| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 192/2025/02336/И |
| Дугаар | 001/ХТ2026/00092 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2026/00092
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07700 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2026/00016 дугаар магадлалтай
Н-т холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ӨНОААТҮГ,
Газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э-н хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07700 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** байрлах нэгж талбарын ***, *** дугаартай, 128 м.кв талбайтай газрын хамтран эзэмшигчээр “Э” ХХК-ийг тогтоож, холбогдох бүртгэл хийлгэхийг Н-, “ОСНААУГ” ОНӨААТҮГ нарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2026/00016 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07700 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н-т холбогдох газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх манай компанийн гаргасан газар эзэмших эрхтэй этгээдээр тогтоолгох, хамтран газар эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх газар эзэмших эрх бүхий этгээд биш, хариуцагчаар Н-, Б нарыг татах, тэднээс шаардах эрхгүй байна гэсэн агуулгаар дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн, манай компанийг газар эзэмших эрхтэй этгээд биш гэж дүгнэхдээ уг газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгийг нотолж буй үйл баримтыг анхаараагүй ба эзэмшил үүсэхтэй холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон төдийгүй давж заалдах шатны шүүхээс хийсэн хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бөгөөд шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.
Хэрэгт Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024.10.08-ны өдрийн 001/ХТ2024/00210 дугаартай тогтоол нотлох баримтаар авагдсан бөгөөд тус тогтоолын 12-т: “Хэргийн баримтаас үзэхэд, 2019.07.28-ны өдөр нэхэмжлэгч Б болон Н-, Ч нар хариуцагч “Э” ХХК-д *** байрлах 3 давхар барилга буюу 6ш үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, “Байр худалдах, худалдан авах тухай хэлцлийн тэмдэглэл” гэсэн бичгийн баримт үйлдсэн, “Э” ХХК нь 750,000,000 төгрөгөөс 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Бад төлсөн, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг төлөөгүй” байна гэсэн дүгнэлт хийсэн, Тогтоолын 15.2-т: “Нэхэмжлэгч Б 2020.04.28-ны өдрийн “Хэлцэл” болон 2019.07.28-ны өдрийн “Байр худалдах-худалдан авах тухай хэлцлийн тэмдэглэл” гэсэн бичгийн баримтыг хохирол гаргуулах шаардлагын үндэслэлээ болгосон ба эдгээр бичгийн баримт үйлдсэн талаар талууд маргаагүй, 3 давхар барилга нэг бүртгэлээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тус тусдаа өмчлөх эрхийн бүртгэлтэй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ...” гэж дүгнэсэн ба манай компани уг газар дээр байгаа 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй болохыг анхаарч үзээгүйд гомдолтой.
Б, Н- нар манай компанид уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахдаа газар эзэмших эрхийн хамт шилжүүлж өгнө гэсэн боловч биднийг хуурч, хэлцлээсээ татгалзсан болно.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 85, 89, 90, 90.1, 93.1 заалтыг хуульд заасан агуулгаас нь өөрөөр тайлбарлан хэрэглэсэн ба хоёр шатны шүүх маргаантай харилцааг зөрүүтэй шийдвэрлэсэн тул шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулахаар гомдол гаргаж байна.
Иргэний хуулийн 85.2-д зааснаар манай компанийн хууль ёсоор худалдан авч үнийг нь төлж эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө нь газартай бэхлэгдсэн бөгөөд газраас салгамагц зориулалтын шинжээ алдах тул манай компанийн өмчилж буй 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн газартай бэхлэгдсэн хэсгээр уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Э-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.03.31-ний өдрийн 001/ШХТ2026/00369 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“Э” ХХК нь Б, түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох түүний төрсөн эгч Н, Нийн нөхөр Ч нартай удаа дараа уулзаж, гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохиролцсоноор *** байрлах 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг буюу 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, *** нэгж талбарын дугаартай *** тоот газрын гэрчилгээтэй хөрөнгийг цогцоор нь 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Н-ийн эзэмшлийн, өмнө өмчлөлд нь байсан 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцаа шилжүүлэн өгсөн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн дор байрлах газрын эзэмших эрхийг огт шилжүүлж өгөөгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018.03.27-ны өдрийн А/255 тоот захирамжтай *** дугаар бүхий нэгж талбарын дугаартай 128 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээнд компанийн нэрийг нэмж оруулахыг даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа: “...*** 3 өрөө орон сууц өмчилдөг Н- нь эзэмшлийнхээ газрыг Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, шилжүүлэх ямар ч боломжгүй. Уг газар дээр иргэн, хуулийн этгээдийн 6 үл хөдлөх эд хөрөнгө, дүүргийн дулааны станц байрладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ӨНОААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...*** байрлах, нэгж талбарын ***, *** дугаар бүхий 128 м.кв талбайтай, ус дулаан дамжуулах төв, үйлчилгээний орон сууц зориулалттай газар дээр байрладаг талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар 3 давхар барилга нь газрын бүрдэл хэсэг болжээ. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн 4 ширхэг буюу ихэнх хэсгийг нь нэхэмжлэгч “Э” ХХК дангаар өмчилдөг бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэгт зааснаар тус газрыг “Э” ХХК хамтран эзэмшиж байна. Иймд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасантай газар эзэмшигч нарын 2018 оны мэдээлэл нийцэхгүй байх тул “Э” ХХК-ийг маргаан бүхий газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг газрын эрх эзэмшигчид даалгуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн,
Давж заалдах шатны шүүх: “...Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар болон газар дээр байрлах 6 үл хөдлөх эд хөрөнгийг цогцоор нь худалдаж авахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар газар эзэмших эрх худалдах-худалдан авах хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлнэ. Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд дээрх байдлаар газрын эрх шилжүүлэх хэлцэл хийгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тал болох А, Б, Я, Н нар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй этгээдүүд биш байна. Дээрхээс дүгнэвэл, маргаан бүхий газар эзэмших эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болоогүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээний төлбөрт газар эзэмших эрхийн үнэ багтсан гэх тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 89 дүгээр зүйлийн 89.4, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан эзэмшил үүсэх, эд хөрөнгө нийлэх, холилдох үйл явц буюу газар дээр барилга барих зэргээр газарт бэхлэгдсэн шинэ үл хөдлөх эд хөрөнгө бий болох үед тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчийг тодорхойлохтой холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө анх бий болох үед эрх зүйн маргаан үүсээгүй учир газрын өмчлөгч газарт бэхлэгдсэн хөрөнгийн хувьд өмчлөгч байх талаар хуулийн дээрх зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшигч тул мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар түүний газар эзэмших эрхийг хуваах буюу хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр шаардах эрхгүй...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ эрх зүйн өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.
Хяналтын шатны шүүхээс хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
10. Маргаж буй *** газрыг хариуцагч Н-, гуравдагч этгээд “О” ӨНОААТҮГ тус тус Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010.05.18-ны өдрийн 329 дүгээр захирамжаар Ус, дулаан дамжуулах төв, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд 2018.03.27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар дээрх газрын /нэгж талбарын *** дугаартай/ эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.
Хариуцагч Н- өөрийн эзэмшлийн дээрх газар дээр тус тусдаа бүртгэлтэй 6 тооны үл хөдлөх эд хөрөнгө бүхий 3 давхар барилга барьсан байсан ба нэхэмжлэгч “Э” ХХК нь 2020.01.03-ны өдөр А, Б, Я, Н нартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дээрх барилгаас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсыг бүртгэлийн ... 4 тооны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2020.01.08-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгчээс дээрх хөрөнгийг анх цогцоор нь буюу газар эзэмших эрхийн хамт худалдаж авахаар харилцан тохиролцсон байсан боловч төлбөрийг бүрэн төлөөгүйгээс 4 тооны үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан байтал хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дор байрлах газар эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн алдааг залруулж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
12. Нэхэмжлэгч “Э” ХХК нь ... маргаж буй газар дээр баригдсан 3 давхар барилгын 6 тооны үл хөдлөх эд хөрөнгөөс 4-ийг нь тухайн хөрөнгийн өмчлөгч нараас худалдаж авсан байх бөгөөд тэдгээр өмчлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн дор байрлах газрыг эзэмших эрх бүхий этгээд биш байна.
Түүнчлэн талуудын хооронд тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газар эзэмших эрхийг шилжүүлэх, эсхүл худалдах-худалдан авах талаар харилцан тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байгуулсан талаар хэрэгт баримтгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
13. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх ба нэхэмжлэл болон гомдолд дурдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024.10.08-ны өдрийн 001/ХТ2024/00210 дугаартай тогтоолд дурдсан дүгнэлт болон үйл баримт энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
14. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж зохицуулсан.
Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл бүрдсэн бол байшин барилга, үл хөдлөх эд хөрөнгө нь газар өмчлөх эрхийн салшгүй бүрдэл хэсэг биш байж болно. Маргаан бүхий тохиолдолд газар эзэмших эрх нь түүний дээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээс тусдаа оршин байх ба үл хөдлөх эд хөрөнгийг барих үед дэвсгэр газрын эзэмших эрх нь үл хөдлөх эд хөрөнгийг дагаж шилжихээр талууд тохироогүй байна. Гэвч нөгөө талаас газар эзэмших эрх бүхий этгээд өөрийн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө барихдаа уг хөрөнгийг газаргүйгээр ашиглах боломжгүйг таамаглах бүрэн боломжтой тул өөрийн газар эзэмших эрхээ үл хөдлөх эд хөрөнгийг оршин байх хугацаанд ашиглуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн хязгаарлагдмал эрхийг хуульд зааснаар үүсгэх зарчимтай тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн дэвсгэр газар ашиглах эрхийг газар эзэмшигчийн эрхийг хязгаарласан эд юмсын хязгаарлагдмал эрх гэж дүгнэх боломжгүй. Харин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нар газрыг гэрээний дагуу ашиглаж байгаа гэж үзнэ.
Иймд газар эзэмшигч буюу хариуцагч газрын үндсэн эзэмшигч байх бөгөөд нэхэмжлэгч тус газар дээр баригдсан газрын бүрдэл хэсэг болох барилгын өмчлөгч болсон нь Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмших эрхийг олж авсан гэж үзэхгүй. Иймд маргаж буй 128 м.кв талбай бүхий газарт баригдсан 6 тооны үл хөдлөх эд хөрөнгийн 4-ийнх нь өмчлөгч болсноор тус газрын эзэмших эрхийг дундаа олж авсан гэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж зохицуулсан тул хууль ёсны эзэмшигчээс тухайн газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр шаардах эрхгүй талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит байдалд нэхэмжлэгч “Э” ХХК нь маргаж буй газрыг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ харилцаа үргэлжилж байгаад хариуцагч ямар нэг шаардлага гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2026/00016 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Э” ХХК-аас 2026.02.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД