| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2024/0399/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/802 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Т.Б |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/802
2024 10 10 2024/ШЦТ/802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Хонгорзул хөтөлж,
улсын яллагч Т.Баянмөнх,
иргэдийн төлөөлөгч Б.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Н.Мөнхсүлд,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Ч.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305032962590 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б** овогт Ч.Б (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би хохирогчтой уулзаагүй бөгөөд хэргийг гэрчилсэн гэрчүүдтэй мөн адил уулзаж улмаар хамт согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэгтээ өгсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н мэдүүлэхдээ “...Гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилнэ” гэв.
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** давхар, ** тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан хохирогч Ц.Б-тай “цалин өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлий тус хэсэгт 2 удаа өшиглөсний улмаас хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн, бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудас, 13-15 дугаар хуудас, 19-21 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас),
Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас),
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),
Гэрч Н.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас, 47-49 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2357 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас),
Шинжээч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас),
2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 50 дугаартай гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас),
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 91-98 дугаар хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 121-129 дүгээр хуудас),
Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 121-123 дугаар хуудас),
Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас),
Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас),
Гэрч Н.Ц, шүүгдэгч Ч.Б нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас),
Гэрч Д.Б, шүүдэгч Ч.Б нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 247-248 дугаар хуудас), тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны ** давхар, ** тоот өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан хохирогч Ц.Б-тай “цалин өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлий тус хэсэгт 2 удаа өшиглөсний улмаас хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн, бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, гэрч, яллагдагчийг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хяналтын камерын бичлэг), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсний улмаас хохирогч Ц.Б нь хэвлийн битүү гэмтэл болох баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, элэгний язарсан шарх, эдийн няцрал, нарийн, бүдүүн гэдэсний чацархайн язарсан шарх бүхий хүнд гэмтэл авч, уг гэмтлийн улмаас дотуур цочмог цус алдаж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийн хэвлийн тус газарт өшиглөсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн хохирогч Ц.Б-н биед учирсан эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн урд хэсэг, өвчүүний дээд хэсэгт болон хоёр хөлийн өвдөгт зулгаралт, баруун шилбэний урд дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд учирсан байх бөгөөд эдгээр нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй буюу хохирогчийг амь насаа алдахад нөлөөлсөн гэмтлүүд биш болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2357 дугаартай шинжээчийн дүгнэлтээр (1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас) тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгч Ч.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 3,050,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын зардалд 3,050,000 төгрөг, гадаад улсаас ирсэн хүүхдүүдийн тийзний зардалд 12,360,528 төгрөг, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар 15,583,861 төгрөг, нийт 30,994,389 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөг, нийт 113,494,389 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлттэй байна” гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-с 3,050,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бусад нэхэмжлэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нь шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно”, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н амь нас хохирсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хувь хэмжээгээр тогтоохоор заасан байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөгийг (хохирогчид ашигтай байдлаар) шүүгдэгч Ч.Б-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-т олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ч.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ч.Б-т 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-н 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 300 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 300 хоногтой, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б** овогт Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-н 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 300 (гурван зуу) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б-с 85,550,000 (наян таван сая таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-т олгосугай.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Б-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ