Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/744

 

 

 

 

 

   2024          09         23                                     2024/ШЦТ/744

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,

Улсын яллагч: М.Эрдэнэзаяа,

Хохирогч ***ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Хохирогч ***ХХК-ний хууль ёсны төлөөлөгч ***ын өмгөөлөгч Г.Батбаяр,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000471885 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***тоот регистртэй, 

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд арматур төмөр “Хятад” улсаас хямд үнээр нийлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас “***ХХК”-ний захирал *** нь 1.312.500.000 төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-с шилжүүлснийг авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан,

Мөн тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ***ХХК-ний захирал ***тай бараа нийлүүлэх тухай 10 дугаартай гэрээг байгуулж, гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ***ХХК-ний худалдаа хөгжлийн банкны *** дугаарын данс руу 500.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дансаар 150.000.000 төгрөг, нийт 650.000.000 төгрөгийг хуурч, гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт нийт 1.962.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан Залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хохирогч нараар оролцож байсан компаниудтай өмнө харилцаж байсан. 2022 онд ковидтой холбоотой хил хаалттай байсан. Энэ 2 компанитай захиалгын гэрээ хийж тохиролцон урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Бараа тээвэрлэлт зогсонги болсноос үүдэн ачаа бараа ирэхгүй доголдол үүссэн. Урьд өмнө нь арматур төмрийг олон компанид нийлүүлэн явж байсан. Хил хаалттайгаас болж доголдол бий болоод очиж чадаагүй. Хил хаалттай байсны улмаас нөгөө талаас явуулна гэж хэлээд явуулаагүйгээс болоод ийм асуудал үүсэж удааширсан. Захиалгаар ирсэн арматурыг эрээнд ирснийг баталгаажуулж бүгдийг нь очиж үзсэн. Хохирогч тал бас очиж үзсэн. 9 дүгээр сар буюу хил нээгдэх үеэр очиж үзсэн. Баримт бичлэг байгаа. Эхний байдлаар хоёр вагон арматур ирээд ***компанид 132 тонн арматур нийлүүлсэн. Анх 500, 500 буюу 1000 тонн арматур нийлүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан. Урдаас бараа явуулахгүй байгаа дээр нэмж мөнгө шилжүүлэх асуудал гарсан. Тэр хооронд арматурын үлдэгдэл төлбөрийн асуудалд мөнгийг ашигласан” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны эхээр би зүс таних ***той Шангрилаагийн 805 оффис дээр нь очтол хажууд нь *** гэх залуу байсан ба би тухайн үед нүүрс гадагшаа экспортлох тээврийн талаар ярьж байтал *** нь арматур оруулж ирнэ гэхээр нь би тодорхой хэмжээний арматур авна гэж ярьж тохирсон юм. Тэгээд эхлээд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулаад и-мэйлээр явуулаад ***ий гэрийн хаяг болох Баянгол дүүргийн 7 дугаар хороонд өөрт нь өгч явуулан гарын үсэг зуруулсан. Тэгээд гэрээ хийгдсэний дараа *** төлбөр төлөх талаар хэлэхээр нь би 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 285.000.000 төгрөгийг Хаан банкны ***байхдаа шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 200.000.000 төгрөгийг Хаан банкны ***байхдаа шилжүүлсэн. 2022 оны 4 сарын 23-ны өдөр 240.000.0000 төгрөгийг Хаан банкны *** дугаартай ***гийн данс руу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо үйлдвэр 12 тоотод байхдаа шилжүүлсэн. Тэгтэл *** дахиж үлдэгдэл мөнгөө шилжүүлж байж урдаас арматурын төмөр ачна гэж байна гэхээр нь би ах дүү таньж мэддэг хүнээсээ мөнгө цуглуулаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 550.000.0000 төгрөгийг Хаан банкны *** дугаар ***гийн данс руу Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хаан банкны салбар дээр шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2 вагон арматур урдаас орж ирсэн. Тэгээд би 2 вагоны арматур авсан ба тухайн үед гаалийн төлбөр хийх хэрэгтэй гээд 37.500.000 төгрөгийг надаас ***гийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2 вагон арматураа авсан. Тухайн авсан 2 вагон арматур нь 376.770.000 төгрөг болсон. Тэгээд би *** рүү мөнгөө бүрэн шилжүүлчхээд арматураа авъя гэтэл *** нь эхэндээ удахгүй ачуулна, Хятадууд одоо ачна гэж байна хил гааль хаалттай байгаад байна вагон олдохгүй байна бөөнд нь ачуулна гэж ярьдаг байж байгаад сүүлдээ утсаа авахаа больчихсон. Би *** ХХК-ийн Хаан банкны *** данс руу 1.312.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2 вагон 132 тонн арматурын төмөр авсан. 1 тонн арматурын төмрийг 2.850.000 төгрөгөөр бодож авсан. Тухайн авсан арматурын төмөр нь 376.770.000 төгрөгийн үнэтэй болсон. Одоо үлдэгдэл 935.730.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...Би ***ий ***" ХХК-ний данс руу өөрийн ***ХХК-ний Хаан банкны *** тоот данснаас нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 1.312.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. *** манай ***ХХК-аас гадна өөр байгууллагатай арматур нийлүүлэх гэрээ байгуулсан гэж хэлээгүй. Манай ***ХХК-ны захиалсан арматурын төмөр гэж өгсөн. Би өөрөө 2023 оны 3 сарын сүүлээр БНХАУ-н Эрээн хотод байрлах барилгын материалын зах дээр очиж ***өөс Wechat-г нь аваад *** гэх БНХАУ-н иргэнтэй уулзахад ***ий захиалсан 600-700 орчим тонн арматурын төмөр байсан. Тухайн хүн хэлэхдээ *** надад 1000 тонн арматурын гэрээ хийсэн байгаа тул бүх мөнгийг нь өгөөд арматураа авч болно, тэрнээс биш чиний ***д өгсөн мөнгөнд тааруулж би арматурын төмөр өгөхгүй, *** надад одоо 1 тэрбум 500-600 сая орчим төгрөг өгөх ёстой гэж байсан. Гэтэл би ***д бүх арматурын төлбөрөө төлчихсөн гаалийн төлбөр л дутуу учраас *** гэх хүнд төлбөр төлөх боломж байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 25, 27-28, 30/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сард манай захирал *** нь ***ХХК-ийн захирал *** гэж хүнтэй холбогдож арматур нийлүүлэхээр тохиролцож, уулзалт хийж 2 компанийн талаас тохиролцон 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Бараа нийлүүлэх тухай 10 дугаартай гэрээг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, ***ийн 7 давхарт 71 тоотод манай захирал *** болон нийлүүлэгч талын захирал *** нар гэрээг байгуулсан юм. Энэ гэрээ нь 4.275.000.000 төгрөгийн НРВ400Е стандартын марктай 12 мм-ийн арматурыг 14 хоногийн дотор 1500 тонныг хувааж оруулж ирэхээр тохиролцон гэрээнд зааж байгуулсан. Гэрээний 9 дүгээр заалтад зааснаар 50 хувь буюу 2.137.500.000 төгрөгийг манай талаас төлж, үлдэгдэл төлөлтийг нийлүүлэгч бүтэн хариуцаж 100 хувь нийлүүлсний дараа үлдэгдэл 50 хувийг захиалагч буюу манай тал өгөхөөр тохиролцсон. Гэхдээ гэрээнд хэдий ингэж заасан ч урьдчилгаанд 650.000.000 төгрөг шилжүүлчих, ачилт хийж ирсний дараа үлдэгдлийг төлчих гэж *** өөрөө хэлсэн. Мөн үүний дараа 11 дугаартай гэрээг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мөн дээрх байдлаар заалт нь ижил үнийн дүн 5.700.000.000 төгрөгөөр 2.000 тонн арматурын төмөр нийлүүлэх гэрээг байгуулсан. Ингээд манай компани өөрийн охин компани болох *** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын данснаас ***ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын дансанд 2022.03.17-ны өдөр 500.000.000 төгрөгийг шилжүүлж, үүний дараа 2022.03.21-ны өдөр Голомт банкны ***данснаас ***ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** дансанд 150.000.000 төгрөг нийт 650.000.000 төгрөгийг тохирсноороо шилжүүлсэн. ...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд огт арматур төмөр нийлүүлсэн зүйл байхгүй байна. ...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын зүгээс 12 мм арматур төмрөөс 1500 тонн үнийн дүн нь 4.275.000.000 төгрөгийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ***өөс 12 цаг 15 минутад БНХАУ-н Өвөрмонгол Улсын "***экспорт, импорт компанитай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Англи, Хятад улсын хэл дээр бичигдсэн худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал болох *** гарын үсэг зурж тамга дарсан, худалдагч тал нь гарын үсэг зурж тамга дарсан 7 хуудас гэрээ болон хавсралт 3 хуудасны хамт сканердсан гэрээг ирүүлсэн. Гэтэл нүүрэлдүүлсэн мэдүүлэг өгөхдөө *** нь ***ХХК-ний 1500 тонн Ундрах интернейшл ХХК-ний 500 тонн нийлээд 2000 тонн арматурын гэрээг байгуулсан гэж мэдүүлсэн.  Гэтэл 2000 тоннтой холбоотой гэрээг манай байгууллагад харуулаагүй, мөн нэмж  хэлэхэд нүүрэлдүүлсэн мэдүүлэг өгөхдөө *** нь 2000 тонн арматур төмөр  нийлүүлэх гэрээг хийсэн гэж мэдүүлж байна гэтэл өмнө хавтаст хэргийн  материалтай танилцахад ***ий гаргаж өгсөн буюу 2022 оны 03 дугаар сарын  20-ны гэрээнд 12-н арматур нь 872 гэсэн тонн нийлүүлэх гэсэн байна, мөн уг гэрээнд гэрээний нийт үнийн дүнг тоогоор 5.186.720 юань гэж бичээд харин үсгээр тайлбарлаж бичихдээ 3.181.100 төгрөг гэж зөрүүтэй бичсэн мөн гэрээний 6.1 дэх заалтад төлбөр төлөх нөхцөл дээр 23.860.000 гэж бичсэн зэргээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг *** нь өөрөө өөрчилж засвар оруулж өөр нөхцөл байдлыг үүсгэх зорилгоор хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Энэ талаар бичгийн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. 5РС-2022/02/08 гэсэн гэрээн дээр үндэслэж манай байгууллага гэрээг хийсэн. Гэтэл 5РС-2022/03/20 дугаартай *** нь хэрэгт хавсаргахаар гаргаж өгсөн гэрээ боловч дээрх 2 гэрээ нь илтэд зөрүүтэй, хуурамч гэрээг өгсөн гэж үзэж байна. Ямар нэгэн санал хүсэлт тавьж байгаагүй. Мөн манай байгууллагад хоёр ширхэг вагон арматур төмөр орж ирсэн гэж ямар нэгэн баримт бичиг харуулсан зүйл байхгүй. Энэ талаар өмнөх мэдүүлэг дээрээ удаа дараа хоёр вагон төмөр оруулж ирсэн гэж мэдүүлж байсан. Тэрнээс манай байгууллагад вагоны баримт бичиг зэрэг холбогдох ямар нэгэн баримт бичгийг үзүүлж харуулаагүй, мөн манай байгууллагаас асуусан зүйл байхгүй. Хэрэв манай байгууллагад нийлүүлэхээр арматур БНХАУ-с авчирсан юм бол Монгол Улсын хилээр орж ирэхээсээ өмнө нь гаалийн мэдүүлэг болон бусад баримт бичгийн бүрдүүлэлт нь "***" ХХК-ийн нэр дээр хаяглаж, бүрдүүлэлт хийгдсэн байх ёстой. Манай байгууллагад зориулж авчирсан гэдгийг үзүүлэх баримт бичиг баримтын бүрдүүлэлт, мэдэгдэх хуудас үзүүлээгүй байж манай байгууллагыг аваагүй мэтээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлээд байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 26, 34-35/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надаар дамжуулан 7 орчим гүйлгээ хийж байсан бөгөөд нийт мөнгөн тэрбум гаран дүнгээр гүйлгээ хийж байсан юм. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 юань гүйлгээ буюу надад 249.000.000 төгрөгийг өгч хийлгэсэн юм. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 юань буюу 254.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч гүйлгээ хийсэн байгаа. Харин 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 юань буюу 466.000.000 сая төгрөгийг шилжүүлэн өгч гүйлгээ хийсэн байна. Надаар Хятад улсын ***ын банкны данс руу хийлгэж байсан. Би Хятад Улсад байдаг түнш рүүгээ яриад Хятад улсын банк хооронд гүйлгээг нь хийж өгөөд баримтыг өгсөн байгаа. Надад мөнгө шилжүүлсэн талаарх Хятад Улсын баримт нь Ви чатаар авсан байгаа. Мөнгийг улс хоорондох гүйлгээгээр хийгээгүй бөгөөд би энд төгрөгийг өөрийнхөө *** тоот дансаар авч, Хятад руу шилжүүлэх юань-г Хятадад байгаа түнш рүү ярьж хэлээд шилжүүлсэн байгаа. БНХАУ-руу юань шилжүүлэхээр манай байгууллагаар үйлчлүүлсэн юмаа. *** нь өөрийн биеэр ирж уулзаад харин сүүлдээ над руу Ви чатаар төгрөг данс руу шилжүүлчихье гэж зурвас бичиж төгрөг шилжүүлдэг байсан. Анх ирэхдээ *** нь БНХАУ-н ***ан банкны ***, Өвөр Монголын банкны данс руу 250,000 юань, *** тоот данс руу 250,000 юанийг нийт 500,000 юанийг би өөрийн харилцагчаар дамжуулж шилжүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу 254.500.000 төгрөгийг шилжүүлэхээр нь би БНХАУ-н *** тоот данс руу 250.000 юань, *** тоот данс руу 250.000 юанийг нийт 500.000 юанийг би өөрийн харилцагчаар дамжуулж шилжүүлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр миний эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу 254.000.000 төгрөгийг шилжүүлээд юнийг би өөрийн компани болох "***" ХХК-ний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны *** тоот юанийн данс руу "***ББСБ" ХХК-ний дансаар 2022 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр шилжүүлэн авсан. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр надад юань байхгүй байсан болохоор хувиараа юань шилжүүлдэг ***гийн эзэмшлийн Хаан банкны 5301183939 тоот данс руу иргэн *** нь 279.600.000 төгрөгийг шилжүүлсний дараа ***нь БНХАУ-н *** тоот данс руу 28.891 юань, 421.109 юань буюу 450.000 юанийг, *** тоот данс руу 150.000 юанийг нийт 600.000 юанийг шилжүүлсэн. Энэ талаарх баримтыг ***нь надад Ви чатаар явуулсан юмаа. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр надад юань байхгүй байсан болохоор хувиараа юань шилжүүлдэг *** эзэмшлийн Хаан банкны ***тоот данс руу иргэн *** нь 186.400.000 төгрөгийг шилжүүлсний дараа ***нь Өвөр Монголын банкны *** тоот данс руу 150.000 юань, 150.000 юань, 100.000 юань, нийт 400.000 юанийг шилжүүлсэн. Тиймээс манай байгууллагаар дамжуулж БНХАУ-руу нийт 4 удаагийн гүйлгээгээр 2.000.000 сая юань буюу 969.500.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 2-н 42, 44/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 онд фейсбүүк зар дээр БНХАУ-д үйлдвэрлэсэн барилгын арматур төмөр нийлүүлнэ гэсэн зарыг байршуулсан байсан үүний дагуу тухайн ***тэй утсаар холбогдож уулзаж байсан. Анх уулзаад хаанаас яаж оруулж ирдэг, худалдан борлуулах үнэ, төлбөрийн нөхцөл, Монгол Улсад байдаг буулгалтын талбай, хадгалах газар зэргээр эхний уулзалтаар дээрх мэдээллийг авсан. Гэрээ хийгээд урьдчилгаа мөнгө аваад бараа нийлүүлдэг, нийлүүлж оруулж ирсний дараагаар үлдсэн төлбөрөө авдаг гэж байсан. Тэрнээс ***ий компанид арматур буулгах, хадгалах талбай байхгүй байсан. Дээрх шинж нь арматур зардаг хүмүүсийн тодорхой шинж байгаа юмаа. Монгол Улсад өөрсдийн ачаа буулгалтын талбай, крантай компани нь цөөхөн байдаг юмаа. Харин ***ий хувьд дээрх нөхцөл байхгүй болохоор арматур нийлүүлэх үнийн хувьд хямд байсан тул би арматур нийлүүлэхээр болсон. Анх уулзсан үеэс хойш *** нь урьдчилгааны жоохон мөнгө өгчих юм бол би арматур татаад ирнэ, хамтарч ажиллах хүсэлттэй байгаагаа удаа дараа манай компани дээр ирээд байдаг байсан. Тэгээд дээрх үйл явдлаас 01 жилийн дараа буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо *** 71 тоотод байрлах "***" ХХК-ний оффис дээр ***тэй уулзаад ерөнхийдөө гэрээг хийгээд таталт болгон дээр үлдэгдэл 50 хувь төлөөд, арматураа бид нар өөрсдийн "***" ХХК-ний нэр дээр гаалийн бүрдүүлэлт, дотоод тээвэр, бусад зардлыг "***" ХХК нь хариуцахаар тохиролцох нөхцөлөөр гэрээг хийсэн юмаа. Гэрээнд 12 миллиметрийн голчтой 1500 тонн, тодорхой хугацааг заасан зүйл байхгүй, эзэмшлийн данс руу хийсэн. Тухайн мөнгийг шилжүүлснээс 2 сарын дараа арматур маань хаана байна, хэзээ орж ирэх талаар ***өөс би өөрөө асуудаг байсан гэтэл надад хэлдэг байсан шалтгаан нь янз бүрийн хугацааг хэлж хойшлуулдаг байсан. Тэгэхээр нь би ***ийг янз бүрийн шалтгаан хэлээд байхаар нь би ***ий өөрийн оффис дээр дуудаж ирээд яагаад арматур нийлүүлэхгүй байгаа талаар асуухад манай Хятад бүх мөнгөө өг гээд нэхээд байна, таны 1500 тонн арматурыг Эрээнд татаад аваад ирсэн бүх мөнгөө өгөхгүй бол тухайн Хятад Улсын иргэн вагонд ачуулахгүй гэж байна, тэгэхээр нь би Хятад хэлтэй, хятадаар сайн ярьдаг болохоор ***өөс тухайн арматур нийлүүлж байгаа гэх БНХАУ-н иргэний ви чатыг аваад хажууд нь сууж байхдаа би ярьсан, гэтэл тухайн нийлүүлэгч нь Өвөрмонгол хүн байсан нэрийг нь санахгүй байна. Тухайн хүнтэй *** гэдэг хүн нь манай байгууллагаас авсан 650,000,000 төгрөгийг чам руу шилжүүлсэн үү гэхэд нөгөө Хятад иргэн нь өгсөн гэсэн тэгэхээр нь би тухайн Хятад Улсын иргэнд чи намайг үлдэгдэл бүх мөнгөө өгөхгүй бол арматур ачуулахгүй гэсэн юм уу гэхэд тийм гэсэн, тийм юм бол тухайн арматурыг чинь үзье гэхэд маргааш үзээрэй би одоо ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь үзье гээд нөгөө Хятад Улсын иргэнтэй дахиад Ви чатаар холбогдоход чи надтай гэрээ байгууллаа, тиймээс би чамтай гэрээ байгуулна гэж Хятад улсын иргэн надад хэлсэн. Тэгээд би тухайн Хятад улсын иргэнтэй онлайнаар гэрээ хийх болсон гэхдээ гэрээг хийхэд бараа үнэ яригдах болсон. Тэгээд тухайн Хятад нь надад бараа нийлүүлэх үнэ ***ий надтай гэрээ хийсэн үнэ төлбөрөөс үнэтэй үнээр гэрээ хийхээр болсон. Миний захиалсан бараа мөн эсэхийг би мэдэхгүй тухайн үед надад тайлбарлаж хэлэхдээ 1000 тонн арматур байна гэхээр нь би ойлголоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би Эрээн дээр байсан өөрийн танил Өвөрмонгол хүн рүү яриад тухайн гэрээ хийсэн Хятад иргэний утасны дугаар, нэрийг өгөөд гаалийн талбай дээр 1000 тонн арматур байгаа эсэхийг очоод үзээд ирээч гэж хэлсэн үүний дагуу тухайн миний гуйсан хүн талбай дээр нь очиж үзсэн. 2022 оны 06-07 дугаар сарын үед болсон асуудал байгаа юмаа. Дээрх хүн маань очоод үзэхэд 4 ширхэг вагон буюу 260 орчим тонн арматур байна гэж надад хэлсэн. Тэгэхээр би нөгөө гэрээ хийсэн Өвөрмонгол иргэн рүү дахиад залгаад чиний нийлүүлэх гэж байгаа арматур чинь 1000 тонн хүрэхгүй, 4 вагон арматур байна. *** та хоёр надаас 650 сая төгрөг авсан, надаас авсан мөнгөнийхөө 50 хувийн арматурыг нь өгчих тэгээд хоёулаа дээрх итгэлцлээр явах юм болоод цаашид миний нийлүүлэхийг хүсээд байгаа 1000, 1500 тонн арматурыг нийлүүлж болно гэхэд тухайн Өвөр монгол иргэн нь надад хандаж би чамд 2 вагон арматур буюу намайг анх холбогдохоос өмнө өгсөн гэж хэлж байсан. Би тийм 2 вагон арматур аваагүй, энэ талаар ***өөс тодруулах болно гэж хэлээд утсаа салгасан. Энэ хятад 2 вагон арматур ачуулсан гэж байна, тэр 2 вагон арматур хаана байна гэхэд *** надад хэлэхдээ энэ хоёр вагоны мөнгийг төмөр замын ачаа буулгалтын хүн өөрөө 100 хувь мөнгөө өгөөд, өөрөө ачаад явсан юмаа гэж надад хэлсэн. Нөгөө гэрээ хийсэн Өвөр монгол иргэнтэй дахиад ви чатаар холбогдоод энэ арматур нь миний арматур биш юм байна. Өөр хүн *** та хоёрт мөнгө өгсөн юм байна гэж хэлэхэд надад үгүй гэж хэлсэн. *** надад 2 сая юань буюу 2022 оны 07 сарын ханшаар 900 орчим сая төгрөгийг өгсөн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь энэ чинь миний арматур биш байна, өөр хүний арматурын мөнгө өгсөн байна тиймээс чи надад миний өгсөн 650 сая төгрөгийг 50 хувьд таарсан арматурыг нь өгчихөө хоёулаа намайгаа хийе, яагаад гэвэл чамд хохирох зүйл байхгүй яагаад гэвэл миний мөнгө чамд байгаа гэхэд нөгөө Өвөр монгол иргэн намайг ямар ажил хийдэг вэ гэж асуухад нь би өөрийнхөө төсөл болон хийдэг ажлынхаа талаар тайлбарлаж өгсөн чинь та том дарга байна, би танд итгээд 5 вагон арматур одоо ачууллаа, та намайг хэн бэ, ямар чадалтай вэ гэдгийг хараарай гээд утасны цаанаас ярьж байсан. Тэгээд манай борлуулалтын албаны дарга ***тай холбогдоод Өвөр монгол иргэн нь манай байгууллагын хаяг, утасны дугаар, өртөөний талаарх мэдээллийг авсан. Энэ яриа нь бүгд Ви чатаар бүгд нотлогдох болно. Яриа нь Өвөр монгол хэлээрээ ярьсан байгаа. Тэгээд л тухайн Өвөр монгол иргэн нь маргааш ачаа ачигдах болно гэж хэлсэн. Ингээд маргааш гэх өдрийг нь хүртэл хүлээсэн гэтэл маргааш нь холбогдоход тухайн Өвөр монгол нь вагоноос ачаагаа буулгачихсан байсан. Уг нь өмнө өдрөө вагон ачуулсан гэж хэлж байхдаа ажилтан ***ад вагоны мөнгө буюу 1 ширхэг вагоны үнэ 25.000 юань гэж хэлээд нийт 3 билүү 5 ширхэг вагоны зардал мөнгийг нэхэхээр нь бид нар маргааш өглөө эрт шилжүүлэх болно гэж хэлсэн. Өглөө нь мөнгөө шилжүүлэх гэсэн юмаа гэж холбогдоход ачсан арматураа буулгасан. танайх бүх мөнгөө өгөөд арматураа ав гэж хэлсэн. Ингээд ирэхээр нь за энэ Өвөр монгол иргэн маш худалч хүн байна гэж бодсон. Яагаад вэ гэвэл вагонд ачаа, барааг ачихад Төмөр зам, гааль дээр мөнгө төлж, гаалийн мэдүүлэг бөглөсөн байх ёстой тиймээс бараагаа буулгах нөхцөл тавьсан ч барааг буулгахгүй гэтэл надад хэлэхдээ барааг буулгасан гэж хэлсэн. Бүх мөнгөө өгөө гэж шаардсан. Ерөнхий мэдээллийг нь буюу ***ий нийлүүлэх гээд байгаа нийлүүлэгчийн талаарх мэдээллийг миний бие өөрөө хүнээр асуулгаж болон ви чатаар үнэн зөв бүх мэдээллийг авсан. Мөн миний бие дээрх Өвөр монгол иргэнтэй холбогдсоноор *** болон Өвөр Монгол иргэн хоёрын хооронд хийсэн гэрээ нь үнэтэй. *** нь манайхаас хийсэн гэрээнээс үнэтэй гэрээ хийсэн, гэтэл *** нь өөрөө мөнгө олох гэж байгаа болохоос алдагдалтай гэрээ буюу манай байгууллагатай хямдхан гэрээ хийх хүн бишээ, дээрээс нь хэзээ ч тэр Өвөр монгол арматур нийлүүлэхгүй юм байна, вагон ачсан, буулгасан, 1000 тонн гээд Өвөр монгол иргэн нь худлаа хэлээд, мөн *** нь хэзээ ирэх талаар мөн худлаа яриад яриа нь зөрөөд байсан. Дээрх асуудлын хүрээнд би ***тэй уулзаад 2022 оны 9 дүгээр сард уулзаад мөнгөө нэхэж эхэлсэн. Гэтэл мөнгийг чинь 2 хувааж өгнө, энэ сард, дараа сард гэдэг байдлаар хэлж байсан. Мөн манай ажилтан ***ад хэлэхдээ *** нь би танай тал мөнгийг койнд өгөөд алдчихсан гэж амаар хэлсэн байсан. Тэгээд л энэ залуу худал хэлээд байгаа юм байна гээд хуулийн байгууллагад хандах болсон. Мөн *** нь хуулийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа манай байгууллага дээр ирээд нүүрсний гэрээ хийгдэж байгаа, нүүрсний мөнгө Хятад улсаас орж ирнэ тиймээс таны мөнгийг өгөөд хаах болно, би тань руу нэг үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгнө, ингээд өр зээлээ хаачихна гэж ярьсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Намайг мэдүүлэг өгөхөөс өмнө цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө дандаа худлаа, өөр өөр мэдүүлэг өгдөг байсан юм шиг байсан. 2022 онд хийсэн гэрээний дагуу нийлүүлэх арматур нь 2021 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн арматур гэж байдаг. Гэтэл гэрээнд заасны дагуу нийлүүлэх гэж байсан арматур нь дээрх хугацаанд үйлдвэрлэсэн арматур байсан. Энэ нь 2022 ондос татан авалт хийхэд арматурын чанарын хувьд болох асуудал. Гэтэл өнөөдөр манай компани нь 2021 оны сүүлд үйлдвэрлэсэн арматурыг худалдаж авах болон зүгээр бэлгэлсэн ч авахгүй, яагаад гэвэл барилгын чанарын стандарт, норм хангахгүй, мөн үйлдвэрлээд зэв идсэн арматурыг манай байгууллага одоо авах боломжгүй. Үүнийг Монгол улсын барилгад нийлүүлэх юм бол иргэдийн аюулгүй амьдрах орчинд, эрхэнд санаатайгаар халдсан асуудал болно. Тиймээс БНХАУ-н Эрээн хотод барааны талбай дээр байгаа арматур нь байгаа ч гэсэн бид нар одоо үзэх ямар ч шаардлага байхгүй. Тиймээс манай байгууллагад учирсан 650.000.000 төгрөгийн хохирлын барагдуулж гаргуулан авах хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 49-52/,

БНХАУ-ын иргэн гэрч ***ын: “Би Өвөр Монголын ***импорт экспортын худалдааны ХХК-ийн хуулийн этгээдийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн *** байна. Тухайн үед цар тахлын хөл хорионы улмаас бид гэрээгээ онлайнаар хийсэн. Би гэрээний эх хувийг өгч чадна. Монгол Улсын ***надад ойролцоогоор 2.250.000 юанийн төлбөр төлсөн байгаа. Мөн үлдэгдэл төлбөрийн баримт байгаа. 2022 оны 3 сарын 20-ны өдөр 5.186.720 юанийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Нарийвчилсан тоон мэдээлэл гэрээнд байгаа. Монгол Улсын ***-тай байгуулсан гэрээний дагуу надад төлөх үлдэгдэл төлбөр байхгүй, харин надад 2.936.720 юанийн өртэй. Тухайн үед 2 тал харилцан тохиролцож татварын асуудлаас болоод төлбөрийг хувь хүний дансаар авсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 117-118/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх 1-н 1, 2-н 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-н 20/, Хохирогчийн өргөдөл /хх 2-н 21-23/, ***-ны хаан банкны дансны хуулга /хх 1-н 38/, шүүгдэгч ***ий хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 39-46/, шүүгдэгч ***ий Худалдаа хөгжлийн банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 48-54/, ***ХХК болон ***ий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 63-65, 68-69/, ***-ний Улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ /хх 1-н 71-72, 87/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 124-131, 2-н 124-/, ***болон ***нарын хооронд арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ /хх 1-н 145-147/,  хүлээн авсан болон үлдэгдэл төлбөрийн тооцоо, ***Улсын бүртгэлийн гэрчилгээ дүрэм /хх 1-н 242-244/, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 2-н 27-30/, ***ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс, ***ий Худалдаа хөгжпийн банкны *** тоот данс, Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 60-62/, ***, Хятад Улсын иргэн ***Ви чатаар харилцсан талаарх баримт /хх 2-н 203-223/, Худалдах, худалдан авах гэрээ /Хятад Улсын иргэн ***байгуулсан гэрээ/хх 3-н 1-10/, ***ХХК болон ***ХХК хооронд байгуулсан 10, 11 дугаартай гэрээ /хх 3-н 15-23/, ***ХХК-ийн хилээр нэвтрүүлэх бараан мэдүүлэг, бусад баримт /хх 3-н 61-85, 87-236/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх 4-н 73-77/, Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 4-н 98-100/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд арматур төмөр “Хятад” Улсаас хямд үнээр нийлүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас “***ХХК”-ний захирал *** нь 1.312.500.000 төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-с шилжүүлснийг авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан,

Мөн тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ***ХХК-ний захирал ***тай бараа нийлүүлэх тухай 10 дугаартай гэрээг байгуулж, гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ***ХХК-ний худалдаа хөгжлийн банкны *** дугаарын данс руу 500.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дансаар 150.000.000 төгрөг, нийт 650.000.000 төгрөгийг хуурч, гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт нийт 1.962.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан Залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлэг, гэрч ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, түнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь ***-тай гэрээ байгуулсан, гэрээний дагуу арматурын мөнгийг Хятад руу шилжүүлсэн. Дээрх үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч, хохирогч *** хооронд гэрээ хийгдсэн боловч тухайн гэрээнд үндэслэн арматурын мөнгийг Хятад Улсын компани руу шилжүүлсэн гэх боловч энэ талаар хангалттай нотлох баримтгүй. Тухайн компаниудын хоорондын хийсэн хэлцэл нь хууль ёсны дагуу хийгдсэн эсэх, цаашид арбитрын шүүхээр шийдвэрлэх эсэх нь шийдвэрлэгдээгүй нөхцөлд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Иймд шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч ***ий үйлдэл нь их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь арматур төмөр Хятад Улсаас хямд нийлүүлнэ гэж хохирогч *** болон ***ХХК-ний захирал ***тай гэрээ байгуулан залилан их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг яллах дүгнэлтэд 1.962.500.0000 төгрөгийн хохирол учирсан гэснийг шүүх нийт 1.585.730.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

Яллах дүгнэлтэд дурдсанаар хохирогч ***ХХК-нд нийт 1.312.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн ба уг хохирлоос төлөгдсөн арматурын үнэ болох 376.770.000 төгрөгийг хасаж, хохирогч ***ХХК-д учирсан хохирлыг 935.730.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь ***ХХК-д учирсан 650.000.000 төгрөгийн хохирлоос 262.340.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.

Иймд дээрх гэмт хэргийн улмаас учирсан үлдэгдэл хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч ***өөс нийт 1.341.390.000 төгрөг гаргуулж хохирогч ***ХХК-д 935.730.000 төгрөг, хохирогч ***ХХК-д 405.660.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан хохирогч Ундарга интернэйшнл ХХК-нд учирсан хохирлыг төлөх талаар арга хэмжээ авсан талаар хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар баримт болон мэдүүлэг гаргасан болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогчийн хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзсан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 2309001152628 тоот эрүүгийн хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй
  4. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2309001152628 тоот эрүүгийн хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс нийт 1.341.390.000 төгрөг гаргуулж ***ХХК /***/-т 935.730.000 төгрөг, хохирогч ***ХХК /***/-д 405.660.000 төгрөг тус тус олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР