Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2026/00104

 

У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06299 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/01928 дугаар магадлалтай

У-ийн нэхэмжлэлтэй,

А-д холбогдох

96,900,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Эын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч У- нь хариуцагч А-д холбогдуулан 96,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06299 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-оос 89,016,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У-т олгож, нэхэмжлэлээс 7,884,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-оос 603,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/01928 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06299 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,098,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна.

4.1. Хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн тухайд.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зохигч талуудын өмчлөлд бүртгэлтэй байх тул Иргэний хуулийн 108.1-д “Хуульд зааснаа, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэсэн зохицуулалтын дагуу уг орон сууц нь У-, А- нарын хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь мөн хуулийн 108.8-д нийцжээ” гэх дүгнэлт хийсэн.

Гэвч магадлалын хянавал хэсгийн 4-д “Дээр дурдсан нотлох баримтын хүрээнд ямар хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч нь анх хэнээс, ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэдэн төгрөгөөр орон сууцыг худалдан авсан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл талуудад дундын өмчийн эрх үүссэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд өмнө дурдсан үйл баримтуудыг тогтоох нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа нь дээрх үйл баримт болон маргааны үндэслэлийг бүрэн тогтоох нотлох баримт болж чадахгүй байна” хэмээн дүгнэсэн.

Магадлалын тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч У- болон хариуцагч А- нар тус үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт дээр хариуцагчийн зүгээс огт маргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн 2025.02.13-ны өдрийн лавлагааг үгүйсгэж маргааны үндэслэлийг бүрэн тогтоох нотлох баримт болж чадахгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд үүссэн маргаан бол Иргэний хуулийн 12-р бүлгийн нэгдүгээр дэд хэсэгт заасан өмчийн эрх зүйн харилцаанаас үүсэж, мөн хуулийн 9.4.1-д “эрхийг хүлээн зөвшөөрөх” аргаар иргэний эрх зүйн хамгаалалт хүсэж өмчлөгч дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн маргаан юм.

Гэтэл шүүхээс талуудын хоорондын маргааныг хэлэлцээр үүссэн үүргийн эрх зүйн маргаан мэтээр дүгнэж, энэ талаар баримт цуглуулах үүргийг анхан шатны шүүхэд даалган дахин хэлэлцүүлэхээр буцааж буй нь үндэслэлгүй юм.

Мөн талууд гэр бүлийн хамтын амьдралтай байх үедээ гэр бүлийн зориулалтаар тус орон сууцыг худалдаж авч дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй болсон гэдэгтэй маргаагүй байхад ямар хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч нь анх хэнээс, ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр тус орон сууцыг худалдаж авсан гэх асуудлыг шүүх өөрөө санаачилгаараа гаргаж ирж буй нь ИХШХШТХ-ын 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасныг ноцтой зөрчжээ.

Иргэний хуулийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан. Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэхээр зохицуулсан буюу эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу нэгэнт өмчлөгчөөр талууд бүртгүүлсэн бол өмчлөгч хэмээн тооцогдох ёстой.

Гэвч давж заалдах шатны шүүхээс талуудын огт маргаагүй хамтран өмчлөгчөөр тогтоогдож байгаа үйл баримтыг тодруулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Харин энэхүү хэргийн маргааны зүйл нь нэхэмжлэгч У- тус орон сууцны зах зээлийн үнэлгээний 50 хувийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх асуудал юм.

Нэгэнт Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тухайн үед гэр бүл болох зорилгоор хамтарч тус байрыг худалдаж авсан тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” хэмээн заасан мөн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй” хэмээн тус тус заасны дагуу өөрт оногдох хэсгийг гаргуулах эрхтэй.

Хавтаст хэргийн 163-164 дэх талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагчаас “Хариуцагчаас тодруулъя. Хөрөнгөө хэсгээр өмчлөх талаар ямар нэгэн хэлцэл, тохиролцоо байсан уу?” гэсэн асуултад хариуцагч “тийм хэлцэл байхгүй” хэмээн хариулсан байдаг.

Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхээс өмчлөх эрхтэй холбоотой Иргэний хуулийн ямар ч зүйл заалтыг үндэслээгүй. Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглэлгүйгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буй нь ИХШХШТХ-ын 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

Үүнээс үзвэл У- болон А- нарын хооронд анхнаасаа тус үл хөдлөх хөрөнгийг гэр бүл болж хамтран амьдрах зорилготойгоор худалдаж авсан тул ямар нэг байдлаар хэн нэгэн нь их эсхүл бага хэмжээгээр өмчлөх тухай хэлцэл байхгүй буюу тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэдэг нь нотлогдож байна.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн тухайд.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үндэслэлээр хүчингүй болгон буцааж шийдвэрлэсэн. Гэвч магадлалын хянавал хэсэгт ямар хуулийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай огт дурдаагүй байна. Мөн түүнчлэн анхан шатны шүүхэд буцааж байгаа хууль зүйн үндэслэлийг магадлалд мөн адил дурдаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гэвч анхан шатны шүүх яг байдлаар ИХШХТХ-ыг зөрчсөн талаар огт нэрлэн заагаагүй байна.

Харин магадлалын хянавал хэсгийн 4-д “Дээр дурдсан нотлох баримтын хүрээнд ямар хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч нь анх хэнээс, ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэдэн төгрөгөөр орон сууцыг худалдан авсан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл талуудад дундын өмчийн эрх үүссэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд өмнө дурдсан үйл баримтуудыг тогтоох нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа нь дээрх үйл баримт болон маргааны үндэслэлийг бүрэн тогтоох нотлох баримт болж чадахгүй байна” хэмээн дүгнэсэн.

Тус хэсэгт дурдсан агуулга бүхэлдээ талуудын маргаагүй асуудалд чиглэгдэж анхан шатны шүүхийг үндэслэлгүй буруутгасан. Улмаар ИХШХШТХ-ын 6.6-д заасныг зөрчиж талуудын маргаагүй асуудлаар шийдвэрлэхээс гадна мөн хуулийн 38.1-р зүйлд заасан нотлох баримт цуглуулж бүрдүүлэх талаар талуудын зарчмыг зөрчиж “шүүхийг мөрдөн шалгах үүрэг” гүйцэтгэх үүрэгтэй мэт дүгнэсэн нь зарчмын ноцтой зөрчил юм. Тус байдлаар дүгнэсэн магадлал хуулийн хүчин төгөлдөр болбол “Иргэний хэргийн шүүх мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлэх” үүрэгтэй болж хувирах буруу жишиг тогтохоор байна.

Магадлалын хянавал хэсэгт дурдсан “хариуцагч нь анх хэнээс, ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэдэн төгрөгөөр-орон сууцыг худалдаж авсан нь тодорхойгүй байна” хэмээсэн дурдсан нь энэхүү хэрэг нь орон сууцыг авсан үйл баримт дээр маргаагүй харин нэгэнт авсан хамтран өмчлөгчөөр тогтоогдсон өмчлөгч өөрт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай Иргэний хэрэг тул магадлалд дурдсан баримтууд хамааралгүй баримтууд болно.

Учир нь хариуцагчийн зүгээс “Х” ХК-тай 2021.05.24-ний өдөр хийсэн №ЗГ/RCC210317021-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа.

Мөн магадлалын хянавал хэсэгт дурдагдсан “хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа нь дээрх уйл баримт болон маргааны үндэслэлийг бүрэн тогтоох нотлох баримт болж чадахгүй байна” гэх дүгнэлт нь ИХ-ын 183.1-д заасан “бүртгэл үнэн зөв байна” гэж заасан зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 183-р зүйл, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр түүнийг нотлох болон үгүйсгэх баримт байхгүй. Хариуцагч нь бүртгэл үнэн зөв эсэх талаар маргаагүй байхад шүүх эргэлзэх эрхгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн лавлагааг гаргаж өгсөн нь дундын өмч гэдэг нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдож байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүх нотлох баримт цуглуулах, үнэлэх талаар ИХШХШХТ-ын 38.1, 40.2-д заасныг ноцтой зөрчиж зарчмын алдаа гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.04.07-ны өдрийн 001/ШХТ2026/00426 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч У- нь хариуцагч А-од холбогдуулан 96,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Миний бие А-той гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байхдаа 2021 оны 3 дугаар сард 2 өрөө орон сууцыг 173,376,000 төгрөгөөр худалдан авч, дундын өмчлөлд бүртгүүлсэн, миний аав 13,000,000 төгрөг, өвөө 22,212,000 төгрөг, дүү 9,279,600 төгрөг, миний цалинг барьцаалан 8,000,000 төгрөг зээлж урьдчилгаа төлбөр болох 52,012,800 төгрөгийг бүрдүүлсэн. А- 25,000,000 орчим төгрөгийн цалингийн зээлтэй байсан ба ипотекийн зээлд оруулахын тулд би ажлынхаа албаны даргаас 22,000,000 төгрөгийн зээл авч, цалингийн зээлийг нь хааж ипотекийн зээлд орох нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр үлдэх 121,363,200 төгрөгийг А-ын нэр дээр Хны 6%-ийн хүүтэй ипотекийн зээл гаргуулан худалдаж авсан.

Бид 2024 оны 05 дугаар сард салж, тусдаа амьдрах болсон бөгөөд тухайн орон сууцанд А- амьдарч байгаа. Миний зүгээс дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулан авахаар шаардаж байна. Уг орон сууцны одоогийн зах зээлийн 1 м.кв талбайн үнэлгээ 7,000,000 төгрөг тул нийт 387,800,000 төгрөг бөгөөд үүнээс 110,000,000 төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдлийг хасаад, үлдэх 277,800,000 төгрөгийг хоёр өмчлөгч тус бүрд тооцоход 138,900,000 төгрөг ногдоно. Үүнээс А-ын надад буцаан олгосон 50,000,000 төгрөгийг хасаж 88,900,000 төгрөг болно.

Үүнээс гадна А- найзуудтайгаа нийлж нүүрсний машин авах зорилгоор 2021.10.29-ний өдөр надаар 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авхуулсан. Үүнийг би өөрөө төлсөн. Иймд орон сууцны ногдох хэсэг 88,900,000 төгрөг, цалингийн зээл 8,000,000 төгрөг, нийт 96,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...2021 оны 03 дугаар сард бид хоёр уг орон сууцыг худалдаж авахаар тохиролцоод тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад урьдчилгаа 45,900,000 төгрөгийг нэхэмжлэгчийн аав, өвөө болон дүү нараас нь мөн У-ээс зээлж аваад 2021 оны 05 дугаар сард 118,000,000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан, ипотекийн зээлийг би дангаараа төлж ирсэн. 45,900,000 төгрөгийг 2021 оны 07 болон 09 дүгээр саруудад У-т 63,300,000 төгрөг болгон буцааж төлсөн.

...Бид 2024 онд хоёр тийшээ болох шийд гаргаад би 50,000,000 төгрөгийг У-т шилжүүлж, анх авсан 45,900,000 төгрөгийг 113,630,000 төгрөг болгож төлсөн. Энэ хугацаанд би банкны зээлийн төлбөрт 20,093,874 төгрөг төлсөн байна. Хэрвээ энэ хугацаанд хамтран амьдарсан гэж үзвэл энэ төлбөрийг тэнцүү хувааж төлөх ёстой гэж үзэж байна.

Хамтран өмчлөгч учраас ногдох хувиа гаргуулна гэж байгаа бол зээлийн барьцаанд үнэлэгдсэн 169,000,000 төгрөгөөс У-ийн оруулсан хувь нь 27.75% байх юм. Зах зээлийн үнэ өсөөд 269,000,000 төгрөгийн зөрүү гарч байна. Оруулсан хөрөнгийн хувьд хувилбал 73,048,350 төгрөгийг л нэхэмжлэх ёстой. Энэ мөнгөнөөс өгсөн 50,000,000 төгрөгийг хасахаар 23,048,350 төгрөг болж багасаж байна. Үүнээс төлсөн төлбөрүүдийг хасвал У- өөрөө 40,000,000 гаруй төгрөгийг надад буцааж төлөх бодит нөхцөл байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй…” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...Маргаан бүхий орон сууцыг хэн нь хэдэн хувиар хэсэгчлэн өмчлөх талаар зохигчид тохиролцсон аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй талаар тайлбарлаж байх тул өмчлөгч бүрийг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д нийцэх тул хөрөнгийг талууд 50, 50 хувиар тэнцүү өмчлөх эрхтэй. ...Хариуцагч А- нэхэмжлэгч У-ийн аав, өвөө нараас авсан мөнгийг буцааж төлсөн нь У-т ногдох хөрөнгө оруулалт гэж үзэх үндэслэлгүй, мөн У-т ногдох хэсгээс хасах үндэслэлгүй. ...орон сууцны зах зээлийн үнэ 388,032,000 төгрөг болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон ба үүнээс зээлийн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 278,032,000 төгрөгөөс өмчлөгч тус бүрт 139,016,000 төгрөг ногдож байна, үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 50,000,000 төгрөгийг хассанаар хариуцагчаас 89,016,000 төгрөгийг гаргуулна...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх: “...нэхэмжлэгч нь ямар хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч нь анх хэнээс, ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэдэн төгрөгөөр орон сууцыг худалдан авсан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудад дундын өмчийн эрх үүссэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд өмнө дурдсан үйл баримтуудыг тогтоох нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

9. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал гомдол гаргасан ба гомдолд үндэслэн хэргийг хянавал давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь зохицуулалтыг үндэслэл болгожээ.

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж зохицуулсан байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх ямар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй талаарх үндэслэлээ магадлалд дурдаагүй байна.

9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана гэж зохицуулсан.

Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба энэ зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой байхыг шаардах байтал магадлалд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ноцтой зөрчил гаргасан нь тодорхой тогтоогдоогүй байна.

10. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх асуудалтай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

11. Нэгэнт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул давж заалдах шатны өөрийн эрхийн хүрээнд хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/01928 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч У-ээс 2025.12.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Н.БАЯРМАА

                             ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД