Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/779

 

 

      2024            10             04                                            2024/ШЦТ/779

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтөлж,

улсын яллагч Д.Батзаяа (томилолтоор),

шүүгдэгч С.Б,

шүүгдэгч Ю.ЁлЁко нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө** овогт Ю.Ё, Д** овогт С.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306023010832 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д** овогт С.Б (РД:********),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө** овогт Ю.Ё (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч С.Б нь Ю.Ё-той бүлэглэн 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 19 тоотод байхдаа “Pokerrrr2” аппликейшн буюу цахим хэрэгсэл ашиглан сарын үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хориглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг,

           Яллагдагч Ю.Ё нь С.Б-тай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 19 тоотод байхдаа “Pokerrrr2” аппликейшн буюу цахим хэрэгсэл ашиглан сарын үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хориглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Ё мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч С.Б, Ю.Ё нар нь ганцаараа болон бүлэглэн 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 19 тоотод мэдээллийн технологи буюу  “Pokerrrr2” аппликейшн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 28-37 дугаар хуудас),

Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 59-66 дугаар хуудас),

С.Б-н эзэмшлийн Хаан банкны 5301699067 дугаартай депозит дансны 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 73-78 дугаар хуудас),

2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 07230220 дугаартай Мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 80-85 дугаар хуудас),

С.Б-н эзэмшлийн “Samsung S20” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 89-93 дугаар хуудас),

Ю.Ё-н эзэмшлийн “Samsung A50” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас),

Ю.Ё-н эзэмшлийн Хаан банкны 5026731683 дугаартай депозит дансны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 100-140 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ю.Ё-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Шүүгдэгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

“Амгалан ахуй аудит” ХХК-н аудитын тайлан (хавтаст хэргийн 186-191 дүгээр хуудас)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Ю.Ё-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 143 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 142 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 150 дугаар хуудас), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 174-182 дугаар хуудас),

Шүүгдэгч С.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 146 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 147 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 148 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 149 дүгээр хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч С.Б, Ю.Ё нар нь ганцаараа болон бүлэглэн 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 19 тоотод мэдээллийн технологи буюу  “Pokerrrr2” аппликейшн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгч нарын дансны хуулга, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, аудитын тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэж интернэт, компьютер болон сүлжээний технологи ашиглан мөрийтэй тоглоом тоглуулах үйлчилгээг зохион байгуулсан үйлдлийг ойлгох ба мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа веб хуудас, фейсбүүк, пейж хуудас, гар утасны аппликейшн зэргийг өргөнөөр ашигласан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б, Ю.Ё нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч С.Б, Ю.Ё нар ньхэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч С.Б, Ю.Ё нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б, .Ё нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Б, Ю.Ё нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.   

Шүүхээс шүүгдэгч С.Б, Ю.Ё нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Б, Ю.Ё нарт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.  

Шүүгдэгч С.Б, Ю.Ё нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулав.

III. Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Samsung S20 Fe”, “Samsung A51” загварын гар утаснуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагааг хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ю.Ё нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д** овогт С.Б, Ө** овогт Ю.Ё-г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Ю.Ё-г 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ю.Ё нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Samsung S20 Fe”, “Samsung A51” загварын гар утаснуудыг улсын төсөвт шилжүүлэх ажиллагааг хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Б, Ю.Ё нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ю.Ё нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ЗОЛБОО