Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 244

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар магадлалтай, 201603000383 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын өрөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваа, түүний өмгөөлөгч Б.Бадамжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 7 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Цойруут овогт Б.Г нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Хандрагатын амны Хөөт гэдэг газарт Англи улсын иргэн Стивин Эдварт Нейш /Steven Edward Nash/-ийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор цээжин тус газар нь ир үзүүртэй зүйлээр хатгаж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдож,

Архангай аймгийн прокурорын газраас Б.Г-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1/б тоот яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр захирамжаар шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоожээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх Б.Г-ыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар Б.Г-ыг 16 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 71 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Өвөрхангай аймгийн прокурорын газрын өрөнхий прокурор Ш.Дамдинбазар бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Б.Г нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогчийн цээжин тус газар нь ир үзүүртэй зүйлээр хатгаж санаатай алсан болох нь хэрэг цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах зүйлийг тусгана, 2.7-д давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл гэж тус тус заасан бөгөөд магадлалын 1 дэх заалтын үндэслэлийг дүгнэж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчсөн байна... Иймд магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваа, түүний өмгөөлөгч Б.Бадамжаргал нар хамтран гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй тайлбар хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг үндэслэх ёстой байтал хууль зүйн үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчид тус хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй болсон тул Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захиармжаар хэргийг тус аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоосон нь хууль зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтооход чиглэсэн заалт болохоос хэргийг шийдвэрлэх шүүгч нарыг томилохтой холбоотой зохицуулалт биш юм.

Гэтэл Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүх хэргийг магадлахдаа хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг тогтоох ёстой гэж хууль зөрчсөн дүгнэлт хийсэн... Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай. Тухайн хэрэг нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Гэтэл хэргийг Өвөрхангай аймгийн шүүх хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ шүүх бүрэлдэхүүн томилохын оронд шүүхийн харьяаллыг тогтоосон нь буруу байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь ойлгомжгүй байгаа байгаа тул магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 28.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн “2 дахь хэсэгт” гэж заавал бичнэ гэсэн заалт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүхийн харьяалал зөрчсөн асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өвөрхангай аймгийн прокурорын газрын өрөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваа, түүний өмгөөлөгч Б.Бадамжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 581 тоот шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргээс Б.Доржпаламд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонгосон хэргийг тусгаарлаж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаар захирамжаар шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоож /4хх-123/, улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилсон шийдвэрийг албажуулсан нь /4хх-128/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Сум буюу сум дундын... шүүх... тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон... бол адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчдийн олонхи нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ.” гэсэн заалтад нийцсэн бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай захирамжаар зохих шатны шүүхийн өөр шүүхийн шүүгчийг томилох байтал шүүхийн харьяаллыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн Б.Г-д прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ хуульд байхгүй зүйл заалтаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг буруу хэрэглэсэн  гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн 71 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 02 дугаар магадлалыг үндэслэлгүй гэж үзэв.

Энэ талаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын өрөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваа, түүний өмгөөлөгч Б.Бадамжаргал нарын хамтран гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Хандрагатын амны Хөөт гэдэг газарт Англи улсын иргэн Стивин Эдварт Нейш /Steven Edward Nash/-ийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор цээжин тус газар нь ир үзүүртэй зүйлээр хатгаж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Грейт Крейг  /Aston Gareth Craig/, С.Алтанзул, Б.Хандмаа, Т.Анхбаяр, Б.Адьяасүрэн, А.Батбаяр, Б.Ганчөдөр, Н.Батсүх нарын мэдүүлгүүдээс гадна шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн хэргийнхээ талаар сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, Архангай аймгийн Шинжилгээний албаны шинжээчийн 76 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5500 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар төмөр гадас, суран эдлэл, паспорт, гадаад улсын мөнгөн дэвсгэрт болон бусад эд зүйлийг хураан авч бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв байх шаардлагыг хангасан талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь амь хохирогчийн мөнгө, эд зүйлийг авах шунахай зорилгоор морьтой гүйцэн очиж, улмаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогчийн биед үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулж, түүний цүнхнээс бэлэн мөнгийг авч, бусад эд зүйлийг хаясан үйлдэл нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7-д заасан “Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хүнийг санаатай алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүх Б.Г-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 16 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Иймд “Шүүгдэгч Б.Г-д амь хохирогчийн мөнгө, эд зүйлийг авах зорилго байгаагүй тул хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх зүйлчилж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ыг Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн талаар зөв дүгнэсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт байхгүй болсон гэх үндэслэлээр түүнд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэхдээ зөвхөн нэмж нэгтгэх журмыг баримтлахаар хуульчилсан тул шүүгдэгч Б.Г-д өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэх асуудлыг хяналтын шатны шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Г-д өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 16 жил хорих ял дээр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 18 жил хорих ялаар тогтоосугай” гэсэн заалт нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “16 жилийн хугацаагаар” гэснийг “18 жилийн хугацаагаар” гэж өөрчилж,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН