Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2026/00071

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/06061 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01867 дугаар магадлалтай

Б-гийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК, Т- нарт холбогдох

“А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг “А” ХХК, Т- нарт даалгуулах, 2024.03.13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанбямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, Ц, Х, хариуцагч Т-,  хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Т-гийн өмгөөлөгч Г, хариуцагч нарын өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч “А” ХХК, Т- нарт холбогдуулан “А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг “А” ХХК, Т- нарт даалгуулах, 2024.03.13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/06061 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б- нь А ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, А ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг хариуцагч Т-д даалгаж, нэхэмжлэлээс 2024 оны 03 сарын 13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага, хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б-д холбогдох 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Т-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,600 төгрөг, хариуцагч Т-гаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т-гаас 426,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01867 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/06061 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан Б-гийн хариуцагч “А” ХХК, Т- нарт холбогдуулан гаргасан “А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ” “Хувьцаа шилжүүлэх гэрэ”э-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх 1 бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг даалгуулах, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтын “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж өөрчилж, “хариуцагч Т-гаас 426,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлийн талаар.

Шийдвэр, магадлалд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдлыг хүлээн авах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтсон жишиг болон зөвлөмжид компанийн эрх шилжүүлэх гэрээний агуулга, гол нөхцөлөөс шалтгаалан болзол тавьж хийсэн бол Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэдэг, мөн Иргэний хуульд заасан тодорхой төрлийн гэрээний харилцаа үүссэн бол зохих гэрээний төрлөөс харилцаагаар зүйлчилдэг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан тохиолдолд түүний үр дагаврыг 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсгэсэн хэлцэл гэж шийдвэрлэдэг шүүхийн практикийг Улсын дээд шүүх тогтоолоор тогтоосон.

Гэтэл магадлалаар “...Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д “Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно” гэж заасны дагуу Б-, Э нарын хооронд 2018.08.29-ний өдөр “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ хийгдээгүйд тооцох үндэслэлтэй байна” гэж эрх зүйн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар дүгнэвэл хэзээ ч Иргэний хуулийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэдэггүй. Энэ магадлал хүчин төгөлдөр болох тохиолдолд шүүхийн жишигт гэрээ байгуулагдаагүй байсан Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг үүсгэсэн хэлцэл гэж дүгнэсэн ямар ч хууль зүйн логикгүй практик тогтох эрсдэлтэй. Иргэний эрх зүй дэх хэлцэл /гэрээ/-ний наад захын ойлголт нь гэрээ байгуулаагүй бол тус гэрээнээс үүрэг үүсэхгүй гэсэн ойлголт нэг мөр болсон төдийгүй гэрээ байгуулаагүй бол Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримталдаг хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгохоос гадна Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн шинэ эрх зүйн ойлголт бий болох юм.

4.2. Хэргийн үйл баримтын талаар /хамгаалагдах өмчийн эрхийн талаар/

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан зарчмаар үнэлж зөв тогтоосон байхад давж заалдах шатны шүүхээс үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

“Монгол ойл шэйл” ХХК-ийн 2001.08.27-ны өдрийн дүрэм Э 2011.01.05-ны өдөр “Монгол ойл шэйл” ХХК-ийн 5 хувийн хувьцааг Б-д худалдах санал, Хувьцаа худалдах гэрээ, 2011.01.12-ны өдөр 5 хувийн хувьцаа худалдаж, мөнгө хүлээж авсан баримтаар Б- нь “Монгол ойл шэйл” ХХК-ийн 95 хувь, Э 5 хувийн хувьцааг эзэмшиж байсан байх бөгөөд Э өөрийн 5 хувийн хувьцааг Б-д тэргүүн ээлжид худалдах санал гаргаж, улмаар хувьцаагаа 176,270,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна.

“Ц” ХХК-ийн 2011.05.04-ний өдрийн дүрмээр “Ц” ХХК-ийн 66 хувийн хувьцааг Б-, 34 хувийг “Бодь интернэшнл” ХХК эзэмшиж, “Б” ХХК-ийн эрх үүргийг “Эрчимт оргил гранд” ХХК хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

2011.12.23-ны өдрийн “Ц” ХХК-ийн 66 хувийн хувьцааг буцаан шаардах эрхийг баталгаажуулах гэрээ, 2011.12.24-ны өдрийн Хувьцаа болон түүнтэй холбоотой эрх шилжүүлэх гэрээ, 2011.12.24-ний өдрийн итгэмжлэл, 2012.07.16-ны өдрийн Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ, 2012.07.16-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээгээр 2013.08.06-ны өдрийн Эод “Ц” ХХК- ийн 66 хувийг шилжүүлж, “А” ХХК-ийг 2013.06.21-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, “А” ХХК-ийг үүсгэн байгуулж, Эыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн.

“А” ХХК-ийн эзэмшдэг МV-020737 дугаартай, ***ыг ашиглах тусгай зөвшөөрлийг анх “Монгол ойл шэйл” ХХК-ийн нэр дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, улмаар “Цэцэн майнинг энержи” ХХК-ийн нэрээс Б- болон “Б" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д нарын хамтын шийдвэр буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015.02.16-ны өдрийн 20150216/343 дугаар шийдвэрээр “А” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2017.01.06-ны өдөр тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч Б- би “А” ХХК болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л зардал /Эын цалин хөлс, тусгай зөвшөөрлийн хураамж, татвар гэх мэт/-ыг бүрэн хариуцаж ирсэн.

Б- би Этой 2013.11.14-ний өдөр болон 2018.08.29- ний өдөр “Хувьцааны эрх шилжүүлэн өгөх гэрээ”, “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулж, Э нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа шилжүүлэх эрх олгосон итгэмжлэлийг тус тус үйлдсэн.

Б- надад Эоос нийт 14 удаа “өөрийн гар бичмэл” үйлдсэн байдаг. Үүнээс анхан шатны шүүхээс ач холбогдол бүхий үйл баримт гэж үнэлснийг дурдахад “...8.4. Э нь Б-д 2019.03.18-ны өдөр гаргасан баталгаа гэх баримтад “Э миний бие тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019 1-р сард өгсөн 40 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг авч өөртөө зарцуулсан. ...би өөрийн энэ байдлыг бүрэн ухамсарлаж дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ батлан тангараглаж байна. Намайг дахин ажилд авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.” гэж, 2022.07.09-ний гаргасан өргөдөлд Таны өгсөн үүргийн дагуу 2013 онд “А” ХХК-г байгуулсан. Энэ компанийн хувь, хувьцааны асуудал хөндөж ярихгүй гэдгээ танд удаа дараа илэрхийлсэн. Учир нь таны байгуулж өгсөн компанийг 2013 онд 100 хувь шилжүүлж өгөхөөр миний бие хүсэлт гаргаж гэрээ байгуулсан, 2018 оны гэрээ мөн үүнийг үргэлжлүүлэн баталгаажуулсан. ...бас гэр бүлдээ энэ тухай сайн хэлж ойлгуулна. “А” ХХК бол таны компани бөгөөд бүх хөрөнгө оруулалт, зардлыг 100 хувь хариуцан ажиллаж ирснийг би баталгаажуулж байна...” гэсэн байдаг.

Эоос гадна хариуцагч Т- хүртэл өөрийн гараар 2017.06.09-ний өдөр Б-д баталгаа үйлдсэн ба уг баримтад “А” ХХК, “М” ХХК-ийн захирал Б- танаа “Эын эхнэр Т- би Этой ажлын цагаар утсаар ярихгүй, саад болохгүй. Эын 2017.05.08-ны өдрийн баталгаатай танилцаж, хүлээн зөвшөөрлөө. Э надаас салсан тохиолдолд энэ бүхэн надад хамаарахгүй” гэж бичиг үйлдэж өгсөн. Нэхэмжлэгч нь “А” ХХК- ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилж, Э, Г нарыг сольж ажиллуулж байсан бөгөөд хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшихээс бусдаар өөр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй байсан.

Энэ бүх үйл явдал нь өвчний улмаас Э нас барсан 2022.11.13-ны өдрөөс хойш Т- нь Б-гийн өнөөдрийг хүртэл зарцуулж, “А” ХХК-ийн нэр дээр авсан тусгай зөвшөөрлийг авах зорилгоор өөрөө үйл ажиллагаанд нь огт оролцож байгаагүй, хэний хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгааг сайн мэдэх хуулийн этгээдийн хувьцааг өвийн журмаар авах шунал, хүсэл төрөх болсон ба Т-гийн амьдарч байгаа байр, унаж байгаа автомашиныг Б-гийн Эод өгсөн мөнгөн хөрөнгөөр авч, өнөөдрийг хүртэл амьдралыг тэжээн, тэтгэж ирсэн. Дээрх үйл баримтын талаар хариуцагч нар нь огт маргадаггүй ба бүгд хэргийн баримтаар тогтоогдож байна.

4.3. Давж заалдах шатны шүүхийн магадлал нотлох баримтын үнэлгээ шүүхийн тогтсон жишигт нийцээгүй талаар.

Хариуцагч нарын төлөөлөгч, хариуцагч Т-гийн шүүхийн мэтгэлцээнд өгсөн тайлбар, татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй, мөн хэргийн баримтаар дэмжигдэхгүй байхад шүүх энэ талаар үнэлээгүй.

Тухайлбал, хариуцагч Т-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар “...мэдэхгүй..., ...санахгүй байна..., ...Э надад хэлж байгаагүй...” гэх зэргээр бүх тайлбар нь эргэлзээтэй, өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Т- болон хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үнэн зөв тайлбар гаргах үүргээ умартсан ба шүүхэд гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй байхад анхан шатны шүүх энэ худап, барин тавин ярьсан тайлбарыг үнэлээгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас гаргасан гомдлын 2 дахь хэсэгт дурдсан үйл баримтыг нотолсон баримтуудын талаар аман хэлбэрээр тайлбар хэлэхээс бусдаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1- д зааснаар хариуцагч талаас тайлбар, татгалзлаа дэмжсэн нотлох баримтыг гаргах үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь нотлох баримт үнэлэх, талуудын зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч талаас “А” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан хугацаанаас хойш болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт, Эын өгч байсан амлалт, баталгаа, Т-гийн баталгаа зэрэг баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар болон өөрөө нотлох баримтыг гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, өвлөх эрхийн гэрчилгээнд хөтлөгдөж маргааныг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б- нь “А” ХХК болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л зардал /2004-2024 онд төлсөн тусгай зөвшөөрлийн хураамж, татвар, зөвхөн 2012 онд хийсэн хайгуулын ажлын зардал гэх мэт/-ыг хариуцаж ирсэн ба өнөөдөр хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа гаргасан зардал нь 14,014,085,586 төгрөгийг зарцуулсан үйл баримтын талаар огт дүгнээгүй. Хэн ч хэзээ ч ямар ч хамааралгүй хуулийн этгээдэд ийм хэмжээний зардал гаргахгүй нь бодит байдал байхад энэ талаарх баримтыг огт үнэлээгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байхад түүнийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйд гомдолтой байна.

4.4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан эрх зүйн дүгнэлт нь хууль хэрэглээний нэгдмэл жишигт нийцээгүй, хууль ёсны байх шаардлага хангаагүй талаар.

Шүүх хэрэг маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангасан гэж үздэг.

Магадлалын хянавал хэсгийн 4.1-д Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг тайлбарлан хэрэглэсэн хэрэгцээ шаардлага, маргааны үйл баримттай хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал, “...эзэмшлийн төрлүүдийг эд юмсыг бодитойгоор хэрхэн эрх мэдэлдээ байлгаж буй хэлбэрээр нь ялган төрөлжүүлж шууд болон шууд бус эзэмшигч, шударга болон шударга бус эзэмшигч гэх нэр томьёог хэрэглэдэг. Шударга эзэмшигч бол эд юмсыг эзэмших боломжтойд тооцогдох боломжит бүхий л арга хэмжээг авсан тэрхүү этгээд байх бөгөөд гэхдээ бодит байдал дээр хууль бусаар эд юмсыг эзэмшиж буй этгээд байдаг. Нэхэмжлэгчийн хувьд эд юмсын эзэмшлийн тухайд шаардлага гаргаагүй бөгөөд харин өмчлөх эрхийн хувьд шударга, шударга бус гэх нэр томьёог хэрэглэх боломжгүй, мөн эзэмшилтэй адилтгах байдлаар өмчлөх эрхийг шударга өмчлөгч, шударга бус өмчлөгч гэх агуулгаар хууль зүйн дүгнэлт өгөх ч боломжгүй юм. Иймд, нэхэмжлэлийн “А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага нь “А” ХХК-ийн хувьцааг буцаан авах шаардлагын үндэслэл болж байна...” гэсэн эрх зүйн дүгнэлт ойлгомжгүй, ямар шалтгаант холбоотой нь тодорхойгүй байна.

Магадлалын хянавал хэсгийн 4.2-д Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг иш татаж, улмаар “...Компанийг хуульд зааснаар үүсгэн байгуулж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг хувьцаагаар нь тодорхойлдог тул нэхэмжлэгч Б-г “А” ХХК-ийг байгуулсан, хувьцааг эзэмших эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна...” гэсэн эрх зүйн дүгнэлт нь бодит байдал болон баримтад үндэслээгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь уг хуулийн этгээдийг Б- нь Эын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, 100 хувийн хувьцааг эзэмшүүлсэн үйл баримтад маргаагүй. “А” ХХК-ийг 2013.06.21-ний өдөр иргэн Э үүсгэн байгуулж, 100%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримтыг тогтоосон атлаа түүний дараа байгуулсан Б- нь Этой 2013.11.14-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэн өгөх гэрээ”, “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”-ний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэл нь “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, өмчлөгч нь Б- болох талаар хангалттай баримт гаргаж, мэтгэлцсэн байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, мөн уг хуулийн этгээдийн холбогдох зардал, татвар хураамжийг Б- төлж байсан талаар нотолж, шаардлагын үндэслэл болгосон. Түүнээс бус Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйл /Компани, түүний хэлбэр/, 3.1-д компанийн тодорхойлолт, 3.2-д хувьцааны эрх, 3.3-д хувьцаа эзэмшигчийн эрх, мөн Иргэний хуулийн хуулийн этгээдийн тодорхойлолт, үүсэх үндэслэлийг яагаад иш татаж тайлбарласан үндэслэл тодорхойгүй.

Магадлалын үндэслэх хэсэгт 4.3-д “...“Монгол ойл шэйл” ХХК болон “Ц” ХХК-иудын хувьцаа Э болон Б- нарын хооронд тодорхой төрлийн гэрээнүүдээр шилжсэн байдал нь “А” ХХК-ийн хувьцаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх эдгээр компаниудын хувьцааг шилжүүлсэн байдлаар “А” ХХК-ийг үүсгэн байгуулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтыг сайн ойлгоогүйг илэрхийлж байна. Энэ хуулийн этгээдүүдийн талаар дурдсан нь “А” ХХК-ийг үүсгэн байгуулах шалтгаан болсон тусгай зөвшөөрлийг шилжүүлэх процесстой холбоотойг ялган тайлбарлаж, зааглан ойлгоогүй байна.

Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээг үгүйсгэсэн атлаа магадлалын хянавал хэсгийн 5.7-д “...Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж заасны дагуу Б-, Э нарын хооронд 2018.08.29-ний өдөр Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ хийгдээгүйд тооцох үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь гэнэтийн бөгөөд жинхэнэ цочролд оруулсан үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Талууд болон хариуцагч нар нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд нэг ч удаа маргаагүй, ийм үндэслэл давж заалдах гомдолд ч дурдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс талуудын маргаагүй зүйлээр эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасан зарчимд нийцэхгүй.

Хяналтын шатны шүүхийн нэгдмэл практик тогтоох зөвлөмжид анхан шатны шүүхэд маргаагүй үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд маргасан тохиолдолд шинэ үндэслэлд хамааруулдаг. Гэтэл шүүх энэ байдлаар хуулиар олгосон эрхийг ийм замбараагүй цадиггүй хэрэглэж болохгүй. Давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтээр гэрээгүй болсон, мөн гэрээ байгуулаагүй гэсэн атлаа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, улмаар уг хэлцлээс эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэж байгаа нь хууль зүйн логикийн зөрчилтэй.

Б- нь Этой 2013.11.14-ний өдөр болон 2018.08.29-ний өдөр “Хувьцааны эрх шилжүүлэн өгөх гэрээ”, “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулж, Э нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа шилжүүлэх эрх олгосон итгэмжлэлийг тус тус үйлдсэн. Дээрх гэрээнүүдэд Эын гарын үсгийн үнэн зөвийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024.06.06-ны өдрийн 1753 дугаартай дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд 9011421007 дугаартай хувийн хэрэгт хадгалагдаж байх 2018.08.29-ний огноотой “Хувьцаа шилжүүлэх гэрээ” гэсэн баримтын баруун доод хэсэгт Э гэсний дээр зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Эын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байна гэж тогтоосон.

Талуудын гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэл болсон тохиролцоо тодорхой дурдагдсан 2018.08.29-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх гэрээний 1.1-д “Б-д оруулсан хөрөнгө оруулалт болон цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргахтай холбогдуулан “А” ХХК-ийн 100 хувийн нийт хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж байгааг харилцан тохиролцов” гэж, 1.1.а-д “эрх шилжүүлэгч нь хувьцааны эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэхээ эрх хүлээн авагч нь гэрээний зүйлийг хүлээн авахаа үүгээр тус тус хүлээн зөвшөөрөв” гэж дурдсан тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлахад Э нь Б-д “А” ХХК-ийн 100 хувийн нийт хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх агуулгаар тайлбарлагдаж байна.

Ямар ч эрх зүй төдийгүй эрх зүйн мэдлэггүй хэн ч уншсан гэрээний тохиролцоог шууд ойлгохоор байхад шинээр бөгөөд гэрээ байгуулагдаагүй гэж хүчээр дүгнэж байгаа нь хуулийн нийтлэг зарчим, үзэл баримтлал, зохицуулалтад нийцэхгүй байна. Гэрээний гол нөхцөл тодорхой, мөн талуудын эрх, үүрэг буюу гэрээний агуулга мөн тодорхой байхад яагаад агуулгыг тайлбарлаж чадахгүй гэж дүгнэсэн ойлгомжгүй байна.

Иргэний хууль болон Компанийн тухай хуульд хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглоогүй байхын зэрэгцээ Э нь гэрээнээс гадна хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа шилжүүлэх эрх олгосон итгэмжлэлийг давхар үйлдэж байгаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулж байгаа хэлбэр юм.

Мөн гэрээ байгуулсны дараа нас барсан тохиолдолд тухайн үүргийн хэлцлээс эрх зүйн үр дагавар үүсч, өв хүлээн авсан этгээдээс үүрэг шаардах эрхийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зөвшөөрсөн байдаг. Иргэний процесст эрх залгамжлагч, Иргэний хуульд өв хүлээн авагч гэсэн ойлголтуудыг зааглан хуульчилсан нь үүргийн эрх зүйн хэлцэл заавал биелэгдэх шинжийг илэрхийлдэг.

Магадлалын хянавал хэсгийн 5.4-д “...Э 2022.11.13-ны өдөр нас барсан бөгөөд түүнийг нас барахаас өмнө гэрээ хэрэгжээгүй, гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдоогүй, 2018.08.29-ний өдрийн 08 дугаар шийдвэр “А" ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 100% буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий нийт 1,000,000 төгрөгийн үнэтэй 1,000 ширхэг хувьцааг иргэн Б-д 2021.08.31-ний өдрийн дотор үнэ төлбөргүй шилжүүлэхийг зөвшөөрч, энэхүү шийдвэрийн биелэлтийг хангаж Б-д шилжүүлж улсын бүртгэлд холбогдох бүртгэлийг хийхээр шийдвэрлэсэн байхад гэрээ болон энэхүү шийдвэр нь Эыг нас барах хүртэл хэрэгжүүлээгүйд шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна..., ...Тодруулбал, нэхэмжлэгч Б- нь 2018.08.29-ний өдөр Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ болон “А” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн 2018.08.29-ний өдрийн 08 дугаар шийдвэр хэрэгжих боломжгүй байсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна...” гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Хэрэгт цугларсан бүх баримт нь Б-гийн өмчлөх эрхийг баталгаажуулсан баримт төдийгүй итгэлцлийн зарчим болон бичсэн баталгаанд итгэсэн явдал байсан. Мөн Эыг нас барна гэж хэн ч мэдээгүй, Б- нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихтэй холбоотой шилжүүлж аваагүй байсан нь гэрээний үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь “А” ХХК-ийн нийт гаргасан хувьцааг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж авах байтал нэхэмжлэгч талын гаргасан баримт болон үндэслэлд, хариуцагчийн гаргасан татгалзал, түүний үндэслэлд нэг ч тайлбар өгөөгүй обьектив шинжтэй хийсвэр эрх зүйн дүгнэлтүүд хоорондоо уялдаагүй байгааг анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүх Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.б.а-д заасан хуулийн нэр томьёоны тайлбарын зөв хэрэглэсэн ба хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ.

Дээрх хуулийн эх тайлбар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй ба хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хэн болохыг тодорхойлж, ойлгуулсан шинжтэй тул хувийн эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг ойлгоход шууд хэрэглэгдэх боломжтой. Э нь нас барах хүртэл хугацаанд Б-гаас цалин хөлс авч, улмаар компанитай холбоотой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг Б-гийн заавар чиглэлээр гаргадаг байсан ба “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг солих шийдвэрийг нэхэмжлэгч гаргаж, улмаар Гыг гүйцэтгэх удирдлагаас томилж, Г нь Б-гаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа гүйцэтгэж, түүнээс цалинждаг байсан болно. Энэ бүх үйл баримтыг хариуцагч нар маргадаггүй.

Иргэний хууль нь хүний өмчийн эрхийг хамгаалах шударга тогтолцоог бүрдүүлэх ба Б-гийн шударгаар олж авч, “А” ХХК, тусгай зөвшөөрөлтэй холбоотой хөрөнгө оруулсан 14,014,085,586 төгрөгийг үнэ цэнгүй болгож, өмчлөгчийн Үндсэн хуулиар тунхагласан суурь эрхийг хамгаалахын оронд гэрээгүй, ойлгомжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх шалтгаант холбоогүй, хамааралгүй этгээдэд хэн ч хэзээ ч 14,014,085,586 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, өр төлбөрийг хариуцаж, захирлын цалин хөлсийг төлөхгүй байх энгийн ойлголтыг сөрсөн, нотлох баримтад үндэслээгүй, иргэний эрх зүйн онол, Үндсэн хуулиар тунхагласан хүний суурь эрхийг зөрчсөн, Улсын дээд шүүхээс тогтоож байгаа нэгдмэл практикийн эсрэг магадлал хүчин төгөлдөр болсон тохиолдолд хувьцааны эрх шилжүүлэхтэй холбоотой гэрээний агуулгыг шүүх ойлгохгүй жишиг тогтож, хүний өмчийн эрхийг шүүх зөрчдөг хуульгүй практик тогтох хууль зүйн үр дагавартай гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шударга ёсыг тогтоож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4-т заасны дагуу гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийлгүйгээр хийсвэр дүгнэлтийг гаргаж, УДШ-ийн тогтоол, тайлбараас өөрөөр хуулийг хэрэглэж, хууль бус үндэслэлгүй дүгнэлтийг хийж, хэргийн бодит нөхцөл байдлыг олж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.1. Хэргийн бодит нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр магадлал гаргасан тухайд.

Т- нь “А” ХХК-ийг хууль бусаар авах гэж зүтгээд байгаа гол шалтгаан нь тус компанийн нэр дээр бүртгэлтэй Хэнтий аймгийн Галшар сумын нутагт Зүүн гол толгой-эрдэнэт нэртэй газарт орших 2,914.52 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-020737 дугаартай тусгай зөвшөөрөлд л гол учир нь байдаг. Компанийн нэр дээр өөр өмч хөрөнгийн бүртгэл байдаггүй. Уг тусгай зөвшөөрлийн үүсэл гарлыг дурдвал анх ашигт малтмалын ашиглалтын МV-020737 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч Б- нь өөрийн “Монгол ойл шэйл” ХХК-ийн нэр дээр 2004 онд 7155Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөр АМХЭГ-ын ГУУК-ын хэлтсээс авч байсан. Ингэж тусгай зөвшөөрлийг анх авахдаа шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, төлбөр, мөнгийг нь төлж анх авсан байдаг. Ингэж авсаны дагуу 2004 оноос 2025 оныг хүртэл нэхэмжлэгч Б- 4,834,727,586 төгрөгийг зөвхөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хугацаанд эрэл, хайгуулын ажил болон тусгай зөвшөөрлийн төлбөрт өөрийн бизнесийн орлогоос төлсөн байдаг. Үүнтэй тухайн үед амьд сэрүүн байсан Э ч маргаагүй, өөр хэн нэгэн ч маргаагүй байдаг.

Үүнээс гадна 2004 онд “Монгол Ойл Шэйл” ХХК-ийн нэр дээр 7155Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл байсан цагаас нь авхуулаад хайгуул хийх бүхий л зардал, хөрөнгийг Б- зөвхөн өөрөө гаргаж, 2004-2015 он хүртэлх эрэл хайгуулын болон бусад зардалд 8,549,358,000 төгрөгийг, 2016 оноос хойших зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт нийт 630,000,000 төгрөгийг зарцуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар тухайн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг дурдсан хугацаанд хийгээгүй тохиолдолд шууд цуцалдаг. Гэтэл хариуцагч тал энэ гол нөхцөлийг үл тоомсорлохоос гадна шүүхэд иргэний хэрэг үүссэн цаг хугацаанд ч компанийн эрхийг шилжүүлэн авч, улмаар ашигт малтмалын төлбөрийг төлүүлэхгүй байх нөхцөл байдлыг үүсгээд байгаа. Э тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар ч зардалд нь хөрөнгө, зардал гаргаагүй байдаг.

Үүнээс үзвэл Т- нь “А” ХХК-ийн ганц өмч болох тусгай зөвшөөрлийн эрхийг хууль бусаар олж авах гэсэн санаархал гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь энэ компани хэний өмч вэ гэдгийг тэрээр маш сайн мэдэж байсан төдийгүй, өөрийн гараар бичсэн өргөдөл ч үүнийг нотолдог. Мөн 2025 оны ээлжит жилийн төлбөрийг Б- төлсөн зэрэг маш олон баримт хавтаст хэрэгт бий. Дурдсан цаг хугацаанд Э нь Б- захирлын компанийн геологич, ажилтан нь байсан. 2011.01.05-ны өдөр Эын "Монгол Ойл Шэйл” ХХК-д эзэмшиж байсан 5 хувийн хувьцааг, Эын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Б- 176,270,000 төгрөг, төрсөн эгч Ш.Тайвансамбуугийн нэр дээр байсан Вольксваген маркийн автомашиныг шилжүүлэн өгч, 95 хувийн хувьцаан дээрээ 5 хувийг шилжүүлэн авч, “Монгол Ойл Шэйл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Үүний дараа АМГ-ын ГУУКХ-ийн 876 тоот шийдвэрээр бизнесийн хамтрагч “Бодь интернэшнл” ХХК-тай урьдчилсан нөхцөлтэй гэрээгээр хамтарсан компани байгуулж, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн нэр дээр 7155Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Монгол Ойл Шэйл” ХХК-аас шилжүүлсэн байдаг. Энэ үед “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн 100 хувийн хувьцааны 66 хувийг Б-, 34 хувийг “Бодь интернэшнл” ХХК эзэмшиж байсан.

Илүү тодруулбал, 2011 онд Б-, Д.Баясгалан нар урьдчилсан нөхцөлтэй, хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулах гэрээг 2011.04.27-ны өдөр байгуулсан. Тухайн компанийг байгуулах хувь нийлүүлэгчдийн хурлыг 2011.05.17- ны өдөр Улаанбаатар хот Бодь цамхагийн 1001 тоотод хийсэн бөгөөд хурлын тэмдэглэлийг Б-гийн үүрэг болгосноор Э хөтөлж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн нэр нь “Цэцэнс майнинг энд энержи” ХХК. Компанийн 66 хувийг Б-, 34 хувийг Бодь интернэшнл эзэмших дүрэмтэй. Тус компанийг байгуулсны дараа 2011.12.23-ны өдөр Э, Б- нар нь Хувьцаа буцаан шаардах эрхийг баталгаажуулах гэрээг байгуулж 2012.03.02-ны өдрөөс хойш тус компанийн хувьцаа шууд Б-гийн нэр дээр шилжих нөхцөл бүхий гэрээг байгуулсан. Мөн 2011.12.24-ний өдөр Хувьцаа болон түүнтэй холбоотой эрхийг Эоос Б-д шилжүүлэх нөхцөлтэй, хувьцааны хууль ёсны эзэмшигч нь Б- гэх үндсэн нөхцөлтэй гэрээ хэлцэлгүйгээр Эоос Б-д үнэ төлбөргүй шилжүүлнэ гэсэн баталгаат нөхцөлтэй гэрээг байгуулж, Эоос Гад хувьцаа шилжүүлэхтэй холбоотой итгэмжлэлийг 2011.12.24-ний өдөр хийж өгсөн. Улмаар 2012.07.16-ны өдөр Эоос Б-д “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатын 696 бүртгэлийн дугаартай Б.Таванбаяраар тус тус гэрчлүүлсэн байдаг. Үүний дараа тодорхой хугацаа өнгөрч “Бодь интернэшнл” ХХК-тай хамтарсан бизнесийн үйл ажиллагаа зогсож, компани хоорондын тооцоо, урьдчилсан нөхцөлт гэрээний хүрээнд эргээд 7155Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах нөхцөл үүссэн.

Энэ үед Б- нь өөрийн компанид геологичоор ажиллаж байсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийг байгуулах үед хурлын тэмдэглэл хөтлүүлж байсан Эод үүрэг өгч, өөрийн зардлаар Эын нэр дээр “А” ХХК-ийг 2013.06.21-ний өдөр байгуулж, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-иас 7155Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2013.08.06 буюу 2 сарын дараа шилжүүлэн авсан байдаг. Үүний дараа 7155Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 онд хайгуулын ажлыг нь бүрэн дуусгаж, ашигт малтмалын ашиглалтын М\/-020737 дугаартай тусгай зөвшөөрлийг бий болгож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцийг нь батлуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болгох бүхий л зардлыг Б- гаргасаар өнөөдрийг хүрсэн. Энд дурдаж байгаа үйл баримт нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бүхий л баримтуудаар нотлогдож байгаа. Хариуцагч үүнийг үгүйсгээгүй.

Ийм учраас “А” ХХК, түүний нэр дээрх ганц хөрөнгө болох ашигт малтмалын ашиглалтын М\/-020737 дугаартай тусгай зөвшөөрлийн шударга өмчлөгч нь Б- гарцаагүй мөн болох нь ИХ-ийн 90.1-д заасан “...Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ...” гэдэгт нийцэж байгаа болохыг анхан шатны шүүх дүгнээд байхад давж заалдах шатны шүүх үгүйсгээд байгаа нь хууль хэрэглээний алдаатай үндэслэлгүй шийдвэрийг гаргасан нь хууль бус.

Б- нь ИХ-ийн 105 дугаар зүйлд зааснаар Эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй этгээд болох нь 105.1-д “...Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна...” гэж заасанд нийцнэ. Тийм учраас өмчлөгч нь хөрөнгөө ИХ-ийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах хуульд нийцэхээр байна.

5.2. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж хэргийн шийдвэрлэсэн тухайд.

Нэгэнт “А” ХХК, түүний нэр дээрх ганц хөрөнгө болох ашигт малтмалын ашиглалтын МV-020737 дугаартай тусгай зөвшөөрлийн шударга өмчлөгч нь Б- мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож, тогтоогддог бөгөөд харин “А” ХХК-ийн хувьцааг 2013 оноос 2022 оныг хүртэл Эын нэр дээр бүртгэл нь байсан, тиймээс би эхнэрийнх нь хувиар өвлөх эрхийг олж авсан гэж хариуцагч маргадаг. Тэгвэл энэхүү тайлбар нь дараах байдлаар үгүйсгэгдэхийн зэрэгцээ Т- нь ИХ-ийн 492-р зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшиж байгаа этгээд болох нь дараах байдлаар нотлогддог.

Учир нь Б- нь “А” ХХК-ийг 2013.06.21-ний өдөр үүсгэн байгуулахдаа компанийг өөрийн компанийн геологич Эын нэр дээр байгуулж байсан бөгөөд үүний дараа 2013.11.14-ний өдөр Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж компанийг хувьцааг шилжүүлэн авахаар гэрээ байгуулж, бүртгэлийг хийлгүүлэхийг даалгасан 2013.11.14-ний өдрийн 05 дугаартай шийдвэрийг гаргаж, итгэмжлэлээр Б-гийн эгч Ш.Тайвансамбууд олгосон байдаг. Тухайн үед Ш.Тайвансамбуу нь бүртгэлийг хийж амжаагүй байдаг. Үүний дараа дахин 2018.08.29-ний өдөр мөн л “А” ХХК- ийг хувьцааг шилжүүлэн авах Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ Б- болон Э нарын хооронд байгуулагдаж, 2018.08.29-ний өдрийн 08 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, улмаар бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Дээрх 2 удаа хийгдсэн 2013, 2018 оны Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээнүүд дээр Э, Б- гарын үсгээ зурсан, нотариат түүнийг баталсан болохыг гэрчилдэг.

Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Солонгын 2024.06.06-ны өдрийн 1753 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2018.08.29-ний өдөр байгуулагдсан “А” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээн дээрх гарын үсэг Эынх мөн болохыг тогтоосон. Мөн 2024.07.02-ны өдрийн 1826 дугаартай дүгнэлтээр Эын Б-д бичиж өгсөн гар бичвэрүүд нэг хүний гараар бичигдсэн болохыг тогтоосон байдаг. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.8-д хангалттай тодорхой дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын 7.2-т ч энэ тухай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй болохыг хангалттай тодорхой дурддаг.

Үүнээс үзвэл Э, Б- нарын хооронд “А” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хэлцэл хийгдсэн. Энэ нь ИХ-ийн 43.2-т зааснаар “...Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.2.1-д “...талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.2.3-д “...хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн...” бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэсэнд нийцэж байгаа болно.

Мөн ИХ-ийн 196-р зүйлийн 196.1.2-т “...гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар...” гэрээ байгуулагдсан. ИХ-ийн 199 дүгээр зүйлд хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох, 199.1-д “...Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино...” гэж заасны дагуу Э нь гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, тэрээр гарын үсэг зурсан болохыг 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэлцэл, гэрээ хийгдээгүй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн хууль бус.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8.4-т “....Э нь Б-д 2019.03.18-ны өдөр гаргасан баталгаа гэх баримтад “...Э миний бие тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019.01-р сард 40 сая төгрөгөөс 10 сая төгрөгийн авч өөртөө зарцуулсан... би өөрийн энэ байдлыг бүрэн ухамсарлаж дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ батлан тангараглаж байна. Намайг дахин ажилд авахыг чин сэтгэлээсээ хүсч байна...” гэж, 2022.07.09-ны өдөр гаргасан өргөдөлд “...Таны өгсөн үүргийн дагуу 2013 онд “А” ХХК-ийг байгуулсан. Энэ компанийн хувь, хувьцааны асуудал хөндөж ярихгүй гэдгээ танд удаа дараа илэрхийлсэн. Учир нь таны байгуулж өгсөн компанийг 2013 онд 100 хувь шилжүүлж өгөхөөр миний бие хүсэлт гаргаж гэрээ байгуулсан, 2018 онд гэрээ мөн үүнийг үргэлжлүүлэн баталгаажуулсан... бас гэр бүлдээ энэ тухай сайн хэлж ойлгуулна. “А" ХХК бол таны компани бөгөөд бүх хөрөнгө, зардлыг 100 хувь та хариуцан ажиллаж ирснийг би баталгаажуулж байна..” гэжээ.

Үүнээс үзвэл анхан шатны шүүх ИХ-ийн 3-р хэсэгт гэрээний эрх зүйн алинд тохирох харилцаа болохыг тодорхойлж, улмаар “А” ХХК-ийг Б-гийн даалгавраар Эын нэрийг ашиглаж байгуулж, талуудын хооронд ИХ-ийн 399.1-т “...Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэсэн зөв дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 21-т Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д “эцсийн өмчлөгч” гэж, 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг...” хэлнэ гэж заасан. Үүнээс үзвэл “А” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Б- болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

1-р хавтаст хэргийн 75-111-р хуудсанд Эын өөрийн гараар бичиж өгсөн өргөдөл, баримтууд болон түүний эхнэр Т- өөрийн гараар бичсэн бичвэрүүдийг эх хувиар нь нэхэмжлэгч талаас өгсөн. Энэ бичгүүд нь юуг илэрхийлдэг вэ гэвэл Э нь компанийн эд хөрөнгийг шамшигдуулан хувьдаа авч байсан, эргүүлэн төлөөгүй. Мөн компанид ажиллаж байх хугацаандаа архи ууж, ажлаа хаяж, алдаа дутагдал гаргаж түүнийгээ ухамсарласан, мөн компанийн хувьцаануудыг эргүүлэн шилжүүлэх хүсэл зоригийг хангалттай тодорхой илэрхийлсэн байдаг. Түүнчлэн компаниас 2 удаа байр, 2 машин, 1 ланд крузер 200 маркийн машин өгч байсан зэрэг нотлох баримтууд авагдсан. Энэ нь Б- захирлын зүгээс хамаатан садан биш геологичдоо итгэхгүйдээ энэ бичвэрүүдийг үйлдэж аваагүй бөгөөд сүүлд нь энэ мэт хууль бусаар компанийн хувьцааг шаардах эрхийг гаргах вий гэж сэргийлж авсан байдаг. Гэтэл Эыг нас барсны дараа түүний эхнэр нь шүүхэд хандаж байгаагаар илэрхийлэгдэж байгаа бөгөөд түүний эсрэг харин Эын гар бичвэрүүд нь түүнийг үгүйсгэх нотлох баримтууд хангалттай тодорхой болж байхад давж заалдах шатны шүүх түүнийг үнэлж дүгнэлгүйгээр өрөөсгөл дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Мөн Б- нь УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ, тийм болохоор компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй. Сонгуульд нэр дэвшсэн эсэх нь тодорхойгүй гэж хариуцагч тал мэлздэг. Б- нь 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нь үнэн бодитой бөгөөд СЕХ-ны цахим хуудас, бусад олон баримтаар энэ үйл баримт тогтоогддог. Талуудын хооронд байгуулсан хэлцлийг хөндлөнгөөс, гуравдагч этгээд тайлбарлаж агуулга, хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан 2013, 2018 оны гэрээнүүдийг тайлбарлаж дүгнэлт хийхдээ талуудын хооронд байгуулсан хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй байх тул гэрээг хийгдээгүйд тооцох үндэслэлтэй гэжээ.

Иргэний хуулийн 8-р зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд 8.1.Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ, 8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, 8.1.5.гэм хор учруулах, 8.1.6.үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших, 8.1.7.иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох, 8.1.8.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл байвал иргэний эрх зүйн харилцаа үүсэхийг тогтоосон байна.

Гэтэл Б-, Э нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хуульд заасан үндэслэлээр хангалттай тодорхойлогдсон. Түүнчлэн Эын 2 удаагийн Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээгээр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээг хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж, нотариатаар гэрчлүүлж байгуулчхаад байхад гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд үл нийцнэ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэлцэл хийгдэж улмаар Иргэний хуулийн 196-р зүйлд зааснаар гэрээг бичгээр байгуулж, гэрээ байгуулсанд тооцох хангалттай үндэслэл хавтаст хэрэгт авагдсан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээнүүдээр хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх хүсэл зориг Эод үргэлж байсан болох нь түүний гар бичвэрүүд, байгуулсан 2 удаагийн гэрээ, гарт баригдаж нүдэнд харагдахаар хийсэн гэрээгээр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцсон зэрэг бүх бичиг баримтаар тогтоогдоод байхад гэрээ хийгдээгүй байна, агуулга тодорхойгүй гэрээ байна гэж давж заалдах шатны шүүх үзээд байгаа нь илтэд үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 189.5-д “...Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна...” гэж заасан бөгөөд Иргэний хуульд Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа шилжүүлэх гэрээ гэсэн нэрээр байхгүй ч агуулгын хувьд гэрээний гол нөхцөлүүдийг талууд харилцан тохиролцсон. Б- өөрийн хөрөнгөөр өдийг хүртэл авч явсан, зөвхөн ажилтныхаа нэр дээр түр байлгаж байсан компаниа буцаан үнэ төлбөргүйгээр авахад хуульд харшлах, агуулга нь тодорхойгүй гэрээ гэж үзэхээргүй байна. Гэрээнд үнэ төлбөргүйгээр хувьцааны эрхийг шилжүүлэх агуулга байгаа нь ойлгомжгүй гэжээ. Гэтэл Иргэний хуулийн 276-р зүйлд хариу төлбөргүйгээр эрх шилжүүлэх зохицуулалтыг ч тодорхой дурдаж өгсөн зэргээс үзвэл магадлалын дүгнэлт үндэслэлгүй.

Мөн Компанийн тухай хуулийн 5.8-д “....Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй...”, түүнийг нь Улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиараа бүртгэлийн үйл ажиллагаа хийгддэг болох нь тусгайлсан хуулиудтай харилцаа байхад гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй, тиймээс гэрээ хийгдээгүй гэж үзнэ гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын агуулга хуульд үл нийцэхээр байна.

5.3. Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хуулийн нөхцөлийн талаар.

УДШ-ийн 2024.01.30-ны өдрийн 001/ХТ2024/00021 дугаар тогтоолын 17.2-т “...Аливаа гэрээний талууд уг гэрээ байгуулахаар тохиролцож, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулга, хэлбэрийг өөрсдөө тодорхойлж, тохиролцох бөгөөд хэргийн баримтаар маргааны зүйл болсон худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг зохигч байгуулж, уг гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргааны зүйл болсон 2 төрлийн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулснаа нотариатчаар гэрчлүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасан “бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзэх” хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Үүнээс дүгнэвэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан гэрээ байгуулагдаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, агуулга нь тодорхойгүй хэлцэл тул гэрээ байгуулагдаагүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд хууль бус. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс талийгаач Э болон нэхэмжлэгч Б- нарын хооронд 2018.08.29-ний өдөр байгуулагдсан “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй хэмээн үзэж тэдний хооронд гэрээ хийгдээгүйд тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь дээрх гэрээнүүдийн хувьд Э болон Б- нарын өөрсдийн хүсэл зориг, ашиг сонирхлын үндсэн дээр, өөрсдийн санаачилгаар байгуулагдсан, гол агуулгын хувьд “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ юм. Мөн энэхүү гэрээний дагуу “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Э нь тухайн цаг хугацаанд компанийн хувьцааг Б-д шилжүүлэх хувьцаа эзэмшигчийн тогтоолыг үйлдэж, баталгаажуулж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх энэхүү тогтоолд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байж хэргийг бүхэлд нь хянан үзсэн гэдэг нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, талийгаач Э нь нэхэмжлэгч Б-тай хувьцаа болон хувьцааны эрх шилжүүлэх гэрээг Компанийн тухай хуульд заасны дагуу байгуулсан, тэрхүү гэрээний дагуу хувьцаа эзэмшигчийн тогтоол үйлдэж, баталгаажуулан тогтоол гаргаж байгаа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулах буюу гэрээний гол агуулга болох компанийн 100 хувийн хувьцааг Б-д шилжүүлэх санаа зорилго, дараа дараагийн үйлдсэн бичиг, баримтуудаар тогтоогдож байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, талуудын хооронд 2018 онд байгуулагдсан Хувьцаа шилжүүлэх болон Хувьцааны эрх шилжүүлэх гэрээний дагуу “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авах байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч талаас гаргасан тайлбарыг няцаах зорилгоор тус компанийг үүсгэн байгуулахад оруулсан хөрөнгө, өмчлөлийн асуудал зэргийг тайлбарлах, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхээс гэрээг тайлбарлахдаа “100 хувийн хувьцааг шилжүүлэх, эсхүл Б- өөрийн өмчлөлийн компанийг буцаан авсан хүсэл зоригийн аль гол нөхцөлийн талаар тохиролцсоныг тодорхойлох боломжгүй” хэмээн өрөөсгөл, хуульд заагдаагүй дүгнэлт хийж Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.4-т заасныг үндэслэн гэрээг хийгдээгүйд тооцож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх талийгаач Эын эхнэр Т- өв залгамжлалаар “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлөн авсан асуудлыг хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн атлаа 2018.08.29-ний өдөр байгуулагдсан Хувьцааны эрх шилжүүлэх болон Хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг Иргэний хуулийн 535-р зүйлийн 535.1-т заасны дагуу өв хүлээн авсан өвлөгч буюу Т- нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэгтэйг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүх үгүйсгэж, няцаасан зүйл байдаггүй юм.

Гагцхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол агуулга тодорхойгүй гэх хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.01.20-ны өдрийн 001/ШХТ2026/00091 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 9. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч “А” ХХК, Т- нарт холбогдуулан “А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг “А” ХХК, Т- нарт даалгуулах, 2024.03.13-ны өдрийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“А” ХХК-ийн өмчлөгч нь Б- бөгөөд компанийн хувьцааг буцаан авах нөхцөлтэйгөөр Эод эзэмшүүлсэн. ...хувьцаа шилжүүлэх тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээний 30 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөхөд хүндрэлтэй байсан учир хувьцааг шилжүүлэхийг хойшлуулсаар ирсэн. Хуульд өөрчлөлт орж, татвар багассан учир шилжүүлэх боломжтой болсон. Компанийг үүсгэн байгуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрлийн татварыг жил бүр төлөх бүхий л зардлыг Б- гаргаж байсан. Өвлөгч нь өв хүлээн авсан хэмжээгээр үүрэг хүлээж компанийн хувьцааг шилжүүлж өгөх үүрэгтэй. ...2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ” нь хүчинтэй бөгөөд хариуцагч хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргасан учир хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. ...Өвлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө компанийн хувьцааны талаар маргаантай байхад нотариатч нотариатын үйлдэл хийх заавар журам зөрчиж өвчлөх эрхийн гэрчилгээ олгосон учир уг гэрчилгээг хүчингүй болгохоор шаардлага гаргасан...” гэж,

Хариуцагч “А” ХХК хариу тайлбартаа: “...“А” ХХК-аас юу шаардаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлагын хариуцагч этгээд биш…” гэж,

Хариуцагч Т- хариу тайлбартаа: “...“А” ХХК-ийг миний нөхөр Э өөрөө үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан явуулж, 100 хувь хувьцааг эзэмшиж байсан. ...2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ” нь эргэлзээ бүхий хэлцэл байна. Хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн он сар нь зөрүүтэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх зохицуулалттай. Гэрээг хуульд заасан байдлаар бүртгүүлээгүй. Нотариатын үйлдэл хийх заавар журам зөрчсөн байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг тодорхойлсон. Хувьцаа эзэмшигчээр Э бүртгэлтэй байсан бөгөөд Т- нь хувьцааг өв залгамжлалаар хүлээн авсан. Өвлөх эрхийн гэрчилгээ хуульд зааснаар олгосон. Нөгөө талаар худалдах, худалдан авах гэрээний нэг тал Э нас барсан учир хариуцах этгээд нас барснаар үүрэг дуусгавар болсон. Мөн гэрээний дагуу 2018 оноос шаардах эрх үүссэн байхад 2024 он хүртэл шаардлага гаргаж байгаагүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж маргаж,

10. Хариуцагч Т- нь Б-д холбогдуулан 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“А” ХХК-ийг миний нөхөр Э өөрөө үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан явуулж, 100 хувь хувьцааг эзэмшиж байсан. ...2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ” нь эргэлзээ бүхий хэлцэл байна. Хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлсэн он сар нь зөрүүтэй байна. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл...” гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ” нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл...” гэжээ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Э нь Б-тай 2013.11.14-ний өдөр “Хувьцааны эрх шилжүүлэн өгөх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ” байгуулж, “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл үйлджээ. “А” ХХК-д *** ашиглах гэрчилгээг 2017.01.06-ны өдөр олгосон. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024.06.06-ны өдрийн №1753 дугаартай дүгнэлтээр Хувьцаа шилжүүлэх гэрээ гэсэн баримтад зурагдсан гарын үсэг Эын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байна гэж тогтоосон. ...Талуудын хооронд “А” ХХК-ийг Э нь Б-гийн хөрөнгөөр түүний өгсөн үүргийн дагуу үүсгэн байгуулж, 2013, 2018 онд компанийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх үүргийг хэрэгжүүлэх хэлцэл хийсэн үйл баримт тогтоогдсон тул ...хэлцэл хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. ...Т- 2024.04.19-ний өдөр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Ийнхүү өвлөх эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй. ...“А” ХХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй буцаан шилжүүлэх үүрэг Эод үүссэн. Энэ үүрэг өв залгамжлалаар Т-д шилжих тул өвлүүлэгчийн үүргийг өвлөгч буюу хариуцагч Т- хүлээж, “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Б-д шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ. ...Иймээс Б-г “А” ХХК-ийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй. ...Нэхэмжлэгч Б- нь “А” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан боловч “А” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр үүрэг хүлээгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч “А” ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б-д холбогдох 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч Т-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: “...Б-г “А” ХХК-ийг байгуулсан, хувьцааг эзэмших эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. ...Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...иймд “А” ХХК миний өмчлөлийнх, би үүсгэн байгуулуулсан гэх агуулгаар гаргасан “А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Э 2022.11.13-ны өдөр нас барсан бөгөөд түүнийг нас барахаас өмнө гэрээ хэрэгжээгүй, гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдоогүй, ...гэрээг хэрэгжүүлээгүй шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна. ...“Хувьцаа шилжүүлэх гэрээ”-гээр талууд Б-гийн оруулсан хөрөнгө оруулалт болон цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргахтай холбогдуулан “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх, эсхүл Б- өөрийн өмчлөлийн “А” ХХК-ийг буцаан авах хүсэл зоригийн аль гол нөхцөлийн талаар тохиролцсоныг зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудыг үндэслээд талуудын хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.-д заасны дагуу Б-, Э нарын хооронд 2018.08.29-ний өдөр “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ” хийгдээгүйд тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б- нь гэрээний үүрэг шаардах эрхгүй,  компанийн хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг “А” ХХК, Т- нарт даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. ...Иргэн Э 2022.11.13-ны өдөр нас барснаар өв нээгдэж, өвлүүлэгчийн “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг түүний эхнэр Т- өв залгамжлалаар хүлээн авсан, түүний хүсэлтийн дагуу нотариатчаас 2024.03.13-ны өдөр Бүртгэлийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хуульд нийцсэн. ...иймд Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. ...нэгэнт хэлцлийг хийгдээгүй гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй....” гэж дүгнэжээ.

12. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч нотлох баримтыг үнэлэхдээ эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

13. Нэхэмжлэгч Б- нэхэмжлэлийн дөрвөн шаардлага гаргасан.

13.1. Нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б- нь “А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ: “...тус компанийг байгуулж, үйл ажиллагааг явуулах бүхий л зардлыг гаргасан, гагцхүү Эын нэр дээр бүртгүүлсэн бөгөөд тэрээр нас барсан тул өөрөө компанийн өмчлөгч мөн...” гэж тайлбарласан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн өмчлөгч болох шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл тэрээр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн гэж үзэхээр байна.

а/ “А” ХХК нь ашигт малтмалын ашиглалт, олборлолт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр 2013 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 33 дугаар зүйлд зааснаар компанийн хэлбэрээр байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд байна.

 Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ, компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж, 26.5-д хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж тус тус тодорхойлсон.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй, 3.3-т хувьцаа эзэмшигчийн энэ эрхийг хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ гэж тус тус зохицуулжээ.

б/ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний дагуу Э нь Б-гийн даалгаврыг үндэслэж, тус компанийг байгуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан “А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2013.06.19-ний өдрийн компанийн дүрмээр тус компанийг Э 2013.06.21-ний өдөр үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь тус компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн 2013 оноос хойш Эыг хүлээн зөвшөөрч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар ямар нэг маргаан үүсгэж байгаагүй.

 Иймд Б-г тус компанийг үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан, татвар хураамжийг төлж байсан гэх үндэслэлээр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тул компанийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

13.2. Нэхэмжлэлийн хоёр болон гурав дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б- нь Этой байгуулсан 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, гэрээний дагуу “А” ХХК-ийн 100 хувьтай тэнцэх 1 бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг “А” ХХК, Т- нарт даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан.

13.2.1. Хэрэгт 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ” /1-р хавтас, 5-8-р тал/ тус тус авагдсан ба эдгээр гэрээнд эрх шилжүүлэгч нь “А” ХХК-ийг төлөөлж, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Э, эрх хүлээн авагч нь  Б- нар байх бөгөөд эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчийн шаардлагаар компанийн хувьцааг түүний эзэмшилд үнэ төлбөргүй, үл маргах журмаар шилжүүлэх, энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд ямар нэг маргаан байхгүй болохыг, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр болох талаар дурдаж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

Хувьцаа шилжүүлэх гэрээний Ерөнхий нөхцөлд “Эрх хүлээн авагч нь “А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг бүрэн хариуцаж хөрөнгө оруулалт оруулсан болохыг талууд хүлээн зөвшөөрч харилцан баталгаажуулав. Энэхүү оруулсан хөрөнгө оруулалт болон цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргахтай холбогдуулан “А” ХХК-ийн нийт хувьцааны 100 хувьтай тэнцэх, нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцааг Эрх хүлээн авагчид үнэ төлбөргүй шилжүүлж байгаа болохыг үүгээр харилцан тохиролцов” гэжээ.

Давж заалдах шатны шүүх гэрээний дээрх тохиролцооны аль нь гол нөхцөл болохыг  тодорхойлох боломжгүй байна гэх агуулгаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж дүгнэж, нэгэнт хэлцэл хийгдээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох, улмаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

13.2.2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиолдолд хэлцэл байгуулагдсан гэж үзнэ, хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж тодорхойлсон байна.

Хэрэв аль нэг талын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга нь тайлбарлах замаар тогтоогдохгүй бол, эсвэл талууд гэрээний тодорхой агуулгын талаар тохирч чадаагүй бол хэлцэл байгуулагдсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэлцэл хийгдээгүйд тооцно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг болон талууд гэрээний агуулгын талаар тохирч чадаагүй гэсэн үндэслэлээ тус тус тайлбарлалгүйгээр зөвхөн ойлгомжгүй гэдэг байдлаар хэлцэл хийгдээгүй гэж тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

13.2.3. Талуудын хооронд байгуулсан 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-ний агуулга ойлгомжтой байна.

Тухайлбал, дээрх гэрээнүүдээр эрх хүлээн авагчийн шаардлагаар эрх шилжүүлэгч компанийн эрх, хувьцааг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн, эрх шилжүүлэх хугацааг 3 жилээр тогтоосон, түүнчлэн харилцан тохиролцож хугацааг сунгаж болохоор, мөн хугацаа дууссан, талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд хувьцаа шууд эрх хүлээн авагчийн эзэмшилд шилжсэн гэж үзэх талаар тухайлан “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-ний 2.2, 2.3-т харилцан тохиролцжээ.

Иймд 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

“Хувьцаа шилжүүлэх гэрээ”, “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”-нүүд нь Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг агуулсан байх тул эдгээр гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх боломжтой байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй.

Гэрээнд заасан хувьцааны эрхийг шилжүүлэн авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд түүний шаардсанаар эрхийг шилжүүлэн өгөх үүргийг Э хүлээсэн ба гэрээний хугацаанд эрх шилжүүлэн авах шаардлага гаргаагүй нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

13.2.4. Эрх шилжүүлэгч буюу Э 2022.11.13-нд нас барсан үндэслэлээр нэхэмжлэгч нь өвийг хүлээн авсан Т-гаас үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.

 Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн хийсэн хэлцэл, урьд нь хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр тул Эын эрх шилжүүлэх үүрэг хэвээр байх бөгөөд 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өв хүлээн авсан өвлөгч ...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

     Хариуцагч Т- нь Эын эхнэр, тэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч бөгөөд “А” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлөн авсан, улмаар “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь 2024.03.13-ний өдрийн бүртгэлийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байх тул тэрээр өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэгтэй.

Иймд 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-ний үүргийг Т- гүйцэтгэх үүрэгтэй тул “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хувьцааны эрх шилжүүлэхийг хариуцагч Т-д даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэнэ. 

Хариуцагч Т- нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлага “А” ХХК-д мөн хамаарна. Анхан шатны шүүх гэрээний үүргийг биелүүлэхийг Т-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч “А” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс залруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангана.

13.3. Нэхэмжлэлийн 4 дэх буюу Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн үндэслэл зөв, энэ талаар зохигч гомдол гаргаагүй болно.

Шүүх Иргэний хуулийн өв залгамжлалтай холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

14. Хариуцагч Т-гийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Т- 2018.08.29-ний өдрийн “Хувьцааны эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан, шаардлагын үндэслэлээ: “...Э нь өөрийн компанийг хэзээ ч үнэ төлбөргүй өгөх хүн биш бөгөөд гэрээ нь бодит байдал дээр 2018 онд байгуулагдсан эсэх, нотариатын тамга, тэмдэг үнэн зөв дарагдсан эсэхийг шалгуулах шаардлагатай...” гэжээ.

Гэрээнд зурагдсан гарын үсэг Эын гарын үсэгтэй тохирч байгаа нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2014.06.06-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, гэрээг 2018.08.29-ний өдрөөр огноолсон, гэрээг мөн өдөр нотариатч гэрчилж, тамга тэмдгээ дарсан байна.

Нотариатын үйлдэлтэй холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх шаардлагагүй, өөрөөр хэлбэл дээрх шаардлага нь маргааны зүйл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бус эсэхийг тогтоох үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэгэнт шийдвэрлэсэн тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

15. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01867 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/06061 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 186 дугаар зүйлийн 186.1, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаатай тэнцэх нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 1,000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг Б-д шилжүүлэхийг хариуцагч Т-, “А” ХХК-д тус тус даалгаж, үлдэх Б- нь “А” ХХК-ийн шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох, 2024.03.13-ны өдрийн Бүртгэлийн 0006 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц нарын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б-гаас 2025.12.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД