Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 451

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0624 дүгээр магадлалтай, Д.С-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-гээс гаргасан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 146001/0058 нэгж талбарын дугаартай, 1044 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №11/163, №11/164, №11/163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №11/165, №11/165-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №12/5, №12/5-1, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №БГ-13/109, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗШГ-13/109 зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бусаар Барьцааны гэрээ-ний дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.30-ны өдрийн М-221/МА2017/0624 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Д.С-гээс “Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 146001/0058 нэгж талбарын дугаартай, 1044 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №БГ-13/109, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №11/163, N911/164, №11/163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №11/165, N911/165-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №12/5, N912/5-1, 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №ЗШГ-1Э/109 зэрэг зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаанд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах!’-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл Д.С өөрийн эзэмшлийн газрыг барьцаалж “Хаан банк" ХХК-иас зээл аваагүй, өөрийн газрыг барьцаанд бүртгэхийг төрийн захиргааны байгууллагад зөвшөөрөөгүй байхад барьцаалбарт бүртгэсэн.

Хариуцагч Нийслэлийн Газрын албанаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “..Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасны дагуу барьцаалбарт бүртгэсэн гэж тайлбарладаг.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.8-д “...газрыг бусдад барьцаалах тохиолдолд Засаг дарга албан бичгээр зөвшөөрөл олгох бөгөөд үүний дараа хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан эрх бүхий албан тушаалтан, байгууллага бүртгэл; тэмдэглэл хийнэ” гэж тайлбарласан. Гэвч Д.С-гийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 146001/0058 нэгж талбарын дугаартай, 1044 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газрыг “Эрэл” ХХК, "Хаан банк” ХХК-иуд хоорондын “Барьцааны гэрээ”-нд үндэслэн Нийслэлийн Газрын алба барьцаанд бүртгэхдээ Засаг даргаас албан бичгээр зөвшөөрөл аваагүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхээс шалган тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл холбогдох албан тушаалтнаас газар эзэмших эрхийг барьцаалахад зөвшөөрөл аваагүй атлаа Нийслэлийн Газрын алба бүртгэл, тэмдэглэл хийж байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нийцэхгүй байх бөгөөд иргэн Д.С-гийн газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. 

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...Нийслэлийн газрын алба барьцааны гэрээг бүртгэхдээ Засаг даргаас зөвшөөрөл аваагүй байгааг шүүх шалгаж тогтоогоогүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.8-д “...газрыг бусдад барьцаалах тохиолдолд Засаг дарга албан бичгээр зөвшөөрөл олгох бөгөөд үүний дараа хуулийн 38.5-д заасан эрх бүхий албан тушаалтан, байгууллага бүртгэл, тэмдэглэл хийнэ” гэж заасныг гомдлынхоо үндэслэл болгожээ.

Мөн холбогдох барьцааны гэрээнүүдийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өөрөө бүртгүүлэхийг /барьцаалахыг/  зөвшөөрөөгүй байхад бүртгэсэн...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан “Барьцааны гэрээг бүртгүүлэх тухай” “ХААН” банк болон “Эрэл” ХХК-иудаас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандсан 2013 оны 06 сарын 27-ны өдрийн албан бичиг, Д.С-гээс ирүүлсэн “...1044 м.кв газрыг “ХААН” банкнаас зээлдэх 15 тэрбум төгрөгийн барьцаанд барьцаалахыг “Эрэл” ХХК-д зөвшөөрсөн агуулга бүхий бичиг, 2011 оны 11/165-1, 2012 оны 12/5-1 дугаар бүхий барьцааны гэрээнд Д.С- өөрөө гарын үсэг зурсан зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.С- нь өөрийн газар эзэмших эрхээ “ХААН” банк болон “Эрэл” ХХК-иудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалахыг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг шүүхүүд зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь өөрөө зээл авах зорилгоор газар эзэмших эрхээ барьцаалахыг хүссэн, зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр байх тул газар эзэмших эрх “барьцаалсан” тухай тэмдэглэгээ хийсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д ”энэ хуулийн 35.1.4-т заасан зөвшөөрөлтэйгөөр газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээгээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд ...газрын албанд бүртгүүлж, ...гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасантай нийцжээ.

Тодруулбал, нэхэмжлэгчийн зээл авах зорилгоо биелүүлэхийн тулд хуульд заасан эрхээ эдэлж, газар эзэмших гэрчилгээгээ барьцаалахыг хүссэн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах боломжгүй, дээрх байдлаар хууль зөрчөөгүй байна.

Иймд, “...өөрөө хүсээгүй байхад барьцааны тухай тэмдэглэл хийсэн...” гэх энэ маргааны тухайд эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалахыг зөвшөөрсөн эсэхийг шалгаж, тодруулах шаардлагагүй, “...Засаг даргаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбарын дагуу маргаж буй бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмын зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0489 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0624 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ