Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/739

 

 

 

 

 

     2024          09          23                                     2024/ШЦТ/739

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,

Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403004520584 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  *** тоот регистртэй,

Шүүгдэгч ***нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн  институтийн дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын  байгууллагад "Төмөр замын замчин" мэргэжлээр төгсөөгүй атлаа “Төмөр замын  замчин" хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2022 оноос Баянгол дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын  2 дугаар ангид Төмөр замын замчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны  шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн гомдол мэдээлэлд дурдагдаж байгаа 2021/294 дугаартай мэргэжлийн  үнэмлэх нь Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн замчин Н.Ган-Эрдэнэ-н мэргэжлийн үнэмлэх юм. ***нь 2022 оны 12 дугаар  сарын 07-ны өдөр Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн захиргаанд өргөдөл гаргасныг үндэслэн Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/1/23 дугаартай тушаалаар Н.Ган-Эрдэнэ-г замчнаар ажилд авсан. Үүний дараа Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/183 дугаартай  тушаалаар замчнаар ажиллуулах тушаал гарсан. ***нь 2023 оны 02  дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын Замын 2  дугар ангид замчин мэргэжлээр ажиллаж байна. Тухайн ажилтны хувьд  Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж  гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь   нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хохирсон зүйл байхгүй тул цаашид  ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна...”гэсэн мэдүүлэг /хх-н 124-125/

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай сургалтын төвийн хувьд  үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. Манай  байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй... Надад харуулсан 2021/294, дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. ...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. ...Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна.”, “...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 91-94, 107-110/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Mergejil.mn буюу цахим  бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай  институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа  дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын   мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ   манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн   гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг..."  гэх мэдүүлэг /хх-н 97-99 /, 

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Боловсролын баримт бичиг  гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох  баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн  боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар  анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр  мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт” хамаарна. Мэргэжлийн сургалтын  бие даасан нэг том салбар учраас” мөн төгсөлтийн баримт бичгийг  баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн  байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас  ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас  олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг..." гэх мэдүүлэг /хх-н 102-104/, 

Яллагдагчаар ***мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэл болох хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид төмөр замын замчин албан тушаалд ажилд орсноо хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 142-143/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 113-116/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 157-165/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч ***нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн  институтийн дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын  байгууллагад "Төмөр замын замчин" мэргэжлээр төгсөөгүй атлаа “Төмөр замын  замчин" хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2022 оноос Баянгол дүүргийн 3  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын  2 дугаар ангид Төмөр замын замчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***нь 2021/294 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж, тухайн хуурамч бичиг баримтыг ашиглан Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид Төмөр замын замчнаар ажилд орсон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, боловсролын үнэмлэх баримт бичгийг хуурамчаар ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***нь Бүтээгч сургалтын төвийн мэргэжлийн сургалтын байгууллагад Төмөр замын замчин мэргэжлээр суралцаагүй атал суралцсан мэтээр 2021/294 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг гаргуулж, түүнийг ашиглан ажилд томилогдсон нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 Шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч 2021/294 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон, боловсролын үнэмлэх баримт бичгийг хуурамчаар ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч гэрчилгээг хэрэгт хадгалсугай.
  5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР