| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/00498/И |
| Дугаар | 101/ШШ2022/00854 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/00854
| 2022 02 25 | 101/ШШ2022/00854 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0, “Г б” ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Олхонууд овогт Н.Г /рд:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,196,579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Н.Г, түүний өмгөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Г нь Г б тай 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 120687547 дугаартай зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөгийн эрхтэй картыг жилд бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус 24 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсний 12 хувь, эрх хэтрүүлсний 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дууссан боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй. Үндсэн төлбөр 11,859,579 төгрөгөөс 10,549,782 төгрөгийг төлж, бэлэн гүйлгээний хүү 2,600,799 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 103,887.13 төгрөг төлөхөөс 1,921,808.58 төгрөг, төлж, нийт 14,648,466 төгрөгөөс 12,555,791 төлж 2,092,674 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 120767392 тоот гэрээгээр 4 сая төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус 24 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсний 12 хувь, эрх хэтрүүлсний 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй. Үндсэн төлбөр 17,195,491 төгрөгөөс 13,339,031 төгрөг төлж, бэлэн гүйлгээний хүү 5,902,949 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 55,722 төгрөгөөс нийт 2,710,727 төгрөгийг төлсөн бөгөөд 3,246,944 төгрөгийн үлдэгдэлтэй. Шимтгэл 85,800 төгрөгөөс 85,300 төгрөгийг төлж 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эцсийн байдлаар 23,238,963.25 төгрөгийн зээл бодогдсоноос хариуцагч 16,135,59.11 төгрөгийг төлж 7,103,904.14 төгрөгийн зээлийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас нийт 9,196,579.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Би зэс картыг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр авсан. 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлээ төлж байсан. Картын хугацаа дууссан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн үндсэн төлбөр 1,309,796 төгрөг үлдсэн, төлөөгүй байгаа нь үнэн. Ган картыг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр байгуулж, 4,000,000 төгрөг авсан. 2018 оны 5 дугаартай 15-ны өдрөөс 2020 ны 02 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хүүг нь төлж байгаад 3,856,459 төгрөг үлдсэн байсан. 2020 оны 5 дугаар сард картын хугацаа дууссан. Үндсэн зээлийн төлбөрүүдээ төлнө. Харин зээлийн хүүг 50 хувиар багасгаж өгнө үү. Хэрэглэж байсан картын хугацаа дууссан, цаашид картыг ашиглаагүй. Цар тахалтай холбогдуулж зээл төлөх чадвахгүй болсон. Иймд зээлийн үндсэн төлбөрийг төлөх ба зээлийн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын тушаал, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын гэрээ, тооцооллын хүснэгтүүд, дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
- хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г б ” ХХК нь хариуцагч Н.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,196,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн төлбөр төлөхийг зөвшөөрч, зээлийн хүүг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г б ” ХХК нь хариуцагч Н.Г-тай 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120687547 дугаар бүхий кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан, уг гэрээгээр “Г б ” ХХК нь 2,500,000 төгрөгийн эрхийн хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсаны сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, кредит карт эзэмшигч Н.Г нь картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-8/
Мөн талууд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/КР/120767392 дугаар бүхий кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр “Г б ” ХХК нь 4,000,000 төгрөгийн эрхийн хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсаны сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, кредит карт эзэмшигч Н.Г нь картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 12-14/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч Н.Г нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, төлөлт хийгээгүй, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120687547 дугаар бүхий кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээний үндсэн үүрэгт 1,309,796 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/КР/120767392 дугаар бүхий кредит картын гэрээний үндсэн үүрэгт 3,856,459 төгрөг тус тус үлдсэн үйл баримтад талууд маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүү төлөхгүй гэж маргасан.
Хариуцагч Н.Г нь цар тахалтай холбоотойгоор зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,
Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан. Иймд хариуцагч Н.Г-ийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/КР/120767392 дугаар бүхий кредит картын гэрээний хугацаа дууссан өдрөөс хойшхи зээлийн үндсэн хүүг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Харин 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120687547 дугаар бүхий кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээгээр “...зээлийн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү бодогдох” талаар талууд тохиролцоогүй байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд энэ талаар тохиролцсон ба уг гэрээний 3 дахь заалтад байгаа гэх боловч нэхэмжлэгчээс хэрэгт цуглуулж өгсөн дээрх гэрээнд 3 дахь заалт гэж тусгагдаагүй байна. /хх-ийн 7-8/
2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120687547 дугаар бүхий гэрээгээр талууд зээлийн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү бодогдох талаар тохиролцсон гэж үзэхээргүй, энэ талаар хариуцагч маргасан тул уг гэрээний хугацааны төлвөл зохих хүү 450,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Н.Г нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/120687547 дугаар бүхий кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээний үндсэн үүрэгт 1,309,796 төгрөг, хүү 450,500 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/КР/120767392 дугаар бүхий кредит картын гэрээний үндсэн үүрэгт 3,856,459 төгрөг, хүү 3,246,944 төгрөг, нийт 8,863,700 төгрөгийг нэхэмжлэгч “Г б ” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч “Г б ” ХХК нь зээлийн шимтгэлд 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас ямар үндэслэлээр шаардаж буй эсэх, хэзээнээс хэзээ хүртэлх хугацаанд хамаарч байгаа юуны шимтгэл болохыг тайлбарлаагүй, уг шаардлагаа баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн шимтгэлд шаардсан 500 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Г-аас 8,863,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 332,879 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь зээлийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Г-аас 8,863,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 332,879 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156,769 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ