Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/780

 

 2024          10          07                                      2024/ШЦТ/780

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,

Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403004760706 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн  институтийн дэргэдэх "***"-ийн мэргэжлийн сургалтын  байгууллагад "***" мэргэжлээр төгсөөгүй атлаа "***"  хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2022 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын  Улаанбаатар татах хэсгийн түлш шүүрийн цехэд засварчнаар ажиллаж 2022/209 дугаартай хуурамч үнэмлэх ашигласан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны  шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай байгууллага нь Улаанбаатар төмөр замын, Замын даргын 2020 оны 474 дугаартай сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмаар баримтлан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ажлын байрны зарыг 7 хоногийн өмнө тавиад бүртгэгдсэн иргэдийн материалыг хүлээн авч шалгалт явуулдаг. Замын даргын тушаалыг үндэслэн манай байгууллагын даргын тушаал гардаг. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд ерөнхийдөө 7-9 хүн багтдаг. Комиссын ажлын хэсгийн ахлагчаар манай татах хэсгийн ерөнхий инженер ахлан гишүүдэд чиглэл хариуцсан орлогч дарга нар, ашиглалт болон засварын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер нар ажлын хэсэгт орж сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй ажлын байранд томилох болон нөөцөд авч гэрээ байгуулан ажилд томилдог. Тухайн сонгон шалгаруулалтын мэдээ, тайланг улирал бүр Хүний нөөцийн албанд хүргүүлэн ажилладаг...”, “... Ажилтан *** нь 2023 оны 03 дугаар сарын 06-нд Улаанбаатар татах хэсэгт ажилд орох хүсэлт гаргаад 2024 оны 03 дугаар сарын 14-нд Засварын үндсэн цехийн цахилгаан аппаратын цехэд ажилд орсон. “Бүтээгч” сургалтын төвийг 2022 онд “Вагон-үзэгч засварчин” мэргэжлээр мэргэжлийн үнэмлэхийг үндэслэн ажилд авсан. Одоо засварын цехэд ажиллаж байна...” “... *** хувьд Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгтэй хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж тусгай мэргэжил, мэдлэг мэргэжил шаардсан ажлын байранд хийсэн хөдөлмөрийнхөө төлөө авсан цалин, хөлсийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэхгүй...”гэсэн мэдүүлэг /хх-н 138-140/

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай сургалтын төвийн хувьд  үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. Манай  байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй... Сургалтын төвтэй холбоотой баримт бичиг надад одоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 92-95/

Надад харуулсан 2019/170, дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна. ...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. ...Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна...” “...Мэргэжлийн үнэмлэх дээр гарын үсэг зурсан хүмүүсийн хувьд хуурамч гэдгийг мэдэхгүй. Би зуруулдаг байсан манай сургалтын төвд албан ёсоор ажиллаж байсан багш гэж байгаагүй. ***, ***, ***, *** гэх хүмүүсээр би заримдаа гуйж ганц нэг үнэмлэх дээр зуруулж байсан. Ерөнхийдөө би өөрөө нэрийг тавиад зурсан. Дээрх нэр бүхий хүмүүс бол мэдэхгүй миний л буруутай үйлдэл би хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хэвлэн гаргаж гарын үсэг зурж байсан. Дээрх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг гарган өгөхөд гарын үсэг зурсан хүмүүс ямар нэгэн байдлаар хамааралгүй. Сургалтын төвийн ажлын байр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун 4-н замын урд Гранд плаза төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах “Эрхи” төвийн 8 давхрын оффист манай сургалтын төв түрээсийн байр нь дээр үйл ажиллагаа явуулдаг байсан тэндээ хэвлэн гаргаж өгдөг байсан. Надаас гуйлгаар авсан хүмүүст мөн адил тэндээс авдаг байсан. Би сургалтын төвийн тамга, тэмдгийг анх намайг цагдаагийн байгууллагаас энэ оны 04 дүгээр сард дуудаж мэдүүлэг авна гэхээр нь би устгасан...." гэх мэдүүлэг, /хх-н 108-111 хуудас/

Гэрч ***ы: "...Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 05 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шилжин ирсэн. Тухайн "Бүтээгч" гэх нэртэй сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна....". "... "Mergejil mn" буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...". "... Манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч бүртгэлгүй гэж ойлгож болно...." гэх мэдүүлэг, /хх-98-100 хуудас/

Гэрч ***гийн: "... Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. 1. Ерөнхий боловсролын түвшинд: 9 дүгээр анги төгссөн суурь боловсролын гэрчилгээ, 12 дугаар анги төгссөнийг нотлох Бүрэн дунд боловсролын үнэмлэх, 2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх 1 жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин... гэх мэт, Мэргэжлийн боловсролын үнэмлэх 2,5 жил бүрэн дунд боловсрол болон мэргэжил эзэмшсэн бол, Мэргэжлийн боловсролын политехник коллежуудад 1,5 жилээр Техникийн боловсролын диплом, 3. жилийн "С" диплом буюу 90 кредит цаг хангасан болохыг нотолсон баримт бичиг олгодог болно. 3. Дээд боловсролын түвшинд: 4 жилийн 120 кредит бакалаврын диплом, 2,5 жилээр магистр, 3,5-4 жилээр докторын түвшинд суралцаж байна. (Мэргэжлийн боловсролын хүрээг харах, Магадлан итгэмжлэх үндэсний төвд батлуулахаар ажиллаж байгаа.) 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар боловсролын үнэмлэх /баримт бичиг/-ийг мөн хуулийн 1 дүгээр бүлэг 9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тодорхойлон заасан байгааг ойлгож болно....", "... Жил бүр Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад өвлийн төгсөлт 2,5 жилээр мэргэжлийн боловсролын үнэмлэх олгож байна. Хаврын төгсөлтөөр 1 жилийн мэргэжлийн үнэмлэх, 1,5 жилийн болон 3 жилийн Техникийн боловсролын дипломыг захиалгын дагуу олгож, шалгалтаас хоцорсон болон төгсөж чадаагүй шалтгаантай суралцагчдын баримт бичгийг эргүүлэн татаж авдаг учраас боловсролын салбарын TVET.mn системд ороогүй бол баталгаажилт хийгдэхгүй. Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй, "Үндэсний үнэт цаас" ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэх мэдүүлэг /хх-н 103-105/,

Шинжээчийн 2496 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 2022/209 дугаартай Эрдэнэсайхан овогтой Бат-Эрдэнэ гэсэн нэртэй “Мэргэжлийн үнэмлэх” гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх үнэмлэхийг энгийн цаасан дээр энгийн хэрэглээний лазер хортой хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна. Дээрх үнэмлэхний зүүн доор “Сургалтын төвийн захирал” гэсэн хэсэгт байх “УЛААНБААТАР ХОТ, ОЛОН УЛСЫН ЗАМ ХАРИЛЦАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ИНСТИТУТ ТББ, 1119279318, 8304017, АМТ703196” гэсэн дугаартай, баруун доор будагчтай бараар дарагдсан, “Сургалтын алба” гэсэн тэмдгийн дардас нь дээд хэсэгтээ 12х5мм хэсэгт хоосон зайтай, будагч бодисгүй байна” гэжээ /хх-н 151-154/,

Яллагдагчаар Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” Би тухайн мэргэжлийн үнэмлэхийг хуурамч эсэхийг шалгалгүй Улаанбаатар татах хэсгийн түлш шүүрийн цехэд засварчнаар ажилд орсноо хүлээн зөвшөөрч байна.” гэжээ /хх-н 172-173/,

    

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-н 7-85, 88-/,  баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 122-130/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 174, 176-188/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн  институтийн дэргэдэх "***"-ийн мэргэжлийн сургалтын  байгууллагад "***" мэргэжлээр төгсөөгүй атлаа “***" хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2022 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн түлш шүүрийн цехэд засварчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, М.Халиун, *** нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь 2019/170 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж, тухайн хуурамч бичиг баримтыг ашиглан Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн түлш шүүрийн цехэд засварчнаар ажилд орсон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон, боловсролын үнэмлэх баримт бичгийг хуурамчаар ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь ***ийн мэргэжлийн сургалтын байгууллагад “***”  мэргэжлээр суралцаагүй атал суралцсан мэтээр 2022/209 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг гаргуулж, түүнийг ашиглан ажилд томилогдсон нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч 2022/209 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон, боловсролын үнэмлэх баримт бичгийг хуурамчаар ашиглах, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч *** нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч гэрчилгээг хэрэгт хадгалсугай.
  5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР