Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/00542

 

 

 

 

 

 

                                 2022       02          09

                        101/ШШ2022/00542

           

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.У-д холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, төлсөн төлбөр 10,410,000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан хохирол гэж газрын хянан баталгаа хийлгэсэн 150,000 төгрөг, эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 80,000 төгрөг, нийт 10,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Unegui.mn зарын сайтаас Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын зам дагуу газар зарна гэсэн зарын дагуу .... утасны дугаараар нэг эрэгтэй хүнтэй холбогдсон. Тухайн хүн нь зарах газраа зам дагуу, эзэмших эрхийн гэрчилгээтэй, хашаа бариагүй газар гэж байсан. Би тухайн газрыг нь очиж үзье гэхэд тэр хүн өөрөө завгүй байгаад байна гээд надад утсаар заагаад хэлээд өгье гээд зар дээр тавьсан зургийн дагуу тухайн газарт нь очиж Video call хийн ярихад наад газар чинь миний газар мөн гээд бид Баянзүрх дүүргийн тэнд нотариат дээр уулзалдах болсон. Бид 2021 оны 06 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Офицеруудын ордны зүүн талд байх нотариат дээр уулзсан. Нотариат дээр надтай утсаар ярьсан хүн эхнэрийн хамт ирсэн бөгөөд зарах газар нь эхнэр У-ын  нэр дээр байдаг гээд би эхнэртэй нь “Газрын эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, гэрээ байгуулснаас хойш би газрын хянан баталгааг “Дижиталд Мэппинг” ХХК-р хийлгүүлсэн. Газрын хянан баталгаа хийлгүүлснээс хойш тухайн газартаа хашаа барихаар болж, эргэлтийн цэгээ тогтоолгоход, тус газар нь миний авсан гэх газар биш болж, газар зарсан хүнээр заалгуулж, газрын хянан баталгаа хийлгүүлсэн газраас зүүн урд зүгт У-ын  нэр дээрх миний эрхийг нь шилжүүлэн авсан газар байж таарсан. Ингээд У болон У-ын  нөхрийн худал хэлснээс болж, ноцтой төөрөгдөн замын хажуугийн газар авлаа гэж бодсон маань биш, харин үерийн далан дайрч газар нь орсон байсан. Энэ талаар У болон нөхөрт нь хэлж, та нар газраа буруу заасан байна, тиймээс мөнгөө авъя гэхэд У-ын  нөхөр буцаагаад авч болно гэснээ, мөнгийг чинь мөд өгч чадахгүй гэж байснаа сүүлдээ утсаа авахаа больсон. У нь бол бүр утсаа авдаггүй. Тиймээс У-ас авсан газрын шинж байдал болон байршлын хувьд У-ын  нөхрийн тавьсан зард итгэж, төөрөгдөн хохироод байгаа тул Утай 2021 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” 4152 бүртгэлийн дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Уд шилжүүлсэн 10,410,000 төгрөгийг газрын хянан баталгаа хийлгүүлсэн 150,000, эргэлтийн цэг тогтоолгохоор төлсөн 80,000 төгрөг, нийт 10,640,000 төгрөгийг Уас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Тухайн үед үнэгүй.мн-с зар хараад хонхрын зам дагуу нүүрний эгнээд газар зарна гээд утсаар ярьсан. Очиж үзье гэхэд очих боломжгүй гээд видео дуудлагаар яриад зартай тохирсон тул авахаар тохиролцсон. Улмаар гэрээ хийгээд газрын албан дээр гэрчилгээ шилжүүлэхэд хянан баталгаа хийлгэсэн байх ёстой гэсэн. Ингээд баталгаа хийлгэсэн. Үүний дараа газрын албан дээр очиход эргэлтийн цэг тогтоолго гэсэн. Ингээд тогтоолгоход эргэлтийн цэг нь өөр газар байсан. Ингээд нэхэмжлэл гаргасан. Хууран мэхлэгдсэнээ ойлгосон. Байршлын хувьд өөр байсан. Газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод шилжүүлсэн 10 410 000 төгрөг, баталгааны 150 000 төгрөг, эргэлтийн цэгийн 80 000 төгрөг, нийт 10 640 000 төгрөг гаргуулж өгнө үү. Дижитал Мэппингээр хянан баталгаа хийлгэсэн нь тодорхойгүй юм. Намайг хуурч нүүр эгнээнээс 3-4 айлаар хойш үерийн далан дээр газар нь байдаг юм. Наадам давхцаад мөн хөл хорионоос болоод газраа шалгуулах боломжгүй байсан юм. Үерийн далан дээр гэдэг баримт байхгүй. Эргэлтийн цэг тогтоолгоод нүүрэн эгнээнд биш байна мөнгөө авъя гэхэд 7 сард больё гэж байсан. Газраа мэдэхгүй байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь яаж зөрснийг мэдэхгүй гэж байна. Гэтэл анх газрыг авахдаа хянан баталгаа хийлгэсэн байх ёстой. Гэтэл эрх шилжүүлэх гэрээ хийгээд газрын албанд очиход ийм хянан баталгаа хийлгээгүй байсан. Иймд хууль зөрчиж газар авсан байсан. Хууль зөрчсөн байсан. Иймд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хариуцагчийн хэлсэн хугацаанд нэхэмжлэгч нь хууль бус гэдгийг мэдээгүй байсан. Анхнаасаа нүүрэн талын бус газар бөгөөд газар дээрээ очилгүй утсаар ярьж хуурч мэхэлж газраа зарсан байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар анх газар авахдаа баталгаа хийлгээгүй, анхнаасаа хууль зөрчиж авсан газар тул шилжүүлсэн гэрээ хууль бус, 59.1-д зааснаар нүүрэн талын хашаа гээд хуурсан, зар дээр зам дагуу гэж байгаа юм. Газрын тухаа хуулийн 38.2-г зөрчсөн байсан. Эрх шилжүүлэх гэрээ хийх үед утсаар ярьсан хүн эрэгтэй хүн нь эхнэр гээд хариуцагчийг дагуулж ирсэн. Нөхөртэй нь анх харьцсан бөгөөд хариуцагч биш тул баримт гаргаж чадаагүй гэв.

 

Хариуцагч Ч.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн БЗД, 11-р хороо, Булгачин 10-.... тоот хаягт байрлах 675 м.кв газрыг 2021 оны 06-р сард зарах зар өгсөн. Нөхөр бид 2 газраа зарах бодол байгаагүй боловч 2021 оны 04-р сард ажлаа гарсан тул мөнгөний хэрэг гараад зарахаар шийдсэн. Зарын дагуу Б.С холбогдож байршлыг үзээд 12,000,000 төгрөг байсан газрыг 10,000,000 төгрөг болгож хямдруулж татвар төлөх 410,000 төгрөгийг нэмээд авахаа тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээг хийж 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгө болох 3,410,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй. 07-р сарын 21-ны өдөр шилжүүлсэн. Энэ хугацаанд нөхөр бид 2 утсаар ярьж мөнгө нэхэж байсан удаа байгаагүй. Бид Б.Сад итгэж байсан. Гэтэл 6 сарын дараа ийм асуудал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дараах тайлбарыг гаргаж байна.

  1. Гэрээг хийснээс хойш 1 сарын дотор ийм нөхцөл үүссэн бол хүлээн зөвшөөрч мөнгийг нь буцаах боломжтой,
  2. Кадастр болон мессежээр чатаар явуулсан зурагт байршил орчин нөхцөл байдал тодорхой байсан,
  3. Шинэ зам дагуух усны хаялга хаагддаг тул уулын ус буусан. Энэ усны хаялгыг зуны цагт мэдэх бүрэн боломжтой,
  4. 10 сая төгрөгөөр худалдаж авсан газрыг 6 сарын турш очиж үзээгүй, судлаагүй байх үндэслэл байхгүй,
  5. Худалдаж, борлуулах үүднээс кадастрын зураг хийдэг байгууллагаар мессенжерт тэмдэглэж үзүүлсэн зургийг хийлгэсэн тул дээрх газраас өөрчлөгдөх боломжгүй,
  6. Газрын эргэлтийн цэг тогтоолгож баримт гэрээ болон 80,000 төгрөг төлсөн баримт нэхэмжлэлд хавсаргагдаагүй,
  7. Бид харилцан тохиролцож гэрээ байгуулж миний зүгээс эзэмших эрхийн гэрчилгээ кадастрын зураг гэх мэт шаардлагатай зүйлсийг хүлээлгэн өгсөн. Худалдан авагч талаас нөхцөл байдлыг судалж, шалгаж хүлээн зөвшөөрсөн учраас гэрээ байгуулсан. Төөрөгдөлд оруулах худал зүйл хийгээгүй тул иргэн Б.Сын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү тайлбарыг гаргав.

Анх тодорхой зургаа явуулсан юм. Кадастраас тодорхой байршил мэдэх боломжтой. Байршил нь яаж зөрсөн нь тодорхойгүй байна. Урьдчилгаа өгөөд материалаа газрын албанд өгөөд үлдэгдлээ 7 сарын 20-нд гаргаж өгсөн. Тэр үед газраа шалгах боломж байсан. Улмаар 4-5 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Анх бичсэн чат дээр газрын тэмдэглэгээ хийсэн байсан. Үүнээс нүүрний эгнээ биш гэж гэдэг нь харагддаг. Бид хуураагүй. Зараа төв зам дагуу дагуу гэсэн болохоос нүүрэн эгнээ гээгүй. Нэхэмжлэл дээрээ хуурч мэхлэх замаар гэсэн боловч одоо анх газар авахдаа хууль бус гээд байна. Энэ нь хэрэгт хамааралгүй юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 4 дүгээр тал/, иргэний газар эзэмших эрхийн 000046720 дугаар гэрчилгээний хуулбар /хэргийн 6 дугаар тал/, Б.Сын Хаан банк дахь дансны хуулга /хэргийн 7-8 дугаар тал/, газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлт /хэргийн 9-10 дугаар тал/, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 10-190 тоот хаягт байрлах газрын кадастрын зураг /хэргийн 11 дүгээр тал/, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 12 дугаар тал/, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 13-14 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд нотлох баримт гаргаагүй.

 

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр “Үнэгүй групп” ХХК-с зарын талаар нотлох баримт гаргуулсан. /хэргийн 35 дугаар тал/

 

Хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.С нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, төлсөн төлбөр 10,410,000 төгрөг, хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан хохирол гэж газрын хянан баталгаа хийлгэсэн 150,000 төгрөг, эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 80,000 төгрөг, нийт 10,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ч.У нь бид хуурч мэхлээгүй, газраа шалгаж авсан, холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгсөн гэж маргаж байна.

 

Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/

Гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 10 гудамж, .....тоот хаягт байрлах, 675 м.кв газар.

Энэхүү гэрээ нь газар эзэмших эрхээ худалдсан худалдах худалдан авах гэрээ байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй гэрээний зүйлийг худалдан авагчид холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх, худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг.

 

Гэрээний дагуу газартай холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөр төлөгдсөн эсэх талаар зохигч маргаагүй.

Иймд гэрээний үүргийг харилцан биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэлд дурдсанаар ноцтой төөрөгдөж гэрээ байгуулсан гэсэн байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан нь хэлцлийн объектив агуулгын хувьд хэлцлийн тал нь өөрийн хүссэн хэлцлийг хийгээгүй, өөр хэлцэл хийсэн байхыг ойлгоно. Гэхдээ энд хэлцэл хийх үед хэлцлийн тал нь субъектив байдлаар өөрийн бодлыг ойлгох бус, харин тухайн нөхцөлд хэлцлийн нөгөө талын гаргасан тайлбар, холбогдох баримттай холбоотой байх ёстой.

Хариуцагч нь газар худалдах талаар 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр цахим зар гаргасан болох нь “Үнэгүй групп” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10/22 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 35 дугаар тал/

Уг зард хонхорт зам дагуу гэсэн байх бөгөөд энэ нь замын яг хажууд буюу нэгдүгээр эгнээнд гэж шууд ойлгогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өөрийн дотоод бодол, төсөөллөөр хариуцагчийг ноцтой төөрөгдөх мэдээлэл өгсөн гэж үзэхгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх тайлбарыг гаргасан.

Дээрх цахим зараас харахад нэгдүгээр эгнээнд гэж байхгүй тул хуурамч мэдээлэл бүхий зар гаргасан гэж үзэхгүй.

Мөн газрыг очиж үзэхэд хариуцагч, түүний нөхөр гэх этгээд оролцоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. Иймд хуурамч мэдээлэл өгсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин утсаар ярихад нэгдүгээр эгнээнд гэж хэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Иймд  хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

Эдгээрээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь анхнаасаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-г зөрчсөн тул хууль зөрчсөн хэлцэл гэж маргасан. Гэвч хуулийн дээрх заалтад газрын төлөв байдал, чанарын дүгнэлт тусгах талаар заагаагүй. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.4-т зааснаар газар эзэмших гэрээнд газрын төлөв байдал, чанарын дүгнэлт хавсаргах талаар заасан. Гэвч иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх талаар буюу эрхийн зөрчлийн талаар маргаагүй. Мөн эрх бүхий байгууллагад байх маргаж буй газартай холбогдох хувийн хэрэгт энэхүү дүгнэлт байхгүй гэдэг нь нотлогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зөрчсөн хэлцэл гэх тайлбар нь үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр маргаж буй газрын эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул төлсөн төлбөрийг буцаан шаардах эрх үүсэхгүй юм.

 

Үүнээс гадна газрын хянан баталгаа хийлгэсэн, эргэлтийн цэг тогтоолгосон зэрэг нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн дагуу, төрийн байгууллага шаардлага тавьсан гэх үндэслэлээр хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хариуцагчид хамааралгүй юм. Мөн 80,000 төгрөг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.

Иймд 150,000 төгрөг болон 80,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Гэвч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул илүү хэсгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ч.У-д холбогдох газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоож, төлсөн төлбөр 10,410,000 төгрөг, хохиролд 230,000 төгрөг, нийт 10,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 86,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД