Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/00095

 

           

 

 

 

 

 

 

   2021       12          28                                    101/ШШ2022/00095

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ж-д холбогдох,

 

504,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж.М” ХХК нь шүүхэд гаргасан нхээмжлэл, түүний төлөөлөгч Г.Сундуйжав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ж нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай компанитай ББГ-1145/20 тоот “Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ” байгуулан Samsung A10S загварын гар утсыг ******* дараа төлбөрт дугаарын хамтаар урьдчилгаа төлбөргүйгээр 2020.07.28-ны өдрөөс 2021.04.28-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд cap бүр 45,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Б.Ж нь cap бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 270,000 төгрөг, ******* дараа төлбөрт дугаарын үлдэгдэл 66,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 336,000 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 168,000 төгрөг нийт 504,000  төгрөгийг Б.Жаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлнэ. Шинээр гаргах баримтгүй. Хариуцагч нь гар утас зээлээр аваад 4 сар төлбөр төлж байсан боловч сүүлийн 6 сар төлбөр төлөөгүй. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 270 000 төгрөг, үйлчилгээний 66 000 төгрөг, гэрээний 3.4-т зааснаар алдангид 168 000 төгрөг, нийт 504 000 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч Б.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч тайлбар, холбогдох баримт ирүүлээгүй.

 

Нэхэмжлэгч “Ж.М” ХХК нь шүүхэд гар утас болон үйлчилгээний төлбөрийн тооцоолол, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ББГ-1145/20 дугаар гэрээний хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Ж.М” ХХК нь гар утас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 270,000 төгрөг, үйлчилгээний хөлсөнд 66,000 төгрөг, алдангид 168,000 төгрөг, нийт 504,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Ж нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

            Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн ББГ-1145/20 дугаар гар утас төхөөрөмж, зээлээр худалдах худалдан авах гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хэргийн 9-10 дугаар тал/

            Гэрээгээр сарын 11,000 төгрөгийн үйлчилгээ авч, 450,000 төгрөгийн гар утсыг нийт 10 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр тохиролцжээ.

 

 

            Иймд зохигчдын хооронд худалдах худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч нь хөлс төлөх үүрэгтэй. Энэ хэргийн хувьд гүйцэтгэх ажил буюу гэрээний зүйл нь гар утсаар ярих үйлчилгээ үзүүлэх харилцаа юм.

            Иймд нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үнэ болон ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг шаардах эрхтэй.

 

            Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гар утасны үнээс 270,000 төгрөг, үйлчилгээний хөлснөөс 66,000 төгрөг төлөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

            Иймд хариуцагчийг дээрх 2 гэрээний дагуу нийт 336,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

            Гэрээний 3.4-т талууд төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр заасан байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна.

            Гэрээ байгуулагдсанаар хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 521 хоног хэтэрсэн тул 1 хоногт 1,008 төгрөг, 521 хоногт 525,168 төгрөгийн алданги тооцогдоно.

Улмаар алдангид 168,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

            Хэдийгээр хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зураагүй байх боловч өөрийн гар утасны дугаар, огноог бичиж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтад гарын үсэг зурсан байна. Иймд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг мэдэж байсан гэж үзнэ.

            Мөн хариуцагчийн эхнэр гэх н.Отгонд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.6-д нийцэх бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

            Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь хуульд заасан хувь хэмжээгээр урьдчилан төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Ж-аас 504,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж.М” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД