Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                 Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                                 Хохирогч Т.Эрдэнэхишиг

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000111 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1987 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхлэдэг, ам ‎бүл эх, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг Энхтайваны 6-6 тоотод оршин суух,  урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003.12.25-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, мөн шүүхийн 2007.07.09-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял, 2008.07.28-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Шар овогт Ангарагийн Эрхэмбаяр /РД: ЕЭ87012676/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.Эрхэмбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг Энхтайвны 6-6 тоотод хохирогч Т.Эрдэнэхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлөнд нь заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эгчтэйгээ маргалдаад айлгах гээд заазуураар зүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.   

 

Хохирогч Т.Эрдэнэхишиг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эрхэмбаяр гэрт орж ирээд юм угаасангүй гээд Сүндэръяаг алгадаад авахаар нь би өмөөрөөд хэрэлдээд заазуурныхаа ишээр нуруу руу цохиод эргэхдээ санаандгүй зүссэн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч А.Эрхэмбаяр хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 03 сарын 29-ний өдөр хоёр найзтайгаа архи уучихаад нилээн согтуу гэртээ орсон. Нэг мэдсэн чинь хоёр заазуур барьчихсан эгч Т.Эрдэнэхишигтэй маргалдаад нуруу болон хөл рүү нь заазуураар цохиод байсан. Би Т.Эрдэнэхишигийн баруун хөлийг заазуураар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь үнэн гэсэн мэдүүлэг /хх 31-32, 36-37/,

 

Хохирогч Т.Эрдэнэхишиг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Эрхэмбаяр нь гаднаас согтуу орж ирээд Сундэръяаг гичий банзал гээд хэрүүл хийгээд манай дүү Сундэръяаг хацарлуу нь нэг алгадаад уйлуулчихсан юм. Тэгэхээр нь би чи ер нь яахлаарай дандаа хүүхэд загнаж зоддог юм гэсэн чинь миний өөдөөс харж сууж байснаа чи муу энд хэвтдэг юу юм харьж хэвт зайл гээд байхаар нь би өөдөөс нь чамд хамаагүй архичин минь гээд бид хоёр маргалдсан юм. А.Эрхэмбаяр би чамайг ална гээд гал тогоонд байсан хоёр ширхэг заазуур барьж ирээд заазуурныхаа ар хэсэгээр нь миний нуруу луу 2-3 удаа цохиж байгаад миний нөмөрч байсан цагаан цэнхэр өнгийн хөнжилыг 1-2 удаа зүсчихээд гараад явсан. Тэгээд гарсаны дараа миний баруун хөл нойтон оригоод байхаар нь үзсэн чинь нилээн их цус гарчихсан байсан. ... Би очоод баруун хөлийнхөө доод талд нь 5 оёо тавиулсан ... гэсэн мэдүүлэг /хх 13-14/,

 

Гэрч Н.Ангараг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... манай хүү А.Эрхэмбаяр гаднаас нэлээн согтуу орж ирээд манай ач охин О.Сүндэръяаг чи муу айлд хонодог гичий янхан минь гээд хэлтэл манай охин Т.Эрдэнэхишиг хэвтэж байснаа чи ер нь дандаа яагаад хүүүхэд зодож эмэгтэй хүүхэд янз бүрээр хэлж доромжилдог юм бэ гээд тэр 2 хоорондоо хэрэлдэж муудаж байгаад А.Эрхэмбаяр 2 ширхэг заазуур бариад Т.Эрдэнэхишигийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан. Дараа Т.Эрдэнэхишиг ээжээ миний хөлийг А.Эрхэмбаяр зүсчихлээ гэсэн мэдүүлэг /хх 15-16/,

 

Гэрч О.Сүндэръяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... манай ээжийн төрсөн дүү болох А.Эрхэмбаяр нь согтуу орж ирээд ... О.Сүндэръяагаар гар орны ажил хийлгэхгүй зүгээр байлгаад байгаа юм бэ гэж хэлэхэд манай эгч болох Т.Эрдэнэхишиг том өрөөнд хэвтэж байснаа чи яагаад хүүхэд хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад А.Эрхэмбаяр ах гал тогоонд байсан хоёр заазуур авчираад Т.Эрдэнэхишиг эгчийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан ... Т.Эрдэнэхишиг эгч эмээг дуудаад А.Эрхэмбаяр миний хөлийг заазуураар зүсчихлээ гэсэн мэдүүлэг /хх 17-18/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.31-ний өдрийн 110 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Т.Эрдэнэхишигийн биед баруун өвдөгний доод талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 21/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 9-11/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Эрхэмбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг Энхтайвны 6-6 тоотод хохирогч Т.Эрдэнэхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөлөнд нь заазуураар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч А.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эгчтэйгээ маргалдаад айлгах гээд заазуураар зүссэн гэв, хохирогч Т.Эрдэнэхишиг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... заазуурныхаа ишээр нуруу руу цохиод эргэхдээ санаандгүй зүссэн ... гэв, шүүгдэгч А.Эрхэмбаяр хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... Нэг мэдсэн чинь хоёр заазуур барьчихсан эгч Т.Эрдэнэхишигтэй маргалдаад нуруу болон хөл рүү нь заазуураар цохиод байсан. Би Т.Эрдэнэхишигийн баруун хөлийн заазуураар зүсэж хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь үнэн гэв, хохирогч Т.Эрдэнэхишиг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Эрхэмбаяр би чамайг ална гээд гал тогоонд байсан хоёр ширхэг заазуур барьж ирээд заазуурныхаа ар хэсэгээр нь миний нуруу луу 2-3 удаа цохиж байгаад миний нөмөрч байсан цагаан цэнхэр өнгийн хөнжилыг 1-2 удаа зүсчихээд гараад явсан ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Сүндэръяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Эрхэмбаяр ах гал тогоонд байсан хоёр заазуур авчираад Т.Эрдэнэхишиг эгчийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ангараг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... А.Эрхэмбаяр 2 ширхэг заазуур бариад Т.Эрдэнэхишигийн нуруу луу нь заазуурны араар 2-3 удаа цохиод нөмөрч байсан цэнхэр өнгийн хөнжлийг нь заазуураар зүсээд байсан ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.03.31-ний өдрийн 110 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: ... Т.Эрдэнэхишигийн биед баруун өвдөгний доод талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна ... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Эрхэмбаярыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Шүүх хуралдаанд хохирогч Т.Эрдэнэхишиг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гэм хорыг арилгасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох санал хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

 Учир нь шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн арга, 2 гартаа 2 заазуур барьж довтолсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хуулинд заасны дагуу оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Эрхэмбаярын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Шар овогт Ангарагийн Эрхэмбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрхэмбаярт 2 /хоёр/ сарын хугацаагаар  баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрхэмбаярт оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

            4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрхэмбаярын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Шүүгдэгч А.Эрхэмбаяр нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

           

      ДАРГАЛАГЧ                                   Х.ГАНБОЛД