт зэрэг хэргийн баримтаар үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...20 000 000...” гэснийг “...10 000 000...” гэж, “...10 000 000 төгрөгийг...” гэснийг “...20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг...” гэж, 2 дах заалтад “...257 950...” гэснийг “...174 950...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.МӨНХЗУЛ

                                                       ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА