| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/05474/И |
| Дугаар | 101/ШШ2022/00169 |
| Огноо | 2022-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/00169
| 2022 01 05 | 101/ШШ2022/00169 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г холбогдох,
Хариуцагч: Х.Б-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,750,000 төгрөг, алданги 12,875,000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 5,800,000 төгрөг, нийт 44,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Х , Б.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-р төлөөлүүлж Х.Б-тэй2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ (Тээврийн хэрэгсэл) байгуулж JMFXTGA2WKU019794 арлын дугаартай Mitsubishi asx маркийн мөнгөлөг саарал өнгийн, 2019 онд үйлдвэрлэсэн, гаалийн бичигтэй, дугаар аваагүй суудлын автомашиныг 42,000,000 (дөчин хоёр сая) төгрөгөөр худалдсан. Гэрээ байгуулсан өдрөө тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Х.Б-ийн нэр дээр гаргуулан өгсөн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тээврийн хэрэгслийн төлбөр 42,000,000 төгрөгийг дараах байдлаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын эзэмшлийн Голомт банкны ..... тоот дансанд хэсэгчлэн шилжүүлэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Үүнд:
- 2020 оны 10 дугаар сарын 30-ны дотор 12,000,000 төгрөг,
- 2020 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 12,000,000 төгрөг,
Хариуцагч нь тээврийн хэрэгслийн төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 250,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 16,250,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 25,750,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочсоор холбоо тасарсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-т “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” заасны дагуу нийт 12,875,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Үүнд:
Мөн нэхэмжлэгч миний бие хууль, эрх зүйн мэдлэггүй, бие даан нэхэмжлэл гаргах боломжгүй байсан тул өмгөөлөгчтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг 5,800,000 төгрөгөөр тохиролцож байгуулсан.
Иймд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 25,750,000 (хорин таван сая долоон зуун тавин мянга) төгрөг, алданги 12,875,000 (арван хоёр сая найман зуун далан таван мянга) төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөг нийт 44,425,000 (дөчин дөрвөн сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгийг шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Гэрээний дагуу автомашин 42 саяар худалдсан. Гэрээг төлөөлөгчөөр дамжуулж хийсэн. Тухайн өдөр нэрийг шилжүүлсэн. Улмаар төлбөрийг төлөөлөгчийн дансаар авахаа тохиролцсон. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон. Ингээд төлбөр төлөх хуваарь тохиролцсон боловч төлбөрт 16 250 000 төгрөг төлсөн. Үлдэгдлийг шаардсан боловч төлөөгүй. Гэрээний 3-т алданги заасан. Алдангийг 3 байдлаар буюу төлөхөөр тохиролцсон хуваариар тооцсон. Улмаар өөрөө хууль зүйн мэдлэггүйн улмаас өмгөөлөгчөөс туслалцаа авч 5 800 000 төлөхөөр тохиролцсон.
Бид Иргэний хуулийн 262-д зааснаар нэхэмжлээгүй, харин 243-д зааснаар шаардаж байгаа. Төлбөрийн хувьд 1 саяыг нэмж төлснийг зөвшөөрч байгаа юм. 8 сая нь бол 21-нд орж ирсэн байдаг. Бид Голомтоос өөрөөр дансаар гүйлгээ хийгээгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөнөөс 16,250,000 төгрөг бус нийт 25,930,000 төгрөгийг тушаасан. Мөн автомашиныг Х.Б худалдаж аваагүй. Х.О худалдаж авсан. Д.Т, Х.О нарын хооронд 2020.10.7-ны өдрөөс өмнө гэрээ хийгдсэн байдаг тул жинхэнэ хариуцагч нь Х.О юм. Иймд хариуцагчаар Х.О-ыг сольж, мөн төлсөн мөнгийг, алдангийг зөв бодож тодорхойлсон тохиолдолд шаардлагаас баримтын хүрээнд зөвшөөрөх боломжтой. Одоогоор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй учир нь жинхэнэ хариуцагч нь хариуцагчийн эгч О гэж хүн байгаа юм. Нэхэмжлэгч нь 16 250 000 төгрөг төлсөн гэдэг боловч хариуцагч нь 25 930 000 төгрөг төлсөн гэдэг. Учир нь 2021.12.18-нд 8 сая төгрөгийг О-ы данснаас шилжүүлснийг тооцоогүй байна. Мөн О-ы нөхөр Бадамцэндийн данснаас шилжүүлсэн 1 сая болон 680 000 төгрөгийг тооцоогүй байна. 8 сая нь буцсан боловч дахиж буцаж шилжсэн байдаг. Өмгөөллийн 5 сая нь олгогдох боломжгүй юм гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, Б.Г, Д.Т нарын хооронд үйлдсэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 11/11/01 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Т-ын Голомт банк дахь дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч нь шүүхэд Г.Б, Х.О нарын Төрийн банк дахь дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 37,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Г нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,750,000 төгрөг, алданги 12,875,000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 5,800,000 төгрөг, нийт 44,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.Б нь худалдах худалдан авах гэрээний жинхэнэ оролцогч биш, мөн нэхэмжлэгч нь төлсөн төлбөрөөс 9,680,000 төгрөг хасаж тооцсон, хууль зүйн туслалцаа авсан нь хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Б.Г нь 2019 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгийн, арлын JMFXTGA2WKU019794 дугаартай, Mitsubishi ASX маркийн автомашиныг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдээлэг үйлдэж хүлээн авсан байна. /хэргийн 4 дүгээр талын ар/
Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгчээс өөрийг нь төлөөлж уг автомашиныг худалдах, бэлэглэх гэрээ байгуулах эрхийг төлөөлөгч Д.Т-т олгожээ. /хэргийн 5 дугаар тал/
Энэхүү итгэмжлэлийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Т болон хариуцагч Х.Б нарын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 4 дүгээр тал/
Ийнхүү төлөөлөгчөөр дамжуулан гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т нийцнэ.
Худалдах худалдан авах гэрээний зүйл нь дээрх Mitsubishi ASX маркийн автомашин байх бөгөөд гэрээний үнэ нь 42,000,000 төгрөг байна.
Эдгээрээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн.
Дээрх гэрээгээр төлбөрийг төлөөлөгч Д.Тын Голомт банк дахь 3055111111 тоот дансаар хүлээн авахаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг холбогдох бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Уг гэрээний дагуу автомашин хариуцагчийн өмчлөлд эрх бүхий этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч нь төлөөлөгчөөр дамжуулан хариуцагчтай байгуулж, гэрээний зүйл хариуцагчийн өмчлөлд шилжсэн байх тул Х.Бямба-Эрдэнийг хариуцагч биш гэх түүний төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 16,250,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгч нь уг төлбөр дээр нэмж нийт 9,680,000 төгрөг төлсөн гэж маргасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь хариуцагчийг 16,250,000 төгрөг дээр нэмж 1,000,000 төгрөг төлсөн болохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж тайлбарлаж байна. Мөн энэхүү 1,000,000 төгрөг нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн эгчийн нөхөр гэх Г.Б-ийн Төрийн банкны данснаас төлөгдсөн болох нь Д.Т-ын Голомт банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 15 дугаар талын ар/
Иймд энэхүү 1,000,000 төгрөгийг төлөгдсөн гэж үзнэ.
Харин 8,000,000 төгрөгийн хувьд хариуцагчийн эгч гэх Х.Оы Төрийн банк дахь данснаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Хаан банк, Т” гэсэн утга бүхий гүйлгээ хийгдсэн нь Х.Оы дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 53-59 дүгээр тал/ Гэвч энэхүү төлбөр нь 3 хоногийн дараа буюу 21-ний өдөр дансны дугаар буруу гэсэн үндэслэлээр буцаагдсан болох нь мөн Х.Оы дансны хуулгаар тогтоогдсон. Улмаар уг 8,000,000 төгрөг нь 21-ний өдөр дахин Д.Тын Голомт банк дахь 3055111111 тоот дансанд шилжигдсэн болох нь Х.Оы болон Д.Т нарын дансны хуулгаар тогтоогдсон. /хэргийн 53-59 дүгээр тал, 13 дугаар талын ар/
Энэхүү үйл баримтаас үзэхэд хариуцагч нь 8,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төлсөн бөгөөд хариуцагчийн төлөөгчийн 2 удаагийн үйлдлээр нийт 16,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлгүй.
Энд энэхүү 8,000,000 төгрөг нь нэхэмжлэлд тооцогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагчийн эгчийн нөхөр гэх Г.Б-ийн Төрийн банк дахь данснаас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 680,000 төгрөг гүйлгээний “Хаан банк, Цэдэвдаваа” гэсэн утгатайгаар шилжүүлэгдсэн байна. /хэргийн 50-52 дугаар тал/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь энэхүү 680,000 төгрөгийн хүлээн авагчийг танихгүй, төлбөрийг зөвхөн Д.Тын дансаар хүлээн авсан гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь Д.Т-ын хүсэлтээр энэхүү данс уруу мөнгийг шилжүүлсэн гэх боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй.
Иймд 680,000 төгрөгийг маргаж буй гэрээний төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь гэрээний үнэ 42,000,000 төгрөгөөс 17,250,000 төгрөгийг төлж, үлдэх 24,750,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.
Гэрээний 3.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ.
Үүнээс алдангийг тооцвол гэрээний 3.2-т зааснаар хариуцагч нь төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 347 хоног хэтэрсэн байна. 1 хоногт 123,750 /24,750,000*0.5%/ төгрөгийн алданги тооцогдох тул 347 хоногт 42,941,250 төгрөгийн алданги тооцогдохоор байна.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 12,375,000 төгрөгийн алданги тооцох нь зүйтэй.
Эдгээрээс хариуцагчид гэрээний дагуу үүсэх үлдэгдэл үүргийг тооцвол нийт 37,125,000 /24,750,000+12,375,000/ төгрөг болно.
Иймд гэрээний үүрэгт шаардсан нийт 38,625,000 төгрөгөөс 37,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэх хохирол буюу хууль зүйн туслалцааны төлбөрт 5,800,000 төгрөг шаардсан.
Иргэний эрх зүйн маргаанд оролцогч нь төлөөлөгч томилох, өмгөөлөгч авах эрхтэй. Гэвч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь гагцхүү түүний өөрийн хүсэл зоригоос шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөс туслалцаа авсан нь хариуцагчид хамааралгүй. Мөн хууль зүйн туслалцаа авсны улмаас 5,800,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдоогүй.
Иймд 5,800,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 380,075 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбоотойгоор үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос авах мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр зохигчид хуваарилах журамтай. Иймд хариуцагчаас 37,125,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 343,575 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД