| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2019/03943/И |
| Дугаар | 101/ШШ2022/00797 |
| Огноо | 2022-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/00797
| 2022 02 23 | 101/ШШ2022/00797 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, “М д” хадгаламж зээлийн хоршоо /рд:0/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигин овогт Ж.Б /рд:0/,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Ж.Э /рд:0/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 41,460,060 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч бөгөөд хариуцагч Ж.Эитгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М д” ХЗХ нь Ж.Э хамтран хариуцагч Ж.Б нарт 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр № 79 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгчтэй Зээлийн барьцааны №79 тоот гэрээ байгуулж 0 дугаартай, 30 м,кв талбайтай, 0 өрөө орон сууц, 0 тоот 24м,кв авто зогсоолыг барьцаалж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн № 79 тоот гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр дуусгавар болох байсан боловч хамтран зээлдэгч нь байр зарж төлбөрөө төлнө гэж хугацаа алдаж гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, зугтааж, утсаа авахгүй зээлдүүлэгчид хүндрэл учруулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 12,129,800 төгрөг, үндсэн хүүнээс 9,650,200 төгрөг, нийт 21,780,000 төгрөг төлсөн болно. Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн нийт дүнг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож үзэхэд үндсэн зээл 32,870,200 төгрөг, үндсэн хүү 6,165,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,424,060 төгрөг, нийт 41,460,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Ж.Э-ээс гаргуулж өгнө үү. Мөн зээлийн барьцаанд байгаа 30 м.кв талбайтай 2 өөрөө орон сууц, 24 мкв талбай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч Ж.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагч Ж.Эитгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид “М д” хадгаламж зээлийн хоршооны гишүүд бөгөөд 2018 оны 08 сарын 15-ны өдөр 79 тоот зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож зээл авсан ба зээлийн барьцаанд ГД- 0 дугаартай 30 м.кв талбайтай, Баянзүрх дүүрэг 0 хороо, 0 авто зогсоолыг барьцаалсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 32,870,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн үндсэн хүү 6,165,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,424,060 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь бизнесийн үйл ажиллагаа доголдсон, мөн Ковид-19 өвчний улмаас зээлээ төлж чадахгүй болсон. Эдийн засгийн хүнд нөхцөлд орсон байдлыг харгалзан үзэж зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 08 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, кассын зарлагын ордер, мөнгөн шилжүүлгийн баримт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хадгаламж зээлийн хоршооны гишүүний анкет, гишүүнээр элсэх өргөдөл, Ерөнхий журналын тайлан, зээлийн тооцоолол зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
- хариуцагч нараас нотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М д” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ж.Э, Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,460,060 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 32,870,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг төлөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М д” хадгаламж зээлийн хоршоо нь 45,000,000 төгрөгийг, 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Ж.Э, Ж.Б нар нь заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, зээлдэгч нар нь Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 0 дугаар байр зоорийн давхарын 110 тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 7-12 дугаар тал/
Талуудын хэн аль нь дээрх зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч “М д” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ж.Э-т хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй. Энэ нь хэрэгт авагдсан кассын зарлагын ордер, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 18-19 дүгээр тал/
Зээлдүүлэгч “М д” хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 жилийн хугацаагаар сунгуулсан байна. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхэлнэ” гэж заасантай нийцэж байна. /хх-ийн 90-91 дүгээр тал/
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасан. Зээлдэгч Ж.Э нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “М д” хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэх хүсэлт гаргасныг хүлээн авч, тус хоршооны гишүүнээр бүртгүүлсэн болох нь гишүүний анкет, гишүүний оруулсан хувь хөрөнгийн задаргаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ.
Талууд дээрх зээлийн болон барьцааны гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 32,870,200 төгрөг үлдсэн үйл баримтад талууд маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,
Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж,
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж тус тус заасан. Иймд хариуцагч нараас гаргасан зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Нөгөө талаар, хариуцагч нар нь бизнесийн үйл ажиллагаа доголдсон, цар тахал гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосны улмаас зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэ үед Монгол Улсад хөл хорио тогтоогоогүй байсан. Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба өнөөдрийг хүртэл хугацаанд хариу тайлбартай холбоотой нотлох баримт гаргах боломжтой байсан атлаа уг үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд зээлдэгч нар нь зээлдүүлэгчийн шаардсан зээлийн гэрээний үндсэн хүү 6,165,800 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энд, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хүү нэхэмжлээгүй, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлхи хугацааны хүү нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан.
Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.7.3-т “...зээлдэгч нь зээлийн ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд буцааж төлж чадаагүй тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж тохиролцсон байна. Иймд үндсэн хүү болох 6,165,800 төгрөгөөс тооцож үзэхэд 1,233,160 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нарын нийт төлвөл зохих үүргийг нэгтгэн дүгнэвэл, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 32,870,200 төгрөг, хүү 6,165,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,233,160 төгрөг, нийт 40,269,160 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч “М д” хадгаламж зээлийн хоршоо нь шүүх хуралдаанд хариуцагч Ж.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхтэй тул шүүх хариуцагч Ж.Э-ээс 40,269,160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Хариуцагч Ж.Э нь хамтран зээлдэгч Ж.Б-ээс жич нэхэмжлэл гаргах замаар “М д” хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой төлбөр гаргуулах эрх нь нээлттэй болно.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус заасан.
Иймд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл болох нь Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 0 дугаар байр зоорийн давхарын 110 тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.Э-ээс 40,269,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 1,190,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Э-ээс 40,269,160 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М д” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлээс 1,190,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Ж.Эөмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн 0 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн 0 тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Нэхэмжлэгч “М д” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 429,495 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ