Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1054

 

 

 

 

 

 

 

 

  2024        10          02                                 2024/ШЦТ/1054

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Д.Энхбаяр,

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дд холбогдох эрүүгийн 2406 00697 1835 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, *** төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт *** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М.Д.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би ажлаа хийж байсан. Хохирогч Г.Б гэх залуу өмнө нь манай бааранд хамгаалагч хийдэг байсан гэсэн. Манай бааранд өмнө нь олон удаа орж ирж байсан учраас би таньдаг байсан. Г.Б нь бааранд орж ирэх болгондоо бааранд үйлчлүүлж байгаа эмэгтэй хүмүүстэй маргаан үүсгэчихээд байдаг байсан. Хохирогч Г.Б нь сүүлд бааранд орж ирэхдээ 2 эмэгтэй хүнтэй орж ирсэн. Тэр хоёр эмэгтэйтэй 3-4 лааз пиво ууж бааранд сууцгаасан. Хэсэг хугацааны дараа нөгөө хоёр эмэгтэй нь явах гэхэд Г.Б нь явуулах дургүй байгаа бололтой мөнгө төгрөг нэхээд, татаад байсан. Г.Бтай явж байсан эмэгтэй хүмүүсийг Т.Э, Э гэдэг байсан. Т.Э нь Г.Бд хандаж “би найзыгаа авч явмаар байна” гэж хэлэхэд Г.Б нь Т.Эийг ёс бусаар харааж “уусан зүйлийнхээ мөнгийг өг, би чамаас мөнгө авмаар байна” гэж хэлээд гулдчаад байсан. Тэгсэн Т.Э уурлаад Г.Быг алгадахад Г.Б зөрүүлээд алгадаж унагаасан. Би багаасаа ээжийгээ аавд зодуулж байхыг харж өссөн учраас эмэгтэй хүнд гар хүрч байгаа эрэгтэй хүнд үнэхээр дургүй. Тэгээд уураа барьж дийлэхгүй Т.Эийг өмөөрч Г.Бы шанаа хэсэгт нь 2 удаа цохисон. Би өөрийгөө яс хугарах хэмжээний цохисон гэж бодохгүй байна...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/,

Хохирогч Г.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,

Гэрч Т.Эий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/,

Яллагдагч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр М.Даас гэрчээр мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/ авсан нь түүнийг гэмт хэрэгт холбогдуулан хохирогчоос шууд заасны дараа буюу хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь хэсэгт “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч М.Дын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** баарны үүдэнд хохирогч Г.Бтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч М.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** үүдэнд хохирогч Г.Бтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, төлбөрийн тухайд хохирогч нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй. Харин шүүгдэгч нь хохирогчид 700.000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр барагдуулсан болохоо нотолсон 1 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн, үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх байх. Шүүгдэгч нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид бий болох хор уршигтай холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.Д нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж хуульчилжээ.

Хохирогч Г.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг баарны хамгаалагч залуу эрүүл, болсон асуудлыг харсан байж нөгөө эмэгтэйг өмөөрч нүүрний хамар хэсэг рүү хүчтэй цохиж, цус гаргахад нь хамраа дарахад, зүүн шанаа хэсэг рүү 2 удаа цохиж авахад нь зугтаж, холдоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Уг баарны хамгаалагч залуу миний нүүр хэсэг рүү цохиж, үүдэн шүдийг сэтэлж, уруулыг язалж, хамрыг хугалсан гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаартай: “...Г.Бы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд 1-р шүдний эмтэрсэн хугарал, уруулд язарсан шарх, хамар, зүүн чамархай, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/,

Яллагдагч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би харж байгаад Г.Быг эмэгтэй хүн алгадсан болохоор нь Г.Бы нүүрэн тус газар луу нь 2 удаа цохичихсон..., ...Би Г.Бд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Өөр мөнгө өгч чадаагүй ба одоо би эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул ахиж мөнгө өгч чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дэх тал/,

Гэрч Т.Эий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би түүнд алгадуулсны дараа газарт унасан, намайг газарт унасан хойно баарны хамгаалагч залуу намайг өмөөрч түүний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохиж байсан харагдсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/, шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны үед өгсөн талуудын мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч М.Дын үйлдлийн улмаас хохирогч Г.Бы биед хөнгөн хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч М.Д нь Г.Бы эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Бы биед үүссэн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч М.Дын гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд шүүгдэгч М.Д нь хохирогч Г.Бд 700.000 төгрөгийн хохирол, төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч М.Дыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч М.Дын хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Г.Б нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага гэх зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч М.Д нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би хөдөө аав, ээж дүүгийн хамт амьдардаг. Хотод хэргээ шийдүүлэх санаатай түр хугацаанд байгаа. Манай дүү энэ жил 1 дүгээр ангид орсон. Үүнтэй холбоотой ээж, аав сумын төв рүү нүүсэн. Би хөдөө ганцаараа мал маллаж аав, ээждээ туслах шаардлагатай байгаа тул надад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 30 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч М.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад “…хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэж заасныг тус тус хөнгөрүүлэн үзлээ.

Шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ШИНЭХҮҮ