Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                           Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн 201710000084 дугаарт хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Дашинчилэн суманд 1965 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  гүний нэвтрэгч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг 4-7-70 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Нацагийн Ганхуяг /РД: МТ65111910/-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/        

Шүүгдэгч Н.Ганхуяг нь 2010 оны 08 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 20 хүртэл хугацаанд байлдааны зориулалттай 7,62х25 мм-ийн калибрын ТТ загварын гар бууг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч Н.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2010 оны 08 сард Нарантуул зах дээр нэг хүн буу байна авах ууд гэхээр нь би энэ бууг 80000 төгрөгөөр худалдаж авсан. Тэрнээс хойш гэртээ хадгалж байсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны орой ажлаа тараад амрах өрөөндөө амарч байхдаа буугаа цэвэрлэж байгаад гол төмөрт нь сум байсныг мэдэхгүй сум алдсан гэв.                

 

Шүүгдэгч Н.Ганхуяг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Далангийн уурхайл ажилчдын амралтын байранд байх үедээ ТТ маркийн гар буугаа цэвэрлэж байгаад хоолойд нь сум байсныг мэдэлгүй гох дарж сум алдсан. 2010 оны 08 дугаар сард Нарантуул зах дээр ... 80000 төгрөгөөр  худалдаж авсан. ... Би энэ бууг шууд гэртээ аваачаад шууд хадгалчихсан ... гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

 

Гэрч Л.Цолмонцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... амрах байрандаа ороод унтаж амарч байх үед цонх хагарах чимээ гарсан. Юу болоод байгаа юм гэхэд миний өөдөөс Ганхуяг буу алдчихлаа гэж хэлсэн. ... би нэг удаа бүсэндээ зүүгээд явж байх үед нь гар буу юм уу гэж хараад л өнгөрч байсан ... гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

 

Гэрч У.Санчир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би тэр гар бууг нь урьд нэг удаа бол харж байсан. Ганхуяг ах бол тэр буугаа бол авч яваад байгаа харагддаггүй ... гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

 

Гэрч Д.Батсуурь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Ганхуяг хяналтын ажилтан өөрийн хувьд байдаг гар буугаа цэвэрлээд оролдоод байж байхад би Ганхуягийн утсыг аваад цонхны тэнд байдаг сандал дээр сууж байхад гэнэт тас гээд л дуугарах шиг болсон. Би юу болчихов гэхэд миний сууж байсан газрын цонх дээд хэсгээр хагарч шил нь унасан. Тэгэхэд Ганхуяг өө сум байсан байна яг балрангаа алдлаа гэж хэлсэн ... Бууны загвар маркийг мэдэхгүй байна, намайг анх ирж байхад үзүүлсэн, цүнхэндээ хийгээд хадгалдаг... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.17-ны өдрийн 1490 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гар буу нь байлдааны зориулалттай галт зэвсэг байна.
  2. Шинжилгээнд Тула хотын зэвсгийн үйлдвэрт, байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, 7,62x25 мм калибрийн ТТ загварын гар бууг ирүүлжээ.
  3. Уг галт зэвсэг нь 1946 онд тэр үеийн ЗХУ-д үйлдвэрлэгдсэн байна.
  4. Уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой.
  5. Уг галт зэвсгээр буудаж загвар болгон авсан хонгио, хошуу нь галт зэвсгээр үйлдэгдсэн одоогоор илрээгүй байгаа гэмт хэргийн газраас олж илрүүлсэн хонгио, хошуунуудтай тохирохгүй байна.
  6. Бууны гол төмөр, замаг болон бусад эд анги дээр байсаг үйлдвэрийн тэмдэг, дугаарыг арилгаж засварласан, өөрчилсөн шинж тэмдэг илрэхгүй байна гэжээ /хх 29-31/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 16/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Ганхуяг нь 2010 оны 08 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 20 хүртэл хугацаанд байлдааны зориулалттай 7,62х25 мм-ийн калибрын ТТ загварын гар бууг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2010 оны 08 сард ... 80000 төгрөгөөр худалдаж авсан. Тэрнээс хойш гэртээ хадгалж байсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны орой буугаа цэвэрлэж байгаад гол төмөрт нь сум байсныг мэдэхгүй сум алдсан гэв, шүүгдэгч Н.Ганхуяг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ТТ маркийн гар буугаа цэвэрлэж байгаад хоолойд нь сум байсныг мэдэлгүй гох дарж сум алдсан. 2010 оны 08 дугаар сард Нарантуул зах дээр ... 80000 төгрөгөөр  худалдаж авсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Цолмонцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... цонх хагарах чимээ гарсан. Юу болоод байгаа юм гэхэд миний өөдөөс Ганхуяг буу алдчихлаа гэж хэлсэн. ... би нэг удаа бүсэндээ зүүгээд явж байх үед нь гар буу юм уу гэж хараад л өнгөрч байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч У.Санчир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би тэр гар бууг нь урьд нэг удаа бол харж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Батсуурь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Ганхуяг гар буугаа цэвэрлээд оролдоод байж байхад гэнэт тас гээд л дуугарах шиг болсон. ... Тэгэхэд Ганхуяг өө сум байсан байна яг балрангаа алдлаа гэж хэлсэн ... намайг анх ирж байхад үзүүлсэн, цүнхэндээ хийгээд хадгалдаг... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.17-ны өдрийн 1490 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ... Шинжилгээнд ирүүлсэн гар буу нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн галт зэвсэг байна. Уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой ... гэжээ, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуур нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ганхуягийг байлдааны галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,62х25 мм-ийн калибрын ТТ загварын /гол төмөр, замаг дээрх дугаар ПК3965/ гар бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид  ял оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Боржигин овогт Нацагийн Ганхуягийг байлдааны галт зэвсэг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганхуягт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Н.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зїйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч эд мєрийн баримтаар хураагдсан 7,62х25 мм-ийн калибрын ТТ загварын /гол төмөр, замаг дээрх дугаар ПК3965/ гар бууг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ганхуягт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

           7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ                                   Х.ГАНБОЛД