| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0066/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Хохирогч Т.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:
А.Э-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч А.Э нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн ....тоотод хохирогч Т.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлөнд нь заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эгчтэйгээ маргалдаад айлгах гээд заазуураар зүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Э гэрт орж ирээд юм угаасангүй гээд Сг алгадаад авахаар нь би өмөөрөөд хэрэлдээд заазуурныхаа ишээр нуруу руу цохиод эргэхдээ санаандгүй зүссэн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Э хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 сарын 29-ний өдөр хоёр найзтайгаа архи уучихаад нилээн согтуу гэртээ орсон. Нэг мэдсэн чинь хоёр заазуур барьчихсан эгч Т.Этэй маргалдаад нуруу болон хөл рүү нь заазуураар цохиод байсан. Би Т.Эийн баруун хөлийг заазуураар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь үнэн гэсэн мэдүүлэг /хх 31-32, 36-37/,
Хохирогч Т.Э хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Э нь гаднаас согтуу орж ирээд Сг гичий банзал гээд хэрүүл хийгээд манай дүү Сг хацарлуу нь нэг алгадаад уйлуулчихсан юм. Тэгэхээр нь би чи ер нь яахлаарай дандаа хүүхэд загнаж зоддог юм гэсэн чинь миний өөдөөс харж сууж байснаа чи муу энд хэвтдэг юу юм харьж хэвт зайл гээд байхаар нь би өөдөөс нь чамд хамаагүй архичин минь гээд бид хоёр маргалдсан юм. А.Э би чамайг ална гээд гал тогоонд байсан хоёр ширхэг заазуур барьж ирээд заазуурныхаа ар хэсэгээр нь миний нуруу луу 2-3 удаа цохиж байгаад миний нөмөрч байсан цагаан цэнхэр өнгийн хөнжилыг 1-2 удаа зүсчихээд гараад явсан. Тэгээд гарсаны дараа миний баруун хөл нойтон оригоод байхаар нь үзсэн чинь нилээн их цус гарчихсан байсан. ... Би очоод баруун хөлийнхөө доод талд нь 5 оёо тавиулсан ... гэсэн мэдүүлэг /хх 13-14/,
Гэрч Н.А хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... манай хүү А.Э гаднаас нэлээн согтуу орж ирээд манай ач охин О.Сг чи муу айлд хонодог гичий янхан минь гээд хэлтэл манай охин Т.Э хэвтэж байснаа чи ер нь дандаа яагаад хүүүхэд зодож эмэгтэй хүүхэд янз бүрээр хэлж доромжилдог юм бэ гээд тэр 2 хоорондоо хэрэлдэж муудаж байгаад А.Э 2 ширхэг заазуур бариад Т.Эийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан. Дараа Т.Э ээжээ миний хөлийг А.Э зүсчихлээ гэсэн мэдүүлэг /хх 15-16/,
Гэрч О.С хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... манай ээжийн төрсөн дүү болох А.Э нь согтуу орж ирээд ... О.Сгаар гар орны ажил хийлгэхгүй зүгээр байлгаад байгаа юм бэ гэж хэлэхэд манай эгч болох Т.Э том өрөөнд хэвтэж байснаа чи яагаад хүүхэд хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад А.Э ах гал тогоонд байсан хоёр заазуур авчираад Т.Э эгчийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан ... Т.Э эгч эмээг дуудаад А.Э миний хөлийг заазуураар зүсчихлээ гэсэн мэдүүлэг /хх 17-18/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 9-11/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Э нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн ....тоотод хохирогч Т.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлөнд нь заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эгчтэйгээ маргалдаад айлгах гээд заазуураар зүссэн гэв, хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... заазуурныхаа ишээр нуруу руу цохиод эргэхдээ санаандгүй зүссэн ... гэв, шүүгдэгч А.Э хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Нэг мэдсэн чинь хоёр заазуур барьчихсан эгч Т.Этэй маргалдаад нуруу болон хөл рүү нь заазуураар цохиод байсан. Би Т.Эийн баруун хөлийн заазуураар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь үнэн гэв, хохирогч Т.Э хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Э би чамайг ална гээд гал тогоонд байсан хоёр ширхэг заазуур барьж ирээд заазуурныхаа ар хэсэгээр нь миний нуруу луу 2-3 удаа цохиж байгаад миний нөмөрч байсан цагаан цэнхэр өнгийн хөнжилыг 1-2 удаа зүсчихээд гараад явсан ... гэсэн мэдүүлэг, гэрч О.С хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Э ах гал тогоонд байсан хоёр заазуур авчираад Т.Э эгчийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.А хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Э 2 ширхэг заазуур бариад Т.Эийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Т.Эийн биед баруун өвдөгний доод талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна ... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Эыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Шүүх хуралдаанд хохирогч Т.Э болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гэм хорыг арилгасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох санал хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Учир нь шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн арга, 2 гартаа 2 заазуур барьж довтолсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хуулинд заасны дагуу оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Эыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД